Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0265

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/...

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Д.Жы нэхэмжлэлтэй, Тегт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ө овгийн Д-ийн Ж,

Хариуцагч:   Тег

            Нэхэмжлэлийн шаардлага: “Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэрийг Тегаас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгох захиргааны акт гаргахыг Тегт даалгах”,

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Ч.Х, шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дийн Ж миний бие Тегын даргын 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 399 дүгээр тушаалаар тус газрын “Ёл хад” амралт (нөхөн сэргээх төв)-ын даргаар томилогдож, 14 жил 1 сар ажиллаж байгаад мөн газрын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/691 дүгээр тушаалаар тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тус албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг надад гардуулж өгөөгүй бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн тухай надад мэдэгдсэн.

Дээрх албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг тус байгууллага гаргахдаа төрийн тусгай буюу цэргийн алба хааж, хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн тухайн хүнд тодорхой эрх хязгаарлалтад ажилласны төлөө хуульд заасны дагуу төрөөс тухайн хүний эдийн засаг, нийгмийн баталгааг хангахтай холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлээгүй байсан тул миний цэргийн албанд 14 жил 1 сар ажилласанд ногдох нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасны дагуу олгох, мөн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгож өгөхийг хүссэн өргөдлөө 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тегын даргад хандан өргөдөл гаргаж, хариуг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан. Тус өргөдлийн хариуд ээлжийн амралтын олговрыг шийдвэрлэсэн, харин нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухай дурдсан.

Гэтэл Төрийн тусгай буюу цэргийн албан хаагч хуульд заасны дагуу тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхөд холбогдох тэтгэвэр, тэтгэмж өгөх асуудлыг Төрийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тус тус заасан байдаг.

Тухайлбал, Төрийн албаны тухай хууль 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана”, мөн зүйлийн  61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхдөө ажилласан жил болох 14 жил 1 сард ногдох хуульд заасан дээрх тэтгэмжийг шийдвэрлэж өгөөгүй нь төрийн тусгай буюу цэргийн албан хаагчийн тогтвор суурьшилтай ажилласан болон тухайн хүний зарим эрх хязгаарлагдмал байсныг сэргээх, нөхөх зорилгоор хуульд заасан эдийн засгийн баталгаагаар хангагдах дээрх эрх зөрчигдөж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгч Д.Жы нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар хариуцагч болох ТЕГ-аас тухайн нэхэмжлэгчийн 14 жил 1 сар төрийн тусгай буюу цэргийн алба хаасан, ажилласанд ногдох тэтгэмжийг олгох захиргааны акт гаргаж, тухайн тэтгэмжийг нэхэмжлэгч хүлээн авч, хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн эдийн засгийн баталгаагаар хангагдаж, нэг удаагийн тэтгэмж авах хуульд заасан эрх ашиг нь сэргэнэ.

2. Шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангасан эсэх

Тегын үйл ажиллагааг Тагнуулын байгууллагын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд хэрэгжүүлдэг чиг үүргийг өөр ямар ч захиргааны байгууллага хэрэгжүүлдэггүй, чиг үүргээ хэрэгжүүлэхэд дээд шатны захиргааны байгууллагад харьяалдаггүй. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10.2-т “Тегыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэж, дүрмийг нь Засгийн газар батална” гэж заасан байдаг. Иймд Тег нь хэдий агентлаг хэдий ч үйл ажиллагаа болон байгууллагыг байгуулах асуудал нь хууль тогтоох субьект болох Улсын Их Хуралд, харин зохион байгуулалтын дүрэм болон даргыг томилох асуудал Засгийн газарт байдаг. Гэхдээ тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас хяналт тавихаар хуульчилсан байдаг.

Дээрх шалтгаануудаар дээд шатны захиргааны байгууллага хэн гэдэг нь тодорхой бус, мөн шууд харьяалах дээд шатны захиргаа байхгүй тул шууд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэрийг Тегаас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгох захиргааны акт гаргахыг Тегт даалгаж өгнө үү.

