Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/144

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Орчуулагч А.Е

Улсын яллагч М.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.З

Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хт холбогдох 1713000000093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овгийн Мийн Х, 1990 оны

11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн С сумын *** дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 000

 

  Шүүгдэгч М.Хийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Мийн Х нь иргэн Н.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Х нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн С сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт буюу иргэн Х.Хийн гэрийн гадаа хэрүүл маргааны улмаас Н.Мийг зодож “Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    • Шүүгдэгч М.Хийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
    • Хохирогч Н.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х нь намайг хавсарч хөлөөрөө дэгээдэж газарт унагаагаад зүүн талын шанаанд 2 удаа гараар цохиж, зүүн талын нүд рүү гараар цохиж байхад хөрш айлын хүн Хумар овогтой

Д гэх хүн ирж бид хоёрыг салгаж намайг гэрт хүргэж ирсэн. ...Одоо надад Хтэй холбоотой ямар нэгэн санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

    • Гэрч Х.Жанаргүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр миний бие гэртээ байсан ба орой 21 цаг өнгөрөөд 22 цаг дөхөж байхад манай нөхөр Х, Х хоёр ороод ирсэн. Тэгээд тэр хоёрт хоол хийж өгөх гэж байтал манай хүүхдүүд “Х ахыг М дуудаж байна” гэж ороод ирсэн. Тэр үед Х гараад явсан ба би 5 минут болоогүй байхад Хийн араас гарахад манай хашаан дотор Н.М болон М.Х нар зогсож байсан. Н.М “Чи намайг зодлоо” гэж хэлээд М.Х рүү дайраад байсан ба харин Х

“Уучлаарай” гэж хэлж байсан. ...Би гадаа гарах үед Н.Мийн зүүн талын нүдний дээд хэсгээс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/.

    • Гэрч А.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “ ...Х бид хоёр гэр лүүгээ орох үед Н.М Хийг гадаа дуудаж байна гээд Х гадаа гараад явсан байсан. Тухайн үед би нилээн халамцуу байсан ба гэртээ байж 10 минут гаруй сууж байгаад гадаа гарахад манай хашаан дотор Н.М, М.Х хоёр хоорондоо маргаад байсан ба тэр хоёр хоорондоо зодолдсон байсан. Учир нь Н.Мийн зүүн талын нүдний дээд хэсгээс цус гарч байсан ба Хийн дух хэсэг нь улайсан байсан. гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 дугаар хуудас/.
    • Гэрч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Хийн хашаа манай хашааны эсрэг талд байдаг юм. Тэгээд гэрээсээ гараад хашааны үүдэнд ирэхэд

Хийн хашаанд хүмүүсийн шуугиан гараад байхаар нь би тийшээ зүглэж очсон. Тухайн үед Хийн хашаан дотор М, Х, Х нар байсан. ...Мийн зүүн талны духны хэсэг цустай байсан. Тэгэхээр нь би “Та нар яагаад шуугиад байна” гэж хэлээд Мийг чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлэхэд М “Би гэр лүүгээ явахгүй. Цагдаа руу очно. Х намайг цохьчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед Мийн духнаас гарсан цус хатсан байсан. Бодвол хэсэг хугацаа өнгөрсөн байх.” Гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/ 

    • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 444 дугаартай “...Иргэн Н.Мийн биед тархины доргилттой, зүүн шанаанд 2 ширхэг шархтай, хавдсан, зүүн дээд зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн өгзөгөнд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно”...гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 Иймд шүүгдэгч М.Хийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч М.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч М овгийн Мийн Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Хийн иргэний цахим үнэмлэх, 00906993 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай. 
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