Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

2022          09           01                                   2022/ШЦТ/295

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч З.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Г-т холбогдох эрүүгийн 2225004300444 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, З.Г

Шүүгдэгч З.Г нь 2022 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16 дугаар байрны гадаа Г.М зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч З.Г мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.М “...2022 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 1 цагийн орчим найз Амин-Эрдэнийн хамт Зэст баг 1-16 дугаар байрны хажуу талд пиво ууж байгаад би шатны уруу унаж, ууж байсан пивоо хагалсан, тэгэхэд Амин-Эрдэнэ бид хоёрын урд явж байсан хоёр ах эргэж хараад “одооны хүүхдүүд ийм сонин болчихсон” гэхээр нь найз Амин-Эрдэнэ очоод тайлбарлах гэхэд “одооны хүүхдүүд ямарч хүмүүжилгүй” гэж хэлээд манай найзтай маргалдаж хоорондоо барьцалдаад авахаар нь би салгах гэж очоод Амин-Эрдэнэ лүү дайраад байсан хар өнгийн майк өмссөн залууг татаад холдуулах гэхэд эргэж хараад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон, би хамраа дараад хойшоо суухад миний хамраас их хэмжээний цус гарч ухаан алдсан. ...манай найз охин Төгсөө, найз Уламбаяр нар “хар майк өмссөн ах чамайг газар уначихсан байхад чинь цохиж байсан” гэж надад хэлсэн. ...хар майк өмссөн Ганхуяг гэх ах миний нүүр хэсэгт гараараа цохиж, надад гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Б.А “...2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн орчим найз Баатарцогттой уулзаж байтал Баатарцогтын найз Мөнгөнхуяг, Амин-Эрдэнэ хоёр “Sugar” баарнаас гарч ирж байсан. ...Бид нарын урд үл таних хоёр ах явж байсан бөгөөд Мөнгөнхуяг ах гартаа барьж байсан пивоо унагаагаад хагалчихсан чинь урд явж байсан хоёр ах эргэж хараад “ямар соёлгүй залуус вэ, одооны хүүхдүүд архичин болчихсон байна” гэж доромжилсон. Тэгсэн чинь Амин-Эрдэнэ, Мөнгөнхуяг хоёр тэр хоёр ах дээр очиж, нөгөө хоёр ах эргэж хараад манай хоёр найз уу ирцгээсэн. ...нөгөө хоёр ах хэрэлдэж Амин-Эрдэнийг хар майк өмссөн ах унагаагаад нүүр, гар руу нь дэвссэн чинь Амин-Эрдэнэ ухаан алдаад уначихсан. Мөнгөнхуягийг барьж авч унагаагаад нүүр, гар луу нь гараараа цохиж, өшиглөөд байсан. Мөнгөнхуяг газар хэвтэж байхад нь хар майк өмссөн ах гараараа цохиод, чанга өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

гэрч Ө.А “...манай найз залуу дээгүүрээ шалдан, ...хамар нь цус гоожоод хавдчихсан, зүүн талын нүд нь хөхөрч, хавдчихсан байдалтай “намайг зодчихлоо” гээд үл таних хоёр хүнийг заасан. ...Тэр хоёр үл таних залуу нэг нь цагаан өнгийн подволктой, нөгөөдөх нь хар өнгийн майктай байсан. ...би гэртээ ороод найз залуугийнхаа цусыг нь цэвэрлээд орон дээр хэвтүүлэхэд “намайг эмнэлэгт аваачаад өгөөч, би цус алдаад яг үхэх гээд байна” гэж хэлсэн. Тэгээд манай найз залуу ухаангүй болоод дуудахад хариу өгөхгүй хэвтээд байсан. ...манай найз залууг зодсон гэж байсан хоёр эрэгтэй эмнэлэг дээр байсан бөгөөд “бид хоёр танай найз залууг чинь зодоогүй шүү” гээд хэлээд, цагдаагийн байгууллага руу залгаж өөрсдийгөө “бусдад зодуулж машинаар мөргүүлсэн” гэх утга бүхий дуудлага өгөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч Ж.О “...2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад бэр эгч Бүрэнтогтох манай гэрт орж ирээд “танай хүү Мөнгөнхуяг утсаар залгаад байна” гэхээр нь бэр эгчийнхээ утсаар хүүтэйгээ ярихад “ээжээ би цус алдаад байна, нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очиход манай хүү Мөнгөнхуягийн хамраас цус гарсан байдалтай хүзүү, хоёр гар, шанаа нь нил цус болчихсон нүүр нь хавдартай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

гэрч Д.А “...найз Мөнгөнхуяг бид хоёр уулзаад “Sugar” баар орсон, тус бүр нэг шил пиво уусан. ...Мөнгөнхуяг шатан дээр хальтирч унаад пивоо хагалчихсан. Тэр үед бид хоёрын урд явж байсан хоёр залуу “одооны п***а нар ийм архичин болчихсон” гэж үг хаяад байхаар нь би очоод “манай найз согтуу байна, бид хоёр зодоон хиймээргүй байна” гэж хэлсэн. Гэтэл нэг нь миний хамар руу цохисон, Мөнгөнхуяг миний араас иртэл хар майктай залуу нь унагаагаад дээрээс нь дэвссэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

