Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/292

 

  2022        08             29                                 2022/ШЦТ/292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,    

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Н.Ц , түүний өмгөөлөгч Р.Б  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-д холбогдох эрүүгийн 2225003000307 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймаг Хужирт суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн *** тоотод оршин суух, урьд;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхаи шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

И б  овогт Н-н    Ц

Шүүгдэгч Н.Ц  нь согтуурсан үедээ, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн ***  тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хангай” дэлгүүрт өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор худалдагч Ч.С-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Н.Ц  мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй. Тогтсон орлогогүй ч хувиараа хөдөлмөр эрхэлж сард 1.000.000-2.000.000 төгрөгийн орлого олдог тул торгох ял өгнө үү, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Ч.С-н “...би 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Хангай” дэлгүүрт сууж байсан. ...Ц  гэх залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “тамхи, бусад зүйл зээлээр өг” гэж хэлэхээр нь би “чадахгүй” гэсэн чинь лангууны араар тойрч орж ирээд элэг рүү гараараа цохиж, газарт унасан үед нүүрэн тус газарт гараар цохиж, хөлөөрөө өшиглөсөн, би айгаад “нэхсэн зүйлийг чинь өгье” гэж хэлээд газраас босоход дахиж заамдаж “одоо тамхи өг” гээд байхаар нь би гарыг нь тавиулах үед хойшоо хөл алдаад унахдаа лангуу мөргөж унаад, лангууны шилийг хагалсан. ...би Ц ид нэг хайрцаг “LD” тамхи өгсөн чинь аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

“...миний биед учирсан гэмтлийг Ц  намайг зодож учруулсан...миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд би газарт уначихсан. Гэтэл дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн, би гараараа нүүрээ хамгаалсан. ...миний хохиролд нийт 400.000 төгрөг бэлнээр өгсөн, надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

гэрч Т.С-н “...2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед ах С   фэйсбүүк видеогоор залгаж “хүнд зодуулчихлаа, цагдаа дууд, хүрээд ир” гэж хэлсэн, би өөрийн дугаараас цагдаад дуудлага өгчихөөд очиход цагдаа нар ирчихсэн байсан, харин ахыг зодсон Ц  зугтчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

яллагдагч Н.Ц ийн “...Би найз Ж-н хамт 0.5л нэг шил, 0.75л нэг шил архийг хувааж уусан. ...согтоод тасарчихсан бөгөөд нэг мэдсэн чинь цагдаа дээр ирчихсэн, эрүүлжүүлэхэд байсан.  ...С   надад гомдол саналгүй гэсэн, би түүнд хохирлын мөнгө гэж бэлнээр 400.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 387 дугаартай;

“...Ч.С-н биед тархи доргилт, доод эрүүний доор, зүүн завж, баруун болон зүүн бугалга, баруун чихний зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,  

иргэн Т.С-н “...2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Даваат баг Зураа ***  тоот байрлах “Хангай” дэлгүүрт манай ах Ч.С-г Н.Ц  нь согтуугаар зодож, дэлгүүрийн шилэн лангууг эвдэж танхайрсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 3, 4 дэх тал/,

хохирогч Ч.С-н Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, өвчний түүхийн дэвтэр /хавтаст хэргийн 21-26 дахь тал/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/3934 дугаартай “...LD тамхи 1ш 3000 төгрөг, лангуу шил 30.600 төгрөг” гэсэн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

Н.Ц  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73, 86 дахь тал/,  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

Н.Ц ид холбогдох зөрчлийн хэргийн материал хуулбар /хавтаст хэргийн 3-19 дэх тал/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн Н.Ц аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Н.Ц ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Н.Ц  нь согтуурсан үедээ, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн ***  тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хангай” дэлгүүрт өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор худалдагч Ч.С-г зодож, түүний биед тархи доргилт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ч.С-н “...элэг рүү гараараа цохиж, газарт унасан үед нүүрэн тус газарт гараар цохиж, хөлөөрөө өшиглөсөн. ...миний биед учирсан гэмтлийг Цэрэндаш намайг зодож учруулсан...миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд би газарт уначихсан, гэтэл дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн, би гараараа нүүрээ хамгаалсан.” гэх,

гэрч Т.С-н “...2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед ах С   фэйсбүүк видеогоор залгаж “хүнд зодуулчихлаа, цагдаа дууд, хүрээд ир” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 387 дугаартай; “...Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт, 

          иргэн Т.С-н “...2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Даваат баг Зураа ***  тоот байрлах “Хангай” дэлгүүрт манай ах Ч.С-г Н.Ц  нь согтуугаар зодож, дэлгүүрийн шилэн лангууг эвдэж танхайрсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Н.Ц  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох” гэдэг нь тухайн гэмт этгээд эдийн болон эдийн бус ямар давуу тал, ашигтай нөхцөл байдал бий болох үр дүнг урьдчилан тооцоолсон, өөрөөр хэлбэл хохирогч руу чиглэсэн үйлдэл хийхээс өмнө эдийн засгийн хувьд давуу байдал олж авах сэдэлт үүссэн байх, гэмт хэргийн үр дагавраас хамаарч эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгоно гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл тогтоогдсон байх явдал бөгөөд шүүгдэгч Н.Ц ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, энэ нөхцөл байдлыг хангаж байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Шүүгдэгч Н.Ц ийн согтуурсан үедээ, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн ***  тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хангай” дэлгүүрийн лангууны араар очиж хохирогчийн элэг рүү гараараа цохиж, газарт унасан үед нь нүүрэн тус газарт нь гараар цохиж, хөлөөрөө өшиглөж айлгаад “LD” тамхи авч явсан үйлдэл нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогчийг айлган зодож, өөртөө тамхи авч болох үр дүнг урьдчилан тооцоолсон, өөрөөр хэлбэл хохирогч руу чиглэсэн үйлдэл хийхээс өмнө эдийн засгийн хувьд давуу байдал олж авах сэдэлт үүссэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Ц ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотойгоос гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттайгаас гадна үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулсан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

Иймд шүүх шүүгдэгч Н.Ц ийг “өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Ц ид эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Н.Ц ийг “өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Ц ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн,   

шүүгдэгчийн өмгөөлөгч “...өмнө нь торгох ялаар шийтгүүлсэн тул дахин торгох шийтгэл оногдуулахгүй гэсэн хуулийн зүйл, заалт байхгүй, торгох шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Шүүгдэгч Н.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан,             

          шүүгдэгч Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулаад,   

торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч Ч.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...миний хохиролд нийт 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хангай” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

         битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

         шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И б  овогт Н-н  Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э