Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/343

 

 

 

 2019           11              21                                           2019/ШЦТ/343

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

  Шүүгдэгч Н.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н-н Э т холбогдох эрүүгийн 1934008370446 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, Б овогт Н-н Э , 1983 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто хөдөө аж ахуйн засварчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-167 тоотод оршин суух, “Өгөөмж архад” ХХК-нд жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:..... регистрийн дугаартай.

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Н.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч Н.Э ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

  Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

  Н.Э ын яллагдагчаар өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүрэг орохоор хүргэлтийн нарийн боов болон торт зэргийг тээвэрлээд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газар туслах замаас Улаанбаатар талаас Улаанбаатар талаас болон Говьсүмбэр аймаг явах чиглэлийн зам руу орохоор Улаанбаатар талаас ирж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөд төв зам руу орох үед Говьсүмбэр аймаг явах чиглэлээс ирж явсан машиныг анзаараагүй зам тавьж өгөлгүй орчихсон. Тэгтэл нөгөө машин миний машиныг мөргөхгүйн тулд замын хажуу руу дарж нисэж 4 дугуйн дээрээ тогтож буусан. Би тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ гаргуулахгүй. Миний жолоодож явсан 6357 УНГ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл бол манай "Өгөөж-Архад" ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэх мэдүүлэг /хх 36, 74-75/,

  Хохирогч А.Б-н өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Улаанбаатар хот орохоор танил Батхуягийн хамт 9025 УНА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Батхуяг жолоодоод би жолоочийн хажууд урд талд зорчиж явсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг гэх газарт явж байтал туслах замаас цагаан өнгийн бүхээгтэй Бонго маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд төв замын машинд зам тавьж өгөхөөр гарч ирж байгаа харагдсан. Тэгээд миний сууж явсан машин хажуугаар нь гарах гэтэл гэнэт нөгөө цагаан машин хөдөлгөөнөө үргэлжлүүлж, миний сууж явсан машинд зам тавьж өгөлгүй туслах замаас орсон, тэгтэл миний сууж явсан машин тухайн цагаан өнгийн зам тавьж өгөөгүй машиныг маргахгүйн тулд замын хажуу руу жолоогоо дарж замын эсрэг далан руу ниссэн. Тэгээд газар буух үед маш хүчтэй доргилт мэдрэгдэж миний нуруу гэмтэж би хөдөлж чадахгүй байсан. ...миний нурууны яс 2 хугарсан гэж байсан хөдөлгөөнд их саад болж байгаа. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 15-16, 22/,

    Иргэний нэхэмжлэгч Г.Батхуягийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Улаанбаатар хот орохоор найз эмэгтэй Буянбатын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 4-р зөрлөг гэх газар явж байтал зүүн гар талаас буюу баруун талын туслах замаас цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэл орж ирж байсан. Тэгээд би тухайн машин зөөлхөн явж байхаар нь надад зам тавьж өгөх гэж байна гэж бодоод чигээрээ явж байтал зам тавьж өгөлгүйгээр тухайн машин үйлдлээ үргэлжлүүлсэн. Би тухайн машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийш жолоогоо дарж замын хажуу руу машинтайгаа харайж буусан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 24/,

    Гэрч Д.Аззаяагийн өгсөн: Би Өгөөж-Архад ХХК-нд борлуулалтын менежер ажилтай. ...Э ын хамт явж байсан. ...Говьсүмбэр аймаг явах талын чиглэлээс нэг хар машин гэнэт гарч ирээд миний сууж явсан машины хажуугаар гараад замын хажуу руу орсон. Тухайн машинд жолоочтой нийлээд хоёр л хүн сууж явсан. Манай машинд жолооч бид хоёроос өөр хүн сууж яваагүй гэх мэдүүлэг /хх 37/,

    Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: 1.А.Б-н биед бүсэлхийн L2 L3 нугаламын хугарал, хий хуралдалт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх /хх 41/,

   Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: Киа бонго маркийн 6357 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн гэх /хх 63/,

          Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7, 10-11/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх 8-9/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, СD бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 12, 13/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 80/ зэрэг бусад бичгийн нотлох баримт болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Э  нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газар Бонго маркийн 6357 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчин гол замаар явсан 9025 УНА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс, зам тээврийн осол гарч, улмаар Тоёота приус-20 маркийн 9025 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу гарсны улмаас зорчигч А.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Б-н өгсөн мэдүүлэг /хх 15/, Төв аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт / хх 63-64/,“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №09/ 356 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх 52-53/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №705 дугаартай дүгнэлт /хх 41/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 04-05/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 08/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-11/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, CD бичлэг, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 06-07/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан." гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

  Иймд шүүгдэгч Н.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э  нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдав.

Хохирогч А.Б "Миний бие хэргийн холбогдогч Н.Э аас хохиролд 1 912 200 төгрөг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул би шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул Н.Э т хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд ирүүлсэн болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.

Шүүгдэгч Н.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э , хохирогч А.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Н.Э т 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх торгуулын ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1934008370446 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдаж ирсэн, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,

36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Б овогт Н-н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Шүүгдэгч Н.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Э т оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 167 000 /нэг зуун жаран долоон мянга / төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

   5.Эрүүгийн 1934008370446 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

   6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

   8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