Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0227

 

 

 

 

 

 

 

                                               

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Бп” ХХК, 

Хариуцагч: Уу,хүя

Нэхэмжлэлийн шаардлага: “Уу,хүяны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоот актыг хүчингүй болгох, “Бп” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах төслийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.М******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Бп” ХХК-ийн захирал Н.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Бп” ХХК нь 2018 оны 06 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан газрын тосны хайгуулын Г******* ХХХ талбайн сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар шалгарсан.

Улмаар 2018 оны 08 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газартай Г******* ХХХ талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлөөр хэлэлцээ хийж гэрээний нөхцлийг тохиролцож үзэглэсэн.

2018 оны 12 дугаар сард тус бүтээгдэхүүн хуваах гэрээний төсөлд яамдаас өгсөн саналын дагуу үндсэн нөхцлүүдийг сайжруулж саналаа өгсөн. Үүнээс хойш 20 сар буюу 1 жил 8 сарын хугацаа өнгөрөөд байна. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 17.4, 17.5-д заасан хугацаанд шийдвэрлэхээр хуульчилсан.

Дээрх хуулийн хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг Уу,хүянаас үндэслэлгүйгээр хуульд заасан хугацааг хэтрүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй. Хуулийн хугацаа өнгөрсөн тул манай компаниас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 01/38 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хугацаа хэтэрч байгаа талаар хүсэлт гаргасан.

Дээрх тоотын хариуг Ашигт малтмал, газрын тосны газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 01/1033 тоот албан бичгээр “Бп” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй гэж тус газарт уламжилсаныг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/2184 тоотоор манай компанид ирүүлсэн.

Ингээд Уу,хүяанд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай компаниас 01/59-А тоот хүсэлт шийдвэрлүүлэхээр хандсан боловч одоог хүртэл Уу,хүянаас хариуг ирүүлээгүй 30 хоногийн хугацаа нь өнгөрсөн ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

““Бп” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасан үндэслэлүүдээр гаргасан.

“Бп” ХХК ... 2018 оны 8 дугаар сард Ашигт малтмал газрын тосны газартай хайгуулын тухайн талбайг газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагааг явуулах талаар байгуулах, бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлөөр хэлэлцээр хийж, гэрээний төслийг тохиролцож хэлэлцсэн.

2018 оны 12 дугаар сард тус бүтээгдэхүүн хуваах гэрээний төсөл, Яамнаас өгсөн саналын дагуу үндсэн нөхцөлүүдийг сайжруулж саналаа өгсөн. Үүнээс хойш 20 сар буюу 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5-д заасан хугацаанд Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан.

Дээрх хуулийн хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг Уу,хүянаас үндэслэлгүйгээр хуульд заасан хугацааг хэтрүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй. Хуулийн хагацаа хэтрүүлсэн тул “Бп” ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 01/38 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газрын газарт хугацаа хэтэрч байгаа талаар мэдэгдэж хүсэлт гаргасан. Дээрх тоотын хариуд Ашигт малтмал, газрын тосны газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 01/1033 тоот албан бичгээр “Бп” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй гэж уламжилсныг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 03/2184 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газраас “Бп” ХХК-иад ирүүлсэн.

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөн “Бп” ХХК-иас 01/59-А тоот хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад гаргасан боловч хариу ирүүлээгүй 30 хоногийн хугацаа өнгөрсөн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

... Газрын тосны тухай хуулийн 17.4, 17.4.5-д зааснаар Засгийн газрын хуралдаанд шилжүүлж өгөх ёстой. Үүнийг шилжүүлэхгүй өөрсдөө шийдвэрлээд дараад байгаа. Тэгэхлээр үүнийгээ хуульд нийцүүлээд цаашаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжийг нь нээж өгнө үү гэж байгаа. Хариуцагч Уу,хүя нь үүнийг эцэслэн шийдвэрлэх байгууллага нь биш.

Ирүүлсэн төслийг цааш нь шилжүүлэхгүйгээр саналаа авчихаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, өөрсдөд дээрээ 2 жил байлгаад байгаа. Үүнийг хуульд нийцүүлж Газрын тосны тухай хуулийн 17.4, 17.4.5-д зааснаар хуульд нийцүүлэн цааш нь шилжүүлж шийдвэрлэж өгөхийг хүссэн.

