Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/142

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Улсын яллагч М.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З

Шүүгдэгч М11..Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Нт холбогдох 1713000000090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Х овгийн Мы Н, 1976 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Цахилгаан шугам сүлжээний газарт дотоод аудит ажилтай,  Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Б0000

 

  Шүүгдэгч М.Нийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Н нь иргэн С.Бтэй хэрүүл маргаан үүсгэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Бтэй хэрүүл маргаан үүсгэж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Шүүгдэгч М.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орой  18 цагийн  би гэрээс гараад гүүрийн хажууд байдаг таксиний зогсоолд байж байхад Х та таксинд явах уу гэхээр нь зах руу явсан. Зах руу нэг хүнтэй уулзахаар очсон. Очиход тэр хүн нь байхгүй байсан. Зах явах замд Алмабек, Б нар зогсоосон. Тэд дээшлэх үү гэхээр нь ингэс гээд явна гэхэд суусан. Бид дөрөв яваад захын доор машинтай очиж зогсоод Х хүнээ байна уу гэдгийг харахаар яваад “байхгүй байна түр хүлээхээр боллоо” гэж хэлсэн. Бид машинд сууж  байгаад 1 удаа хөзөр тоглосон. Дараа нь ирэхээ болилоо, өөр газар байгаа гэж байна. Гүүрийн цаана байж магадгүй гээд тухайн газраас хөдөлсөн. “Ах дам” захаар тойроод гүүр лүү явж байхад ард сууж байсан Б, Алмабек хэрэлдсэн ба, намайг зогс гэхэд би зогсоогүй. Миний хүзүүнээс “чи зогсохгүй яах гээд байгаа юм бэ” гээд цохисон. Б согтуу байсан. Би согтуу байсан гэдгийг мэдээгүй. Би тэр үед бараг замаас гарах шахсан. Тухайн үед харанхуй болсон байсан. Миний ард сууж байсан. Би уурлаад хүн амьтан дайрах шахлаа яаж байгаа юм бэ гээд А дэлгүүрийн тэнд зогссон. Би тэд нарт буу, би гүүрийн цаашаа явна гэж хэлэхэд буухгүй гээд хэрэлдээд өшиглөж авсан. Бид нарын бүгдэнтэй нь хэрэлдсэн. Согтуу хүн, эрүүл хүн хоёр өөр байдаг. Би 10 жилийн найз болохоор тоглоод “буухгүй бол аваачих газар чинь хүргэнэ шүү” гэж хэлсэн. Хүргэхгүй юу гээд араас түлхээд байсан. Би яах уу гэхэд цагдаа явъч гэж хэлсэн. Би ууралсан учир нь согтуу хүн хэлээгүй үг байхгүй. Бид яваад Прокурорын газрын хажуугийн зогсоол дээр ирсэн. Би буулгачихаад зугтчихна гэж бодсон. Би алийн болгон тэр хүнтэй хэрэлдэж байх уу гэж бодсон. Машинаар ирээд арын хаалга дээр ирээд буу гэхэд бууж ирсэн. Тэрээр надтай зууралдаж “чи намайг орхиод явахгүй шүү. Хоёулаа цуг орно” гэж хэлсэн. 2-3 алхаад салгах гээд үзсэн. Тэгээд явъя гэж бодоод түлхчихсэн. Бид оръё гээд зууралдаж байхад цагдаа А хүрээд ирсэн. А цагдаа биднийг салгасан асуудал байхгүй. Бид зам гарах гэж байхад цагдаагийн газрын шатнаас бууж ирсэн. Би эрүүл тул Цагдаагийн газар оръё гэж бодоод орсон. Тэр үед эргүүлийн цагдаа нар наанаа хүлээж бай гэж хэлсэн. Бид 2 суух гэтэл Б зууралдаад салаавч гаргаад элдэв зүйл болсон. Би явбал яасан юм бэ гэхэд “явахгүй” гээд салаавч гаргаад зууралдаад байсан. Би гар гар гэж хэлсэн. Тэр үед салаавч гаргасан ба би шууд гарыг нь түлхчисэн. Тухайн үед А байхгүй байсан ба камерийн бичлэгт байгаа.  ...Улмаар согтуурлын хэмжээг шалгасан. Би тухайн үед эрүүл байсан ба хохирогч согтуу байсан. Надад санаатайгаар Бийг цохиж, гэмтээх гэсэн зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд цагдаагийн гадаа ирж зогсож машинаас бууж байх үед тэр миний цээж рүү хүчтэй цохиж авсан. Энэ үед би газар унаад боссон. Тэр үед гадаа цагдаа Баясаа гэдэг залуу ирээд “юу болсон бэ?” гээд бид хоёрын дунд орсон. Тэгээд бид хоёр хэрэлдсээр байгаад цагдаагийн үүдэнд орж ирсэн. ...