Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 68

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд  холбогдох эрүүгийн 201621000203 дугаартай, 153/2016/0072/Э/ индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржгон овогт  Ганболдын Ган-Эрдэнэ  1981 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 35 настай, ПЮ 81092411 регистрийн дугаартай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 07-01  тоотод  оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай  гэх 

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7-1 тоот хашааны үүдэнд 2016 оны 08 дугаар сарын 20-ны орой иргэн Б.Алтанхуягийн эзэмшлийн 75-36 ХОҮ улсын дугаартай  Аксент маркийн цагаан өнгийн автомашины урд салхины шилийг гараараа цохиж санаатайгаар гэмтээж 90.000 төгрөгний  хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би тухайн өдөр архи уугаад тасарчихсан байсан. Согтуудаа машины шил хагалсан.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 Хохирогч Б.Алтанхуяг  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 20-ны орой 23.10 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр бага тойргийн таксины зогсоол дээр зогсож байтал нэг согтуу залуу ирж суугаад Бугат багийн 7-1 тоот хашааны гадна очсон. Тэгээд Мянгад сум руу хэдэн төгрөгөөр явах бэ гэхээр нь 40.000 төгрөгөөр гэсэн чинь “ би шоронгийн тав байна, чи намайг барахгүй” гэхээр нь би таксины мөнгө хэрэггүй гэсэн. Тэгтэл тухайн хашаанаас нэг залуу гараад иртэл миний машины МР-г аваад тэр залууд өгтөл нөгөө залуу буцаагаад  надад өгсөн. Тэгтэл нөгөө согтуу залуу машины урд шилийг гараараа цохиж хагалчихаад хашаа руугаа яваад орчихсон. /хх-12-13-р хуудас/

Гэрч Я.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр найз Ц.Алтангэрэл бид хоёр явж байгаад Бугат багийн тоглоомтой гудамжинд Г.Ган-Эрдэнэтэй таараад бид гурав шинэ Дулааны цахилгаан станцын хойт талд байх манай гэрт очоод “Ерөөл” нэртэй 0.75 гр-ийн 2 шил, 0.5 гр-ийн 1 шил архи хувааж уугаад 21 цагийн үед Г.Ган-Эрдэнэ гэртээ харилаа гээд түрүүлээд гараад явсан гэжээ. /хх -15-р хуудас/

Гэрч Г.Ганболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 20-ны орой 23.30 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 7-1 тоот хашаанд байх гэртээ байж байгаад нойл орох гээд гартал хашааны үүдэнд цагаан өнгийн 75-36 ХОҮ улсын дугаартай Аксент маркийн машин ирээд зогсчихсон байхаар нь яваад очтол машинд Г.Ган-Эрдэнэ ах согтуу, жолоочийн хамт сууж байсан. Г.Ган-Эрдэнэ ах машины МР-г барьчихсан сууж байхаар нь аваад жолоочид өгчихөөд ахыг “орж амар” гээд машинаас буулгахад уг машины урд салхины шилийг гараараа  цохиж хагалсан гэжээ. /хх- 20-р хуудас/

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед гэрээсээ гараад Я.Батжаргал, Ц.Алтангэрэл гэх хоёр найзтайгаа таараад шинэ Дулааны цахилгаан станцын ойролцоо байх Я.Батжаргалын гэрт очоод бид гурав “Ерөөл” нэртэй  0.75-ийн 2 шил, 0.5-ийн 1 шил архи хувааж уусан. Нэг мэдэхэд би гэртээ ирчихсэн цагдаа нар намайг тээврийн хэрэгслийн шил хагалсан гээд гэрээс авч яваад цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн. Надад өөр санах зүйл алга гэжээ. /хх-35-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт / хх-22-р хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг  бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдав.

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 Энэ хэрэгт шүүгдэгч  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй , эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг  дурдах нь зүйтэй.

Хохирол бүрэн төлөгдсөн тул шүүгдэгчийн эзэмшлийн 6 ханатай монгол гэрийг мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж  оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1,  297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Ганболдын Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Боржгон овогт Ганболдын Ган-Эрдэнийг 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус  дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн эзэмшлийн 6 ханатай бариа гэр  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  хүчингүйд тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд  оногдуулсан 01 /нэг/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА