Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0258

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/...

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Сх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боажсад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Сх” ХХК, 

Хариуцагч:   Боажс

            Нэхэмжлэлийн шаардлага: Боажсын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын “Сх” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Сх” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн нутаг, Зайсангийн амд 15306 мкв газрыг Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ангилах тухай 2015/87 тоот гэрчилгээ болон 15/180 тоот гэрээний үндсэн дээр ашигладаг. Бид газрын гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ чандлан хэрэгжүүлсээр ирсэн ба 2020 оны газрын төлбөрийг 2020 оны 04 сард газрын төлбөрийг төлж, тооцоо нийлсэн.

“Сх” ХХК нь тухайн газар дээр ойн зурвас байгуулах төслийг хэрэгжүүлэхээр зорьж, байгаль ээлтэй, эко байдлаар иргэд амрах аялах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ба усны эх, голын ай савыг хамгаалах үндсэн зорилготой төсөл юм. Энэ нь манай компанийн төсөл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, өнөөдрийг хүртэл тухайн газар дээр хийсэн хөрс усны шинжилгээ болон нутагшуулах боломжтой мод, ургамлын талаар хийсэн судалгаа зэрэг олон баримтаар тогтоогдоно. Манай компанийн зүгээс Улаанбаатар хотод байгаль ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх замаар бизнесээ өргөжүүлэхийг зорьсон байтал ийнхүү үндэслэлгүйгээр, бидэнд мэдэгдэлгүйгээр, манай компанийн баримт сэлтийг нэг ч үзэлгүйгээр цуцалсан нь хууль бус.

Бидний хууль ёсоор ашиглаж буй газрын хугацаа 2020 оны 08 сард дуусаж байгаатай холбогдуулан газрын төлөв байдлын үнэлгээг хийлгэж, гурвалсан гэрээгээ дүгнүүлэхээр 2020 оны 06 сарын 29-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан боловч манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас амаар мэдэгдсэн.

5/180 тоот газар ашиглах гэрээ нь өөрөө нэг талаас аж ахуйн нэгж, нөгөө талаас Хан-Уул дүүргийн засаг дарга, гуравдах талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам оролцсон байдаг. Гэтэл энэ талаар манай компани болон Хан-Уул дүүргийн Засаг даргад мэдэгдсэн зүйл огт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа захиргааны акт гаргахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, хууль ёсны эрх ашгаа хамгаалах, тайлбар өгөх эрхээр хангах үүрэг хүлээдэг байтал ямар нэг мэдэгдэл сонсох ажиллагааг хийлгүйгээр цуцалж, газар ашиглагчийн газрын тухай хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хүлээсэн эрхээ хэрэгжүүлэх бүхий л эрхийг хаасан байна. “Сх” ХХК нь энэ талаар 2020 оцы 06 сарын 28-ны өдөр Боажсад хандан гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар цэг хариу өгөөгүй байгаагийн зэрэгцээ маргаан бүхий 2018 оны А/164 тоот тушаалыг албан ёсоор огт танилцуулаагүй байна.

Аливаа захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд энэ талаар сонсох ажиллагааг заавал хийж хууль ёсны итгэлийг хамгаалдаг. Гэтэл манай хууль ёсоор ашиглаж байгаа газрыг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ямар ч арга хэмжээг авалгүйгээр хууль бусаар цуцалсан байх ба гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн Засаг даргад мөн энэ талаар мэдэгдээгүйгээс газрын төлбөрийг зохих ёсоор хүлээн авсаар байсан. Манай компани тухайн маргаан бүхий акт гарсан болохыг 2020 оны 07 сарын 28-ны өдөр мэдсэн даруйдаа сайдад хандан гомдолд гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь 2015 оны Боажсын тушаалын дагуу Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд 15306 м.кв газрыг газар ашиглах гуравласан гэрээний үндсэн дээр эрх зүйн ямар нэгэн доголдолгүй ашиглаж байсан. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдах байгаа. Гэрчилгээний гэрээний хугацаа 5 жилийн хугацаатай байгуулагдаж байгаа. 2020 оны 8 сард уг гэрээний хугацаа дуусч байсан учраас Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг сунгуулахаар 2020 оны 4 сард газрын  төлбөр тооцооны акт үйлдээд чанарын хянан баталгаа гаргасан байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, тайлан гэрээ дүгнэсэн акт зэргийг хийлгэхийн тулд хянан баталгаажуулалт хийдэг. Ингээд Богдхан уулын хамгаалалтын захиргаанд очиж гэрээ дүгнэх акт үйлдэх гээд очихдоо бид танай газрыг цуцалсан талаар байцаагчаас мэдсэн.