Бид хоёр үүдний хүлээлгийн өрөөнд байж байх үед бас хэрэлдэж байхад тэр намайг аман тус газар цохьчихсон. Миний шүд суларч доод уруул урагдаж шархтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус цагдаагийн газрын жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан ба 19 билүү 20 цагийн үед цагдаагийн газрын хаалгаар гадагш гарахад аймгийн прокурорын газрын хойд талын машины зогсоолд хоёр хүн зууралдаад байхаар нь би очоод салгасан. Тухайн хоёр хүний нэг нь архи үнэртүүлсэн байсан бөгөөд нэг нь эрүүл байсан ба цагдаа руу орьё гээд зууралдаад согтуу хүний гэдэс рүү эрүүл нь цохих шиг болсон юм. ...яг хаалгаар орох үед эрүүл хүн нь согтуу хүнийхээ ам руу нь цохисон. Тухайн үйл явдал цагдаагийн газрын хяналтын камерийн бичлэгт үлдсэн байх ёстой юм. ...Н нь Бийн гэдэс болон аман тус газар гараараа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 43 дугаар хуудас/,
  • Гэрч А.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэд машинаас бууж байхад тэд дахин маргалдаж Н Бийн цээж рүү цохиж авсан. Бийн цээж нь өвдөж бөхийж суучихсан байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 44 дүгээр хуудас/.
  • Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/.
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 392 дугаартай  “...Иргэн С.Бийн биед тархины доргилттой, дээд эрүүний нэг үүдэн шүд 2-р зэргийн суларсан, буйл хавдаж, цус хурсан, доод уруулд энэ шүдний харалдаа хавдсан, шархтай, духны байруун талд цус хуралттай, хавдартай, баруун нүдний гадна ирмэгт шархтай гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно." гэх шинжээчийн дүгнэлт / хх- ийн 19 дүгээр хуудас/  зэргээр тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нь шүүгдэгчийн энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” бол гэж заасан бөгөөд үүнд санаатай, санамсаргүй гэдэг ойлголтыг тодорхойлоогүй бөгөөд хөнгөн хохирол учирсан байхыг л шаардаж байх тул шүүгдэгч М.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Мөн шүүгдэгч М.Н нь “Миний гарын үзүүр л хохирогчид хүрсэн. Үүнээс ийм гэмтэл учирсан гэхэд эргэлзэж байна.” гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эд мөрийн баримт шинжлэн судалсан камерийн бичлэгт шүүгдэгч М.Нийн хохирогчтой зууралдаж эргүүлэх үйлдэл хийж түүний гар нь хохирогчийн ам хэсэгт нь хүрсний дараа хохирогч нь амаа байн байн дарж байгаа нь харагдаж байв. Уг үйлдлийн улмаас шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь эд мөрийн баримт шинжлэн судлахад нотлогдож байна. 

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд уг хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.  

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.   Иймд шүүгдэгч М.Нт үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч М.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг DVD дискийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний “Г-0213006091 дугаартай эрхийн бичигтэй” газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Х овгийн Мы Нийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт ногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг DVD дискийг хэргийн хамт хадгалж, “Г-0213006091 дугаартай эрхийн бичигтэй” газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүгдэгч М.Нийн 00792065 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай. 

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