| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2022/0074/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/78 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунболд
Хохирогч О.Болдсайхан
Шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарт холбогдох 2232000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1-23 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтансүхийн Мөнхтулга/рд:МБ96041518/
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 17 нас 26 хоногтой, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав эмээ дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баян-суудлын 1-51 тоотод оршин суух, Зүүнхараа политехник коллежид сурдаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Далхсүрэнгийн Тэмүүлэн/рд:МЗ05252619/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Мөнхтулга нь өсвөр насны яллагдагч Д.Тэмүүлэнтэй бүлэглэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Үсчин гоо сайхны арын хашаан дотор байх монгол гэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч О.Болдсайхантай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Д.Тэмүүлэн нь яллагдагч А.Мөнхтулгатай бүлэглэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Үсчин гоо сайхны арын хашаан дотор байх монгол гэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч О.Болдсайхантай маргалдаж түүний цээжин тус газарт 2-3 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнхтулга мэдүүлэхдээ: …2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Тэмүүлэнтэй хүн чулуун дээр архи уугаад Болдсайханыд очиход архи уугаад сууж байсан. Тэгээд Болдсайхан Тэмүүлэнийг дагуулж гараад уулзъя гэсэн тэгсэн гадаа юм түжигнээд байхаар нь гарахад Тэмүүлэн газар унасан Болдсайхан зодож байхаар нь салгасан тэгсэн Тэмүүлэн босож ирээд Болдсайхан руу дайрахаар нь би зодолдож болохгүй гэж хэлээд зогсож байхад Болдсайхан овтерк бариад ирэхээр нь би айгаад нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. ...гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тэмүүлэн мэдүүлэхдээ: ...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мөнхтулга ахын гэрт очоод төрсөн өдрийг нь тэмдэглээд гэрт нь байж байхад Мөнхтулга ах гараад явахаар нь хаачих гэж байгаа юм гэж асуухад ганц юм ууя гэхээр нь хоёулаа цуг явъя гээд мотоциклтой дэлгүүр орж хоёр сав пиво аваад хүн чулуун дээр очиж пиво уусан. Тухайн үед би пиво нэг их уугаагүй. Тэгээд пиво ууж дуусаад Энхцэцэг эгчийнд очиж утсаар ярихаар гэрт нь очиход Болдсайхан архи уугаад сууж байсан. Тэгээд Болдсайхан намайг гарч уулзъя гэсэн тэгээд гадаа гараад намайг мөргөж унагаад толгой дээр дэвссэн. Тэгээд би ахаа яагаад байгаа юм бэ гэсэн чинь ах нь заримдаа ийм зан гаргаад байдаг юм ахыгаа уучлаарай гээд тамхи гаргаж ирээд байж байтал Мөнхтулга ах гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн. Тэгсэн Болдсайхан нэг гялгар юм бариад ирэхээр нь Мөнхтулга ах цохиод унагаад 2-3 удаа би цээж рүү нь өшиглөсөн. ...гэх мэдүүлэг.