2020 оны 7 сард Байгаль орчин, аялал жуучлалын сайдад бид хандсан. Улмаар ямар нэгэн хариу өгөөгүй учир шүүхэд хандсан. Одоогийн маргаж байгаа тушаал бидэнд эх хувиар ирээгүй байгаа. Хэрэгт авагдсан байдлаар харахад Усны тухай хууль болон холбогдох журмын хүрээнд танай газрыг цуцалж байгаа тухай агуулга харагддаг. Гэтэл бид 2015 оны 8 сард ашиглах гэрээгээ байгуулсан. 2 сард баталсан гэх журам анхнаасаа эзэмших, ашиглах боломжгүй газрыг зориудаар бусдад ашиглуулсан үйл баримт байгаа. 

Хоёрдугаарт манай төслийг нэг ч удаа хянаж үзээгүй. Зайсангийн төгөл гээд төсөл байгаа. Хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч байгууллага төсөл бичиж байгаа байгууллагыг нэг ч удаа шалгадаггүй байгаа. Гэр бүлийн төгөл байгуулах төсөл байгаа. 1,5  га газрыг гэр бүлийн төгөл болгож тохижуулах гэж байгаа. Голын усыг барих мөн байгальд ээлтэй төсөл байгаа. Манай компани сүүлийн 5 жил аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Байгальд ээлтэй төсөл бичээд хариуцагч нар өөрсдөө баталсан байгаа. Үүний дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн. Хариуцагч өөрөө үнэлгээг зөвшөөрсөн мөртлөө шууд цуцалж байгаа асуудал нь буруу юм. Бид байгальд хортой төсөл хийгээгүй. Хариуцагч тушаал гаргахдаа иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хангаагүй. Маш их хэмжээний мөнгө зарцуулаад явж байхад хулгайгаар цуцалж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Гурвалсан гэрээ хийж байхад Хан-Уул дүүргийн Газрын алба болон манайх ч мэдээгүй байсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүй байна. Бид нийтдээ 32 мод суулгасан. Цаг уурын асуудлаас болоод бутлаг ургамал суулгах боломжтой гэх дүгнэлт гараад бид хийж байгаа. Гэтэл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг үндэслэлээр цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Газрыг өгөхдөө шонгоор баталгаажуулж өгсөн мөртлөө цуцлах хууль бус байна.

