| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0059/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/56 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/56
2020 02 07 2020/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,
Шүүгдэгч Х Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Х Тд холбогдох эрүүгийн 1934009840048 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Х Т, 1973 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 49-734б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х Т нь 2019 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Төв аймгийн бүрэн сумын төвд хохирогч О.Бямбадоржийн өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг эс плас-9 загварын гар утсыг завшсаны улмаас 708 050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х Ты өгсөн: Би хувиараа том шалаанз машинаар ачаа бараа тээвэрлэдэг. Би том машины жолооч ажилтай. 2019 оны 10 дугаар сарын эхээр яг өдрөө санахгүй байна. Төв аймгийн Бүрэн сум руу барилгын блок тээвэрлээд Бүрэн суманд буулгасан. Блок буулгаж байх үед өөрөөр хэлбэл хэрэг болох үед Бямбадорж бид хоёр өөд өөдөөсөө хараад сандал дээр сууж байсан. Би боржуур билүү цементэн хундам дээр сууж байсан. Тэгээд Бямбадорж сандал дээрээс босоод явахдаа гар утсаа якныхаа халааснаас газар сууж байсан сандалныхаа хажууд унгасан байсан. Тэгээд би утсыг нь аваад унтраагаад машиныхаа кабинд нуучихсан юм. Цагдаа ирж шалгаад явсны дараа блок буулгаад дуусмагц Улаанбаатар хот руу машинаа унаад явсан. Ганцаараа явсан, замдаа гар утасны бүх мэдээллийг бүгдийг нь устгаад гар утасны гэрийг нь хээр хаячихсан. Би тэрнийг сайн анзаараагүй банкны карт харагдсан. Би тухайн гар утсыг Форматлаад охиндоо олсон гэж хэлээд өгсөн. Би бусдын гээгдсэн эд зүйлийг өөрийнх биш гэдгийг мэдсээр байж завшсан нь миний буруу. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч О.Бямбадоржийн өгсөн: Би Төв аймгийн Бүрэн сумын төвд сургуулийн шинэ барилгыг хариуцан барьж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр жолоочТыг хөлслөөд Улаанбаатар хотоос 1000 ширхэг блок ачуулж тээвэрлүүлэн Бүрэн суманд буулгасан. Тэгээд би өөрийн “Самсунг S-9 плас” маркийн гар утсаа цэнэглэж дуусаад нормын хувцасны баруун талынхаа халаасанд хийсэн. Би баруун гараараа баруун чихэндээ барьж утсаар ярьдаг. Тэр халааснаас гар утас унах ямар ч боломжгүй гүнзгий мөн амсар хэсэгтээ таглах хамгаалалттай халаас байсан. БиТы хажууд утсаар яриад гар утсаа халаас руугаа хийсэн. Тэгээд 5 орчим минутын дараа миний гар утас халааснаас алга болсон байсан. ХажуудТ л байсан яг миний баруун талд сандал дээр зэрэгцээд сууж байсан. Бусад гурван ажилчин болох Чухал, Лхагва-Очир, Тулгаа нар блокоо машинаас буулгаад нэг нь машин дээрээс авч өгөөд байж байсан. Тэр гурав бол надад болон сандал руу ойртоогүй. Миний утсыг авах ямар ч боломжгүй байсан. Тэгээд гар утсаа халаасандаа хийчхээд сандал дээрээсээ босоогүй. ТэгтэлТ жижиг ачаанууд кабинд байгаа гээд машиныхаа кабин руу очихоор босоод явсан. Тэгээд кабинаасаа ууттай зүйл надад авчирч өгсөн. Тэгээд 5 минутын дараа мөнгө орох ёстой байсан түүнийгээ орсон эсэхийг шалгахаар куртикнээсээ гар утсаа үзэхэд байгаагүй. Тэгээд бусад бүх халаасаа ухаж шалгасан гар утас байгаагүй. Тэгээд нөгөө утсаараа залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд тухайн үедээ гар утсаа хайгаад цагдаа дуудаад хамт байсан хүмүүсийг нэгжээд олоогүй.Т болохоор надад миний гар утсыг олсон гээд байгаа хэрэв би хаясан бол миний гар утас 5-хан минутын дотор холбогдох боломжгүй болохгүй. Маргааш ньТ над руу миний өөр дугаар луу утсаар яриад “гар утсаа олсон уу, Тулгаа л авсандаа өөр авах хүн байхгүй дээ тээврийн хөлснийхөө үлдэгдлийг авах гэсэн юм.” гэж ярьж байсан.Т над руу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мессеж бичээд уулзах хэрэг байна гээд гуйгаад байсан бөгөөд би зөвшөөрөөгүй уулзаагүй. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Мөн гар утасны гэр болон хамт байсан банкны картны хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх 22-23, 25-26, 28/,
Гэрч Б.Оюунтуяагын өгсөн: Манай аав Х Т том машины жолооч. Хөдөө орон нутгаар бараа тээвэрлэж явдаг. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажлаа тараад гэртээ иртэл манай аавТ гэртээ ирчихсэн байсан. Тэгээд надад Самсунг маркийн гар утас хөдөө ажлаар явж байгаад олсон гээд өгсөн. Тэгээд би өөрийнхөө сим картыг хийгээд ашигласан. Хөдөө ажлаар явж байгаад оллоо л гэсэн би лавшруулж асуугаагүй. Гадна талдаа ямар ч гэргүй утас байсан. Гар утас түгжээгүй нээлттэй байсан доторх мэдээлэл нь байхгүй хоосон байсан. Зураг бичлэг, мессеж зэрэг ямар нэгэн файл байгаагүй. Би уг утсанд өөрийнхөө барьдаг 99744002 гэсэн дугаартай сим карт хийсэн гэх мэдүүлэг / хх 31-32 /,
