Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/53

 

 

 

 

2020         02           05                                             2020/ШЦТ/53

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтох,

Шүүгдэгч Б. М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б Мт холбогдох эрүүгийн 1934009900009 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Б М, 1981 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, жолооч, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 36 дугаар гудамжны 313 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б. Мын өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өөрийнхөө эзэмшлийн 3122 УБП улсын дугаартай Приус11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажуудаа ээж Оюуныг, арын суудалд аав Баттогтохыг суулгаад 12 цагийн орчимд гарсан. Ингээд замд явж байхад цас орж шуурга шуураад зам дээр мөс тогтож зам их хальтаргаатай болсон байсан учир би их зөөлхөн явж  байсан. Ингээд орой 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутаг орж ирээд даваа уруудаад явж байхад урд явж байсан машин замын баруун тал руу аваараа татаад зам чөлөөлөөд зогсохоор нь би уг машиныг гүйцэж түрүүлээд гартал миний урд Портер маркийн машин тоормосоо гишгээд зам дээр шарваад хөндөлдөөд байсан. Тэгээд би тоормос гишгэхэд машин гулгаад зогсохгүй портерийн араас мөргөх гээд байхаар нь би рүлээ зүүн гар тал руугаа дархад машин шарваад бөгсөө хаяад хөндлөн гулсаад замын зүүн тал руу унасан. Машин 2 эргээд унах шиг болсон. Машин миний талаар хажуу талаараа унасан. Ингээд ослын дараа машины урд талын шилээ өшиглөж гарч ирэх үед ээж маань машины гадна талд дарагдаад нас барчихсан байсан. Тэгтэл замаар явж байсан хүмүүс машиныг түлхэж 4 дугуйн дээр нь зогсоосон би жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй, тухайн үед би суудлын бүсээ зүүсэн байсан харин ээж миний хажууд сууж явсан суудлын бүсээ зүүгээгүй байсан. Аав маань арын суудалд зорчиж явсан мөн суудлын бүс зүүгээгүй байсан. Би тээврийн хэрэгслээ үнэлүүлэхгүй. Тус тээврийн хэрэгсэл миний өөрийн өмчлөлд бүртгэлтэй байдаг гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтохын өгсөн: Би 2019 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Дархан-Уул аймгаас өөрийн төрсөн хүү болох  Мын машинд эхнэр Оюуны хамт Улаанбаатар хот руу зорчиж явсан. Бид өдөр 12 цагийн орчим гараад явсаар байгаад орой 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутагт орж ирээд давааны уруу явж байгаад машин шарваад замын хажуу тал руу унасан. Биднийг ирж явах замд цас ороод байсан учир бид зөөлөн явж байсан Дарханаас гараад 5 цаг орчим явж байсан. Би яг осол болох үед арын суудалд сууж явсан учир зүүрмэглэж явсан юм. Машин шарваад замын хажуу руу унах үед сэрсэн. Би суудлын бүсээ зүүгээгүй байсан, хүү маань жолоо барьж явсан суудлын бүсээ зүүсэн байсан. Харин эхнэр урд суудал дээр сууж явсан зүүсэн эсэх талаар анзаарч хараагүй. Ослын улмаас миний биед тархи хагарч толгойд 6 оёдол тавиулсан өөр гэмтэл байхгүй. Их зөөлөн явж байсан зам мөстөөд гөлөөнтэй 30-35 километр цагийн хурдтай явж байсан. Эхнэр маань Улаанбаатар хотод 1958 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр төрж өссөн. Их сургуулийн бага ангийн багшийн ангийг 1979 онд төгссөн. Бид хоёр гэр бүл болж амьдраад дундаасаа 3 хүү төрсөн. Хамгийн том нь Чанбу гэж байж байгаад 2013 онд нас барчихсан. Түүний дараагийн хүү маань  М байгаа юм.  М эхнэр хүүхэдгүй бид хоёртой хамт амьдардаг байсан. Зуны цагт барилгын ажил хийж өвлийн цагт таксинд явж бид хоёрыг тэжээдэг. Бага хүү Батхүү маань Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа ажилтай. Эхнэр маань бага ангийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан. Би 2010 онд, 2011 онд дараалаад 2 удаа тархинд тал цус харваад одоо бие их муу  М намайг асарч байна. Талийгаач маань 2 хүүтэй айлын өргөмөл охин байсан юм. Дархан-Уул аймагт өөрийнх нь төрсөн дүү нь байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  байна. Гэнэтийн осол болж хань маань нас барлаа. Одоо хүү бид хоёр гэртээ үлдлээ бага хүү маань тусдаа амьдралтай байдаг. Хүүд маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6145 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2 Шинжилгээнд ирүүлсэн “Баттогтохын  М 37 настай, эрэгтэй” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй." гэх /хх 29/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 770 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Баттогтохын биед духанд шарх, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх /хх 34/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ц.Оюуны биед хоёр талын олон хавирганы хугарал, үнхэлцэг хальсны урагдал, өвчүү хугарал, дотуур цус алдалт, элэгний холбоосны урагдал, бөөрний гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Ц.Оюун нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 3.Ц.Оюун нь 3-р бүлгийн цустай байна." гэх /хх 36-37/,