... Хариуцагчийн зүгээс нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Та бүхний хэлж байгаа баримтууд 2015 оны 02 сарын баримт байгаа. Гэтэл бидний ярьж байгаа зүйл 2015 оны 8 сар байгаа. Бидний буруутай үйл ажиллагаа хаана байгаа вэ? Бидний хууль ёсны ашиг сонирхлыг хаана хамгаалсан бэ? Байгаль орчны ерөнхий үнэлгээг нотлох баримт шинжлэн судлахад хараарай. Бусдын байгаа газартай давхцалгүй, хуульд нийцэж байгаа, ундны ус болон онцгой бүстэй давхцал байхгүй гэж байгаа. Хэрэв боломжгүй байсан бол бид өөр газар төслөө хэрэгжүүлэх боломжтой байсан. Газрын үзлэг дээр хариуцагч огт очоогүй. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад явж байгаа. Гэтэл өөрийнхөө тайлбарт бид нар буруу гаргасан болохоор цуцалж байгаа гэж болохгүй. Төрийн байгууллагын шуурхай байх зарчим байхгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Танайхаас төсөлтэй танилцаагүй байж байгаль орчинд муугаар нөлөөлнө гэж хэлж болохгүй. Нэг ч судалгаа хийсэн зүйл байхгүй. Бид хариуцагчийн үйлдэл дээр маргаж байгаа. Газрыг сольж болох байсан. Гэтэл төлбөрөө аваад яваад байсан. Хариуцагчийн ярьж байгаа тайлбар он сарын хувьд зөрүүтэй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компанийн газрыг 2018 оны 6 сарын 04-ны өдрийн 164 дүгээр тушаалаар хүчингүй болгосон. Тус тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай удирдлагын газрын тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны  тухай хуулийн 22.2, 22.4, 22.6, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны хамтарсан А230/125  дугаар тушаал, усан сан бүхий онцгой хамгаалалттай энгийн дэглэм мөрдөх журмыг удирдлага болгон “Сх” ХХК-ийн газрыг цуцалсан. Зөвхөн “Сх” ХХК-ийн газар биш 100 гаруй аж ахуйн нэгжийн газрыг цуцалсан. Одоо ч мөн адил хамгаалалттай газрыг цуцлахаар удирдлагууд яригдаад явж байгаа.

Туул голыг хөгжүүлж цэцэрлэгт хүрээлэн барихаар яригдаж байгаа. Усны тухай хуулийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасан. Мөн хуулийн 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно гэж заасан. 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно гэж заасан. 22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж заасан. Үүнийг дагуу Барилга хот байгуулалтын сайд, Боажсын хамтарсан 2015 оны  230, 227 дугаар тушаал болон Усан сан болон энгийн хамгаалалттай журмын 2.3, 2.2.6, 3.9, 3.9.1, 3.9.11, 3.9.12-д заасныг баримталсан. Журмаараа барилга барих, газар ашиглахыг хориглосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор кадастрын зургийг хавсаргаж өгсөн. Мөн яаманд иргэдийн амрах газрыг судлах талаар удаа дараа албан бичиг ирсэн. Иймд холбогдох заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Хуулийн дагуу тус газар барилга барих, ашиглах, эзэмшихийг хориглосон байгаа. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын тухай хуулийн 12.1-д байгалийн төлөв байдал алдагдуулахыг хориглоно гэж заасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хууль бус актыг хүчингүй болгох асуудал захиргааны байгууллагад бүрэн байгаа. Хууль бус олгосон асуудлын зөрчлийг арилгах тухай албан даалгавар өгсөн. Манайх хууль бус олгосон талаар яамны мэдээллийн сангаас хараад бүрэн цуцлах эрх нь байгаа. Заавал очоод метр бариад явах боломж байхгүй. Мэдээллийн сангаар бүх зүйл тогтоогдож байгаа. Тухайн үед яагаад олгосон талаар би мэдэхгүй. Учир нь би тухайн үед байхгүй байсан. Иргэн, аж ахуйн нэгж нь тухайн газрыг дарамтлаад шууд авдаг. Ямар нэгэн ашиг сонирхол нөлөөллөөр авсан гэж харагдаж байна. Анх олгосон асуудлыг яам хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Сх” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 1,53 га талбай бүхий газрыг ашиглуулахаар олгож байжээ[1].

Боажсын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын холбогдох заалтаар тус компанийн газар ашиглах эрхийг “Усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас модыг сүйтгэж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Сх” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна[2].

