Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/87

 

 

 

 

 

 

2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр                         2020/ШЦТ/87                                      Зуунмод сум

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

            Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

            Хохирогч Д.Отгонжаргал,

            Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

ШүүгдэгчБ Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Б Цд холбогдох эрүүгийн 2034000110053 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Х Б Ц, 1968 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд  төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өвөр жанчивлан” рашаан сувилалд үйлчлэгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг 1 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Үүнд:

1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаартай.

 

            Холбогдсон хэргийн талаар:

            ШүүгдэгчБ Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            ШүүгдэгчБ Цын өгсөн: Төв аймгийн Эрдэнэ сум 5-р баг “Өвөржанчивлан” рашаан сувилал гэх газар өөрийн гэртээ 17 цагийн орчим ажлаа тарж ирээд, гал түлж, хоол ундаа бэлдээд байж байтал орой 18 цагийн орчим нөхөр Д.Отгонжаргал гаднаас жаахан үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Тэгээд надаас хэдэн цагаас ажил чинь тарсан юм гэж асуухаар нь би ажлаа тараад 17 цагт гэртээ ирсэн гэж хэлсэн. Тэгтэл нөхөр Отгонжаргал хэнтэй юугаа хийж явсан юм гээд хардах шинжтэй хэрүүл өдөөд байсан. Тэгээд бид хоёр хэсэг хугацаанд эвлэрээд сууж байгаад гэнэтхэн архи уухаар болоод нөхөр архинд явсан. Тэгээд дэлгүүрээс 0.75 гр-тай, 0.5 гр-тай хараа архи 2 шилийг авчраад бид хоёр хувааж уугаад их согтсон байсан. Нэг мэдсэн би нөхрөө хутгалчихсан байсан. Хаанаас хутга авснаа мэдэхгүй яасан талаараа санахгүй хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан. Тэгсэн нөхөр түргэн дуудуулсан байсан. Би сэрээд харсан чинь нөхрийн хэвлийн тус газар нь хутгалчихсан байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд Эрдэнэ сум руу авч явсан. Миний л хийсэн хэрэг учраас болгоомжгүй үйлдлээс болсон гэж бодож байна. Би нөхөр Отгонжаргалд нийт 500 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Би нөхрийнхөө гэдсэнд буюу хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж гэмтээсэндээ хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Энэ хүн намайг хилийн цэрэгт ажиллаж байсан юм чинь тасаг цэрэг оруулаа биз гэж хэлэхээр нь гэнэт уур хүрээд хутгалчихсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдраад 5 жил болж байна. Тухайн үйл явдал манай гэрт болсон. Бид хоёр гэрээ дотроос нь түгжсэн байсан. Өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг,

            Хохирогч Д.Отгонжаргалын өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивлан 5-р багийн 1 дүгээр гудамж 02 тоотод эхнэрЦын хамт амьдардаг. Би 2019 оны 12 дугаар сарын 21-ны орой 22 цагийн үед Өвөржанчивланд байх Рашаант нэртэй дэлгүүрээс 0,75, 0,5 гр-ын хараа архи 2 шилийг худалдаж аваад гэртээ ирээд эхнэрЦын хамт уусан. Тэгээд хоёулаа ууж сууж байгаад нэлээн согтоод маргалдаад би эхнэрээ хэн нэгэнтэй хардсан юм шиг байгаа юм. Тэгээд зогсохгүй урьдын амьдралыг сөхөж ярьсан. Тэгтэл манай эхнэр уурлаад гэнэт жижигхэн улаан иштэй тонгорог аваад хэвлий хэсэгт нэг удаа хатгачих шиг болсон. Тэгээд тэнэг юм уу хаашаа юм бэ гэж хэлээд би гэрээс гараад баруун талын айл болох төрсөн ах Даваагийнх руу ороод намайг хутгалчих шиг боллоо гэж хэлээд Даваа ах сумын эмнэлэг болон цагдаа дуудсан. Тухайн өдөр он дуусч 12 сарын цалин буусан байсан учраас уумаар санагдаад архи авч гэртээ харьсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдраад 5 жил болж байна. Миний хэвлий хэсэгт 3 см орчим орсон мэсний шархтай гэмтэл учирсан. Хагалгаа хийлгэсэн. Одоо эрүүл ажлаа хийж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Эмчилгээний зардал 500 000 төгрөг болсон манай эхнэрЦ төлсөн гэх мэдүүлэг,

