Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

2022            8            25                                  2022/ШЦТ/290

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,     

улсын яллагч Н.,

хохирогч Д.П ,

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2225003260318 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймаг Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, * дүгээр сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг * дугаар хороолол “**” хотхоны *** дугаар байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  

Ч овогт Г-н Т

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны шөнийн 04 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Аз” хотхоны гадаа болон орцон дотор Д.П ийг зодож, нүүр, толгой руу нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч Д.П  мэдүүлэхдээ “...тухайн өдөр ажлынхаа дүүгийнд очиж хоол идчихээд шөнө 3 цагийн үед байрныхаа гадаа очих үед 4 давхараас хүмүүс “унтаж амармаар байна.” гэж байсан. Би иргэний үүргийн дагуу энэ хүмүүст шаардлага тавьсан, гэтэл Г.Т машинаасаа бууж ирээд намайг шууд цохисон, би гомдолтой байна. “Медипас” эмнэлэгт тархины зураг авхуулсны 85.000 төгрөг, эм тариа хэрэглэсний 61.000 төгрөг, гар утасны үнэлгээ хийлгэсний 20.00 төгрөг, гар утасныхаа нүүрийг солиулсны 110.000 төгрөг нийт 276.000 төгрөгийг гаргуулна, мөн мөнгөгүй учраас шүдний паалангаа хийлгэж чадаагүй байна, хамрын муруйгаа эмчлүүлмээр байна.” гэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.П ийн “...2022 оны 5 дугаар сарын 22-ны...02 цагийн үед дүүгийн гэр болон баруун Хабитатад очиж хоол идээд, цүнхээ аваад гэр лүүгээ буцсан. Гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хороолол “Аз” хотхоны гадаа ирээд байр луугаа орох гээд явж байхад манай орцны гадаа  УНӨ дугаартай приус машинд хүмүүс чанга, чанга орилоод архи уугаад байхаар нь цонхыг нь тогшоод “ахаа хүмүүс амарч байна, та нар жаахан чимээгүй байгаач” гэхэд “чи хаанаас ирсэн гай вэ” гээд утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж байсан хүн бууж ирээд “чи ямар шалчигнасан бацаан бэ” гээд нүүр лүү цохисон. ...миний хамраас цус гараад бас уруул хавдаад ирэхээр нь “та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд тээврийн хэрэгслийн араас намайг цохидог залуугийн найз бууж ирээд “одоогийн залуучууд ийм шалчигнасан юмнууд байдаг байхгүй юу” гээд миний цээж рүү цохиод заамдаад авсан. Намайг хамгийн эхэнд цохисон Т гэх залуугийн эхнэр нь бууж ирээд “ингэн, ингэн архи уух ямар шаардлагатай юм, оръё” гээд нөхөр болон нөхрийнхөө найзыг дагуулаад орохоор нь би араас нь орж, цахилгаан шатны хаалга хааж зогсоод “би та нарт зодуулчихаад та нарыг юу гэж оруулах юм, одоо цагдаа ирнэ” гэхэд Т гэх залуу “чи хэдэн төгрөгийн залуу юм” гэж хэлээд нүүр лүү нилээн олон удаа цохиод бас гар утас булааж аваад миний толгойн ар хэсэг дагз руу маш олон удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Г.Т-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр найз П  Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор ирсэн. ...орой 23 цаг өнгөрч байхад найзтайгаа ойрд уулзаагүй юм чинь гэж бодоод “Arkhi” нэртэй 0.75гр нэг шил архийг...машинд эхнэр, бид гурав уугаад сууж байхад үл таних хоёр залуу машинд дөхөж ирээд цонх тогшоод “гал байна уу” гэхээр нь манай найз П  “энд тамхи татдаг хүн алга” гэхэд П  гэх залуу “чимээгүй сууж болохгүй байна уу” гэхээр нь “бид шуугилдаагүй юм яриад сууж байна” гэхэд “би энэ байрны хүн байна, та нар манай байрны гадаа зогссон байна” гэхээр нь “би ч гэсэн энэ байрны хүн гадаа сууж байна, шуугилдаж барьсан зүйл алга, тэгээд ч одоо бид нар орох гэж байна” гэхэд араас хэл амаар доромжлоод яваад байсан. Орц руу ороод лифтэнд суух гэтэл лифтний товч дараад явуулахгүй хэрүүл хийгээд байхаар нь би холдуулах гээд түлхсэн. П  бид хоёр нэг нэгнээ заамдалцаад зогсож байхад найз П  тэр залуугийн хөл рүү нь өшиглөөд, би шанаа руу нь 2-3 удаа цохичихсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 427 дугаартай;

          “...Д.П ийн биед хамрын таславчийн муруйлт, нүүр, хуйх, баруун бугалганд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, хоёр шүдний паалан эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 739 дугаартай “...Самсунг А-12 дэлгэц 1ш 120.000 төгрөг” гэсэн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 22 дахь тал/,

          хохирогч Д.П ийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Г.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, ам бүлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 34, 35, 37 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Г.Т-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.Т-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны шөнийн 04 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Аз” хотхоны гадаа болон орцон дотор Д.П ийг зодож, нүүр, толгой руу нь  гар утсаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.П ийн “...би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж байсан хүн бууж ирээд “чи ямар шалчигнасан бацаан бэ” гээд нүүр лүү цохисон. ...Тгэх залуу “чи хэдэн төгрөгийн залуу юм” гэж хэлээд нүүр лүү нилээн олон удаа цохиод бас гар утас булааж аваад миний толгойн ар хэсэг дагз руу маш олон цохисон.” гэх,

Г.Т-н“...лифтний товч дараад явуулахгүй хэрүүл хийгээд байхаар нь би холдуулах гээд түлхсэн. ...би шанаа руу нь 2-3 удаа цохичихсон.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 427 дугаартай; “...Хамрын таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

          хохирогч Д.П ийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

 

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Г.Т-нхохирогч Д.П ийн эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, нүүр, толгой руу нь гар утсаар цохих зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.Т-нхүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Г.Т-г“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Т-нүйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч “...шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах.” дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүхээс тогтоосон хохирол болох 276.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө, торгох ялыг багасгаж өгнө үү.” гэсэн болно.

          Шүүх шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг харгалзав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /сарын/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхаарууллаа.

Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Хохирогч Д.П  нь шүүх хуралдааны үед “Медипас” эмнэлэгт тархины зураг авхуулсны 85.000 төгрөг, эм тариа хэрэглэсний 61.000 төгрөг, гар утасны үнэлгээ хийлгэсний 20.00 төгрөг, гар утасныхаа нүүрийг солиулсны 110.000 төгрөг нийт 276.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаад, “цаашид хоёр шүдний паалан хийлгэнэ, хамрын муруйгаа эмчлүүлмээр байна.” гэсэн болно.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүгдэгч Г.Т-с 276.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П т олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нь “хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цаг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь 276.000 төгрөгийг хохирогч Д.П т төлж барагдуулсан, өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

          Харин Д.П ийн биед хамрын таславчийн муруйлт, нүүр, хуйх, баруун бугалганд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, хоёр шүдний паалан эмтрэл гэмтэл тогтоогдсон болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 427 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч Г.Т-нгэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч Д.П т нээлттэй үлдээн шийдвэрлэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.4 дүгээр зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ч овогт Г-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-нгэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч Д.П т нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э