“Сх” ХХК нь Боажсын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай компанийн газар ашиглалтын байдлыг үзэж хараагүй, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр байгальд ээлтэй төслийн хэрэгжилтийг зогсоосон нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг анх олгосон шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байсан тул хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон нь захиргааны байгууллагаас өөрийн алдааг залруулсан агуулгатай тул маргаан бүхий шийдвэр нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар нь Туул голын эрэг дагуу байрлаж байх ба Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоогдсон “Дархан цаазат газрын хилийн зааг”-т хамаарч байгаа нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09/1575 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Хариуцагчаас маргаан бүхий А/164 дүгээр тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь заалтууд болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг үндэслэл болгожээ.

 

1/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх маргааны тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа нэрлэн тоочсон байх ба 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн, 2 дахь хэсэгт тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд/Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн/-уудад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

- Монгол Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 7/41111 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад “...Туул голын усны нөөц хомсдох, голын бургас, сод сүйтгэн байгалын тэнцвэрт байдлаас алдагдахаас сэргийлэх зорилгоор ,,, Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл Туул голын тусгай хамгаалалтын бүсийг нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх талбай болгон тохижуулах... ажлыг хийж дуусгах”-ыг үүрэг болгосон[3],

 - “Сх” ХХК-д ашиглуулахаар олгосон газар нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т маргаан бүхий газар нь “тохижилт” зориулалтаар төлөвлөгдсөн нь Хот байгуулалт, хөгжлийн газраас шүүхэд ирүүлсэн зурагт тусгагдсан[4],

- “Сх” ХХК нь “...төвийн бүсийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, Дархан цаазат газрын бүс нутгийн хамгаалалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх замаар байгаль орчноо хамгаалж экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах, ...” зорилго бүхий, мод бут тарих, ойн зурвас үүсгэх байдлаар хэрэгжих “Зайсангийн төгөл-Амралтын хүрээлэн”[5] төслийг хэрэгжүүлэхээр анх газар ашиглах эрхийг авсан

- Нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрт 2015 онд 7,058,600, 2016 онд 21,048,720, 2017 онд 23,444,680, 2018 онд 20,196,000, 2019 он 10,098,000 2020 онд 33,084,000 төгрөгийг тус тус төлсөн[6],

- Нэхэмжлэгч хуулийн этгээд тус газарт төсөлд тусгагдсаны дагуу мод бут суулгасан, арчилж ургуулж байгаа[7] болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тус тус тогтоогдов.

 

Тусгай хамгаалалттай газрын нутагт дэвсгэрт хуулийн этгээдэд ашиглуулахаар олгогдсон газрын ашиглах эрхийг дуусгавар болгох талаарх хуулийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдээгүй байсан байхад хариуцагч захиргааны байгууллагаас тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь өмнө олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгох тохиолдолд хуульд заасан газар ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн эсэхийг шалган тогтоох шаардлагатай бөгөөд маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь “Сх” ХХК-ийн ашиглаж байсан газрын эрхийг дуусгавар болгох нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй/тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болохыг шалгаж тогтоосон аливаа баримтыг хариуцагчаас гаргаж, ирүүлээгүй, нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй/ атлаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэж маргаан бүхий А/164 дүгээр шийдвэрийг гаргасан нь буруу байна.

Зүй нь хариуцагч захиргааны байгууллагаас өмнө нь нэгэнт ашиглах эрх олгогдсон газрын хувьд уг эрхийг дуусгавар болгох тохиолдолд Газрын тухай хуульд заасан нөхцөлүүд болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг зөрчигдсөн эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр маргаан бүхий шийдвэрийг гаргах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

 

2/ Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх маргааны тухайд:

“Сх” ХХК-ийн ашиглаж байсан 1,53га газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс”-тэй давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 1/2897 тоот лавлагаа, зургаар тогтоогдож[8] байна.