... “Бп” ХХК-ийн хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5-д заасан заалтыг үндэслэж байна. Хариуцагч сая тайлбартаа сайдын гаргасан саналыг буцаагаад Ашигт малтмал, газрын тосны газарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 01/7881 тоот албан бичгээр холбогдох нотлох баримтуудын хамт хүргүүлсэн. Энэ хүргүүлсэн асуудлыг цааш нь Шадар сайдаас болон холбогдох бусад дэмжээгүй яамдын сайд нараас нь тодруулга хийж аваагүй юм байна.

Засгийн газрын 54 дүгээр тэмдэглэлийг уншаад үзэх юм бол хайгуулын талбайд хийх гэж байгаа ажлуудыг дэмжих, төрийн өмч болон өмч давамгайлсан компани байгуулж асуудлыг шийдвэрлэх талаар тусгасан ойлголт байгаа. Засгийн газрын 54 дүгээр тогтоол гарахаас өмнө нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тендер зарлаад тендерт нь ялагчаар шалгараад асуудал явчихсан. Засгийн газрын 54 дүгээр тэмдэглэлийн өмнөх 2014 оны журам батлагдсаны дагуу явсан. Тэгэхлээр 54 дүгээр тогтоолыг үндэслээд өмнөх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан тендер бол холбогдох Г******* ХХХ талбайд хайгуулын ажлыг зогсоох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 54 дүгээр тогтоолоос өмнө нь энэ асуудал нь журам хуулийн дагуу шийдвэрлэгдээд хуульд нийцээд явж байгаа гэж ойлгож байгаа.

Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох баримт бичгийг хуульд нийцүүлэн “Бп” ХХК нь бүрдүүлж өгсөн. 2018 оны 9 дүгээр сард дээрх баримт материалыг хуульд нийцүүлж гэрээний төслийг хэлэлцээд эцэслэн тохиролцоод төслийг нь үзэглээд төрийн захиргааны төв байгууллага буюу Уу,хүяанд хүргүүлсэн. Хүргүүлснээс хойш л таг болсон асуудал байгаа.

... 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2327 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын дарга н.Хэрлэнд явуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёгийн албан бичиг байгаа. Уг албан бичгээс харвал бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг цааш нь хэлэлцэх гээд байгаа юм шиг ойлголт гарч байгаа. Г.Ё гэдэг сайд нь гарч ирээд төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой гэдэг энэ үндэслэлээрээ харах юм бол Г.Ё сайдын албан бичиг өнөөдөр хүчин төгөлдөр байх үндэслэл байгаа. Үүнийг танайд хүргүүлээгүй гээд байх юм. Нэхэмжлэгчид энэ албан бичгийг хүргүүлсэн. Өмнөх хүчингүй болгох гээд байгаа акт болох Д.С сайдын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоотыг эсвэл өөрсдөө хүчингүй болгосон юм уу, Ийм ойлголт байгаа.

Д.С, Г.Ё нар нь хоёулаа л сайд. Аль альных нь албан бичиг эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Бп” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасны дагуу хариу тайлбар гарган хүргүүлж байна.

Тус компани нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны" 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоот захиргааны актыг хүчингүй болгох, хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Уу,хүяанд даалгах гэж өөрчлөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 Дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрэнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 дугаартай албан бичгийг захиргааны актын шинжийг хангаж байгаа эсэхийг шалган үзэхэд:

1/  Нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглээгүй буюу өөрийн харьяа агентлагт хүргүүлсэн албан бичиг;

2/ Мөн сайдаас батлан гаргасан захирамжилсан шинжийг агуулсан тушаал биш байх тул захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

"Бп” ХХК-аас ирүүлсэн материалыг судлан үзэхэд Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т: “Хайгуулын талбайн захиалгыг төрийн захиргааны байгууллагад техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварыг нотлох баримт бичиг болон хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн баталгааг хүргүүлнэ”, түүнчлэн Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар баталсан Гэрээлэгчийг сонгон  шалгаруулах тухай журам”-ын 3.2.5-д “Захиалагчийн техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварыг нотолсон баримт бичиг”, 3.2.6-д “Хайгуул, ашиглалтын ажилд зарцуулах хөрөнгийн баталгаа болгож ирүүлсэн санхүүгийн тайлан, харилцагч банк дахь харилцах дансны үлдэгдлийн тодорхойлолт, санхүүжилтийн бусад эх үүсвэрийн баталгаа”, 3.2,7-д Хайгуул, ашиглалтын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд газрын тос, уламжлалт бус газрын тосыг хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг тусгасан эсэх, төсөв нь төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэхэд хангалттай эсэхийг хянан үзэхэд дээрх шаардлагыг хангаагүй байна.

