Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0259

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сб” ХХК,

Хариуцагч:     Нзд, НГзба

Нэхэмжлэлийн шаардлага: “Нздын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Сб” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Нздын 2010 оны 5 сарын 18-ны өдрийн 333 дугаар захирамжаар БГД-ийн 12 дугаар хороо, 28-р сургуулийн баруун урд хэсэгт спорт цогцолборын барилгын зориулалттай 0,24 га газрыг эзэмшиж 0229309 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл Нздын 2020 оны 7 сарын 08-ны өдрийн А/955 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарч уг захирамжид Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Барилга хот төлөвлөлтийн газар болон  Ситибоулинг ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалж ашиглаагүй. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул 0229309 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь уг газрын доор бохир усны шугам, дулааны шугам, цахилгааны шугам, холбооны шугам гэх зэрэг маш олон шугамууд байсан бөгөөд тэдгээрийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч нэг бүрчлэн зөөх шаардлага үүсч байна. Мөн газар дээр хогтой зөвшөөрөлгүй кантинер байрлуулсан. Хоёрдогч түүхий эд авах цех байсан бөгөөд түүнийг нүүлгэн шилжүүлж эздийг олох хүндрэлтэй ажил эхэлсэн.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 1/198 тоот шинээр барилгын ажил эхлүүлэхгүй тухай албан бичиг ирж барилгын ажил эхлүүлэх ямар ч нөхцөл байдал үүсээгүй. Нэхэмжлэгч компани нь 2010 онд газрын дуудлага худалдааны анхны үнэ 20,360,000 2010-2015 оны газрын нийт төлбөрт 5,280,000 төгрөгийг цаг хугацаанд нь төлж байсан. Энэ тухай Улаанбаатар хотын банкны 2020 оны 3 сарын 18-ны өдрийн Б/1283 дугаартай тодорхойлолт болон НГзбаны 2020 оны 3 сарын 26-ны өдрийн 0109/1346 дугаартай албан бичгээр нотлогдох бөгөөд нэхэмжлэгч компани нь газар эзэмших гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2013 оны 6 сарын 27-ны өдрийн 123 тоот, 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128 тоот, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 144 тоот, 2015 оны 8 сарын 11-ний өдрийн 145 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 24-ны 149 тоот, 2014 оны 12 сарын 01-ний өдрийн 150 тоот, 2015 оны 01 сарын 06-ны өдрийн 152 тоот барилгын ажил болон газар доорх байгууламжийг зөөх талаарх албан бичгийг удаа дараа гаргаж байсан боловч Өмчийн харилцааны газрын 2015 оны 6 сарын 12-ны өдрийн 5/3715 дугаартай газрын тухай гэх хариу албан бичигт Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр танай газар эзэмших хугацааг сунгахгүй бүрэн үндэслэлтэй болно. Иймд танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд газар эзэмших эрх үүгээр дуусгавар болсныг мэдэгдэж байсан гэсэн үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д зааснаар эс үйлдэхүй гэж үзэж байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2/2769 тоот хариу өгөх тухай албан бичигт спорт цогцолбор барилга барих тухай хүсэлтийг дэмжсэн боловч тус байршилд Улаанбаатар хотын уулын үерийн ус далан суутгах контейнер байгаа тул тус байршилд Хот байгуулалтын тухай хуулийн 23.1.6-д газар дээрх болон доорх бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж барихыг хориглох тул барилга барих боломжгүй гэж хариу өгч байсан. Уг зурваст орсон газрыг олгох шийдвэр гаргасан Нздын шийдвэрээс болоод нэхэмжлэгч компани хохирох болсон. Газрын тухай хуулийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж заасан. Ингээд улмаар хүсэлтийг удаа дараа гаргасан боловч сунгаж өгөөгүй. Борооны ус зайлуулах тухай хариу өгдөг. 2020 онд Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Геодези усны барилга байгууламжийн газартай зөвшилцөж компанийн хөрөнгөөр усны байгууламжийг орчин үеийн шинэчилсэн технологиор хийж гүйцэтгээд нийт 495,832,128 төгрөгийн төсөв гаргуулж эрх бүхий байгууллагаар батлуулна тухайн ажлыг гүйцэтгэж байна. Одоогоор холбооны шугамуудыг бүрэн зөөж шилжүүлсэн байна. Энэ нь Геодези усны байгууламжийн газрын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 01/49 дугаартай албан бичгээр тодорхойлж байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болгож одоо хийгдэж байгаа усны байгууламжийг шинэчлэх ажлын зардлыг гаргуулах шаардлагатай. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр уг газрыг зориулалтын дагуу цаг хугацаанд ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жилийн хугацаатайгаар газрыг эзэмшихээр заасан. Нздын захирамж нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байна. Иргэн хуулийн этгээд нь бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд аливаа ажил эхлүүлэх боломж үүсээгүй юм. Нздын 2020 оны 7 сарын 08-ны өдрийн А/955 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Өмчийн харилцааны газрын 2015 оны 6 сарын 12-ны өдрийн 5/3715 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож НГзбаны “Сб” ХХК-ийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

... нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч компани руу манайхаас хэд хэдэн мэдэгдэл явуулсан байгаа. Түүний дотор Газрын тухай хуулийн 27.2 дахь заалтыг зөрчсөн байна гэсэн. Агуулга юу вэ? гэхээр Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрыг эзэмшүүлэх эрх нь олгогдсон байдаг. Гэтэл Сб ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Газар эзэмших биш, ашиглах асуудлаар зөвшөөрөл гарах ёстой байдаг.

Тухайн газар нь Хүрээ дээд сургуулийн хажууд байрладаг. Хорооллын чиглэлийн үерийн ус байрлаж байгаа газар юм. Түүн дээр барилга барих боломжгүй байдлаар албан бичиг явуулсан байгаа. Шугамын тухайд бодитой очоод харах юм бол боломжгүй юм. Замын хажуу урд талд том цемент байгаа. Тус цемент шилжих боломжгүй байгаа. Зөвхөн зөөгөөд болдог асуудал биш юм. Дараа дараагийн олон асуудал байгаа. Газрын төлбөрийг төлсөн талаар шүүгээд үзэхэд манай мэдээллийн санд төлж байсан баримт байхгүй байгаа. Магадгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хойшоо төлсөн асуудал гарч ирж байгаа байх. Тухайн үед төлөгдөөгүй байсан болоод захирамж гарах үндэслэл болж байгаа. Барилгын ажил явагдах боломжгүй болсон тул цуцалж байгаа.

Анхнаасаа хууль зөрчиж гарсан захирамжийн асуудал үүсээд байна ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улсын хөрөнгөөр хамгаалалтын зурвас хийгдэх ажил байгаа. Эзэмших эрх дуусгавар болсон асуудал мөн байдаг” гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            “Сб” ХХК-иас анх Нздын хөгжлийн бодлогын нэгдүгээр орлогчид холбогдуулан “Нздын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулан эцсийн байдлаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Нздын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Сб” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах”[1] гэж томъёолсон.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сүүлийн байдлаар тодорхойлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн дээрх шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нздын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Барилга, хот байгуулалтын газар, “Сб” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул 0229309 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ[2].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “газар эзэмших эрх үүссэнээс хойших хугацаанд барилгын зөвшөөрөл олгохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр зогсоосон байсан, газрын төлбөрийг тухай бүрд нь төлж байсан байхад төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүйн дээр 2015 оноос хойш газрын төлбөр төлөөгүй, тухайн газар нь барилгажих боломжгүй, түүнчлэн тухайн газар эзэмших эрх нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгогдсон тул анхнаасаас хууль бус байсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрөв.

 

5356687 регистрийн дугаартай хуулийн этгээд нь анх 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Сб” нэртэй, гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хэлбэрээр анх байгуулагдсан болох нь тус хуулийн этгээдийн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Сб” ХХК-ийн шинэчилсэн дүрэм авагдсан байна[3].

Тус хуулийн этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Монгол Улсын иргэний 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болж өөрчлөгдсөн болон 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оноосон нэрээ “Сб” болгон өөрчилсөн нь болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдов[4].

Нздын 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60х100 хэмжээтэй газрыг үйл ажиллагаа явуулах зорилгоор “Сб” компанид олгосон байх боловч газар ашиглуулах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй байна[5].

Хэргийн оролцогчдоос энэхүү захирамж нь хүчин төгөлдөр эсэхийг мэдэхгүй хэмээн тайлбарласан.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжаар олгогдсон газар ашиглах эрх зөрчигдсөн тухайд бус харин сүүлд буюу Нздын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар захирамжийн 3 дахь заалтаар олгогдсон “Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар/хуучин нэршилээр/ болон “Сб” ХХК-д спорт цогцолборын зориулалтаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургуулийн баруун талд байршуулан 0,24га газрыг эзэмшүүлэхээр олгосон[6] эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан тул “Сб/хуучин нэр/” ХХК-ийн газар ашиглах эрх зөрчигдсөн тухайд шүүхээс дүгнэлт хийхгүй.