Гэрч Ш.Эрдэнэбаярын өгсөн: О.Бямбадорж гэх хүнийг танина. 2004 оноос 2005 оны хооронд хамт Аминхүү констракшн ХХК-тай хамтран ажиллаж байгаад 2005 оноос хойш одоог хүртэл О.Бямбадоржтой хамтран ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утас алга болох үед би барилгын талбай блокон дээр ажлаа хийж байсан. Захирал О.Бямбадорж өөрөө том машины жолоочийн хажууд утсаар яриж байсан. Тэгээд захирал О.Бямбадорж овоолсон шорооны тэнд очиж зогсоод байх шиг байсан. Тэгээд би өөрийнхөө ажлаа хийгээд захирал хаашаа явсныг мэдээгүй. Удалгүй захирал буцаж над дээр ирээд утсаа авъя гээд байсан. Би мэдэхгүй гэж хэлсэн чинь чи авсан гээд л байсан. Бямбадорж гэх хүн өөрийн биеэр ирж надтай уулзаж гар утсаа алдчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх 36-37/,
Гэрч Л.Чухалын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагт ирээд барилгын талбай дээр блок буулгах үед О.Бясбадорж гэх үл таних хүн Тулга гэдэг залуутай утас авсан гаргаад өг гээд хоорондоо маргалдаад байсан. Намайг блок буулгаж байхад утсаар ярьж байсан бөгөөд би утсыг нь харж байгаагүй. Очир, том машины жолооч, Тулга гээд хүмүүс байсан. Бямбадорж гэх хүн S9 маркийн утас барьж байхыг хараагүй би сайн мэдэхгүй. Ирээд буцаад яваад байдаг гэх мэдүүлэг /хх 36-37/,
“Эй жэй жэй эм” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн №07/407 дугаартай үнэлгээний тайланд: О.Бямбадоржийн өмчлөлийн Samsung S9 Plus маркийн гар утасны зах зээлийн бодит үнэ цэнэ үнэлгээний өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 23-ний байдлаар 708 050 /долоон зуун найман мянга тавь/ төгрөг болно.” гэжээ /хх 39-45/,
“Эй жэй жэй эм” ХХК-ны 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн №07/17 дугаартай үнэлгээний тайланд: О.Бямбадоржийн өмчлөлийн Samsung S9 Plus маркийн гар утасны кэйсийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар 14 900 /арван дөрвөн мянга есөн зуу/ төгрөг болно.” гэжээ /хх 46-60/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 74-75/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73/, шүүгдэгч, хохирогч нар эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 81-82/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 87/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Х Т нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр, бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 708 050 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х Т нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн бүрэн сумын төвд хохирогч О.Бямбадоржийн өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болох /Самсунг эс плас-9/ маркийн 722 950 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хууль бусаар авсан болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч О.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг / хх 22-23, 25-26, 28/,
гэрч Б.Оюунтуяа / хх 31-32 /, Ш.Эрдэнэбаяр /хх 36-37/, Л.Чухал /хх 36-37/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,
“Эй жэй жэй эм” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн №07/407 дугаартай үнэлгээний тайланд: О.Бямбадоржийн өмчлөлийн Samsung S9 Plus маркийн гар утасны зах зээлийн бодит үнэ цэнэ үнэлгээний өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 23-ний байдлаар 708 050 /долоон зуун найман мянга тавь/ төгрөг болно.” гэжээ /хх 39-45/,
“Эй жэй жэй эм” ХХК-ны 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн №07/17 дугаартай үнэлгээний тайланд: О.Бямбадоржийн өмчлөлийн Samsung S9 Plus маркийн гар утасны кэйсийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар 14 900 /арван дөрвөн мянга есөн зуу/ төгрөг болно.” гэжээ /хх 46-60/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 74-75/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Х Тыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч О.Бямбадорж "Иргэн Х Таас цагдаагийн байгууллагаар дамжуулан гар утсаа авч хохирлоо барагдуулсан болно. Цаашид надад Х Таас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Иргэн Х Ттай сайн дурын үндсэн дээр эвлэрч баталгаа гаргаж байна. Иймд Х Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх 82/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х Т, хохирогч О.Бямбадорж нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Х Тд оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Х Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Х Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934009840048 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Х Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 722 950 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х Тд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934009840048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