Иймд “Бп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Бид материалтай танилцсан. Тодорхой хугацаанд материалыг үзэж шалгасан. Эцэслэн тохиролцсон бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг холбогдох яамдаас санал авч Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцүүлж гэрээ байгуулах эсэх талаар зөвшөөрөл олгох эсэх талаар гарын үсэг зурах байсан. Шууд Засгийн газрын хуралдаанд оруулснаар бүтээгдэхүүн хуваах гэрээ батлагдана гэсэн асуудал байхгүй.

Нөгөө талаас гэрээ хийх гэж байгаа компаний төсөл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, бусад материал түүнийг судалж үзэхэд бидний хувьд хангалтгүй гэж үзсэн. Энэ тухайгаа бид Ашигт малтмал, газрын тосны газарт тухайн үед нь асуудал тавьж нэмэлтээр материалуудыг авч байсан. Сүүлд бид материалуудыг ерөнхийдөө бүрдэл нь болж байгаа юм байна гэж үзэж холбогдох яамдаас саналыг авсан байгаа. Тухайн яамдаас санал авахад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд Сангийн яам болон Хууль зүйн яам, Шадар сайдын саналыг зайлшгүй авч тусгасан байхыг Засгийн газрын хуралдааны дэг дээр болон оруулсан байдаг. Тийм учраас бид нар тухайн саналуудыг нэлээн харж үзсэн. Ирүүлсэн саналуудаас бид нар эргэж дахин материалыг үзэхэд тухайн хөрөнгө оруулагчийн, тухайн гэрээлэгч болох хүсэлт тавьсан компанийн хөрөнгө оруулагч нь статус, хөрөнгө оруулж байгаа асуудал нь хуульд нийцээгүй. Бид нар энэ шаардлагыг хангахгүй юм байна гэж үзсэн. Тухайн үед бол хайгуулын ажил хийхэд хайгуулын ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг талаасаа санамж бичиг байгуулсан байсан. Санамж бичиг нь бидний хувьд үзэхэд хөрөнгө оруулалтын гэрээ биш юм аа гэж үзсэн байгаа. Нөгөө талаасаа тухайн үед энэ гэрээг байгуулах юм бол хөрөнгө оруулах боломжтой гэж Улаанбаатар хотын банк хоорондоо санамж бичиг байгуулсан байдаг. Уг санамж бичиг нь бас хөрөнгө оруулалтын гэрээ биш учраас бид нар үүнийг шууд хөрөнгө оруулалт гэж үзэх, цаашаа энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй юм байна гэж үзсэн. Дараагаар нь тухайн банк нь өөрөө татан буугдсан байдаг.

Бид нар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой бол энэ гэрээг байгуулъя гээд явж байх үед Монгол Улс өөрийн дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах шаардлага гарсан. Уг асуудалтай холбоотойгоор 2019 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн байдаг.

Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг хангахын тулд дотоодоосоо өөрсдөө төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг байгуулж, ажиллаж тухайн аж ахуйн нэгжид нь хайгуулын талбайг өгч түүн дээрээ олборлосон газрын тосыг бусад гадаад улсын компани, аж ахуйн нэгж гэхээсээ илүү 100 хувь дотоодынхоо үйлдвэрт өгөх шаардлагатай юм аа, тэгж байж бид нар дотоодын хэрэгцээг хангах юм аа гэсэн үндсэн зарчимд тулж асуудлууд шийдвэрлэгдээд явж байсан. Тухайн үед аль болох уг талбайн хажууд нь газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Дээрээс нь уг талбай дээр тухайн үед гэрээ байгуулах явцад тухайн гэрээг байгуулахдаа олборлолт явуулж байгаа талбайн гадна талын Г******* ХХХ гээд байгаа талбай дээрх хайгуул судалгааны ажил өрнөсөн цооногийн материал тэдгээрийг хэрхэн үнэлж авах талаар асуудлыг гэрээнд тусгаагүй байдаг.