Хохирогч О.Болдсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Ногооноо ах 0,33 литртэй архи авч ирснийг хувааж уугаад сууж байхад Мөнхтулга Тэмүүлэн нар орж ирээд Мөнхтулга хамаа ганц пиво аваад өгчих гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь Тэмүүлэн нь гараад юм уулзах уу гээд гараад юм яриад байж байхад Тэмүүлэн нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Ингээд Тэмүүлэн шээх гэж байгаад өвсөнд тээглэж унаад Мөнхтулгыг дуудаад намайг Болдсайхан зодчихлоо гэсэн чинь Мөнхтулга гарч ирээд нүүр нүдгүй цохиж зодсон. Тэгтэл Тэмүүлэн нь дахин намайг цээж хэсэг рүү өшиглөж зодсон. Тэгээд Тэмүүлэн нь хогийн шүүрийн ишээр зодсон. Дараа нь гэрт ороо пиздаа минь цусаа угаа гээд боогоод зодсон. Тэгээд би аргагүй эрхэнд овтерка бариад айлгаж байгаад гарч зугтаасан. Би энэ хоёроос 500000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Одоо миний бие ажил хийж чадахгүй Улаанбаатар хот явж эмчид үзүүлэх шаардлагатай байгаа учраас эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2232000000082 тоот хавтаст хэргээс
Хохирогч О.Болдсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Мөөжийлөө нь согтуу байсан бөгөөд Ногооноо ахтай маргалдаад байхаар нь би түүнийг “гэрт орж ирчхээд яагаад байгаа юм бэ” гэхэд намайг чи яагаад байгаа юм, би чамайг ална гараад ир гээд гэрээс гарсан. Би түүний араас гарахад намайг дэгээдэж унагаачхаад гэр лүү ороод “Мөөжийлөө ахаа энэ намайг зодчихлоо” гэж худал хэлсэн. Гэтэл Мөөжийлөө нь гарч ирээд намайг араас боож гараараа нүүр лүү нэг удаа цохиод, нөгөө залуу нь намайг унагааж Мөөжийлөө миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр намайг газарт унагааж хавирга, нүүр, толгой руу өшиглөөд байсан. Хоёулаа намайг өшиглөөд зодоод байсан. Гэрээс Ногооноо ах, Энхцэцэг хоёр гарч ирээд тэднийг салгасан. Ногооноо ах нэлээд согтчихсон байсан учраас түүнийг түлхэж унагаагаад байсан. ...Тэр хоёр хоёулаа нэлээд согтуу байсан. Мөөжийлөө нь намайг зодож байхдаа Алтансүхийн Мөнхтулга гэдэг шүү дээ гээд бахираад байсан. ...Би тэмүүлэн, Мөнхтулга нараас өөрийн хохирлыг бүрэн барагдуулж дуусгаж авсан. Би Тэмүүлэн, Мөнхтулга нартай эвлэрсэн, бидний хооронд ямар нэгэн хохирлын маргаангүй тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 12-13, 14 дүгээр хуудас/
Гэрч Б.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд тэд манай гэрт орж ирснийхээ дараа А.Мөнхтулгатай цуг ирсэн залуу нь Ногооноотой маргалдаад байсан тул Болдсайхан түүнд “та нар яагаад байгаа юм бэ, гэрт ирээд маргалдлаа гэсэн. Гэтэл тэр залуу Болдсайханыг “ах гараад уулзъя” гээд дагуулаад гарсан. Удалгүй тэр залуу Мөөжийлөө намайг энэ цохичихлоо шүү дээ” гээд орилтол Мөнхтулга гарч гэрийн гадаа түжигнэсэн чимээ гараад эхэлсэн. Тиймээс Ногооноо бид хоёр гараад хартал О.Болдсайхан газар уначихсан Мөнхтулга нь түүнийг өшиглөөд, харин нөгөө залуу хогийн шүүрээр цохиод байсан. Тэгээд би тэдний дундуур орж цохиулахаас айгаад гэр лүүгээ орсон. Ногооноо л тэднийг салгасан байх. Удалгүй О.Болдсайхан гаднаас нүүр нь тэр чигтээ цус болчихсон нөгөө хоёр залуугийн хамт орж ирсэн. Гэтэл Мөнхтулга тэр хоёр О.Болдсайханыг “пизда минь нүүрээ угаа” гээд дахин зодох гээд байхаар нь О.Болдсайхан гэрээс гараад гүйсэн. Мөнхтулга, нөгөө залуу хоёр хоорондоо “наадах чинь цагдаа дуудах гэж байна” гээд гараад яваад өгсөн. ...О.Болдсайхан намайг харж байхад тэр хоёрын биед халдаагүй. Мөнхтулгатай цуг байсан залуу нь гаднаас “намайг цохичихлоо” гэж орилсон. Харин намайг гэрээс гарахад Болдсайхан газар уначихсан, Мөнхтулга түүнийг өшиглөөд байсан. Яг хаана нь өшиглөсөн гэдгийг нь хараагүй. Харин Мөнхтулгатай цуг явсан залуу нь О.Болдсайханыг хогийн шүүрээр зодоод байсан. О.