Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0275/Э |
Дугаар | 2022/ШЦТ/303 |
Огноо | 2022-09-07 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/303
2022 09 07 2022/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ба-д холбогдох эрүүгийн 2225000000451 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Д.Б
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн орчим таксины жолооч Н.М-ыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, 250.000 төгрөгийн үнэтэй “Samsung Galaxy J-6” загварын гар утсыг нь шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Н.М-ы “...2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед Дэнж баг руу ганцаараа машинтайгаа өгсөөд явж байхад Дэнжийн 3 байрны урд хоёр эмэгтэй хүн гар өргөөд зогсож байсан, би зогсоод хаана хүрэхийг нь асуутал “Зээл хүргүүлье” гэсэн, тэр хоёрыг суулгаад Зээл рүү явтал аюулгүйн тойргийн 4 замын уулзвар дээр баруун эргээд Спорт ордны урд зогсоосон. ...Нэг нь намайг “гар утсаа өгөөч, би утсаар ярих хэрэгтэй байна.” гэсэн, би гар утсаа гаргаж өгтөл машинаас буугаад зугтаасан, тэр хоёр хоёулаа зугтаасан. Би араас нь хайгаад олоогүй, харин хөл муутай эмэгтэй нь захиргааны байрны хажуу талд алхаж явахаар нь очоод уулзтал “хамт явж байсан эмэгтэй таксинд суугаад явчихсан, Жагаа гэж дууддаг гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
“...Би алдагдсан гар утсаа эргүүлж авсан, надад гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Д.Б-н сэжигтнээр өгсөн “...тухайн үед Дэнжид найзтайгаа нэг айлд очоод пиво уугаад манай найз Мягмардулам нь агсан тавиад байхаар нь би нэг бие муутай эмэгтэйг аваад гэрээс нь гарсан. Зээл хүргүүлэх гэж явж байгаад замдаа шагаас пиво авах гээд зогсож байх хооронд би таксины жолоочийн гар утсаар “нэг яриадахъя” гэж хэлээд гуйсан, таксины эгч надад гар утсаа өгсөн, би утсаар нь хүнтэй ярьж байгаад тэр чигтээ утсыг нь аваад таксинд суугаад явчихсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
хохирогч Н.М-ы “...2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 03.21 цагийн үед миний гар утсыг үл таних эмэгтэй авч зугтаасан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
“Samsung Galaxy J-6” загварын гар утсыг Д.Батжаргалаас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,
“Samsung Galaxy J-6” загварын гар утсыг хохирогч Н.Мд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
“Samsung Galaxy J-6” загварын гар утсыг 250.000 төгрөг болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Д.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/,
яллагдагч Д.Б-н “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж, хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Д.Батжаргалаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн орчим таксины жолооч Н.М-ыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, 250.000 төгрөгийн үнэтэй “Samsung Galaxy J-6” загварын гар утсыг нь шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Н.М- ы “...2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед Дэнж баг руу ганцаараа машинтайгаа өгсөөд явж байхад Дэнжийн 3 байрны урд хоёр эмэгтэй хүн гар өргөөд зогсож байсан, тэр хоёрыг суулгаад Зээл рүү явтал аюулгүйн тойргийн 4 замын уулзвар дээр баруун эргээд Спорт ордны урд зогсоосон. ...Нэг нь намайг “гар утсаа өгөөч, би утсаар ярих хэрэгтэй байна.” гэсэн, би гар утсаа гаргаж өгтөл машинаас буугаад зугтаасан.” гэх,
Д.Б-н “...би таксины жолоочийн гар утсаар “нэг яриадахъя” гэж хэлээд гуйсан, ...надад гар утсаа өгсөн, би утсаар нь хүнтэй ярьж байгаад тэр чигтээ тухайн хүний утсыг аваад таксинд суугаад явчихсан.” гэх мэдүүлгүүд,
хохирогч Н.Мы “...2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 03.21 цагийн үед миний гар утсыг үл таних эмэгтэй авч зугтаасан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл,
“Samsung Galaxy J-6” загварын гар утсыг Д.Батжаргалаас хураан авч, хохирогч Н.Мд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Батжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх.” санал, дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ ээж болон бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилжээ.
“Samsung Galaxy J-6” загварын гар утсыг Д.Батжаргалаас хураан авч, хохирогч Н.Мд хүлээлгэн өгсөн баримтууд хавтаст хэргийн 9, 11 дэх талуудад авагдсаныг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас шүүгдэгч Д.Б-г чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