Төслийнхөө явцад тухайн өөрт хийсэн судалгааны материалыг ашиглаж цаашаа үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг оруулж өгсөн байдаг. Тэгэхлээр үүнийг бид нар үзэхдээ анхдагч материал болон тухайн талбайд судалгааны материал, тайлан мэдээг тухайн аж ахуйн нэгж худалдаж авч өөрийнхөө үйл ажиллагаан дээр ашиглах асуудлууд байсан. Тэр асуудлууд бол гэрээний нөхцөл, гэрээний зүйл заалтыг тусгаагүй байна гэж үзсэн. Мөн дээрээс нь гэрээний төслийг боловсруулаад тухайн саналуудыг авч байхад Шадар сайдаас явуулсан асуудлаар “Бп” ХХК шалгарсан гэдэг нь ямар үндэслэлтэй юм бэ?, Нэг компани тендерт оролцоод нэг компани шалгарсан байна. Үүнийг шалгаруулалт гэж үзэх үү, үгүй юу?, Тухайн хөрөнгө оруулагчаар орж ирж ажиллах гэж байгаа “Ч*******” ХХК урьд өмнө нь Монгол улсад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад оролцож байсан юм байна. Тухайн үед ямар хэмжээнд оролцож байсан. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлууд болон бусад хийж байсан ажлууд, орон нутгаас тодорхойлолт авах шаардлагатай гэдэг асуудлууд байсан. Энэ бүх асуудлуудыг бид нар агентлагт уламжлаад дахин санал авах явцад материал нь хангалтгүй байсан. Тухайн үед өгсөн материал нь агентлагаас өгсөн материал, орон нутгаас өгсөн материал гэх мэт хоорондоо зөрүүтэй байсан учраас бид нар үүнийг хуурамч материал гэж үзэх юм байна гээд уг төслийг шалгаруулах боломжгүй гэж үзсэн. Үүний улмаас явуулах боломжгүй болсон.

Г******* ХХХ талбайг цаашдаа Улсын мэдлийн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани бол үргэлжлүүлэн авч явахын тулд хэтийн төлөвт тодорхой хугацаа бага зарцуулах хөрөнгө мөнгө бага шаардах ийм төсөл болох юм байна. Тийм учраас төрийн болон төрийн өмчид оролцоотой компанид цаашид талбай дээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоогийн байдлаар ямар ямар талбай дээр улсын болон төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж болох талаар судалгаа хийгээд явж байгаа. Тэдгээрийн нэгд энэ талбай орсон байгаа.

... Уу,хүя нь Монгол улсын хэмжээнд газрын тостой холбогдсон үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулж ажиллаж байгаа. Тийм учраас уг асуудалд яамны зүгээс хариуцагчаар оролцож байгаагийн хувьд бид газрын тостой холбогдсон үйл ажиллагааг өнөөдөр ямар үйл ажиллагаа гэж ойлгох бэ гэхлээр Монгол улс өөрөө газрын тостой юм уу, гүй юм уу гэдгийг мэдэж тодруулж авах нь зүйтэй байдаг. Ингэхийн тулд бид нар асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах энэ ажилд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ингэхдээ бид нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар явуулдаг. Ийм зарчимтай байгаа. Г******* ХХХ гэдэг талбай нь хуучин бүтээгдэхүүн хуваах-97 гэдэг талбай байсан. Энэ талбай дээр Хятад улсын хөрөнгө оруулалттай “Д” ХХК ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа.

Хайгуулаа хийгээд дуусаад ашиглалтад энэ хэмжээний газарт газрын тос байна гээд өөрсдөө ашиглалтын талбайг авч үлдээд, үлдсэн талбайгаа Монгол улсын Засгийн газарт буцааж өгсөн байдаг. Энэ буцааж өгсөн талбайг манай агентлаг Г******* ХХХ гэж нэрлээд энэ талбай дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт гэдэг нь өөрөө тухайн талбай дээр Монгол Улсын Засгийн газар газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар хэн илүү ашигтай санал өгсөн энэ талбай дээр гэрээлэгчтэй сонгон шалгаруулалтыг явуулна гэдэг үндсэн зарчим хуулиараа байгаа. Тухайн гэрээлэгчтэй захиалга ирүүлэх материал доторхоос онцол дурдахад хайгуул ашиглалтад зарцуулах хөрөнгийн баталгаа гэж байдаг. Хөрөнгийн баталгаа нь уг гэрээн дээр байхгүй.

