Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 561

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Пид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ц.Хашбаатар,

          шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Ц.Энхмандах, Л.Батаа,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэтунгалаг, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Ц.Энхмандах, Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Пид холбогдох ........................ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          1. Б.П, 1985 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ний Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Техник үйлчилгээний хэсгийн монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ........................ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:................................../;

 

Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Арвайн-Үндэс ХХК-ний арын замд 4337 УНИ улсын дугаартай Мазда демио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “…Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэж, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэж, 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Быг мөргөж, амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Пийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Бы амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Пийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нийт 60 хоног (2 сар)-ийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 6 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн биечлэн эдлэх 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгч хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Пийн 283598 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Б.Пийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Ц.Энхмандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт: "...зам тээврийн осол болох үед явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрмийн 3.9: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглосон зүйл, заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр үнэлэх боломжгүй" гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой байдаг тул дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх ёстой гэж өмгөөлөгчийнх нь хувьд үзэж байна.

2. Хохирогчийг хэдийгээр хоёр машин мөргөж, дайрж хохирогч нас барсан ч шүүгдэгч Б.П нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтад өгсөн "....тэгэхээр нь би 2 дугаар эгнээ рүү дараад ортол баруун гар талаас буюу хогны машины урдуур нэг хүн гарч ирээд миний машины баруун урд хэсэг рүү орж ирсэн. Тэгээд би мөргөсөн." гэх мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт оруулсан.

3. Мөн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт: "...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэтунгалаг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын явцад 7,782,100 төгрөг нэхэмжилсэн,  мөн  шүүх хуралдаанд  буяны  зан  үйлд 2,320,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч нийт 10,120,000 төгрөг төлсөн байх тул хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна." гэж дүгнэсэн хэдий ч Эрүүгийн хуулий тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 6 жилийн хорих ялаар шийтгэж байгааг өмгөөлөгчийнх нь хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тооцохоос гадна уг хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй,  мөрдөн  байцаалт,  прокурор,  шүүхийн  шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулаагүй зэрэг хувийн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байх тул мөн харгалзан үзэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан болгоомжгүй гэмт хэрэгт оногдуулах   хорих   ялын   доод  хэмжээний   хоёрны   нэгээр   хорих  ял   оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Б.П нь 34 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ний Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Техник үйлчилгээний хэсгийн монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 704 дүгээр байрны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа.

Б.П нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэтунгалагт мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 10.120.000 төгрөгийг төлсөн.

Анхан шатны шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж хууль зүйн дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... эсхүл болгоомжгүй хэлбэртэй, мөн хуулийн 3 дахь хэсэгт... хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэх ба зам тээврийн осол болох үед тухайн явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ Явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэх боловч анхан шатны шүүх ойлгомжгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. гэж заасан нь Эрүүгийн хууль хүн болгонд тэгш үйлчлэх, хувь хүн хийсэн хэрэгтээ тохирсон ял авах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд Б.Пийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэтунгалагийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс гэм буруугийн асуудлыг үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөхөд хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээж байна. Маш их харамсаж байна. Хоригдоод 66 хоносон. Энэ хугацаанд, хүнд эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтэй зүйл болохыг ойлгосон. Хохирогчийн ар гэр болон өөрийн ар гэрийнхнээсээ уучлал гуйж байна” гэв.

 

Прокурор Ц.Хашбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Пийн үйлдсэн хэрэгт оногдуулсан хэргийн зүйлчлэл тохирсон. Оногдуулсан ял шийтгэлд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргасан. Прокурорын зүгээс Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгээд нийт 3 жил хорих ял оногдуулахаар санал гаргасан. Анхан шатны шүүхээс 6 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг багасгахад татгалзах зүйлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчидийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Арвайн-Үндэс ХХК-ний арын замд 4337 УНИ улсын дугаартай Мазда демио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “…Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэж, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэж, 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Быг мөргөж амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1 хх 4-5/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 13-15/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр согтуурлын зэрэг нь 2.16%-тай гарсан тухай баримт /1 хх 17-18/, автомашин, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22/, цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 27/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 27-31/, талийгаач Д.Бы өмсөж явсан хувцас болон гар утсыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1 хх 38/, “Цусан дахь 3,4 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна, Б.Пийн цус нь ABO системээр B/III бүлгийн харьяалалтай” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11508 тоот дүгнэлт /1 хх 97-98, 102/, техникийн шинжээчийн 839 тоот дүгнэлт /1 хх 111-113/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх задлан шинжилгээний 2418 тоот дүгнэлт /1 хх 117-121/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 122-125/, “Б.П нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 236 тоот дүгнэлт /1 хх 131-132/, хохирлын баримтууд /1 хх 165-200, 209-215/, хохирол төлсөн баримтууд /1 хх 216-222, 2 хх 9, 16-18/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэтунгалаг /1 хх 34-37/, гэрч А.Гантулга /1 хх 53-54, 55-56/, Н.Содбаяр /1 хх 57-58, 59/, Н.Хишигмаа /1 хх 61-62/, М.Мягмардалай /1 хх 63/, шинжээч эмч Г.Хашхүү /1 хх 126-127/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Пийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Пийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй   байдлын   тухай   хууль,   түүнд   нийцүүлэн   гаргасан   захиргааны  хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Пийн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т, мөн түүний уг хэргийн газрыг орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

 

          Шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч Ц.Энхмандах, Л.Батаа нарын гаргасан “... ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэтунгалаг, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэх тайлбарууд, тус шүүх хуралдаанд оролцсон прокурорын “... ялыг багасгаж шийдвэрлэх боломжтой...” гэх дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Пийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөд байдал, гэм бурууд нь тохируулан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Түүнчлэн, шүүгдэгч Б.Пид оногдуулсан ялыг багасгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн үндэслэл, агуулгад нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Пийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Пийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

- тогтоох хэсгийн 3 заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нийт 60 хоног (2 сар)-ийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 6 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон нийт 60 хоног (2 сар)-ийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 4 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай...” гэж,

- тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн биечлэн эдлэх 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн биечлэн эдлэх 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