Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2232000970084 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1984 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, З******* 19 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1  дүгээр баг, Замчдын 19 тоотод байрлах өөрийн гэртээ  хардалтын улмаас гэр бүлийн харилцан хамаарал  бүхий этгээд болох эхнэр ******* эрх чөлөөнд халдаж нүүр, нуруу хэсэгт тус тус гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би шүүхийн

хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232000970084 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай нөхөр бид хоёр хэсэгтээ буюу 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд тусдаа амьдарч байсан. Учир нь санхүүгийн маргаанаас болж бид хоёр учир зүйгээ ололцож чадахгүй нэг хэсэг тус тусдаа амьдарсан юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр ******* нь гэртээ согтуу байсан ба хоол хийчхээч гэхээр нь шөлтэй хоол хийсэн чинь дандаа шөлтэй хоол хийгээд байх юм гэж уурлаж байгаад унтсан. Оройхон 21 цагийн орчим намайг зурагт үзээд буйдан дээр хэвтэж байхад манай нөхөр сэрээд миний хажуугаар ороод хэвтээч хамт унтъя гэхээр нь яах гээд байгаа юм бэ унтаач гэсэн чинь чи нэг хэсэг тусдаа амьдарч байсан байж яагаад надтай хамт унтахгүй байгаа юм өөр хүнд тэврүүлж өөр хүнтэй унтаж хэвтчихээд надтай унтсангүй гэж хадсанаас болж бид хоёрын хооронд хэсэгхэн маргаан үүссэн. Тэгсэн чинь босож миний хажууд ирээд намайг элдвээр хэлж зүүн бөөр тус газар цохихоор нь чи яасан арчаагүй юм бэ эмэгтэй хүнд гар хүрдэг арчаагүй гөлөг вэ гэсэн чинь дайрч давшлаад нүүрэн тус газар цохихоор нь нүүрээ дараад доошоо тонгойсон чинь нуруу руу нэг удаа цохисон. Тэгээд хэсэг маргалдаж байгаад манай нөхөр гадаад явсан. Энэ хойгуур нь би цагдаад дуудлага өгтөл манай нөхөр гаднаас орж ирээд чи дуудлага өгөөд байгаа юм уу гээд миний утсыг машины түлхүүртэй хамт аваад гарсан. ...2021 оны 07 дугаар сард бид хоёр санхүүгийн маргаанаас болж хэсэг тусдаа амьдарч байгаад өнгөрсөн 4 дүгээр сараас буцаж нийлж амьдарсан. Тусдаа амьдрах хугацаанд намайг зүгээр байгаагүй өөр хүнтэй унтаж хэвтсэн гэж хардсанаас болж бид хоёр хэсэнхэн маргалдсан ба улмаар намайг зодсон. ...Намайг зурагт үзээд буйдан дээр хэвтэж байхад ирээд зүүн бөөр нь тус газар нэг удаа дараа нь зүүн нүдний орчим нэг удаа сүүлд нь нураан тус газар нэг удаа гараараа цохисон. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хашаандаа машиндаа засвар үйлчилгээ хийж байтал гаднаас манай хоёр найз ирээд бид нар нийлээд хоёр шил архи хувааж уусан. Тэгээд нөгөө хоёр найзыгаа явсны дараа гэртээ ороод удаагүй байтал 18 цагийн орчим манай эхнэр ажлаа тараад ирсэн. Тухайн үед би эхнэртэйгээ хэсэн юм ярьж байгаад унтаж амарсан ба оройхон сэрэхэд манай эхнэр зурагт үзээд будан дээр хэвтэж байхаар нь хам унтъя хүрээд ирээ ч гэсэн чинь уурлаад чи наанаа ганцаараа унтахгүй юу гээд байхаар нь чи нэг хэсэн тусдаа амьдарч байхдаа өөр хүнтэй болчихоо юу тэгээд надтай унтахгүй байгаа юм уу гэж хэлснээс болж эхнэр бид хоёр маргалдаж эхэлсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул эхнэрээ хий хардаж уурлан шарандаа зүүн бөөр тус газар цохиж улмаар нүүрэн тус газар нь цохисон. Нүүрээ дараад доошоо тонгойхоор нь ар нуруу руу нэг удаа цохичхоод би гараад явсан. .. Би эхнэртэйгээ хэсэг хугацаанд тусдаа амьдарсан ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ хардаж эрх чөлөөнд нь халдсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 32-33 дугаар хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 3 дугаар хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №85 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.******* биед зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий зүүн хажуу хэсэг, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, дагзны баруун доод хэсэгт хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 9-10 дугаар хуудас/

Хохирогч ******* ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэх тодорхойлолт/Хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 49 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Замчдын 19 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр ыг хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий зүүн хажуу хэсэг, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, дагзны баруун доод хэсэгт хуйханд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: ...Хохирогч ******* мэдүүлэг/Хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 32-33 дугаар хуудас/, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №85 дугаартай дүгнэлт /Хх-ийн 9-10 дугаа хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хохирогч ******* зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий зүүн хажуу хэсэг, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, дагзны баруун доод хэсэгт хуйханд зөөлөн эдийн гэмтэл үүссэн зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Хоёр.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Замчдын 19 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр ыг хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий зүүн хажуу хэсэг, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний дээд доод зовхи, дагзны баруун доод хэсэгт хуйханд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хүний биед хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

           

            Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