           

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Гэрч Д.Бадамхандын өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 21-нд миний бага дүү Отгонжаргал нь гэртээ эхнэртэйгээ ууж байгаад хоорондоо маргалдаж миний дүүг цээжин тус газар нь нэг удаа хутгалсан байсан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудаад Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтүүлсэн. Отгонжаргалын цээжний баруун хэсэгт хутгалсан. Элэг рүү нь хутга нэвтэрч гэмтээсэн, хагалгаанд ороод гарч ирсэн. Урьд нь архи уухаараа дандаа маргалдаж байдаг гэсэн. Манай дүү архи уухаараа эхнэртэй агсан тавиад хоорондоо таарахгүй байдал гаргаад байдаг юм. Тэр хоёр урьд нь хоорондоо маргалдаж л байсан харин зодолдож байгаагүй гэх мэдүүлэг /хх 13-14/,   

 

            Гэрч Б.Дашдондогийн өгсөн: Б.Отгонжаргал миний төрсөн дүү одоогоор Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Өвөр жанчивлан” ХХК-нд галчаар ажиллаад 4-5 жил болж байна.Б Ц манай дүү Отгонжаргалын эхнэр хамтран амьдраад 4-5 жил болж байгаа.Б Ц “Өвөр жанчивлан ХХК-нд шаврын бэлтгэгчээр ажилладаг. 2019 оны 12 дугаар сарын 21-ны орой 22:30 цагийн үед манай дүү Отгонжаргал байшингийн цонх нүдээд байхаар нь хаалга онгойлгоход Отгонжаргал байна намайгЦ хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь эмнэлэг рүү залгаад эмч дуудсан удалгүй эмч, цагдаа нар ирээд аваад явсан. Тэр өдөр цалин нь буусан байсан. Цагдаа ирэхээр нь цагдаатай хамт гэрт нь ороход гэрт нь 2 архины шил байсан. Тухайн өдөр тэр хоёр хоёулаа уусан байх. Манайх хажуу талын хашаанд байдаг болохоор хүн ирвэл шуугаад мэдэгдэнэ. Гэртээ хоёулаа байдаг. Манай хоёр дүү хоёр талаасаа хүүхэдтэй. Отгонжаргал 2 хүүхэдтэй хоёр хүүхэд нь гадаадад байдаг.Ц 3 хүүхэдтэй хотод байдаг. Отгонжаргал цээж нүцгэн бандааштайгаа гэрт орж ирээд би хутгалуулчихлаа гэхэд зүүн хэвлий өрцний доод хэсэгт зүсэгдсэн хавдсан байдалтай байсан. Манай хоёр дүү нийлж архи уудаг. Отгонжаргал бол байнга шахуу архи уудаг би хэлж л байсан гэх мэдүүлэг /хх 19-20/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №595 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Д.Отгонжаргалын биед хэвлийн тус  зүүн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний III сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна." гэжээ /хх 21-24/,

 

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-6/, төлбөрийн баримт /хх 25/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай  тэмдэглэл /хх 5-6/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 59-61/, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх 64-78/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно. 

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

            ШүүгдэгчБ Ц нь 2019 оны 12 дугаар сарын 21-ны шөнө 21-22 цагийн хооронд Эрдэнэ сумын Өвөржанчивлан 5 дугаар багийн нутаг 1 дүгээр гудамжны 02 тоотод хамтран амьдрагч Д.Отгонжаргалтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болох хутгаар  хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь “хэвлийн тус  зүүн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний III сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