Харин Нзд нь 2010 оны 333 дугаар захирамжаар гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани болон “Сб” ХХК-д газар эзэмших эрх олгож, 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг”-ийг газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж заасанд нийцээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар/хуучин нэрээр/ хамтран эзэмшиж байгаа мэтээр бичигдсэн байх боловч 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд тус газрын эрх бүхий албан тушаалтнаас гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй, мөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар/тухайн үеийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар/-ын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08/766 тоот албан бичгээр “Тус газар нь “Сб” ХХК-тай хамтран газар эзэмшдэггүй бөгөөд эд хөрөнгийн аливаа харилцаагүй”[7] гэж мэдэгдэж байгаагаас үзвэл тус төрийн байгууллага нь газар эзэмших хүсэл зориг байгаагүй гэж үзэхээр байхад хариуцагч нь газар эзэмших эрх олгосон гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн газар эзэмших эрх нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид анхнаасаас хууль бусаар олгогдсон байсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т  “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрх олгох”-оор заасан байхад хариуцагч нь гадаадын хөрөнгө оруулалттай “Сб” ХХК-д газар эзэмших эрх олгосон анхнаасаа хууль бус байсан байх тул маргаан бүхий А/955 дугаар захирамжаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон “Сб” ХХК-д газар эзэмших эрх олгогдсоны дараа нийслэлийн Газрын албаны 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэхээр “ТСШҮ/Төсөл сонгон шалгаруулалтын үнэлгээ/ 2400мкв” гэсэн агуулгаар 63,360,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад “Сб/одоогийн Сб/” ХХК нь 20,360,000 төгрөгийг төлсөн талаарх баримт газар баталгаажилтын хувийн хэрэгт авагджээ[8].

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмших эрхийг сунгасан тохиолдолд мөнгийг гүйцээж төлөх боломжтой” гэж тайлбарлав.

Энэ тохиолдолд маргаан бүхий актыг “газрын төлбөрөө  хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр гаргасныг буруутгах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч талын “газрын төлбөрийг тухай бүрд нь төлж байсан байхад төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Харин маргаан бүхий актын өөр нэг үндэслэл болох “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулбал,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/198 тоот албан бичгээр “...газар олголтын асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа тул энэ хугацаанд ... бусад барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байхыг мэдэгдсэн” нийслэлийн Газрын албанд мэдэгдсэн байна[9].

Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын доор байрлаж байсан бохир усны өолоод бусад шугам сүлжээг шилжүүлсэн гэж тайлбарлаж фото зургуудыг ирүүлсэн ба тухайн газарт байрлах үерийн усны тунгаагуурын байгууламжийн шинэчлэлтийн ажлын зургийг боловсруулж, эрх бүхий этгээдтэй зөвшилцсөн болох нь тогтоогдож[10] байх тл тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарсан гэж үзэхгүй.

Гэвч нэхэмжлэгч “Сб” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нздын 2010 оны 333 дугаар захирамж нь газар эзэмших эрхгүй этгээдэд хууль тогтоомж зөрчиж газар эзэмших эрх олгосон хууль бус шийдвэр байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй байх хугацаандаа газрын төлбөрөө бүрэн төлөөгүй мөн анх олгогдсон газар эзэмших эрхийн хугацаа 2015 онд дуусгавар болсон байх тул маргаан бүхий А/955 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг тус тус хэрэгжүүлж гарсан хууль ёсны шийдвэр байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/3715 албан бичгээр “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 08/1342 дугаар албан бичгээр “Ерөнхий төлөвлөгөөний газар ашиглалтын бүсчлэлээр олон нийтийн ажил хэргийн бүсэд багтсан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, үерийн усны тунгаагуур, түүний аман дээр байрласан тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй” санал ирүүлсэн тул ... газар эзэмших эрх үүгээр дуусгавар болсныг мэдэгдэж байна” гэж мэдэгджээ[11].

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхтэй боловч нэхэмжлэгч “Сб” ХХК-д олгогдсон байсан газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу олгогдоогүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул хууль зөрчиж олгогдсон газар эзэмших эрхийг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй, улмаар хууль зөрчиж олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс “үерийн усны тунгаагуурын шинэчлэлтийн ажлын зургийг зөвшилцсөн, эрх бүхий этгээдүүд зөвшөөрч гарын үсэг зурсан, түүнчлэн одоо тус компани нь Монгол Улсын хуулийн этгээд болсон” хэмээн тайлбарлан маргах боловч эдгээр нь маргаан бүхий актууд гарснаас хойших цаг хугацаанд бий болсон үйл баримтууд байх шинээр газар эзэмших эрх хүсэх үндэслэл болж болохоос хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэрүүдийг үгүйсгэх үндэслэл биш юм.

Иймд нэхэмжлэгч “Сб” ХХК-иас Нзд, НГзбанд холбогдуулан гаргасан “Нздын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Сб” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “Сб” ХХК-иас Нзд, НГзбанд холбогдуулан гаргасан “Нздын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Сб” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 116-118 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дахь талд

[4] 2 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь талд

[7] 2 дугаар хавтаст хэргийн 31 дэх талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх талд

[10] 2 дугаар хавтаст хэргийн 108 дахь талд

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь талд