Засгийн газарт хамгийн ашигтай санал ирүүлсэн захиалагчийг ялагчаар тодруулна гэж байгаа. Нэхэмжлэгчийг ялагчаар тодрууллаа гэж байгаа боловч хэнтэй өрсөлдөөд ялж байгаа гэдэг нь тодорхой бус байгаа. Гэрээний төсөлд ирүүлээд байгаа асуудлууд дээр хариу тайлбарыг нь уншихад ойлгомжгүй. Энэ асуудлыг бид тэр чигээр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм бол хүндрэлтэй асуудлууд байгаа. Түрүүн дурдсанчлан өмнө гүйцэтгэсэн “Д” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 2151 тууш клометр 2 хэмжээст чичэрхийллийн, судалгааны ажил 111.6 км.в 3 хэмжээст чичэрхийллийн судалгааны ажил, хайгуулын 7 цооног үүнээс ашиглалтад шилжихээр газрын тостой 2 цооног байж байгаа. Эдгээр цооног эдгээр мэдээллүүдийг энэ талбайн нээлттэй сонгон шалгаруулалтад дурдаж оруулаагүй. Энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар энэ гэрээнд тусгаагүй. Өмнө нь гүйцэтгэсэн ажлууд байгаа. Мөн эдгээрийг үнэлээгүй. Хайгуулын нэг цооногийг дэлхийн зах зээл дээр 2 сая доллараар өрөмддөг ажил байгаа. 2 хэмжээст чичэрхийллийн судалгааны ажил гэх юм бол 3-6 мянган доллар 3 хэмжээст чичэрхийллийн судалгааны ажил гэвэл 30-60 мянган доллараар 1 км.в талбайг гүйцэтгэдэг. Энэ хэмжээний ажил тэнд гүйцэтгэсэн байхад уг талбай дээр энэ компанитай гэрээ байгуулахдаа эдгээрийг яагаад тусгаагүй юм бэ гэдэг асуудал байгаа. Иймд энэ гэрээ нь учир дутагдалтай байгаа.

... Нөгөө талаасаа Монгол Улсын Засгийн газар өнөөдөр дотооддоо өөрсдөө үйлдвэртэй больё, гаднаас бид нар бензин шатахуун авдгаа больё. Тийм учраас газрын тосны хэтийн төлөвтэй гэж үзэж байгаа талбайнуудаа төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж компанитай болгооч гэдэг асуудал байгаа. Үүнтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг нь өөрөө хажуудаа компанитай. Энэ өөрөө төрийн өмчит ХХК гэж явж байгаа. Үүнийг сая Газрын тос боловсруулах үйлдвэр дэмжих тухай хууль гэж тусдаа бид нар батлуулсан. Үүн дээр хайгуулын талбайг тухайн аж ахуйн нэгжид олгохоор явж байгаа. Эдгээр дээр бид нар ямар талбайг олгох бэ гэдэг сонгон шалгаруулалт байгаа. Зүүн баян газрын тос олборлож байгаагийн гадна талд буцаасан талбай байгаа. Нөгөө талд Тансагийн сав газарт байж байгаа “П*******” компанийн олборлолтын талбайгаас буцааж өгсөн хайгуулын талбай дээр боломжтой юм байна гэдгийг үзээд явж байгаа.

Иймд бид нар гаднын хөрөнгө оруулагч, гадаадын компанитай өөрсдийн үндэсний баялгийг хуваалцах гэхээсээ илүү дотоодын компани байх юм бол үндэснийхээ үйлдвэр, түүхий эдээр хангахад илүү түлхүү хувь нэмэр оруулах юм байна гэсэн эдгээр асуудлууд байгаад байгаа. Тийм учраас эдгээр асуудлуудтай холбоотойгоор Гурван баян ХХХ гэдэг талбай яалт ч үгүй 50-иад оноос хойш, одоо 80 жилийн ой болж байгаа. 1941 оноос хойш хайгуул судалгаа хийгдээд тухайн үед ашиглалт явуулж байсан Зүүн баян цагаан гэсэн орд байдаг. Тэрний гадна талд байж байгаа талбай. Тийм ч учраас уг талбайг ирээдүйтэй гэж хараад байгаа. Иймд энэ талбайг бид нар өөрсдөө буцаагаад хэн нэгэнд гэрээлээд өгөх биш, Монгол улс нь өөрөө ашиглагч байя гэдэг асуудал байгаа.

