| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0371/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/374 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/374
2019 12 12 2019/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэг,
Шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт А-н Х ад холбогдох эрүүгийн 1934010200506 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овогт А-н Х , 1970 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанжуулсан фермын мехникжуулагч мэргэжилтэй, ам бүл ганцаараа Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багт оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэгдэж байсан, үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,
2.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,
3.Сум дундын 23 дугаар шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, НН70030376 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Х ын өгсөн: Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардалгагүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Д.Н-н гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 6-8/,
А.Х ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 9-10, 36-37/,
гэрч Ж.Эрдэнэчимэг /хх 3/, Г.Нарангэрэл /хх 40/ нарын өгсөн мэдүүлгүүд,
эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-22/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх 28-31/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/,
хохирогч, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 47-49/,
шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 50-58/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.Х нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багийн нутаг “Ар урт” гэх газар иргэн Д.Нарангэрэлийн гэрт хохирогч Д.Н-н толгойн тус газар модон сандалаар цохиж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "толгойн хуйханд шарх, хамарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч А.Х ын өгсөн: "2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн үед гэртээ байж байхад Нарангэрэл гэх хүн үхэр гаргалцаад өгөөч гэхээр нь хамт очоод гэрт нь очсон. Нарангэрэлийн гэрт Н , Нарангэрэл бид гурав 0.75 гр-тай Тэргүүн архи хувааж уусан. Нарангэрэл үхрээ олж ирнэ гээд 1 цаг гаруй яваад үхрээ ололгүй ирсэн. Н надад уурлаж хонь буруу зааж өгсөн. Хонио олсонгүй чи хулгай хийх гэж хонь уул руу гаргасан биз гэхээр нь би уурлаад чи хулгайч уу би хулгайч уу гэхэд Н миний дээлний захнаас заамдаад авахаар нь өөрийн сууж байсан шар өнгөтэй жижиг модон сандалаар Н-н толгой руу нэг удаа цохисон. Тэгэхэд Н-н толгойноос цус гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 35-36/,
Хохирогч Д.Н-н өгсөн: "Нарангэрэл гэх айлд очоод юм яриад хоол унд идээд сууж байтал гаднаас Х орж ирсэн. Би Нарангэрэл гуайта 0.75 гр-ын 1 шил архи ууж байсан түүнээс Х ууж байгаа харагдсан. Манай хонь хаагуур байна гэхэд доод пойлны зүг явсан гэхээр нь архи ууж дуусаад пойлоор хонио хайгаад олоогүй. Нарангэрэл гуайнд очход Х сууж байхаар нь чи надад хонь буруу зааж өглөө гэхэд миний толгой руу модон сандалын тавцан хэсгээр цохисон. Х надад эмчилгээний зардалд 300 000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх 2-3/,
Гэрч Ж.Эрдэнэчимэгийн өгсөн: Намайг очиж нөхрөө авахад Нарангэрэл гэх хүн согтуу байсан. Нарангэрэл надад Х энэ сандалаар цохисон гээд шар өнгийн модон сандал заасан. Бид над цусыг нь цэвэрлээд өгөхөд мотоциклоо унаад гэртээ харина гээд явсан. Би араас нь тугалдаа явж байтал мотоциклынхоо хажуу талд ухаан алдсан байсан гэх мэдүүлэг /хх 3/,
Гэрч Г.Нарангэрэлийн өгсөн: "Манай урд талын өвөлжөөнд байдаг Н-н үхэр тугал манай хажууд байсныг авах гэж манай гэрт ороод ирсэн. Х манайд ороод ирсэн. Тэгэхээр нь би 0.75 литрийн архи гаргаж бид гурав хувааж уусан. Н үхэр тугал хониндоо явна гээд мотоциклтойгоо явсан. Би үхэртээ яваад үдээс хойш ирэхэд Х манай сууж байсан. Тэгтэл Н орж ирээд цай уугаад сууж байснаа Х Н руу чи гэрийн гадуур малаа тууж услаж байна малын бэлчээр малаар идүүлж байна гэхэд Н би ганцаараар малаа услаж идүүлж байгаа юм уу гэж хэлтэл Х өөрийн сууж байсан шар өнгийн модон сандалаар Н-н толгойн тус газар нэг удаа цохисон." гэх мэдүүлэг /хх 39/,
Модон материалаар хийгдсэн 4 хөл болон давцан хэсгээс бүрдсэн өндөр нь 30 см, өргөн нь 25 см, шар өнгөтэй модон сандалыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-22/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 797 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Д.Н-н биед толгойн хуйханд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна." гэх /хх 28-29/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч А.Х ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч А.Х ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч А.Х нь гэм хорын хохиролд хохирогч Д.Н од 300 000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон хохирогч өөр гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх 47-49/ гаргасан байна.
Иймд шүүгдэг А.Х ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Х , хохирогч Д.Н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч А.Х ад ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч А.Х ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч А.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934010200506 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 хөл болон давцан хэсгээс бүрдсэн өндөр нь 30 см, өргөн нь 25 см, шар өнгөтэй модон сандалыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Г.Нарангэрэлд олгож,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт А-н Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч А.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Х ад оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934010200506 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 хөл болон давцан хэсгээс бүрдсэн өндөр нь 30 см, өргөн нь 25 см, шар өнгөтэй модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн иргэн Гомбын Нарангэрэлд олгосугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