| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0041/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/41 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/41
2020 01 29 2020/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,
Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Цахар дунд баг Чүлтэмийн Дт холбогдох эрүүгийн 2034000020041 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц Ч Д, 1964 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, “эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-оос магадласан группт байдаг, ам бүл 3, эмээ, охины хамт Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багт засаг захиргааны бүртгэлтэй, хэрэгт датагдахын өмнө Төв аймгийн Зуунод сумын 3-р баг 22-03 тоот хамтран амьдрагч В.Мөнхцэцэгийн гэрт оршин сууж байсан гэх, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
2.Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, .....................регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Дийн өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 19-ны орой хамтран амьдрагч Мөнхцэцэгийн хажуу талын айлд найз Лувсанцэрэн, Давааням нарын хамт нэг шил 0.5 литрийн Ерөөл архи хувааж уугаад Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Баянхошууны 22-03 тоотод байх хадам ээжийн гэрт ороход Мөнхцэцэг орондоо хэвтэж байсан. Тэгээд намайг хаагуур яваад ирвээ гэж хэлсэн тэгэхээр нь би айлд байж байгаад ирлээ гэж хэлээд жоохон юм ярьтал эхнэр намайг гоншигнолоо гээд байхаар нь өвөрт чинь оръё гээд хувцсаа тайлаад орондоо орох гээд цааш хэвт гэхэд цаашаа хэвтэхгүй намайг хөөгөөд байсан. Тэгээд намайг оронд ортол миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уурлаад намайг яагаад өвөртөө оруулахгүй байгаа юм гээд хөлөөрөө жийтэл оёдол нь таарсан байсан. Тэгээд босоод ирэхээр нь тохойгоороо цохитол шүд цохичихлоо гэж байсан бөгөөд амнаас нь цус гарч байсан. Шүд хөдөлчихлөө гэсэн тэгээд Мөнхцэцэг Цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тухайн үед Мөнхцэцэг бид хоёроос гадна хадам ээж цуг байсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, хамт амьдраад 3 жил гаран болж байна. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хамтран амьдрагч Мөнхцэцэгээс уучлалт гуйж эвлэрсэн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч В.Мөнхцэцэгийн өгсөн: 2016 онд байх хөдөө ямаа саалгана гэсэн зарын дагуу Ч.Дийнд очсон. Тэрнээс хойш л хамт амьдрахаар болоод 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс эхлэн хамтран амьдарч байна. Д согтуудаа элдэв авир гаргаж, зодож байсан ч би согтуу хүн ямар ухаантай байх биш гэж бодоод тоодоггүй л байсан. Миний бие цөсний хагалгаанд орж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсан. Намайг эмнэлэгт эргэж тойрч байсан бөгөөд ээжийнд буюу Зуунмод сумын Баянхошууны 3 дугаар багийн 22-03 тоотод байсан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны орой гэртээ хэвтэх гээд байж байтал Д согтуу орж ирээд миний араар орж хэвтсэн. Тэгэхээр нь би хаагуур явж байгаад ирж байгаа юм архи уучихсан байна гэж хэлтэл намайг элдэв муу үгээр хэлээд янхан, банзал, доодохоо үнэлүүлсэн гээд байхаар нь би гэртээ тайван амармаар байна гэсэн. Тэгээд би уурлаад эргээд харах гэтэл миний хагалгаанд орсон оёон дээр хөлөөрөө тээгэлчихээд хөдөлгөхгүй байхаар нь босоод чамтай унтахгүй өөр газар унтлаа гэсэн чинь миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний шүднээс цус гарсан тэр үед муу гичий, ногоон, муу янханууд гэх зэргээр хараагаад байхаар нь цагдаа дуудсан. Тэр үед манайд ээж Ваанчиг, 3-р ангийн дүү Түмэндэлгэр нар байсан. Хөдөө би ээжийнд нь очиж зарагдаж хоолны мах олж ирдэг нь үнэн. Гэхдээ гэрт ирчхээд архи уухаараа ааш авир нь арай дэндэж байна. Энэ 5 дахь тохиолдол болж байна. Д хөдөө байхдаа мэдүүлгээ зөв өгчхөд гараад ирэн дээ чамайг алчихсан ч чадна гэдэг байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Урьд нь толгой тархи хавдаж хөхөртөл зодож байсныг нь нууж байсан одоо бол тэсэхгүй. Энэ хүнд цохих хариуцлага хүлээлгэмээр байна гэх мэдүүлэг /хх 6-9/,
Гэрч Ч.Ваанчигийн өгсөн: Хамгийн анх 2016 онд манай охин Мөнхцэцэгийг үнэ хөлс өгөөд ямаа саалгая гээд аваад явсан. Тухайн үед үнэ хөлсөө өгөөгүй, тэгээд удалгүй орж гарч, хаа нэг мах шөл авч ирээд охинтой минь амьдарч эхэлсэн. 2-3 сар болоод нэг ирдэг. Өөрөө Баянцагаанд мал хуйтай байдаг юм. Ирэхээрээ хэд хоног байнга согтуу байж байгаад л явдаг. Урьд нь миний хажууд зодож байгаагүй гэнэт өнөөдөр орж ирээд л харааж зүхээд байснаа гэнэт л охин маань өшиглөлөө гээд босоод иртэл гараараа нүүр лүү нь цохиж байх шиг байсан чинь охины минь амнаас цус гарч байсан, тэгээд цагдаа дууд гэж хэлсэн. Ер нь согтохоороо биднийг гуйлгачин гэх мэтээр доромжилдог. Би ч согтуу хүний үг гээд тоодоггүй юм. Өнөөдөр бүр даварч байна. Манай охин явчхаад ирэхээрээ л гар, хөл нь хөхөрчихсөн байдаг. Нэг удаа бүр хүзүү хоолой нь хөхөрчихсөн байхаар нь яасан юм гэтэл саравчнаас унаад гэж л байсан. Зодуулаад ирдэг байсныг нь өнөөдөр л мэдэж байна. Надад хэлэх зүйл гэвэл охиныг минь эзгүйд алчих вий гэж айж байна. Хүлээх ёстой хариуцлага байдаг бол хүлээлгэмээр байна гэх мэдүүлэг /хх 12-13/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №25 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.3.4. В.Мөнхцэцэгийн биед дээд уруул, амны баруун булангийн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 5.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх 15-16/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 40/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 42-44/, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний болон аюулын зэргийн үнэлгээ /хх 20-30/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талуудын хүсэлт /хх 52-53/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 57-58/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Д нь хууль зүйн хувьд танхай сэдэлтээр, санаатай үйлдлээр бусдын эрх чөлөөнд халдаж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын нутаг 3 дугаар баг Баянхошууны 22-03 тоотод 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хамт унтсангүй гэх шалтгаанаар хамтран амьдрагч В.Мөнхцэцэгийг хэл амаар доромжилж эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь "дээд уруул, амны баруун булангийн шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч В.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Ваанчигийн өгсөн мэдүүлэг /хх 12-13/, гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний оноо 9 буюу дунд зэргээр тогтоогдсон тухай /хх 29-30/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.Дийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.Мөнхцэцэг нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Д, хохирогч В.Мөнхцэцэг нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ч.Дт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Ч.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000020041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цахар дунд баг Чүлтэмийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын хот тохижуулах газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000020041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