Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

2022         09             01                                   2022/ШЦТ/296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э

улсын яллагч Г.Э

шүүгдэгч Д.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М-т холбогдох эрүүгийн 2225000000454 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Д.М

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22 дугаар байрны урд талын зам дээр Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ “...тухайн өдөр дэлгүүр орох гэж явтал хоёр хүн маргаад байхаар нь иргэний хувьд шаардлага тавихад уурлаад байсан. Цагдаад дуудлага өгөх гэтэл зугтаагаад явчихсан, 4.22 дугаар байрны гадаа алхаж явтал намайг зодсон залуу ирэхээр нь биеэ хамгаалаад эргэж хараад цохих үйлдэл хийсэн.” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Б-гийн “...2022 оны 7 дугаар сарын 24-ний орой найз Тэмүүлэн, зүс таних дүү Мөнх-Од, Мөнх-Одын найз охин бид дөрөв Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23 дугаар байрны урд байрлах саравч руу очсон. ...гэртээ харихаар 4-22 дугаар байрны урд талын зам дагуу гүйгээд явж байтал нүдний буланд зүүн талаар хүн гарч ирэх шиг болж араас эрэгтэй хүн “хөөе андаа” гэж дуудахаар нь хагас эргээд хартал миний зүүн нүдний хэсэгт маш хатуу зүйлээр нэг удаа цохиж авсан, энэ үед би манарч газар унасан. Сэргээд хартал 4-22 дугаар байрны урд машин зам дээр хэвтэж байсан, харин Тэмүүлэн бид хоёрыг саравчинд байхад хөөгөөд байсан эрэгтэй миний баруун чихнээс мушгиад “би та нарын бүгдийн чинь ясыг цайлгана, хууль надад яаж үйлчлэхийг мэдрүүлнэ” гэж хашхирч хэлсэн, газар хэвтэж байхдаа тэр согтуу ахад “та хүн андуурч байгаа юм биш үү, та миний нүд рүү юугаар цохисон юм бэ” гэж асуугаад баруун гараас нь татаад газраас босож иртэл согтуу эрэгтэй ах миний баруун гарыг хойно өчсөн. Тэр үед миний нүүр юу ч мэдрэхгүй, харин хажууд болж байгаа зүйлийг сонсож байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,

 “...Манлайбаяр надад эмчилгээнд 500.000 төгрөг өгсөн, эмчилгээнд нийт 1.200.000 төгрөг шаардлагатай, үлдэгдэл 700.000 төгрөгийг гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

гэрч Т.Т-н “...шөнө 00 цаг 10 минутын орчим саравчны дэргэд 30-40 орчим настай, “Adidas” брэндийн хар өнгийн биеийн тамирын цамц өмссөн, богино халимаг үстэй хардуу царайтай намхан эрэгтэй хүн хүрч ирээд “битгий шөнө орой болсон цагт орилж хашхираад бай, яв” гэж хэлэхээр нь бид хоёр сандал дээрээс босож явахдаа би тэр эрэгтэйд “саравчнаас хөөлөө” гэж хэлтэл тухайн эрэгтэй “юу гээд байгаа юм бэ” гээд Батнасан бид хоёрын дэргэд хүрч ирсэн, энэ үед тэр эрэгтэйгээс архи үнэртэж байсан. ...согтуу эрэгтэй Батнасангийн гадуур хувцасны захнаас нь барьж авсан, би тэр эрэгтэйн гарыг Батнасангийн гадуур хувцасны захнаас тавиулаад Батнасанд “зодоон хийж байхаар гэр рүүгээ яв, зугт” гэж хэлээд хойшоо гүйсэн, Батнасан урагшаа салаад гүйсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Д.М-ын яллагдагчаар өгсөн “...эргээд хартал саравчинд миний хамрыг хогийн сав руу мөргүүлсэн хар өнгийн савхи өмссөн эрэгтэй гүйж явсан. Тэр эрэгтэй над руу чиглээд гүйж байхдаа юм хэлээгүй, ойртоод ирэхээр нь би зүүн гараараа зүүн нүд рүү нь чиглүүлээд нүүрэн тус газарт нь цохисон, тэгтэл хар өнгийн савхитай эрэгтэй доошоо тонгойгоод “хөөе намайг яаж байгаа юм бэ” гэж орилохоор нь баруун гараараа тэр эрэгтэйн зүүн чихнээс барьж доош дарж зүүн гарыг нь нурууных нь ард гаргаж ирсэн, ...Би Батнасангийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

