Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/285

 

2022            8            22                                 2022/ШЦТ/285

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Г.Э ,

хохирогч П.Г ,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г д холбогдох эрүүгийн 2225000000051 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг **** тоотод оршин суух, урьд;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Б овогт Б-ийн Г

Шүүгдэгч Б.Г  нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэр улсын чанартай төв зам дээр замын хажуугийн шон мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч П.Г ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ “...гэртээ байж байхад эхнэрийн багын найз ирээд бид нар нэг шил пиво, нэг шил 0.5гр архи уусан, найз нь “гэрт хүргээд өг” гээд байсан, би “согтуу байна, машин барихгүй” гэж хэлсэн. Эхнэрийнхээ найзыг 5-13 дугаар байранд гэрт нь хүргэж өгөхөд “нөхөртэйгээ асуудалтай байгаа, танайд очиж хононо” гэсэн, тэгээд бид нар урт цагаан руу явж пиво авчихаад буцаж явахдаа “Танил” захын урдуур өнгөрөөд “Жаст” шатахуун түгээх станцын урдуур явж байтал нэг машин хажуугаар гүйцэж түрүүлээд гарахад машины ар талын хэсэг хоёр тийшээ гулгаж бөгсөө хаяж эхэлсэн, зогсоох гээд гулгасаар байгаад шонгийн мод мөргөсөн. Би өөрөө эмнэлэг болон цагдаа дуудсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна. Эхнэрээ эмчлүүлсэн, одоо бие нь гайгүй болсон, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тогтмол орлогогүй болохоор ногоо зарж амьдарч байгаа тул оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

хохирогч П.Г  мэдүүлэхдээ “...Миний биеийн байдал сайжирч, хөл бороолсон, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсон, би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ гэмт хэрэг гарахад миний буруу байгаа.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч П.Г ын “...гэрээсээ гараад 5-13 дугаар байр ороод тэндээсээ шууд урт цагаан ороод гэрлүүгээ явж байх замдаа замын баруун талд байх мэдэгдлийн шонг мөргөсөн. Б.Г  жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, тухайн үед 60-70км цагийн хурдтай явсан байх, ...би тээврийн хэрэгслийн урд зорчиж явсан, шон мөргөх үед миний биед зүүн хөлний дунд чөмөгний хугарал үүссэн, гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

гэрч Б.Б-н  “...Тухайн тээврийн хэрэгслийг Б.Г  жолоодож явсан, бид нар бүгдээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэчихсэн, ...ойролцоогоор 80км цагийн хурдтай явж байсан, тэгсэн чинь гэнэт машин хоёр тийшээ болоод шарваад зогсохгүй явсаар байгаад замын хажуу талын шон мөргөөд зогссон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Б.Г-н  сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...гэрээс гараад Б   хүргэж өгөхөөр 5-13 дугаар байрны гадаа зогстол Б  “орохгүй, урт цагаан руу явчих нэг пиво авчихъя” гээд урт цагаан руу явж пиво авчихаад буцаж явахдаа “Танил” захын урдуур өнгөрөөд “Жаст” шатахуун түгээх станцын урдуур явж байтал нэг машин хажуугаар гүйцэж түрүүлээд гарахад машины ар талын хэсэг хоёр тийшээ гулгаж бөгсөө хаяж эхэлсэн, зогсоох гээд гулгасаар байгаад самбар мөргөж зогссон. ...Би 2021 оны 11 дүгээр сард архи, согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцож байгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59, 62 дахь тал/,

          Орхон аймаг дахь Цагдаагийн газар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 6-8 дахь тал/,

          “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Б-н  2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай; “...Б.Г-н  биеэс авсан гэх цусанд 2.1 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-н  2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай; “...П.Г ын биед зүүн дунд чөмөгний ясны гандан хэсгийн дунд 1/3-ээр далд хөндлөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хохирогчийн мэдүүлж байгаа хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

          Мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “...Б.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн; “...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

          3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:

          3.4.б. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

          3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно.

          3.7.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

Б.Г  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 113 дахь тал/

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 114-115 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Г эс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Г  2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ 02-06ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэр улсын чанартай төв зам дээр замын хажуугийн шон мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч П.Г ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч П.Г ын “...шон мөргөх үед миний биед зүүн хөлний дунд чөмөгний хугарал үүссэн.” гэх,

гэрч Б.Б-н  “...гэнэт машин хоёр тийшээ болоод шарваад зогсохгүй явсаар байгаад замын хажуу талын шонг мөргөөд зогссон.” гэх,

Б.Г-н  сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...нэг машин хажуугаар гүйцэж түрүүлээд гарахад машины ар талын хэсэг хоёр тийшээ гулгаж бөгсөө хаяж эхэлсэн, зогсоох гээд гулгасаар байгаад самбар мөргөж зогссон. ...Би 2021 оны 11 дүгээр сард архи, согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцож байгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан.” гэх мэдүүлгүүд,

   Орхон аймаг дахь Цагдаагийн газар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Б-н  2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-н  2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай дүгнэлт,

          Мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн магадлагаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Б.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаж зорчигч П.Г ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Г  нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан,  

гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэлээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүний “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Г-н  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-с “...шүүгдэгч нь тогтмол орлогогүй, ногоо зарж амьдралаа залгуулдаг бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сумаас гарч зарах ногоогоо авч ирдэг тул ахуй амьдралыг нь харгалзан Орхон аймгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзсэн болно.  

Шүүх шүүгдэгч Б.Г-н  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг, мөн хохирогчийн  хохирогчийн “гомдол саналгүй” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч П.Г  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд түүний “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, ар гэрийн амьдралыг минь харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-г тээврийн хэрэгсэл жолоодо эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Шүүгдэгч Б.Г д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймагаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.Г д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.О-т даалгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э