Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0248/Э |
Дугаар | 2022/ШЦТ/281 |
Огноо | 2022-08-12 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/281
2022 8 12 2022/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Д.Х , Р.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Х , Р.А нарт холбогдох эрүүгийн 2225004220331 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын **-ний өдөр Архангай аймаг Их тамир суманд төрсөн, эрэгтэй, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, “******” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Д-н Х
Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-ний өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, “******” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Р-н А
Шүүгдэгч Д.Х , Р.А нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэр “Мянган хот” кафед Э.С-г зодож, хамрын ясны хугарал, хүзүү, цээж, нуруу, хоёр гарын бугалга, зүүн хөлийн шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Х , Р.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
шүүгдэгч Р.А мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Э.С-н “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ, гал тогооны өрөөнд ажлаа хийгээд байж байтал өдрийн 12 цаг өнгөрч байхад гаднаас нас тогтсон хоёр согтуу эрэгтэй хүн орж ирчихээд “та нар ирж үйлчлэх ёстой, чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд орилоод байхаар нь би гараад ...“манайх согтуу хүнд үйлчлэхгүй, та нар гарна уу” гэж хэлэхэд уурлаад орилоод “чи муу гөлөг, надад үйлчлэх ёстой, миний урд суу” гээд гараараа заагаад байсан. Тэгсэн чинь ягаан цамцтай намхан ах ирээд надтай юм ярьж байснаа гэнэт намайг хоёр удаа цохиод авсан, хамт явж байсан ах нь ирээд бас 2-3 удаа цохиод авсан. ...Тэгээд над руу хоёулаа дайраад орилоод хэсэг зууралдаж намайг зодсон, ...ягаан цамцтай ах намайг заамдаж байгаад нэлээн хэд цохиж, хөлийн шилбэ рүү хэд өшиглөөд зуурчихаад тавихгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
“...Миний эмчилгээний төлбөр, хохирол барагдуулж 4.500.000 төгрөг өгсөн, ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Р.А гийн “...Тухайн үед “согтуу хүнд үйлчлэхгүй гар зайл, муу сайн архичингууд” гээд байхаар нь миний уур хүрээд эхлээд зүүн хацар хэсэг рүү нь нэг удаа зөөлөн алгадаад, дараа нь хүчтэй алгадаж зодоон хийсэн. Тэгсэн чинь миний хажуу талаас Д.Х ах орж ирээд хоёрын эсрэг нэгээр зодоон хийсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Д.Х ын “...Тухайн үед А Э.С гэх залуутай хэрүүл маргаан хийгээд байсан, би босч тэр хоёрын хажууд очтол А маань Э.С гэх залууг шууд хоёр удаа алгадаад байхаар нь хажуунаас С.С -г нэг удаа нүүр лүү нь цохиж авснаа санаж байна. Миний цохисон шалтгаан хэрүүл хийгээд байхаар нь А г өмөөрөөд цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 550 дугаартай; “...Э.С-н биед хамрын ясны хугарал хүзүү, цээж, нуруу, хоёр гарын бугалга, зүүн хөлийн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Хамрын ясны хугарал хүзүү, цээж, нуруу, хоёр гарын бугалга, зүүн хөлийн шилбэ, баруун өвдөгт цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөлний шилбэнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
иргэн Э.С-с “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Мянган хот” кафед үл таних хоёр эрэгтэйд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, түүний өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
“Мянган хот” кафены хяналтын камерийн бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
хохирогчид хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Д.Х ын “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Мянган хот” лоунжид тогооч болох С-той зодолдож биед нь гэмтэл учруулсан ба гомдлыг 100 хувь барагдуулсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/,
Р.А гийн “...2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Мянган хот” лоунжид тогооч болох зодолдож биед хөнгөн гэмтэл учруулж хохирлыг бүрэн барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 46 дахь тал/,
хохирогч Э.С-н “...Миний бие 7 дугаар сарын 06-нд “Мянган хот” лоужинд ажлаа хийж байгаад хоёр хүнд зодуулсан. Одоогоор хохирлоо тухайн хоёр хүнээс барагдуулан авсан, дахин гаргах гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/,
Д.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Р.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Д.Х , Р.А нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэр “Мянган хот” кафед Э.С-г зодож, хамрын ясны хугарал, хүзүү, цээж, нуруу, хоёр гарын бугалга, зүүн хөлийн шилбэ, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Х , Р.А нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.С-н “...ягаан цамцтай намхан ах ирээд надтай юм ярьж байснаа гэнэт намайг хоёр удаа цохиод авсан. ...хамт явж байсан ах нь намайг ирээд бас 2-3 удаа цохиод авсан. ...хоёулаа дайраад орилоод хэсэг зууралдаж намайг зодсон ...Ягаан цамцтай ах намайг заамдаж байгаад нэлээн хэд цохиж, хөлийн шилбэ рүү нилээн хэд өшиглөөд зуурчихаад тавихгүй байсан.” гэх,
Р.А гийн “...миний уур хүрээд эхлээд зүүн хацар хэсэг рүү нь нэг удаа зөөлөн алгадаад дараа нь хүчтэй алгадаж зодоон хийсэн. Тэгсэн чинь миний хажуу талаас Д.Х ах орж ирээд тэгээд хоёрын эсрэг нэгээр зодоон хийсэн.” гэх,
Д.Х ын “...А маань Э.С гэх залууг шууд хоёр удаа алгадаад байхаар нь хажуунаас С.С-г нэг удаа нүүр лүү нь цохиж авснаа санаж байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 550 дугаартай дүгнэлт,
иргэн Э.С-н гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай тэмдэглэл, түүний өргөдөл, хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,
яллагдагч Д.Х , Р.А , хохирогч Э.С нарын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Х , Р.А нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Э.С-н “...эмчилгээний төлбөр хохирол барагдуулан 4.500.000 төгрөг өгсөн байгаа. ...ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Д.Х, Р.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нар нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Х, Р.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Д.Х, Р.А нарыг “согтуурсан үедээ бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч Д.Х, Р.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Д.Х, Р.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Х, Р.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тэдэнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мянган хот” кафены хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-н Х, Б овогт Р-н А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “согтуурсан үедээ бүлэглэн, бусдыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Р.А нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Х, Р.А нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х, Р.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Мянган хот” кафены хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х, Р.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э