гэрч Б.Б “ ...2022 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн үед найз Амин-Эрдэнэ, Мөнгөнхуяг бид гурав “Sugar” баарнаас гараад 1 дүгээр микрийн 16 дугаар байрны хажуу талд гэртээ харих гээд явж байсан. Тухайн байрны хажуу талд бид гурвын урд танихгүй хоёр ах явж байгаад “одоо үеийн хүүхдүүд ийм улаан цагаандаа гарчихсан” гэж ярьж, муулаад байсан. Тэгэхээр нь Мөнгөнхуяг “зүгээр явж байхад бид нарыг яагаад муулаад байгаа юм” гэж хэлээд хоорондоо маргалдаж, тухайн хүмүүс дээр очиход Мөнгөнхуягийг хар өнгийн майк өмссөн ах унагаагаад дээрээс нь дэвсэж ухаан алдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

З.Гийн яллагдагчаар өгсөн “...Би найз Ганцоожийн хамт 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн орчим гэртээ харихаар явж байхад үл таних хоёр залуу бид хоёрын ард явж байгаад орилж, хашгираад байсан. Нэг залуу нь бид хоёр дээр ирж тамхи асуухаар нь “байхгүй” гэхэд бид хоёрыг явуулахгүй хэрүүл хийгээд байсан. Мөнгөнхуяг гэх залуу нь миний нүүр хэсэг рүү цохисон, тэгэхээр нь Мөнгөнхуяг гэх залуугийн нүүр хэсэгт нь цохиж бид нар хоорондоо зодолдсон. ...Би хохирол барагдуулж эмчилгээний төлбөр 500.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаартай; “...1.Г.М биед баруун хоншоор ясны хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд уруул дээр, доод эрүүнд хоёр тооны зулгаралт, хүзүүнд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, дээд уруулын дотор талд нэг тооны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байж болно. 5.Хоншоор ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 6.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

иргэн Ж.О “...хүү Г.М бусдад зодуулсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

З.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/,

яллагдагч З.Г-ийн “...Мөнгөнхуягийн биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/,

хохирогч Г.М “...Ганхуягт зодуулсан гэх хэрэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн З.Г-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч З.Г-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч З.Г нь 2022 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16 дугаар байрны гадаа Г.Мөнгөнхуягийг зодож, баруун хоншоор ясны хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд уруул дээр, доод эрүүнд хоёр тооны зулгаралт, хүзүүнд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, дээд уруулын дотор талд нэг тооны язарсан шарх бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Г.М “...хар өнгийн майк өмссөн залууг татаад холдуулах гэхэд эргэж хараад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон, би хамраа дараад хойшоо суухад миний хамраас их хэмжээний цус гарч ухаан алдсан. ...манай найз охин Төгсөө, найз Уламбаяр нар “хар майк өмссөн ах чамайг газар уначихсан байхад чинь цохиж байсан” гэж надад хэлсэн. ...хар майк өмссөн Ганхуяг гэх ах миний нүүр хэсэгт гараараа цохиж, надад гэмтэл учруулсан.” гэх,

насанд хүрээгүй гэрч Б.А-н “...Мөнгөнхуяг газар хэвтэж байхад нь хар майк өмссөн ах гараараа цохиод, чанга өшиглөөд байсан.” гэх,

гэрч Ө.А “...манай найз залуу дээгүүрээ шалдан, ...хамар нь цус гоожоод хавдчихсан, зүүн талын нүд нь хөхөрч, хавдчихсан байдалтай “намайг зодчихлоо” гээд үл таних хоёр хүнийг заасан. ...Тэр хоёр үл таних залуу нэг нь цагаан өнгийн подволктой, нөгөөдөх нь хар өнгийн майктай байсан.” гэх,

гэрч Ж.О “...бэр эгчийнхээ утсаар хүүтэйгээ ярихад “ээжээ би цус алдаад байна, нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очиход манай хүү Мөнгөнхуягийн хамраас цус гарсан байдалтай хүзүү, хоёр гар, шанаа нь нил цус болчихсон нүүр нь хавдартай байсан.” гэх,

гэрч Д.А “...Мөнгөнхуяг миний араас иртэл хар майктай залуу унагаагаад дээрээс нь дэвссэн.” гэх,

гэрч Б.Б-н “ ...Мөнгөнхуяг “зүгээр явж байхад бид нарыг яагаад муулаад байгаа юм” гэж хэлээд хоорондоо маргалдаж, тухайн хүмүүс дээр очиход Мөнгөнхуягийг хар өнгийн майк өмссөн ах унагаагаад дээрээс нь дэвсэж ухаан алдуулсан.” гэх,

З.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Мөнгөнхуяг гэх залуугийн нүүр хэсэгт нь цохиж бид нар хоорондоо зодолдсон. ...Би хохирол барагдуулж эмчилгээний төлбөр 500.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаартай; “...1.Г.Мөнгөнхуягийн биед баруун хоншоор ясны хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд уруул дээр, доод эрүүнд хоёр тооны зулгаралт, хүзүүнд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, дээд уруулын дотор талд нэг тооны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Ж.О “...хүү Г.Мбусдад зодуулсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

яллагдагч З.Г-ийн “...Мөнгөнхуягийн биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт,

хохирогч Г.Мөнгөнхуягийн “...Ганхуягт зодуулсан гэх хэрэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч З.Г-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч З.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч З.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүх хуралдааны үед улсын яллагчаас “...шүүгдэгч З.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, дүгнэлтийг гаргасан болно.

         Шүүх шүүгдэгч З.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

         Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хоншоор ясны хугарал бүхий  хүндэвтэр зэргийн гэмтэл, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 546 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хэдийгээр хохирогч нь “З.Гт зодуулсан гэх хэрэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг гаргаж хэрэгт хавсаргуулсан боловч хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтлүүдэд мэс засал эмчилгээ хийлгэхийг үгүйсгэхгүй, мөн шүүх хуралдааны үед шүүгдэгч З.Г шаардлагатай эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийг энэ гэмт хэргийн улмаас үүссэн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч З.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