Болдсайхан гаднаас орж ирэхдээ нүд болон нүүр хэсэг нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Маргааш өглөө нь О.Болдсайхан эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь цуурчихсан, хоёр нүд нь хавдчихсан байдалтай байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч К.Лхагваням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Маргааш өглөө нь Энхцэцэгийн гэрт очиход Болдсайханы нүд нь хөхөрчихсөн, хоёр хавирга нь гэмтэлтэй байна гэж хэлэхээр нь юу болсон талаар асуухад өчигдөр ирсэн хоёр хүнд зодуулчихлаа гэж ярьсан. Би болсон асуудлыг огт санахгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Д.Амарсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Намайг очиход манай нөхөр бүр согтчихсон, тасарчихсан байсан бөгөөд тэднийд гаднаас хоёр хүн ирчихсэн байсан. Тэгээд намайг очсоны дараа тэр хоёр залуу Болдсайханы хоёр талд нь суугаад гарыг нь мушгиад, толгой руу нь дээлийнхээ нударгаар цохиод өдөөд байсан. Мөн тэр залуу нь /жаахан хүүхэд шиг л байсан/ Болдсайханаас архи нэхэж уугаад , хэрүүл өдөөд байсан. Удалгүй жаахан банди нь О.Болдсайханыг дуудаж гаргаад түр тар хийх чимээ гарсан. Гэтэл нөгөө залуу нь бас араас нь гарсан. Энхцэцэг ч гэсэн араас нь гарсан. О.Болдсайхан гаднаас орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан нүүрэндээ зулгарсан шархтай байсан. Гаднаас О.Болдсайхантай цуг нөгөө хоёр залуу орж ирсэн. Тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх огт байхгүй зүгээр байсан. .../Хх-ийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Мөнхтулга яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хүн чулуу гэх газар Тэмүүлэний хамт хоёр том пиво хувааж уусан. Тэгээд орой харуй бүрий болж байхад бид хоёр О.Болдсайханы гэрт очиход тэрээр Ногооноо гэх ахтай архи уугаад сууж байсан. Тэгээд надад архи хийж өгөхөөр би уугаагүй, харин Тэмүүлэн 2-3 хундага архи уусан. Удалгүй О.Болдсайхан, Тэмүүлэн нар юм ярина гээд гарсан. Гэтэл гадаа хүн орилоод байхаар нь гараад хартал Тэмүүлэн газар хэвтчихсэн О.Болдсайхан түүнийг өшиглөх гээд онож өшиглөж чадахгүй байсан. Би тэр хоёрыг салгаж голоор нь ороод зогсчихсон байсан чинь Тэмүүлэн миний араас Болдсайхан нь гэр рүүгээ гүйж ороод овтерик барьж гарч ирээд намайг ална дайрахаар нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед Тэмүүлэн гэр тойроод зугтаад нөгөө талаар нь гарч ирэхдээ дэрсэн хогийн шүүр бариад гараад ирсэн чинь Болдсайхан барьж байсан овтерикоо газар хаясан. Тэгээд буцаад гэрт орсны дараа Тэмүүлэн Болдсайханы толгой руу нь гараараа цохиод гүүрээ угаа гээд байсан. Би шууд Тэмүүлэнг авч тэдний гэрээс гарч явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 46 дугаар хуудас/
Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тэмүүлэн яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны орой гэгээ тасарч байх үед Мөөжийлэй /А.Мөнхтулга/-ын хамт Мандал сумын 7 дугаар багийн нутагт байх О.Болдсайханы гэрт очсон. Биднийг ороход О.Болдсайхан, Ногооноо гэж дууддаг ахтай архи уугаад сууж байсан. Тэгээд бид хоёрт архи хийж өгөхөөр нь амсаад өгсөн. Тэгээд удалгүй Ногооноо ах Мөөжийлэй хоёр хоорондоо юунаас болсон гэдгийг нь мэдэхгүй байна гэнэт маргалдаж эхэлсэн. Гэтэл Болдсайхан ах над руу “ чи ер нь яагаад байгаа юм бэ, агаа нь тийм жижиг гар биш шүү” гэх мэтээр намайг үгээр өдөөд байсан. Харин Мөөжийлэй ах О.Болдсайханд “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гээд тэр хоёр бага зэрэг маргалдсан. Тэгээд удалгүй О.Болдсайхан ах намайг гэрээс дагуулж гараад надад түүнийг тамхийг асаасны дараа шууд миний нүүр лүү гараар цохиод би газар унасан. Би шууд гэр лүү гүйж ороод Мөөжийлэй ахад болсон асуудлыг хэлэхэд тэрээр гарч ирээд О.