... Нэхэмжлэгч бол манай аав байгаа. Би хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Тэгээд итгэмжлэлээр орж байгаа. Би өөрөө хуульч эрх зүйч мэргэжилтэй хүн байгаа. 2020 оны Төрийн албаны зөвлөлөөс гарсан зөвлөмжийг дурдаад байгаа. 2006 онд томилогдоод ажиллаад явж байсан хүн дээр зөвлөмжийг дурдах шаардлага байхгүй. Одоо энэ харилцаанууд үүсэхгүй болж байгаа. Төрийн тусгай албанаас манай аав шиг тэтгэвэрт гарсан байдлаар дахиж ажиллуулахгүй гэж байгаа. Энэ бол хамаагүй асуудал байгаа. Ажилласан жилтэй холбоотойгоор тэтгэвэрт гарсан хүний хугацаа нэмэгддэг талаарх зохицуулалт байдаг. Түүнийг одоогоор эдлээгүй байгаа. Жил тутам 1,5 сар тутам 0,025 нэмэгдлүүдийг эдлээгүй байгаа.  Цэргийн албанд 14 жил 1 сар гэхээр ойролцоогоор энгийн албанд 21, 22 жил ажилласантай дүйцэх байгаа. Дахиж тэтгэвэр тогтоолгох асуудал яригдах боломжтой. Чөлөөлөгдсөнөөс хойш ковид гараад асуудлыг хэлж чадахгүй байгаа. Шийдвэрлэдэг газар хүсэлтээ тавьж байгаа. Энгийнээр тогтоолгох асуудал мөн адил байгаа. Үүгээр тогтоолгох уу? гэдэг асуудал яригдах байгаа. Ажиллаад ажилласны төлөө нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явсан асуудал яригдах байгаа. Гэхдээ энэ асуудал бол бидний маргаад байгаа асуудалтай холбоотой биш. Тэтгэвэртэй холбоотой асуудлыг хариуцагч дурдаад байна. Бид дахиж тэтгэвэр авах мөн тэтгэвэртэй холбоотой асуудлыг тавиагүй.

Цэргийн албаны тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.2-т тодорхой заасан. Нас хэтэрч ажилласан талаар өөрсдөө дурдсан байдаг. Засгийн газрын нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой журмын тухайд хууль нэг мөр хэрэглэх ёстой. Журам бол хууль биш. 4 дүгээр зүйл дээр ярьж байгаа 8.2 дахь зүйлд зааснаар сүүлийн 5 жилийн цалин хөлсийг 60-д хувааж гарсан цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тооцно гэж байгаа нь хувь тэнцүүлэхтэй холбоотой хэрэглэх талаар тусгасан. Дахин тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой халагдах үед энэ журмын 3, 7  гэдэг нь тэтгэвэрт гараад 36 сар болон эсвэл 36 сар биш ч гэсэн хуулийн шаардлага хангаад гарсан хүнд хувь тэнцүүлэн олгохтой холбоотой нэг удаагийн тэтгэмж гэсэн бол зөвхөн тэр тэтгэмжийг дахин олгох асуудал яригдаж байгаа. Тэрнээс биш нийтлэг төрийн албан хаагчийн барих ёстой мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.2-т заасан заалтыг хөндөх боломжгүй. Харилцаа болгон дээр эрх зүйн байдлыг дээрдүүлж ярих ёстой боловч дордуулах юм уу, жишиг тогтсон гэж ярих боломжгүй. Жишиг тогтоосон талаар шүүх тогтооно. Байгууллага дээр жишиг тогтоосон асуудал нь хувь хүний үндсэн эрхтэй холбогдохгүй байх. Ёл хад дээр 14 жил ажиллахдаа ямар нөхцөл байдалтай ажилласан талаар анхаарах хэрэгтэй байх. Бараг амралтаа ч авдаггүй байсан. Гэртээ сардаа нэг удаа ирдэг байсан. Эрх хязгаарладаг зүйл юм. Түүнийхээ төлөө авсан цалинг эрх зүйн байдал дээрдүүлж байна гэж хэлж болохгүй. Хийсэн ажлынхаа төлөө цалин хөлс авч байгаа. Цэргийн албанаас гарсан хүн дахиж ажиллаж болохгүй гэдэг зохицуулалт байгаагүй” гэв.

