Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 22320000980092 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1983 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг, 45 дугаар байр, 39 тоотод оршин суух, Зунмен ХХК-д жолооч ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, ******* овогт ******* ******* /рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Ноёдын гудамжинд иргэн ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Пүрэвдоржийн хашаанаас бууц ачиж байхад Төмөрхуяг архи авч ирээд бид нар архи уусан. Архи уугаад би согтоод Төмөрхуягтай маргалдаад зодсон байна лээ. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн

хэрэгтээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232000980092 тоот хавтаст хэргээс

 

   Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний хувьд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. *******ын хадам аав машин дотроо тасраад унтаж байсан. Харин түүний хүү болсон асуудлын талаар сайн мэдэж байгаа. Харж байсан. ******* ахын ээж Бямбацэцэг аав “ аав Төмөрхуяг ахыг алаад хаячих гээд зодоод байхаар нь аавыгаа аваад явсан” гэж ярьсан тухай Бямбацэцэг эгч надад ярьсан. ...Би маш их гомдолтой байна. Эмчилгээнд шаардагдах зардлыг нэхэмжилнэ. ...Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэг танилын ах болох Доржоогийн гэрт очсон. Намайг манай эхнэрийн талын хамаатан болох ******* тэр айлаас малын бууц авах гээд ирсэн байсан. Тэгээд тэр айлын гадаа хашаан дотор ******* түүний хадам аав/нэрийг нь санахгүй байна/нарын хамт архи ууцгаасан. Тэнд эхэлж 3 шил архи уугаад ******* ах бид нар ачсан. Бууцаа хадам аавынх нь хашаанд буулгаж өгсөн. ... Тэнд очоод б нэлээн согтсон ******* ах ч нэлээн согтсон байсан. Тэгээд тэнд юунаас болж маргалдаж эхэлсэн гэдгээ сайн санахгүй байна.Би согтуу ******* ахыг пиздаа гэж хэл амаар доромжилсон. Гэтэл ******* ах намайг ахыгаа хүндэлсэнгүй гэж уурлаад бидний дунд маргаан эхэлсэн юм шиг байгаа юм. Тэнд ******* намайг гараараа нүүрэн тус газар цохиж унагаад нүүр болон толгой дээр дэвсчихсэн. Тухайн үед ******* ахын хүүхдээс өөр хүн байгаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20, 22-23  дугаар хуудас/

Насан хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай хичээл 14 цагт тараад би гэр лүүгээ очиж хувцас өмсөөд аав *******ын бууц ачиж байсан айл болох Доржоо гэх айл руу оёсон. Намайг очиход аав өвөө Дэмчигдорлиг нар Доржоо ахын хашаанаас бууц ачиж байсан. Тэгээд би тэдний хамт бууц ачиж байх хооронд Төмөрхуяг ах ирсэн. Намайг очиход аав, өвөө хоёр архи уучихсан халамцуу байсан бөгөөд Төмөрхуяг ах эрүүл байсан. Бид бууцаа ачиж дуусаад замын урд Баянбулагийн гудамжны 1-3 тоотод хашаанд буулгаад буцаад дахин Доржоо ахын хашаа руу явцгаасан. Тэгж буцаж явахдаа манай өвөө дэлгүүрээс нэг шил архи аваад Доржоо ахын хашаанд очоод тэр гурав ууцгаасан. Би харин бууцаа ачиж байсан. Удалгүй өвөө тасарч унаад  машин дотроо унтаад өгсөн. Үлдсэн архийг аав , Төмөрхуяг нар уугаад үлдсэн. Намайг бууцаа ачиж байхад аав Төмөрхуягийг “Чи жаахан бууц ачилцаад өгчих гэхэд нь Төмрөө ах чадахгүй би яахаараа бууц ачдаг юм бэ пиздаа минь” гэх мэтээр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Би тэгээд бууцаа ачиж байгаад эргээд хартал Төмөрхуяг ах газар хэвтчихсэн аав дээр нь гарчихсан “чи яагаад намайг пиздаа минь гэдэг юм” гээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Төмрөө ах тэр хоёр бие биеийгээ заамдалцсан байдалтай байсан бөгөөд би шууд ачиж аавыг дээрээс нь салгаж шууд машинд суулгаад аваад явсан. ...Төмөрхуяг аавын биед халдаж цохисон эсэхийг нь би хараагүй. Намайг бууц ачиж байгаад эргээд хартал  Төмөрхуягийн дээр аав гарчихсан нүүр рүү нь гараараа цохиж байсан. Тэгээд би шууд салгаж аавыг авч явсан. Өөрөөр аав Төмөрхуягийн биед халдаж цохисон эсэхийг нь хараагүй. Би Төмөрхуягийн биед халдаж цохисон зүйл байхгүй. ...Намайг Төмөрхуягийн дээрээс аавыг салгахад түүний хамраас цус гарчихсан байсан. Аавын биед ил харагдах гэмтэл шарх цус байгаагүй. Тэр хоёр нэлээд согтчихсон байсан. Аль аль нь үйлдлээ хянах чадваргүй тасарчихсан байсан байх гэж бодож байна. Тухайн үед надаас өөр хүн байгаагүй.Доржоо ахын гэрт нь хүн байхгүй биднийг бууц ачиж байхад гараад явцгаасан байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25-26 дугаар хуудас/   

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч *******ийн ******* аймгийн мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 6 дугаар хуудас/

Согтуурал шалгасан тэмдэглэл/Хх-ийн 7 дугаар хуудас/

******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №2933 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 29-32 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн №87 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1. *******ийн биед баруун талын нүдний ухархайн дотор ханын хугарал тархи доргилт завжинд язралт хоёр нүдний зовхи, салст, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун чамархай, хоёр талын нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруул орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд  нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Хохирогчийн хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй тухай хүсэлт /Хх-ийн 59 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 60 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Ноёдын гудамжинд хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун талын нүдний ухархайн дотор ханын хугарал тархи доргилт завжинд язралт хоёр нүдний зовхи, салст, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун чамархай, хоёр талын нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруул орчмын зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /Хх-ийн 20, 22-23 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 25-26 дугаар хуудас/,шүүгдэгч *******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 40 дугаар хуудас/, Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 29-32 дугаар хуудас/,******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №87 дугаартай дүгнэлт/Хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч ******* нь баруун талын нүдний ухархайн дотор ханын хугарал тархи доргилт завжинд язралт хоёр нүдний зовхи, салст, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун чамархай, хоёр талын нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруул орчмын зөөлөн эдийн гэмтэл учирсныг гэмт хэргийг улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт гаргаж ирүүлсэн эмчилгээний зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх ба шүүгдэгч *******ын зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нотлох баримтаар 1189230 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Ноёдын гудамжинд хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун талын нүдний ухархайн дотор ханын хугарал тархи доргилт завжинд язралт хоёр нүдний зовхи, салст, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун чамархай, хоёр талын нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруул орчмын зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг 600/зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эмчилгээний зардалд 1189230/нэг сая нэг зуун наян есөн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц:*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