Болдсайханд хандаж “чи яагаад манай дүүг зодоод байгаа юм бэ” гээд ярилцаад зогсож байхаар нь би Мөөжийлэйгийн араас О.Болдсайханы хавирга руу 2-3 удаа өшиглөсөн. Гэтэл Болдсайхан гэр лүүгээ гүйж ороод гарч ирэхдээ отверка барьж ирээд над руу дайрахаар нь би гэр тойроод зугтаасан. Тэгээд Болдсайхан отверка барьсан чигээрээ Мөөжийлэй ах руу дайрахаар тэрээр түүний нүүрэн тус газар гараараа цохисон. О.Болдсайхан цохиулсныхаа дараа тэнцвэрээ алдаад л босож ирсэн ба гартаа барьсан отверкаа тавихгүй байхаар нь би хогийн шүүр бариад цохих гэтэл Мөөжийлэй ах намайг болиулсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 39-40 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 7 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №76 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.О.Болдсайханы биед зүүн 7, 8 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний дээд доод зовхи, салстад цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 28 дугаар хуудас/
Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тэмүүлэний төрсний гэрчилгээний хуулбар/Хх-ийн 58 дугаар хуудас/
Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тэмүүлэний насыг тоолсон тэмдэглэл/Хх-ийн 60 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 52, 61 дүгээр хуудас/
Хохирогч О.Болдсайханд хохирол төлсөн банкны дансны хуулга/Хх-ийн 73-74 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нар нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт оршин суух, иргэн Б.Энхцэцэгийн хашаанд хохирогч О.Болдсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч О.Болдсайханы мэдүүлэг/Хх-ийн12-13, 14 дүгээр хуудас/, гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч К.Лхагванямын мэдүүлэг/Хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Д.Амарсайханы мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдийн №76 дугаартай дүгнэлт/Хх-ийн 26-27 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Болдсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан эмчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй ба хохирогч О.Болдсайханд шүүгдэгч нар 500000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч О.Болдсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болно.
Хоёр.Шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нар нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт оршин суух, иргэн Б.Энхцэцэгийн хашаанд хохирогч О.Болдсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бүлэглэн зодож зүүн 7, 8 дугаар хавирганы цууралт, зүүн нүдний дээд доод зовхи, салстад цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгч нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын тал хувийг биечлэн эдлүүлэх, шүүгдэгч А.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж торгох ялыг оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс орлогыг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Алтансүхийн Мөнхтулга, насанд хүрээгүй шүүгдэгч Харчин овогт Далхсүрэнгийн Тэмүүлэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.Тэмүүлэнд 02/хоёр/сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оноож, 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялын 2 дахин багасгаж, биеэр эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01/нэг/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч А.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүдэгч Д.Тэмүүлэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбатад оногдуулсан 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч О.Болдсайханд 500000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч О.Болдсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Мөнхтулга, Д.Тэмүүлэн нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