шинжээч эмч Ч.Б-н “...Батнасангийн биед учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зүүн нүдний нулимсны дээд сувганцарын тасрал, зүүн талын эргэн тойрон, хацар, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал нь нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 604 дугаартай; “...1.Б.Бгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний нулимсны дээд сувганцарын тасрал, зүүн талын нүдний эргэн тойрон, хацар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний нулимсны дээд сувганцарын тасрал, зүүн талын нүдний эргэн тойрон, хацар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. 5.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын нүдний эргэн тойрон, хацар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн нүдний нулимсны дээд сувганцарын тасрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

иргэн Б.Б-гийн гаргасан “...2022 оны 7 дугаар сарын 25-ны шөнө...үл таних эрэгтэйд зодуулсан.” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Д.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/,

хохирогч Б.Б-д яллагдагч нь 500.000 төгрөг хүлээлгэж өгсөн баримт /хавтаст хэргийн 66 дахь тал/,

яллагдагч Д.М-ын “...2022 оны 8 дугаар сарын 24-нд Батнасанд эмчилгээний зардал болох 500.000 төгрөг бэлнээр өгсөн, нийт 1.200.000 төгрөг өгөхөөр тохирсон ба 10 сард 400.000 төгрөг, 12 сард үлдсэн 300.000 төгрөгийг өгөхөөр болсон. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 73 дахь тал/,

хохирогч Б.Бгийн “...би 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Манлайбаяраас эмчилгээнд 500.000 төгрөг авсан. Миний эмчилгээнд нийт 1.200.000 төгрөг өгөхөөр тохиролцсон ба энэ оны 10 сард 400.000 төгрөг, 12 сард 300.000 төгрөг нэмж өгөхөөр болсон, надад Манлайбаяртай холбоотой гаргах гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би шүүх хуралд оролцох шаардлагагүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдаан үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.М-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч Д.М-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.М нь 2022 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22 дугаар байрны урд талын зам дээр Б.Б-г зодож, түүнд хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний нулимсны дээд сувганцарын тасрал, зүүн талын нүдний эргэн тойрон, хацар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Б-гийн “...гэртээ харихаар 4-22 дугаар байрны урд талын зам дагуу гүйгээд явж байтал нүдний буланд зүүн талаар хүн гарч ирэх шиг болж араас эрэгтэй хүн “хөөе андаа” гэж дуудахаар нь хагас эргээд хартал миний зүүн нүдний хэсэгт маш хатуу зүйлээр нэг удаа цохиж авсан.” гэх,

Д.М-ын яллагдагчаар өгсөн “...би зүүн гараараа зүүн нүд рүү нь чиглүүлээд нүүрэн тус газарт нь цохисон, тэгтэл хар өнгийн савхитай эрэгтэй доошоо тонгойгоод “хөөе намайг яаж байгаа юм бэ” гэж орилохоор нь баруун гараараа тэр эрэгтэйн зүүн чихнээс барьж доош дарж зүүн гарыг нурууных нь ард гаргаж ирсэн, ...Би Батнасангийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 604 дугаартай; “...1.Б.Бгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний нулимсны дээд сувганцарын тасрал, зүүн талын нүдний эргэн тойрон, хацар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Б.Б-гийн гаргасан “...2022 оны 7 дугаар сарын 25-ны шөнө...үл таних эрэгтэйд зодуулсан.” гэсэн мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Д.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан болно.

         Шүүх шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний нулимсны дээд сувганцарын тасрал, зүүн талын нүдний эргэн тойрон, хацар, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 604 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

         Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй,

         харин шүүгдэгч нь хохирогчид 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан, шүүгдэгч нь 2022 оны 10 сард 400.000 төгрөг, 12 сард 300.000 төгрөгийг төлж, нийт 1.200.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч Б.Б хүлээн зөвшөөрч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтээ хэрэгт хавсаргуулсан байна.

Хохирогч Б.Б нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтлүүдийг эмчлүүлж, мэс засал эмчилгээ хийлгэхийг үгүйсгэхгүй бөгөөд шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.М нь шаардлагатай эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийг энэ гэмт хэргийн улмаас үүссэн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. 

Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М- т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Б-д 500.000 төгрөг нөхөн төлсөн, 2022 оны 10 дугаар сард 400.000 төгрөг, 12 дугаар сард 300.000 төгрөг төлөхөө илэрхийлснийг дурьдаж,

          хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