... Хувь хэмжээн дээр Сангийн яамны санал дээр байгаад байгаа. Өмнө байгуулсан гэрээний дундаж үзүүлэлтээс бага байна гээд. Дундаж үзүүлэлтэд нь 45-тай байгаад байна уу, 43-тай байгаад байна уу гэдэг асуудлууд байгаад байгаа. Тийм учраас уг гэрээ 45 хувь нь Засгийн газарт орж, 57 хувь нь цаад компанидаа оногдохоор байгаа. Тэгэхлээр ийм зүйл байхгүй. Үүнийгээ больё. Үндэсний компани ороод ирэх юм бол бараг 100 хувь үйлдвэрлэл өгч  тосоо нийлүүлэх юм байна гэдэг ашиг хуваалцахгүй гэсэн асуудал байгаа. Шүүхийг эдгээр байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бп” ХХК нь анх “Газрын тосны тухай хуулийн 17.4, 17.5-д зааснаар “Бп” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах төслийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Уу,хүяны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоот актыг хүчингүй болгох, “Бп” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах төслийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” гэж өөрчилсөн[1].

Шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Уу,хүяны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоот албан бичгээр хүргүүлсэн “...газрын тосны хайгуулын Г******* XXX талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй” гэсэн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөө нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч захиргааны байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээгүй бөгөөд, хуульд заасан сонгон шалгаруулалт явуулж гэрээний төслийг тохиролцох эрх бүхий Ашигт малтмал, газрын тосны газраас гэрээг хүргүүлсээр байхад Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээс татгалзаж байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Г******* ХХХ талбайд гэрээлэгчийн сонгон шалгаруулалтад “Бп” ХХК нь өрсөлдөгчгүйгээр орж шалгарсан байдаг бөгөөд гэрээний төслийн талаарх Засгийн газрын гишүүдийн саналуудыг гэрээнд тусгаагүй тул уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/117 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны  2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр “Газрын тосны хайгуулын Г******* ХХХ талбайд захиалга ирүүлсэн “Бп” ХХК-ийн саналыг 171,6 оноогоор үнэлж тус компанийг ялагч”-аар тодруулжээ[2].

Ашигт малтмал, газрын тосны газар нь “Бп” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцон үзэглэж, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/6514[3], 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/7881 тоот[4] албан бичгүүдээр “Гэрээний төслийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Уу,хүяанд хүргүүлсэн байна.

Улмаар Уу,хүяанд хүргүүлсэн байх боловч тус яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоот албан бичгээр “...газрын тосны хайгуулын Г******* ХХХ талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй”[5] гэж мэдэгджээ.

 

Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.1-д заасан сонгон шалгаруулалтын ялагчтай бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг тохиролцож, энэ хуулийн 17.5-д заасан шийдвэр гарсан тохиолдолд энэ хуулийн 17.6-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна” гэж заасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газрын тосны газар/хуучин нэршилээр/-т даалгажээ.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон маргаан бүхий актаар “Засгийн газрын хуралдааны 2019 оны 54 дүгээр тэмдэглэлээр газрын тосны үйл ажиллагаа эрхлэх төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх гэж даалгасан гэсэн үндэслэлээр газрын тосны хайгуулын Г******* ХХХ талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй гэж татгалзсанаас тус тус үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч захиргааны байгууллага нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эсэхийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээгүй атлаа сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий байгууллагаас шалгарсан хуулийн этгээдтэй тохиролцож, үзэглэсэн гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан нь хууль бус” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Учир нь дээр дурьдсан хууль тогтоомжийн холбогдох заалтууд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны үнэлгээгээр “Бп” ХХК-ийг Г******* ХХХ талбайн сонгон шалгаруулалтын ялагчаар тодруулсан, Ашигт малтмал, газрын тосны газраас бүтээгдэхүүн хуваах гэрээний төсөлд хэлэлцээ хийж, үзэглэсэн, түүнчлэн маргааны тохиолдолд буюу Засгийн газрын хуралдааны 54 дүгээр тэмдэглэл гарахаас өмнөх цаг хугацаанд гэрээлэгчийн сонгон шалгаруулалт явагдсан, үнэлгээ хийгдсэн, мөн тухайн гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй атлаа хариуцагч захиргааны байгууллага нь “Бп” ХХК “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах боломжгүй гэж татгалзсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргахаар хуульд заасан байхад хариуцагч нь уг гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээгүй атлаа хуулиар өөрт нь олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж “гэрээ байгуулах боломжгүй” гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэсэн нэг шалтгаан болох Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тэмдэглэлээр газрын тосны үйл ажиллагаа эрхлэх төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх гэж даалгасан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн оролцож шалгарсан сонгон шалгаруулалтаас цаг хугацааны хувьд хойно байх тул энэ үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь үндэслэл бүхий биш байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тосны үйлдвэрийн өмчлөгчийн тухайд баримтлах төрийн бодлого өөрчлөгдсөн нь уг шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд бий болсон нэхэмжлэгчийн “гэрээ байгуулах” эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул хариуцагч нь маргаан бүхий шийдвэрийг “Засгийн газрын хуралдааны 2019 оны 54 дүгээр тэмдэглэлээр газрын тосны үйл ажиллагаа эрхлэх төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх гэж даалгасан” гэсэн үндэслэлээр гаргасан нь буруу байна.

