Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00047

 

Д.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нарыг оролцуулан хийсэн  хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний  өдрийн 1046  дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Д.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 2013 оны 3 сард хот орж өөрийн авто машинаа 10,000,000 төгрөгөөр худалдан, дээр нь Б.Т-аас 5,000,000 төгрөг зээлж аваад 17,000,000 төгрөг бүрдүүлэн А-с уг хашаа, байшинг буцаан худалдан авсан юм. Гэтэл Б.Т миний нэр дээр байсан дээрх хашаа байшингийн гэрчилгээг албадан гаргуулж аваад иргэний шүүхэд хашаа байшинг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гарган Улсын Дээд Шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2017/00760 дугаартай тогтоолоор 9-4-20 тоотод байрлах хашаа байшинг Б.Т-ийн өмч гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ... Иймд дээрх хашаа байшинг өөрийн мөнгөөр худалдан авсан тул уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Э намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4-20 тоотод байрлах хашаа байшинг 17,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Байшингийн урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг Б гэдэг хүнээс бид хоёр зээлж аваад өгч байсан. Мөн би 5,000,000 төгрөг өгсөн. Тус хашаа байшингийн гэрчилгээг авахад миний ах Д болон Д.Э хоёр хамт явж байгаад миний нэр дээр гаргуулж авсан байдаг. ...Тус хашаа байшинг Д.Э дангаараа өмчлөх эрхгүй. Би ч хамтран өмчлөх сонирхолгүй байна. Өөрийн оруулсан мөнгө 10,000,000 төгрөгөө аваад хашаа, байшинг өгч, бичиг баримтыг шилжүүлж өгье гэсэн боловч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1046 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Т-т холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4-20 тоотод байрлах, 210703480 нэгж талбарын дугаартай 645м2 газар, Ү-1723003133 улсын бүртгэлийн дугаартай өвлийн дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 242,150 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нар давж заалдах гомдолдоо: ... нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  “...        Д.Э Б.Т нар нь 2012 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4-20 тоотод байрлах хашаа байшинг хамтран хөрөнгө оруулан худалдан авч.... нь тогтоогдож байна “  гэж, мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “ ... маргаж буй хашаа байшинд зохигч хамтран хөрөнгө оруулсан, тэдний өмч холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө бий болсон...”  гэдгийг үндэслэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Би 2012 оны 11 сард уг хашаа байшинг худалдан авахдаа Б.Т-с           5,000 ,000 төгрөгийг зээлэн авсан бөгөөд Б.Т миний ХААН банкин дахь тоот дансруу 4,450,000 төгрөгийг шилжүүлэн, 310,000 төгрөгийг ээж Ц-н данснаас шилжүүлсэн байдаг. Б.Т нь надад 5,000,000 төгрөгийг зээлсэн гэдэгтэй маргадаггүй. Энэ нь Иргэний Хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн тул би зээлдэгчээс 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авснаар уг зээлийн мөнгө миний өмчлөлд шилжсэн гэж үзэн би өөрийн мөнгөөр хашаа байшин худалдан авахдаа захиран зарцуулсан юм. Гэтэл шүүх Б.Т-н надад зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийг хашаа, байшин худалдан авахад Б.Т нь хөрөнгө оруулсан байна гэж үзсэн нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... зохигчийн шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: ... нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Учир энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг юуны учир шүүх үнэлээгүй гэдгээ дурдаагүй. Шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1- т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй... гэж дурджээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 6-р сарын 08-ны өдрийн дугаар 001/ХТ2017/00760 тогтоолын хянах хэсэгт 2016 оны 2-р сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх өмчлөх эрхийн маргаан үүссэний дараа буюу 2017 оны 1 сарын 3-ны өдөр өмчлөгчөөр тогтоосон гэрчилгээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ... үүнийг анхан шатны шүүх үнэлээгүйд маш их гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн дугаар 1046 шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Э нь Мөрөн сумын 9-4-20 тоотод байрлах 210703480 нэгж талбарын дугаартай 645м2 газар, 6х7м хэмжээтэй Ү-1723003133 улсын бүртгэлийн дугаартай өвлийн дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч “Энэ хашаа, байшинг Д.Э дангаараа өмчлөх эрх байхгүй. ...хашаа, байшинг худалдан авахад би 10,000,000 төгрөг гаргасан, өгсөн мөнгийг минь өгвөл үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэх эсэхийг дараа нь шийдвэрлүүлнэ” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Т нар нь хашаа, байшинг 17,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар маргаагүй байна.

Б.Т-ийн  нэхэмжлэлээр Мөрөн сумын  9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 20 тоотод байрлах хашаа, байшинг Д.Э-с албадан чөлөөлүүлэхийг хүссэн маргааныг шүүх шийдвэрлэж, хяналтын шатны шүүх  2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2017/00760 дугаар тогтоолоор зохигчийг маргаж буй хашаа, байшингийн хамтран өмчлөгч гэж дүгнэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн алиныг уг хашаа, байшинг дангаараа өмчлөх эрхтэй гэж тогтоох  боломжгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчимд үндэслэн явагдах бөгөөд хэргийн оролцогч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, үндэслэл, тайлбараа өөрөө нотолж, холбогдох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.Э- нь нэхэмжлэлээ үндэслэсэн “хашаа, байшинг өөрөө мөнгөө бүрдүүлэн авсан” гэх байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэрэгт авагдсан зарим баримтыг үнэлээгүй талаарх үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгаж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх тул  “...нотлох баримтыг юуны учир шүүх үнэлээгүй гэдгээ дурдаагүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,150  /хоёр зуун дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

                             ШҮҮГЧИД                                Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                              Б.СОСОРБАРАМ