Гэвч нэхэмжлэгч хуулийн этгээд нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно” гэж заасан хориглолтыг зөрчсөн аливаа нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын “Хоёр” дугаар зүйлийн 2.4-т заасан усны онцгой хамгаалалтын бүсэд, түүнчлэн 2.8-д заасан энгийн хамгаалалтын бүсэд хориглох үйл ажиллагааг нэрлэн заасны дотор тус журмын 2.8.1-д заасан “мод бут огтлох”-ыг хоригложээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““Сх” ХХК-ийн “Зайсангийн төгөл-Амралтын хүрээлэн” төсөл нь мод бутыг огтлох бус ургуулах чиглэл бүхий байгаль орчинд ээлтэй төсөл юм” хэмээн тайлбарлаж байгаа болон ашиглалтын газарт тодорхой хэмжээгээр тарималжуулсан зэргээс үзвэл, маргаан бүхий А/164 тоот тушаалын үндэслэлд дурьдсан “Усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас модыг сүйтгэж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан” нөхцөл байдал байхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... журмын 3 дугаар зүйлийн 3.9.12-т зааснаар хууль тогтоомжоор тогтоосон усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгогдох ёсгүй байсан тул захиргааны байгууллага алдаагаа залруулж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэлтэй” хэмээн тайлбарлах боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд “ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх” зорилгоор газар ашиглуулахыг зөвшөөрсний дээр хөрсний усыг татах зорилгоор ургамалжуулдаг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын зорилго нь “усны эх ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, ...”-д оршиж байх тул тус журмын “Гурав” дугаар зүйлийн 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох”-ыг хориглосон нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах, тэр дундаа “хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх” байдлаар газар ашиглах харилцаанд хамааралтай байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан “ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх” зорилгоор газар ашиглах харилцаанд хэрэглэгдэхгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгосон нь хуль тогтоомжид нийцээгүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

3/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиргааны байгууллага нь өмнө гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох замаар хуулийн хэрэгжилтийг хангасан нь хууль тогтоомжид нийцсэн” гэх маргааны тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно: хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх”, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ын 3-т  зааснаар дархан цаазат  газар явуулах аливаа үйл ажиллагаа дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг чандлан сахиж, түүний байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чиглэгдэнэ” гэж заасан нэхэмжлэгч хуулийн этгээдийн төсөл нь чухамхүү ийм зорилгоор хэрэгжиж байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд “байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, Дархан цаазат газрын бүс нутгийн хамгаалалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн байгаль орчны боловсролыг дээшлүүлэх замаар байгаль орчноо хамгаалж экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах, ...” зорилго бүхий төслийг хэрэгжүүлэхэд 1,53 га талбай бүхий газрыг “Сх” ХХК-ийн ашиглалтад олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгод нийцэж байх тул уг актыг хууль бус гэж үзэхээргүй байжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ” байгуулахдаа тус хуулийн этгээдийн анх боловсруулсан “Зайсангийн төгөл-Амралтын хүрээлэн” төслийн хүрээнд бус нийтлэг зохицуулалттай/нэг загвар/-аар байгуулж, улмаар газар ашиглагчийн хэрэгжүүлж буй төслийн  хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглагчийн тухайн газар дээр хэрэгжүүлж буй төслийг ач холбогдлыг үгүйсгэж байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг анх олгосон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг захиргааны байгууллагаас өмнө гаргасан алдаагаа залруулсан гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг үндэслэлээр цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа “нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Усны тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдалгүй байхад хууль тогтоомжийн зорилгод нийцэж олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” хэмээн тайлбарлах боловч Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 832 тоот албан бичгийг “Сх” ХХК-д хүргүүлээгүй, буцаасан болох нь “Монгол шуудан” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/285 тоот лавлагаагаар тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боажсын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын “Сх” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

 

[1] Хавтаст хэргийн 88 дахь талд

[2] Хавтаст хэргийн 25 дахь талд

[3] Хавтаст хэргийн 152 дахь талд

[4] Хавтаст хэргийн 177 дахь талд

[5] Хавтаст хэргийн 100-107 дахь талд

[6] Хавтаст хэргийн 147 дахь талд

[7] Хавтаст хэргийн 144 дэх талд

[8] Хавтаст хэргийн 33-34 дэх талд