Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00710

 

 

                                                         М.Н-ын нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00375 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00041 дүгээр 

магадлалтай,

М.Н-ын нэхэмжлэлтэй,

Баяннуур сумын Засаг даргад холбогдох

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13-ны өдрийн Б/15 дугаартай Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Байболат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Бакен, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баяннуур сумын Засаг даргын 2006.10.02-ны өдрийн 44 дүгээр захирамжаар мөн өдрөөс Баяннуур сумын багийн хүний бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Баяннуур сумын Засаг даргын 2019.01.21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар өөрийн хүсэлтээр чөлөөлсөн байсан. Би тухайн үед ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргаж байгаагүй. Харин 2019.01.29-ний өдөр ар гэрийн ахуй амьдралын шаардлагаар нэг жилийн хугацаагаар цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан. Баяннуур сумын Засаг дарга миний дээрх хүсэлтийн дагуу 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар 2019.01.21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн ажлаас чөлөөлөх хэсгийг нэг жилээр цалингүй чөлөө олгох болгон өөрчилсөн. Би Баяннуур сумын Засаг даргын 2019.01.21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн талаар 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийн хувийг авах үед мэдсэн. Гэхдээ тухайн захирамжийг миний хүсэлтийн дагуу нэг жилийн цалингүй чөлөө олгох болгож өөрчилсөн учир тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй. Миний нэг жилийн цалингүй чөлөөний хугацаа 2020.01.21-ний өдөр дуусах тул би 2020.01.14-ний өдөр сумын Засаг дарга С.Берикт ажилд эргэж орох талаар хүсэлт гаргасан. Гэвч С.Берик нь миний өргөдлийг хүлээн авсан боловч тодорхой хариу өгөөгүй. Нэгэнт миний цалингүй чөлөөний хугацаа дууссан, Засаг дарга С.Берик нь хугацаа дууссан өдөр ажилд аваагүй учир эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “2019.01.19-ний өдөр М.Н өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр Баяннуур сумын багийн хүний бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид гаргасан байдаг. Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээс 2019.01.20-ны өдөр 02 тоот албан бичгээр шийдвэр гаргах эрх бүхий субъект болох тус сумын Засаг дага С.Берик надад М.Н-ын өргөдлийг уламжлан ирүүлсэн. Сумын Засаг дарга С.Берик би М.Н-ын өргөдлийг судлан үзээд Баяннуур сумын Засаг даргын 2019.01.21-ний өдрийн Б/19 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл 2019 оны эхээр М.Н дахин надад ирж, ...би 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авмаар байна... гэж гуйлт тавихаар түүнд 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамж гаргасан. Энэ захирамжийг гаргах үед М.Н би ойрын хугацаанд багийн хүний их эмчээр ажиллахгүй, хөдөө ажиллах надад үнэхээр хэцүү байна, яваандаа сумын Эрүүл мэндийн төвд сул орон тоо гарвал ажилд орно гэж хэлж байсан. М.Н нь анх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө сайн дурын хүсэл зоригийн дагуу гаргасан, түүний оронд М.Байболатыг сумын Засаг даргын 2019.02.02-ны өдрийн захирамжаар бүр томилон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, одоогийн байдлаар М.Байболат нь үүрэгт ажлаа хийж байгаа. Сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул 2019.01.21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн үйлчлэл нь хэвээр байгаа юм. Иймд нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: Би хэргийн материалтай танилцах явцад Баяннуур сумын Засаг дарга С.Берикийн 2020.02.18-ны өдрийн Б/15 дугаар захирамжийн талаар мэдсэн. С.Берик нь энэ захирамжийн хувийг надад гардуулж өгөөгүй. Энэ захирамж нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Би хуулийн хүрээнд нэг жилийн цалингүй чөлөө авсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хадгалагдах ёстой. Гэтэл С.Берик нь ямар ч үндэслэлгүйгээр 2019.02.04-ний өдөр гаргасан Б/30 дугаартай захирамжаа 2020.02.13-ны өдөр Б/15 дугаартай захирамжаар хүчингүй болгож байгаа нь хууль бус юм. Үүнтэй холбогдуулан миний бие нэхэмжлэлийн шаардлагыг Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13-ны өдрийн Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13-ны өдрийн Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.3, 25.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 заасантай тус тус нийцэж байгаа тул хууль ёсны эрхийн акт гэж үзэж байна. Маргаан бүхий захирамжийг гаргах нэг үндэслэл болсон М.Н-ын эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь 2019.01.27-ны өдөр дууссан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020.03.24-ний өдрийн 324 дугаартай албан тоотоор нотлогдож байна. М.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг коронавирус өвчин гарсантай холбогдуулан сунгаж чадахгүй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсад коронавирусын өвчнөөс урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоох ажил 2020.01.22-ны өдрөөс эхэлсэн юм. М.Н нь 2019.01.27-ны өдрөөс 2020.01.22-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой байсан. Иймд М.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00375 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Түкибай овогт Мүнтайн Нурболатын Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13-ны өдрийн Б/15 дугаартай Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00041 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Түкибай овогт Мүнтайн Нурболатын гомдлыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13-ны өдрийн Б/15 дугаартай Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, түүнийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийг хариуцсан багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баяннуур сумын санхүүгээс 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх М.Н-ын нэхэмжлэлтэй, Баяннуур сумын Засаг даргад холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2019.01.18-ны өдөр М.Н өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр Баяннуур сумын багийн хүний бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид гаргасан ба сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээс 2019.01.18-ны өдөр 02 тоот албан бичгээр шийдвэр гаргах эрх бүхий субьект болох сумын Засаг дарга С.Берикт иргэн М.Н-ын өргөдлийг уламжилсан. Ажил олгогч буюу Баяннуур сумын Засаг дарга С.Берик нь М.Н-ын өргөдлийг судлан тэрээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн нөхцөл байдлыг харгалзан Баяннуур сумын Засаг даргын 2019.01.21-ний өдрийн Б/19 дугаартай захирамжаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Ингэснээр М.Н ба ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд М.Н нь анх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө сайн дураар гарган нэгэнт үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүний оронд хүний бага эмчийн мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь хүчинтэй М.Байболатыг сумын Засаг даргын 2019.02.02-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар томилж ажилтантай ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, М.Байболат нь одоо хүртэл Баяннуур сумын 1-р багийн хүний бага эмчийн үүрэгт ажлыг хашиж байгаа.