 

Хариуцагч Тегын дарга П.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тегын даргын 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” 399 дүгээр тушаалаар Дийн Жыг цэргийн орон тоонд буюу тус газрын Нөхөн сэргээх төвийн даргаар томилж, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн мөн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/691 дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн.

Төрийн албаны зөвлөлийн “Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай” 2020 оны 07 дугаар зөвлөмжийн 5-д “Тэтгэвэр тогтоолгох нас буюу 60 нас хүрээгүй байхдаа тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн хүнийг цэргийн албанд цэргийн алба хаагчид тооцогдох албан тушаалд үргэлжлүүлэн болон дахин ажиллуулахгүй. Цэргийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон хүнийг цэргийн албан хаагчид тооцогдох албан тушаалд үргэлжлүүлэн, эсхүл дахин ажиллуулж цалин олговол Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчихөөс гадна хууль бусаар цалин хангамж олгож төрд хохирол учруулах үр дагавартай” гэж заасан байдаг.

Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоолгосон  дээд офицер, офицер, ахлагч...ийг офицер, ахлагчийн орон тоонд ажиллуулахыг хориглоно", мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэж заасныг тус тус үндэслэн цэргийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх зохицуулалттай боловч уг хугацаа өнгөрснөөс хойш 10 жилийн турш Тегын даргын тушаалаар Д.Жыг цэргийн орон тоонд томилон ажиллуулсан нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болсон.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Албанаас чөлөөлж, ажилд томилох, цол олгох, сахилгын шийтгэл оногдуулах, халах, тэтгэвэр тэтгэмж тогтоох тухай” 575 дугаар тушаалаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Д.Жыг цэргийн тэтгэвэрт гаргаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгожээ.

Нэхэмжлэгч Д.Ж цагдаагийн байгууллагаас цэргийн тэтгэвэрт гарснаар түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа, түүнээс хойш цэргийн алба хаасны тэтгэврийг 16 жил, Тегын Нөхөн сэргээх төвийн даргаар томилогдсоноос хойш 14 жил 01 сарын албан тушаалын цалин хөлсийг тус тус төрөөс олгожээ. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар 25 жилээс илүү хугацаагаар алба хаасан жил тутамд 1.5, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгох зэрэг хэд хэдэн эерэг үйлчлэл бий болсон.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч 25-аас доошгүй жил...алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3,5,6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 38 дугаар тогтоолын хавсралтаар “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баталсан.

Тус журмын 4 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан цэргийн алба хаагчид олгох 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан цэргийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах болзол хангасан алба хаагчид хамаарах зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл дээрх заалт нь цэргийн тэтгэвэрт анх гарч байгаа хуульд заасан 25-аас доошгүй жил ажилласан байх шаардлага хангаагүй буюу 10-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид хамаарна.

Мөн журмын 10 дахь хэсэгт “Тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд дахин ажиллаж байгаад халагдах үөд энэхүү журмын 3, 7-д заасан нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмжийг дахин олгохгүй” гэж заасан нь цэргийн тэтгэвэрт нэгэнт гарсан алба хаагчид дахин тэтгэмж олгохгүй байх хууль хэрэглээний өнөөгийн практикийг тогтоосон хууль зүйн үндэслэл юм.

Хуульч, академич С.Нийн “Эрх зүйн эх толь бичиг боть”-д тэтгэмжийг “Нийгмийн халамжийн нэг хэлбэр бөгөөд нийгмийн даатгалын буюу улсын төсвөөс тогтмол буюу нэг удаа олгох төлбөрийг ойлгоно” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл нэг удаагийн тэтгэмжийг төрөөс зөвхөн нэг удаа олгох зохицуулалттай болохыг үүгээр илэрхийлж байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль 1994 онд батлагдсан үеэс эхлэн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг цэргийн бүрэн тэтгэвэрт гарахад, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хувь тэнцүүлэн цэргийн тэтгэвэр тогтоолгож буй алба хаагчид олгож ирсэн         .

Цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгож 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авсан алба хаагчид дахин 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг давхардуулан олгох нь төрийн цэргийн байгууллагуудад нэг мөр ойлгож, хэрэглэж ирсэн зохицуулалтыг гуйвуулах төдийгүй цаашид буруу жишиг тогтоох, улсын төсөвт хүндрэл учруулах зэрэг сөрөг үр дагавар үүсгэхийг анхаарах шаардлагатай.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна” гэж заасан. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр бус цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан тул дээр дурдсан буцалтгүй тусламжийг мөн адил олгох боломжгүй юм.

Түүнчлэн 60.1 дэх хэсэгт “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 7 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан.

Тус журмын 4.4 дэх хэсэгт “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч Тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан.

Иймд цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авсан иргэн Д.Жд дахин нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нэг удаагийн тэтгэмж олгох тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг зөрчих тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага өөрөө тэтгэвэр тэтгэмжийн нэг удаагийн харилцааны асуудлыг орхигдуулсан асуудлаар маргаж байгаа. Гол зүйл нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой харилцаа нь нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой хууль хэрэглээний асуудал байгаа. Нэхэмжлэгч тал тайлбартаа дурдахдаа Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн үйлчлэл хүрээнд тодорхой заасан буюу Төрийн албаны тухай хуулийн 4.5-д төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хуулиар болон нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиар тус тус зохицуулна гэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхээс уг маргаантай холбоотой асуудлыг нарийвчилсан  хуулийн зохицуулалтаар хууль хэрэглээгээр шийдвэрлэх гэж байгаа.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой харилцаа түүнийг хэрхэн олгохтой холбоотой Засгийн газраас баталсан хэм хэмжээний акт 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан сонсох ажиллагаатай холбоотой харилцааг шийдвэр гаргахтай холбоотой хүний нэгжийн асуудал хариуцсан нэгжээс алба хаагч Д.Жыг албанаас чөлөөлөх тухай шалтгааны талаар мэдэгдэх хуудас явуулсан. Холбогдох нэгжээр дамжуулж түүнд мэдэгдсэн. Тухайн шийдвэр гаргахад утсаар урьдчилан мэдэгдэж байсан.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч 2010 оны 11 сард Тагнуулын  ерөнхий газрын удирдлагад уг шийдвэртэй холбоотой гаргасан өргөдөл болон түүнд өгсөн хариу зэрэгт хэргийн нотлох баримтад тусгуулсан байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид олгодог буцалтгүй тусламжийн хууль хэрэглээний асуудлаар нэхэмжлэгч тал буруу ойлголттой байна. Үүн дээр хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч практик асуудлыг мэдэхгүй байж магадгүй юм. Буруу нэхэмжлэл гаргаад шүүх дээр ирсэн гэж үзэж байна. Нэг удаагийн тэтгэмжийг журамд нийцүүлж олгож албан хаагчийн шийдвэр гаргах харилцаа нь зөвхөн мөнгө, төгрөг, төсөв санхүүгээс илүүтэйгээр дараа нь шийдвэр гаргасан албан тушаалтан буруутай шийдвэр гаргавал аудитын байгууллагаас санхүүгийн акт тавих байгаа. Олон албан хаагчийн харилцааг нэг мөр шийдэх талаар байгууллага хүртэл зөвлөмж гаргасан. Албан хаагч цэргийн дээд хязгаар дотор ажиллаж байгаад дахиад олгож байгаа асуудал нь хуулийн зөрчил юм гэж Төрийн албаны зөвлөлөөс тогтоож практик жишиг байна. Энэ талаар манай байгууллага шүүхийн маргаанаар явж байсан талаар shuukh.mn сайтад шийдвэр орсон.

Нэхэмжлэгчийн хувьд цэргийн албаны насны дээд хязгаар хэтрээд чөлөөлөгдсөн зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан ойлголт нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй. Албан хаагчийн цалин, хөлс, цол, цэргийн алба хаасан хугацаа зэрэг нь эрх зүйн байдлыг дээрдүүлж өөрөөр хэлбэл тэтгэмжийн асуудал хуулиар олгох боломжгүй ч гэсэн албан хаагч иргэн хүний хувиар энэ ажилласан 14 жилээ өөрөө харьяа дүүргийн байгууллага дээр очоод манайхаас лавлагаа авч очоод тэтгэвэр тэтгэмж тогтоолгосон хувь хэмжээ шинээр тогтоолгох асуудал дээр давуу байдал бий болгож байгаа юм.

... Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.2-т Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан. Мөн хуулийн 18.1-д Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Бид нар тэтгэмж олгож байсан түүх нь хэрэгт орсон байгаа. 2004 онд 36 сарын цалин хөлстэй холбоотой тэтгэмжийг эдэлж байсан. 19.2 дах заалт нь энэ хуулийн 8 дугаар зүйл рүү шууд ишилж явж байгаа. 8.2-т  Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан. Цэргийн албан хаагчийн нас хэтрээд түүний ажилласан жил нь 5-аас доошгүй жил ажилласан тохиолдолд 18 сар гэдэг 19.2 дахь заалтын тэтгэмжийг бүх цэргийн байгууллагад нэг мөр хэрэглээд явж байгаа.

Манай тохиолдолд энэ асуудал өөрөө цэргийн албан хаагчийн орон тоо зохион байгуулалт, бие эрүүл түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрсэн мөртлөө 10-аас доошгүй жил ажиллаад цэргийн бүрэн тэтгэврийн хугацаа үүсээгүй иргэнд олгож байгаа 19.2 дах заалтаар бидэнд тэтгэмж олгоно уу гэдэг асуудал байна гэж тайлбарлаад байгаа буруу ойлгоод байна. Шүүх Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолыг хараасай гэж хүсч байна. Журмын хэрэглээ талаас хөөгөөд хараасай” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 19.2-т зааснаар шууд олгоно гэж заасан байхад яагаад шууд журам бариад байгаа вэ? гэдэг асуудал ярьж байна. Хуулиар шууд журам гаргахаар Засгийн газарт эрх олгосон. Цэргийн алба хаах болзол хангасан албан хаагчид нэг удаагийн тэтгэмжийг ямар байдлаар олгох талаар нарийвчилж зохицуулж байгаа. Эрх зүйн онолын хувьд илүү нарийвчилсан зохицуулалтыг барьж авч хэрэглэнэ. Энэ журам өөрөө хууль бусаар гараагүй. Хуульд заасны дагуу гарсан учраас журмаа барих нь зөв юм” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

              Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн  оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Жы Тегт холбогдуулан гаргасан “Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэрийг Тегаас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгох захиргааны акт гаргахыг Тегт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                   Тегын даргын 2006 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажилд томилох тухай” 399 дүгээр тушаалаар Д.Жыг Тегын “Ёл хад” амралтын даргаар томилж, цэргийн хурандаа цолтойгоор ажиллуулжээ.

            Мөн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/691 дүгээр тушаалаар Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Тегын Санхүү, аж ахуйн газрын Нөхөн сэргээх төвийн дарга, хурандаа Д.Жыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлжээ[1].

            Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тегын даргад хандаж “...14 жил 01 сар ажилласан хугацаанд ногдох тэтгэмж, тусламж болон ажилласан хугацаанд тохирох амралтын олговрыг олгох тухай” хүсэлт гаргасны хариуд тус газрын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1545 тоот албан бичгээр “...Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчид мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг нэг удаа олгодог, ... нэг удаагийн буцалтгүй тусламж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн бусад албан хаагчид хамаардаг тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”[2] гэх хариу өгсөн байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч нь нэхэмжлэгчийг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхдөө ажилласан жилд ногдох хуульд заасан тэтгэмжийг шийдвэрлэж өгөөгүй нь төрийн тусгай буюу цэргийн албан хаагчийн тогтвор суурьшилтай ажилласан болон тухайн хүний зарим эрх хязгаарлагдмал байсныг сэргээх, нөхөх зорилгоор хуульд заасан эдийн засгийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авсан, Тегаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох бус цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан, тэтгэмжийг давхардуулан олгох боломжгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

              Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг нэрлэн заасны дотор мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3-т цэргийн албан хаагч нь “нэг удаагийн тэтгэмж” хамаарч байх ба тагнуулын байгууллагын офицер нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байна.

              Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар бүлэг нь “Нэг удаагийн тэтгэмж” гэсэн нэртэй байх ба тус бүлгийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт цэргийн алба хаагч “нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах” тохиолдлуудад 1 удаагийн тэтгэмж олгохоор заажээ.

            Цагдаагийн газрын даргын 1995 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар 1995 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Тамгын хэлтэст аж ахуйн ахлах байцаагчаар томилж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 575 дугаар тушаалаар Нийслэлийн Цагдаагийн газрын аж ахуй, авто хэсгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгожээ[3].

              Хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

              Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгчийг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхдөө ажилласан жилд ногдох тэтгэмж олгохоор заагаагүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

              Өөрөөр хэлбэл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тэтгэмжийг алба хаагч тэтгэвэрт гарахад, мөн цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдлуудад олгохоор заасан хэдий боловч маргааны тохиолдолд Д.Ж нь өмнө нь тэтгэвэрт гарахдаа уг тэтгэмжийг авсан байх тул “нэг удаагийн тэтгэмж”-ийг дахин авах эрхгүй, хариуцагчаас түүний цэргийн тэтгэвэрт гарснаас хойш, цэргийн цолтойгоор ажилласан хугацаанд ногдуулж тэтгэмжийг дахин олгох үүрэг үүсэхгүй байна.

              Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ажилласан жилд ногдох хуульд заасан тэтгэмжийг шийдвэрлэж өгөөгүй нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гаж заасныг зөрчсөн” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй, харин хариуцагчийн “нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авсан, тэтгэмжийг давхардуулан олгох боломжгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

              Мөн нэг удаагийн тэтгэмжийг дахин олгоогүйгээс нэхэмжлэгчийн “төрийн тусгай буюу цэргийн албан хаагчийн хуульд заасан эдийн засгийн баталгаагаар хангагдах эрх” зөрчигдсөн гэж үзэхээргүй, мөн тэтгэвэр тогтоолгосон боловч үргэлжлүүлэн ажилласан алба хаагчийн хувьд “цэргийн алба хаах нас хэтэрсэн” үндэслэлээр дахин цэргийн албанаас чөлөөлөхдөө тэтгэмж олгохоор шийдвэрлээгүй нь хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан гэж үзэх нөхцөл болохооргүй байна.

                    

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан” гэх тайлбарын тухайд:

              Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй”, 2 дахь хэсгийн 3-т “цэргийн алба хаах нас хэтэрч” халагдсан алба хаагчид цэргийн тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байхаар, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан байна.

              Мөн  Монгол Улсын Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэдгийг тухайн албыг хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад тохиолдолд цэргийн албан хаагч өөрийн санаачилгаар тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж ойлгоно” гэж алба хаагч нь цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байхыг ойлгохоор тайлбарлажээ.

              Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн тайлбарлан маргаж буй Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь маргааны энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй буюу алба хаагч нь цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бөгөөд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн авах эрх үүсч буй алба хаагчийн хувьд энэхүү зохицуулалтыг хэрэглэхээр байна.

              Тодруулбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаагч нь “..., тэтгэвэрт гарах, ..., цэргийн алба хаах нас хэтэрч халагдах” аль ч тохиолдолд нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй, харин эдгээр тохиолдлуудын аль нь вэ гэдгээс хамаарч олгогдох тэтгэмжийн хэмжээг мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан байна.

 

              Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагаас “цэргийн алба хаасны тэтгэвэр” тогтоолгохдоо хуульд заасан нэг удаагийн тэтгэмжээ авсан атлаа Тегаас цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдөхдөө дахин тэтгэмж авахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/691 дүгээр тушаалаар Д.Жыг “цэргийн алба хаах нас хэтэрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэхдээ ажилласан жилд ногдох тэтгэмжийг олгохоор заагаагүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жаас гаргасан, “Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдох нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэрийг Тегаас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгох захиргааны акт гаргахыг Тегт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

 

[1] Хавтаст хэргийн 24 дэх талд

[2]  Хавтаст хэргийн 27 дахь талд

[3] Хавтаст хэргийн 33 дахь талд