Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/275

 

2022         08            09                                   2022/ШЦТ/275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Г.Г  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 2225003790320 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймаг Бүрэгхангай суманд төрсөн, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг Бүрэнхангай сум Цахт баг * дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ш  овогт Г-н  Г

Шүүгдэгч Г.Г  нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Их хаадын цуваа” хотхоны *** тоотод насанд хүрээгүй Ч.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Г  мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

насанд хүрээгүй хохирогч Ч.Г-н “...2022 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Их хаадын цуваа” хотхоны *** тоотод манай талийгаач аавын төрсөн ах Г.Г  согтуу орж ирээд намайг үгээр идээд “чи хэний хүчинд ийм явж байгаа юм бэ, танай аав чинь миний хэддэх дүү вэ, чи хэд төгссөн бэ” гэх мэтийн зүйл асууж агсам тавиад, асуусан асуултанд хариулт хэлэх бүрт намайг алгадаад байсан. Мөн “чамайг цохьчихвол чи үхнэ шүү, чамд байтугай ээж, аавдаа хүртэл томордог шүү” гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон, эрүү рүү гараараа нэг удаа цохисон, үснээс зулгааж толгой руу цохисон. Тухайн үед би цагдаагийн газарт хандсан, Г  ах юу хэлж, ярьж байгаагаа мэдэхгүй нилээн согтуу байсан. Тухайн үед Г  ахын эхнэр О эгч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ах бид хоёр учир зүйгээ олсон, надаас уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

гэрч Ш.О-н “...Би жирэмсэн учир төрөх гээд Булган аймгийнхаа гэрээс ирчихсэн Г ийн дүүгийн гэрт нь байсан. 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай нөхөр согтуу ирээд талийгаач дүүгийнхээ хүүхэд Ч.Г-тэй маргаад байх шиг байсан. Миний бие өвдөөд нөгөө талын өрөөнд орон дээр хэвтэж байсан, ...нөхрөөсөө асуухад Г-г  алгадсан гэж байсан өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Г.Г ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би эхнэр хүүхдийнхээ хамтаар Булган аймгаас ирээд төрсөн дүү Г-н   гэрт нь байсан. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гадуур архи ууж байгаад дүүгийнхээ гэрт иртэл манай талийгаач дүүгийн хүүхэд Г   байсан. Тэгээд дүүтэйгээ юм ярьж байгаад, сүүлдээ согтоод Г-г  гараараа цохиж авсан, хэдэн удаа гэдгээ сайн санахгүй байна. Би согтуурсан үедээ дүүгээ зодсон нь үнэн, миний буруу.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 519 дугаартай,

“...1.Ч.Г-н биед баруун нүдний дээд, доод зовхи, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. 4.Баруун нүдний дээд, доод зовхи, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний доод зовхинд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

иргэн Г.Г-н   гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

зөрчлийн хэргийн баримтууд /хавтас хэргийн 2-9 дэх тал/,

Г.Г  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,

хохирогч Ч.Г-н насыг тоолсон тухай тэмдэглэл /хавтас хэргийн 41 дэх тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч-н  “...Манай хүүхэд болон миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 48 дахь тал/,

яллагдагч Г.Г ийн “...өөрийн дүү Г-г  зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй хохирогч болон гэрчээс, мөн Г.Г өөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч Г.Г ийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Г.Г  нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Их хаадын цуваа” хотхоны *** тоотод насанд хүрээгүй Ч.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

насанд хүрээгүй хохирогч Ч.Г-н “...2022 оны 6 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө...талийгаач аавын төрсөн ах Г.Г  согтуу орж ирээд намайг үгээр идээд...миний баруун нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон, эрүү рүү гараараа нэг удаа цохисон, үснээс зулгааж толгой руу цохисон.” гэх,

гэрч Ш.О-н “...нөхрөөсөө асуухад Г-г  алгадсан гэж байсан.” гэх,

Г.Г ийн “...Би согтуурсан үедээ дүүгээ зодсон нь үнэн, миний буруу.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 519 дугаартай, “...Баруун нүдний дээд, доод зовхи, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

иргэн Г.Г-н   гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,  

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч  болон  яллагдагч Г.Г  нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Г.Г  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Г.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч-н  “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ш  овогт Г-н  Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г  шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э