Ажил олгогч нь М.Н-д 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар М.Н-д 1 жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгосон боловч Баяннуур сумын Засаг дарга нь 2020.02.13-ны өдрийн “Баяннуур сумын Засаг даргын 2010.02.04-ний өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” 15 дугаартай захирамж гарган 2019 оны Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгосон юм. Хариуцагчаас 2019 оны Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч М.Н-ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, тэрээр нэг жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39.1., Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.3, 25.5. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” 98 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.6, 5.6.3-т заасныг тус тус үндэслэсэн нь хууль ёсны эрхийн акт юм. Өөрөөр хэлбэл эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа дууссан этгээдээр цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй нөхцөл байдал юм. Гэтэл давж заалдах шатны шүүх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан этгээдийг ажилд эгүүлэн томилж хариуцагчийн энэ талаар шүүхэд удаа дараа тайлбарт хууль зүйн хувьд нэг ч үг, өгүүлбэрээр няцаалт өгөөгүй нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Байболат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...миний бие хүний бага эмчийн мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ба 2018 оноос эхлэн Баяннуур сумын Засаг дарга С.Берикт ажилтай болгож өгөхийг хүсч өргөдөл гаргаж байсан юм. 2019.01 дүгээр сарын сүүлээр сумын Засаг дарга С.Берик намайг албаны өрөөнд дуудаж “Баяннуур сумын 1-р багийн хүний бага эмчээр ажиллаж байсан М.Н нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас түүнийг 2019.01.21-ний өдөр ажлаас чөлөөлсөн, таныг 2019.02 дугаар сарын эхээр тус сумын 1-р багийн хүний бага эмчийн ажилд томилно гэсэн асуудал ярьсан юм. Ингээд М.Байболат би Баяннуур сумын Засаг даргын 2019.02.02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/28 дугаартай захирамжаар Баяннуур сумын 1-р багийн хүний бага эмчийн ажилд томилогдсон юм. Ажил олгогч надтай ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийсэн ба уг гэрээг 2020.01 дүгээр сард дахин сунгасан юм. М.Байболат би өнгөрсөн хугацаанд тус багийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өдөр шөнөгүй зүтгэж хариуцсан ажилдаа идэвхи зүтгэл гарган ажиллаж ирлээ. Би уг маргаан бүхий орон тоонд хууль ёсоор томилогдсон гэж үзэж байна. М.Н нь өөрөө сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, тэрээр одоогийн байдлаар мэргэжлийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, ажилд томилогдлоо гэхэд хүний бага эмчийн ажлыг эрхлэх боломжгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байгаа явдалд гомдолтой байна.

Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13-ны өдрийн “ Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” Б/15 дугаартай захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.3, 25.5, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг удирлага болгон өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

М.Н-ын эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь 2019.01.27-ны өдөр дууссан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020.03.24-ний өдрийн 324 дугаартай албан тоотоор нотлогдож байна. М.Н-ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, тэрээр нэг жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.3, 25.5. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” 98 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Тавдугаар зүйлийн 5.6, 5.6 3-д заасныг тус тус үндэслэн гаргасан захирамж хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Н нь Баяннуур сумын Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13-ны өдрийн Б/15 дугаартай Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020.02.13ы өдрийн Б/15 дугаар захирамжид М.Н нь Баяннуур сумын багийн хүний бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дурын хүсэл зоригийн дагуу гаргасан, түүний хашиж байсан албан тушаалд М.Байболатыг тус сумын Засаг даргын 2019.02.02-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар бүр томилон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа, М.Н-ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, тэрээр нэг жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 39.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.3, 25.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” 98 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дугаар зүйлийн 5.6, 5.6.3-т заасныг тус тус үндэслэн Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг 2020.02.12-ны өдрөөс эхлэн хүчингүй болгожээ.

Харин Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг тус тус үндэслэн М.Н-ын өөрийн хүсэлтийг харгалзан 2019.01.21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн ажлаас чөлөөлөх хэсгийг нэг жилээр цалингүй чөлөө олгох болгон өөрчилсөн байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан эрхийнхээ хүрээнд ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгосон гэж үзэх бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т зааснаар захиргааны чөлөөтэй ажилтны ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага шүүхэд гаргасны дараа урьд гаргасан 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаар захирамжийг 2020.02.13-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар хүчингүй болгосон нь баримтаар тогтоогджээ.

Ажил олгогч Баяннуур сумын Засаг дарга М.Н-д 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар нэг жилийн хугацаатай чөлөө олгосон атлаа чөлөөний хугацаа дууссан байхад ажилд эгүүлэн аваагүй, шүүхэд гомдол гаргасны дараа 2020.02.13-ны өдрийн Б/15 дугаартай “Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, чөлөө олгосон захирамжаа хүчингүй болгож, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримтуудад зөв дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд гаргасан гомдолдоо “...эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа дууссан нь цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй нөхцөл байдал юм. Гэтэл давж заалдах шатны шүүх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан этгээдийг ажилд эгүүлэн томилсон нь үндэслэлгүй...” гэжээ.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2019.02.04-ний өдрийн Б/30 дугаартай захирамж хүчин төгөлдөр үед буюу 2020.02.03-ны өдөр нэхэмжлэгч М.Н шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2020.02.05-ны өдрийн 00404 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн хэрэг үүсгэсэн байх тул энэ хүрээнд шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “захиргааны чөлөөтэй байгаа бол ажил, албан тушаалыг хэвээр хадгална”,  мөн хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байхад Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга 2020.02.13-ны өдрийн Б/15 дугаартай “Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй байна. Үүнээс гадна М.Н-ын эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Байболат нарын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00041 дүгээр  магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Байболат нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                             ШҮҮГЧИД                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Х.СОНИНБАЯР

                                                                                Б.УНДРАХ                                          

                                                                                Д.ЦОЛМОН