Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/302

 

2022         09          06                                     2022/ШЦТ/302

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 2225003680340 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.Н

Шүүгдэгч Б.Ннь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт иргэн А.Х-ы “Redmi 8” загварын гар утсыг чулуугаар цохиж 430.000 төгрөгийн, монетан гинжийг нь тасалж 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч А.Х-ы “...хоёр хүүхэддээ хувцас авч өгөх гэсэн боловч өөрөө ажилтай байсан болохоор өөрийн танил Оюунтүлхүүр гэж эмэгтэйг гуйгаад “хоёр хүүхдийг дагуулж дэлгүүрээр яваад хувцас аваад өгөөч” гээд хамт явуулсан. Гэтэл орой 17 цагийн орчим Б.Н над руу утсаар яриад “чи ямар янханаар хүүхдүүд харуулаад, зөөлгөөд яваа юм, би хоёр хүүхдээ авмаар байна” гэж ярьсан. Тэгэхээр нь Н гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад гэрийнхээ ойролцоо урдаас машинтай ирсэн, машинаас буусан чинь Номин-Эрдэнэ машинаасаа бууж ирээд намайг өшиглөөд, цохиод авсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд бичлэг хийх гэсэн чинь миний гар утсыг шүүрч аваад газар тавьж байгаад чулуугаар цохиж эвдсэн, намайг цохиж, зодож байх явцдаа миний монетан гинжийг тасалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

“...хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Б.Н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...энэ хэрэг болсон өдөр миний охин надад хоол өгчихөөд явж байхдаа над руу утсаар яриад “хоёр дүү танихгүй эмэгтэй хүнтэй гудамжинд явж байна.” гэж хэлсэн. ...эмнэлгээс гарч явж байхдаа би А.Х руу утсаар яриад хоёр хүүхдээ авахаар болоод “Хангай” дэлгүүрийн хажууд уулзахаар болсон. А.Х урдаас ирсэн, тэгэхээр нь зогссон, Хишигсайхан буугаад ирэхээр нь би уурандаа түүний нуруу руу хэд, хэд цохисон, утсаа гаргаж ирээд бичлэг хийхээр нь уурандаа гар утсыг нь шүүрч аваад газар шидээд барьж байсан чулуугаараа дээрээс нь цохиж хагалсан. А.Хыг заамдах үед түүний хүзүүндээ зүүсэн байсан гинж тасарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

“...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, А.Хд учруулсан хохирлоо барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

хохирогч А.Х-ы Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

“Redmi 8” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 773 дугаартай;  “...эвдэрсэн гэх “Redmi 8” загварын гар утсыг 430.000 мянган төгрөгөөр, тасарсан гэх монетан гинжийг 40.000 төгрөгөөр үнэлсэн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Б.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/,

яллагдагч Б.Н “...гэм буруугаа хүлээж байна. Бид хоёр эвлэрч нэг гэртээ 7 сараас хойш амьдарч байгаа. Би дахин яаж ч уурлаж, гомдсон гэм буруутай үйлдэл гаргахгүй. Миний энэ үйлдлийг уучилж хялбаршуулсан байдлаар шийдэж  өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Б.Н сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч  Б.Н гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт иргэн А.Х-ы “Redmi 8” загварын гар утсыг чулуугаар цохиж 430.000 төгрөгийн, монетан гинжийг нь тасалж 40.000 төгрөгийн хохирол учруулж, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч А.Х-ы “...Номин-Эрдэнэ миний гар утсыг шүүрч аваад газар чулуугаар цохиж эвдсэн, ...миний монетан гинжийг тасалсан.” гэх,

Б.Н-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би уурандаа түүний нуруу руу хэд, хэд цохисон, ...утсаа гаргаж ирээд бичлэг хийхээр нь уурандаа гар утсыг нь шүүрч аваад газар шидээд барьж байсан чулуугаараа дээрээс нь цохиж хагалсан. А.Хыг заамдах үед түүний хүзүүндээ зүүсэн байсан гинж тасарсан.” гэх мэдүүлгүүд,

хохирогч А.Х-ы Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “Redmi 8” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 773 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Б.Ншүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Хоёр: Шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Б.Н холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.

          Шүүх шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдүүдээ асардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилжээ.

Хохирогч А.Хы “хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