Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/147

 

 Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, 

Нарийн бичгийн дарга Ц.С

Улсын яллагч М.Ф

Хохирогчийн өмгөөлөгч К.З

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох 1713000000106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Суманы Б, 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Ц сумын  дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0

 

  Шүүгдэгч С.Бын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.Б нь бэлчээрийн маргааны улмаас иргэн Х.Еын нүүрэн тус газар баруун гараараа цохиж зодсоны улмаас Х.Еын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” гэх газарт бэлчээрийн маргааны улмаас иргэн Х.Еын нүүрэн тус газар баруун гараараа цохиж зодсоны улмаас “Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    • Шүүгдэгч С.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газрын маргаанаас  болсон Х.Еын нүүрэн тус газар цохисон. Хохирлоо төлж өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
    • Хохирогч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” гэх газарт мал хариулаад явж байхад С.Б, Р.А, Б нар гүйж ирсэн. С.Б “Та малаа туугаад яв” гэж миний малыг С.Б, Р.А, Б нар 3 талаас туугаад хөөсөн. Тэгээд би мориноос буугаад С.Бт очиж “Чи боль яагаад байгаа юм бэ?” гэж хэлсэн. С.Б “Бид өнгөрсөн жилээс эхлээд бэлчээрийн газрыг хамгаалдаг болсон. Чамайг зодоход яадаг юм бэ?” гэж хэлээд миний нүүрэн тус газар баруун гараараа 2 удаа цохисон ба миний хамар болон амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
    • Гэрч Р.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед С.Бын гэрт байж байхад Ц сумын 4 дүгээр багийн иргэн Х.Еы малаа туугаад оруулж ирсэн. С.Б, Х.Б бид гурав Х.Еы руу очиж малаа хол хариулаарай гэж хэлээд гуруувлаа Х.Еын малыг туусан. Х.Еы та нар манай малыг яагаад туугаад байна гэж хэлээд С.Бын цээж нь тус газар гараараа нэг удаа түлхсэн. С.Б Х.Еын нүүрэн тус газар нэг удаа цохисон ба бид очиж салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
    • Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” гэх газарт Х.Еы малаа туугаад, хариулаад явж байсан. С.Б, Р.А бид гурав очиж Х.Еын малыг туусан. С.Б Х.Еын нүүрэн тус газар нэг удаа цохисон. Х.Еын хамар, амнаас цус гарсан. Р.А бид хоёр С.Быг салгаж аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
    • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 475 дугаартай “...1. Иргэн Х.Еын биед тархины доргилт, хамрын яс хугарсан, зүүн ба баруун нүдний доод зовхинд хөх яагаан туяатай цс хуралттай, зүүн  завжинд хавдартай, дээд эрүүний 3, 4 шүд хугарсан, хамрын нуруунд хавдартай, хамрын таславч баруун тийш мурийсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...“ гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд уг хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 Иймд шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний 3 тооны сарлаг үхрийг  битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөн хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Еын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Б овгийн Суманы Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч С.Бын  3 тооны сарлаг  үхрийг  битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний 00683210 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай. 
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