ШүүгдэгчБ Цын өгсөн: "...дэлгүүрээс 0.75 гр-тай, 0.5 гр-тай хараа архи 2 шилийг авчраад бид хоёр хувааж уугаад их согтсон байсан. Нэг мэдсэн би нөхрөө хутгалчихсан байсан. Хаанаас хутга авснаа мэдэхгүй яасан талаараа санахгүй хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан. ...тухайн үйл явдал манай гэрт болсон. Бид хоёр гэрээ дотроос нь түгжсэн байсан. Өөр хүн байгаагүй" гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Отгонжаргалын өгсөн: "Би Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивлан 5-р багийн 1 дүгээр гудамж 02 тоотод эхнэрЦын хамт амьдардаг. Би 2019 оны 12 дугаар сарын 21-ны орой 22 цагийн үед Өвөржанчивланд байх Рашаант нэртэй дэлгүүрээс 0,75, 0,5 гр-ын хараа архи 2 шилийг худалдаж аваад гэртээ ирээд эхнэрЦын хамт уусан. Тэгээд хоёулаа ууж сууж байгаад нэлээн согтоод маргалдаад би эхнэрээ хэн нэгэнтэй хардсан юм шиг байгаа юм. Тэгээд зогсохгүй урьдын амьдралыг сөхөж ярьсан. Тэгтэл манай эхнэр уурлаад гэнэт жижигхэн улаан иштэй тонгорог аваад хэвлий хэсэгт нэг удаа хатгачих шиг болсон. Тэгээд тэнэг юм уу хаашаа юм бэ гэж хэлээд би гэрээс гараад баруун талын айл болох төрсөн ах Даваагийнх руу ороод намайг хутгалчих шиг боллоо гэж хэлээд Даваа ах сумын эмнэлэг болон цагдаа дуудсан.Тухайн өдөр он дуусч 12 сарын цалин буусан байсан учраас уумаар санагдаад архи авч гэртээ харьсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдраад 5 жил болж байна. Миний хэвлий хэсэгт 3 см орчим орсон мэсний шархтай гэмтэл учирсан." гэх мэдүүлэг,

            Гэрч Д.Бадамхандын өгсөн: "2019 оны 12 дугаар сарын 21-нд миний бага дүү Отгонжаргал нь гэртээ эхнэртэйгээ ууж байгаад хоорондоо маргалдаж миний дүүг цээжин тус газар нь нэг удаа хутгалсан байсан." гэх мэдүүлэг /хх 13-14/,   

Гэрч Б.Дашдондогийн өгсөн: "2019 оны 12 дугаар сарын 21-ны орой 22:30 цагийн үед манай дүү Отгонжаргал байшингийн цонх нүдээд байхаар нь хаалга онгойлгоход Отгонжаргал байна намайгЦ хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь эмнэлэг рүү залгаад эмч дуудсан удалгүй эмч, цагдаа нар ирээд аваад явсан. Тэр өдөр цалин нь буусан байсан. Цагдаа ирэхээр нь цагдаатай хамт гэрт нь ороход гэрт нь 2 архины шил байсан. Тухайн өдөр тэр хоёр хоёулаа уусан байх." гэх мэдүүлэг /хх 19-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №595 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Д.Отгонжаргалын биед хэвлийн тус  зүүн дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний III сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна." гэжээ /хх 21-24/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-6/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай  тэмдэглэл /хх 5-6/, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх 64-78/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "Миний л хийсэн хэрэг учраас болгоомжгүй үйлдлээс болсон гэж бодож байна." гэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчБ Цыг тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хөнгөмсөгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хөнгөмсөгөөр найдах гэдэг нь: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан, гэмт  хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн нийгэмд аюултай хор уршигт хүргэж болох боломжийг урьдаас мэдсэн байна. Хүсэл зоригийн хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдаас мэдсэн боловч гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн байна.  

            Хайхрамжгүй хандах гэдэг нь: Гэмт хэрэгт үйлдэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан, өөрийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байна. Хүсэл зоригийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учрахыг мэдэлгүй үйлдсэн байхыг хэлнэ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтэд: Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийг гэнэт хоромхон зуур үйлдсэн. Хохирогчийн "чи хилийн цэрэгт ажиллаж байсан юм чинь салаа цэрэг оруулаа биз" гэж хэлсний улмаас миний үйлчлүүлэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан. Хохирогч муухай үг хэллэг хэрэглэж доромжилсноо хүлээн зөвшөөрдөг, үүний улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон тул хэргийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулах зүйл хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэсэн нь,  

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдэх гэдэг нь хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, хууль бус бусад  үйлдлийг ойлгох бөгөөд;

хүчээр дарлагдсан гэдэг нь хүч хэрэглэн бие махбодид нь халдахаас гадна айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөл, үйлдлийн алинаар ч илэрч болно.

Хүндээр доромжлох гэдэг нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр гутаасан зэргээр илэрнэ.

Хууль бус бусад үйлдэл гэдэгт гэм буруутай этгээд буюу түүний ойр дотны хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хүчээр дарлах, хүндээр доромжлохоос бусад хууль бус үйлдлүүдийг хамааруулан ойлгоно. Тухайлбал: эд хөрөнгийг нь авахаар далайлган сүрдүүлэх, устгах гэмтээх, хүний төрөлхийн болон жам ёсны эрхийг хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх гэх зэргээр.

 

            Иймд шүүгдэгчийн гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, түүний өмгөөлөгчийн шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг дээрх гэм буруугийн агуулга, хэлбэр болон санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаныг тодорхойлох асуудлаас шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг  хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчБ Ц, хохирогч Д.Отгонжаргал нарын мэдүүлгээс шүүгдэгч, хохирогч нар нь 2019 оны 12 дугаар сарын 21-ны орой өөрсдийн амьдрах гэртээ 0.75 гр-тай, 0.5 гр-тай 2 шил архи хувааж уусан, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо таарамжгүй харьцаатай хэрэлдэж маргалддаг байсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...хааяадаа тэгсэнгүй ингэсэнгүй гэх мэтээр жижиг маргаан гардаг байсан." /хх 10-11, гэрч Д.Бадамхандын өгсөн: "...Урьд нь архи уухаараа дандаа маргалдаж байдаг гэсэн. Манай дүү архи уухаараа эхнэртэй агсан тавиад хоорондоо таарахгүй байдал гаргаад байдаг юм. Тэр хоёр урьд нь хоорондоо маргалдаж л байсан харин зодолдож байгаагүй." /хх 13-14/, гэрч Б.Дашдондогийн өгсөн: "Манай хоёр дүү нийлж архи уудаг. Отгонжаргал бол байнга шахуу архи уудаг би хэлж л байсан." гэх мэдүүлгүүд /хх 19-20/ авагджээ.

 

            ШүүгдэгчБ Ц нь зэвсэг хэрэглэн  хүний биед гэмтэл учруулж болохыг лавтай сайн мэдэж байсан ба хохирогчийн үйлдлийг таслан зогсоох, хязгаарлах, өөрийн дургүйцлийг мэдрүүлэх санаа зорилготой байсан нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

            Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгох тул шүүгдэгчБ Цыг архидан согтуурсан үедээ хохирогчийг хэл амаар доромжилсон шалтгаанаар зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэж үзэн,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчБ Цыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчБ Ц нь гэм хорын хохиролд хохирогч Д.Отгонжаргалд 500 000 төгрөг өгсөн талаар мөн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгчБ Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 6 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 3 жил 4 сар хорих ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            ШүүгдэгчБ Ц нь урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 59-61/-аар тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний  хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

            Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д "...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна..." гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

           

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдал /хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч нь 1968 оны 02 дугаар сарын 22-нд төрсөн, 52 настай, Төв аймгийн Өвөржанчивлан ХХК-нд шаврын туслахаар тогтвор суурьшилтай ажиллаж байсан/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн 2034000110053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хуванцар иштэй 14,5 см урттай төмөр эвхдэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

            битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Х Б Цыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчБ Цыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

             

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ Цд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн 2034000110053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хуванцар иштэй 14,5 см урттай төмөр эвхдэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

            5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчБ Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                     ШҮҮГЧИД                                         Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                               Т.БАТЖАРГАЛ