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт: "1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тоёота Приус 11 маркийн 3122 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баттогтохын  М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2.Жолооч  М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэснийг мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв. 3.Зам тээврийн осол гарах үед цасаар шуурч, зам мөстөж халтиргаа үүссэн нь осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэв. 4.Жолооч Б. Мын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэв. 5.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй." гэх /хх 39/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 18/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 19 /, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 10-14/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б. М нь өөрийн эзэмшлийн 3122 УБП улсын дугаартай Тоёота приус-11 /Toyota prius-11/ маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн эх Ц.Оюун, эцэг С.Баттогтохын  хамт 2019 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр Бамбарууш зоогийн газрын урд талд онхолдож иргэн С.Баттогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, иргэн Ц.Оюуны амь нас хохирсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б. М нь өөрийн эзэмшлийн 3122 УБП улсын дугаартай Тоёота приус-11 /Toyota prius-11/ маркийн тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4/Б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэснийг мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Баттогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, иргэн Ц.Оюуны амь нас хохироосон болох нь: 

Шүүгдэгч Б. Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2019 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өөрийнхөө эзэмшлийн 3122 УБП улсын дугаартай Приус11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажуудаа ээж Оюуныг, арын суудалд аав Баттогтохыг суулгаад 12 цагийн орчимд гарсан. Ингээд замд явж байхад цас орж шуурга шуураад зам дээр мөс тогтож зам их хальтаргаатай болсон байсан учир би их зөөлхөн явж  байсан. Ингээд орой 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутаг орж ирээд даваа уруудаад явж байхад урд явж байсан машин замын баруун тал руу аваараа татаад зам чөлөөлөөд зогсохоор нь би уг машиныг гүйцэж түрүүлээд гартал миний урд Портер маркийн машин тоормосоо гишгээд зам дээр шарваад хөндөлдөөд байсан. Тэгээд би тоормос гишгэхэд машин гулгаад зогсохгүй портерийн араас мөргөх гээд байхаар нь би рүлээ зүүн гар тал руугаа дархад машин шарваад бөгсөө хаяад хөндлөн гулсаад замын зүүн тал руу унасан. Машин 2 эргээд унах шиг болсон. Машин миний талаар хажуу талаараа унасан. Ингээд ослын дараа машины урд талын шилээ өшиглөж гарч ирэх үед ээж маань машины гадна талд дарагдаад нас барчихсан байсан." гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баттогтохын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2019 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Дархан-Уул аймгаас өөрийн төрсөн хүү болох  Мын машинд эхнэр Оюуны хамт Улаанбаатар хот руу зорчиж явсан. Бид өдөр 12 цагийн орчим гараад явсаар байгаад орой 18 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутагт орж ирээд давааны уруу явж байгаад машин шарваад замын хажуу тал руу унасан. Биднийг ирж явах замд цас ороод байсан учир бид зөөлөн явж байсан. Дарханаас гараад 5 цаг орчим явж байсан. Би яг осол болох үед арын суудалд сууж явсан учир зүүрмэглэж явсан юм. Машин шарваад замын хажуу руу унах үед сэрсэн. Би суудлын бүсээ зүүгээгүй байсан, хүү маань жолоо барьж явсан суудлын бүсээ зүүсэн байсан. Ослын улмаас миний биед тархи хагарч толгойд 6 оёдол тавиулсан өөр гэмтэл байхгүй. Их зөөлөн явж байсан зам мөстөөд гөлөөнтэй 30-35 километр цагийн хурдтай явж байсан." гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6145 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2 Шинжилгээнд ирүүлсэн “Баттогтохын  М 37 настай, эрэгтэй” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй." гэх /хх 29/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 770 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Баттогтохын биед духанд шарх, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх /хх 34/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Ц.Оюуны биед хоёр талын олон хавирганы хугарал, үнхэлцэг хальсны урагдал, өвчүү хугарал, дотуур цус алдалт, элэгний холбоосны урагдал, бөөрний гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Ц.Оюун нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 3.Ц.Оюун нь 3-р бүлгийн цустай байна." гэх /хх 36-37/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт: "1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Тоёота Приус 11 маркийн 3122 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баттогтохын  М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2.Жолооч  М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” гэснийг мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв. 3.Зам тээврийн осол гарах үед цасаар шуурч, зам мөстөж халтиргаа үүссэн нь осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэв. 4.Жолооч Б. Мын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэв. 5.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй." гэх /хх 39/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-17/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 18/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 19 /, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 10-14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б. Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч талаас маргаагүй болохыг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б. Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,

Шүүгдэгчийн зүгээс ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх санал, дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б. М нь ам бүл 2, эцгийн хамт амьдардаг /хх 56/, урьд ял шийтгэгдэж байгаагүй /хх 64/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгч Б. Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б. М дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэж заасан байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б. Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.

 

Эрүүгийн 1934009900009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн №1008455 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Б Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б. Мын тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Мын үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б. Мын №1008455 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.Эрүүгийн 1934009900009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