 

Гэвч нэхэмжлэгч “Бп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг гэрээний төслийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Уу,хүяанд даалгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь:

Газрын тосны тухай хуулийн17 дугаар зүйлийн 17.5-д “Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.4-т заасан гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргана” гэж зааснаас үзвэл, Уу,хүя нь газрын тосны асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохынхоо хувьд “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь хууль тогтоомжид нийцсэн эсэх болон улс орны эдийн засагт үр өгөөжтэй эсэхийг хянах эрх хэмжээтэйн дээр газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байхаар байгуулах шийдвэр гаргах үндэслэлийг Засгийн газарт бүрдүүлж өгөх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтад өрсөлдөгчгүйгээр орж шалгарсны зэрэгцээ хөрөнгө оруулалтын гэрээ нь шаардлага хангахгүй, мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний төсөлд Шадар сайд болон Хууль зүйн дотоод хэргийн сайд, Мөн Батлан хамгаалах сайдаас ирүүлсэн саналуудыг нэмж тусгаагүй, түүнчлэн газрын тосны олборлолтын хэмжээнээс хамаарч Монгол Улсын Засгийн газрын хүртэх ашиг нь хамгийн багадаа 43 хувь байгаа нь дундажаас доогуур учир эдийн засаг үр өгөөжгүй тул ийм гэрээ байгуулахаар Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх боломжгүй” гэх агуулга бүхий тайлбаруудыг үгүйсгэх боломжгүй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/6514 тоот албан бичгээр хүргүүлсэн “...гэрээ”[6] болон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/7881 тоот албан бичгээр хүргүүлсэн тайлбарыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч нь “Бп” ХХК-тай байгуулах “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг яамдуудад хүргүүлж санал авсан, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/3019 тоот[7] албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбар гаргуулсан атлаа ирүүлсэн тайлбарыг холбогдох сайдуудад хүргүүлээгүй, дахин санал аваагүй, түүнчлэн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарт дурьдсан шалтгаануудыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлж, гэрээний төслийг сайжруулах боломжтой эсэхийг тодруулаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх, мөн хариуцагч байгууллагаас гэрээний төслийг “дэмжсэн” эсхүл “дэмжээгүй” аль санал гаргахыг шүүх урьдчилан таамаглах боломжгүй тул Уу,хүяны “... бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй” тухай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Уу,хүяанд хүргүүлсэн байх боловч тус яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоот албан бичгээр “...газрын тосны хайгуулын Г******* ХХХ талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй” гэсэн албан бичиг нь нэхэмжлэгчид хаяглагдаагүй, харъяа агентлагтаа хүргүүлсэн албан бичиг тул захиргааны акт биш” хэмээн тайлбарлан маргах боловч уг албан бичгээр мэдэгдсэн тус яамны “гэрээ байгуулах боломжгүй” тухай шийдвэрийн улмаас сонгон шалгаруулалтад орж шалгарсан хуулийн этгээдийн хувьд гэрээ байгуулагдахгүй байх үр дагаварыг үүсгэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжтэй байгааг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 15.5-д заасныг баримтлан Уу,хүянаас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1033 тоот албан бичгээр хүргүүлсэн “...газрын тосны хайгуулын Г ХХХ талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй” шийдвэрийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Уу,хүя нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр зохих санал гаргаж Засгийн газарт хүргүүлэх гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ

                       

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь талд

[6] 2 дугаар хавтаст хэргийн 122-163 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь талд