Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 

 2022         08            31                                    2022/ШЦТ/294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Г-д холбогдох эрүүгийн 2225000000339 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Ц.Г

Шүүгдэгч Ц.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-2 дугаар байрны хойд талд гадаа иргэн Ч.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ч.Б “...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед ажлынхантайгаа уулзаад дэлгүүрээс нэг шил 0.75л архи аваад Согоот багийн 6-16 дугаар байрны саадан дотор арвуулаа уусан. Тэндээсээ бүгд салаад Гэрэлт-Од, Даваа хоёр надтай үлдээд бид гурав дахиад нэг шил 0.75л архи аваад манай гэрийн гадаа уусан, авсан архиа ууж байхдаа Гэрэлт-Од над руу агсараад, үгээр идээд байсан, би урдаас нь янз бүрийн үг хэлээгүй, чимээгүй байж байгаад “гэр рүүгээ явлаа” гээд босоод явтал миний араас чих рүү цохиход нь би газар унасан, миний дээр гарчихсан дэвсээд, үснээс зулгаагаад чирээд байсан. Би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэтэл “яасан их цагдаа дууддаг п***а вэ” гээд миний гар утсыг аваад дэвсээд дэлгэц нь хагарсан. ...Зүүн чих хэсэгтээ 5 оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

          Ц.Г сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Даваа бид хоёр хамгийн сүүлд үлдээд харих гэж байсан чинь Ч.Б“ганц юм хамт ууя, би аваад өгье” гээд бид гурав 6-2 дугаар байрны хойд талын сандал дээр авсан архиа уусан. ...Даваа түрүүлээд яваад өгсөн. Ч.Ббид хоёр үлдээд архиа ууж байгаад нэг мэдсэн чинь маргалдаад, яг юунаас болоод хэрүүл, маргаан хийгээд, ...хэрхэн, яаж зодсоноо санахгүй байна, ямар ч байсан цагдаа ирчихсэн, Ч.Баярсайханы нүд нь хавдчихсан, зүүн чихнээс нь цус гарчихсан байсан, гэнэт ухаан ороод Ч.Баярсайханыг зодож гэдгээ мэдсэн. ...цагдаа дуудах гэхээр нь болиулах гээд утсыг нь булаацалдаж байгаад газарт унагасан, гар утсыг нь эвдэж дэвсээгүй. Би Ч.Баярсайханы биед халдан зодож, гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 21 дэх тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 584 дугаартай; “...1.Ч.Баярсайханы биед зүүн нүдний алимны доргилт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, хуйханд дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр чихний дэлбээ, хүзүү, нурууны дээд хэсгээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Зүүн нүдний алимны доргилт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Хуйханд дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, хоёр чихний дэлбээ, хүзүү, нурууны дээд хэсгээр зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт оношлогдсон ба энэ нь хуучин гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

хохирогч Ч.Баярсайханы “зүс таних хүнд зодуулсан” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

хохирогч Ч.Баярсайханаас гаргаж өгсөн, эрүүл мэндийн үйлчилгээ авсны 70.000 төгрөгийн, компьютерт томограф /СТ/ тодосгогч бодисгүй толгойн зурагны үнэ 150.000 төгрөгийн, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын нүдний өвчний эмчилгээний 10.000 төгрөгийн, “Хүслэн зул” ХХК-ийн эм тарианы 502.400 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 40-44 дэх тал/,

Ц.Г иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50, 25 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан;

хохирогч Ч.Б “...миний бие эмчилгээний зардал 700.000 төгрөг, утасны дэлгэцний 150.000 төгрөг, куртикны мөнгө 150.000 төгрөгийг Ц.Гэрэлт-Одоос 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр авлаа. Одоо надад санал гомдол, хохирол байхгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 52 дахь тал/,

яллагдагч Ц.Г “...би Ч.Баярсайханы биед гэмтэл учруулсан, мөн гар утас, куртикны мөнгө 1.000.000 төгрөгийг өгч хохирлыг барагдууллаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 53, 60 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Ц.Г сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч Ц.Г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ц.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-2 дугаар байрны гадаа иргэн Ч.Б зодож, түүнд зүүн нүдний алимны доргилт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ч.Б “...Гэрэлт-Од над руу агсараад, үгээр идээд байсан, ...“гэр рүүгээ явлаа” гээд босоод явтал миний араас чих рүү цохиход нь би газар унасан, миний дээр гарчихсан дэвсээд, үснээс зулгаагаад чирээд байсан. Би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэтэл “яасан их цагдаа дууддаг п***а вэ” гээд миний гар утсыг аваад дэвсээд дэлгэц нь хагарсан. ...Зүүн чих хэсэгтээ 5 оёдол тавиулсан.” гэх,

          Ц.Г “...Ч.Баярсайханы нүд нь хавдчихсан, зүүн чихнээс нь цус гарчихсан байсан, гэнэт ухаан ороод Ч.Баярсайханыг зодож гэдгээ мэдсэн. ...Ч.Баярсайханы биед халдан зодож, гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 584 дугаартай; “...Зүүн нүдний алимны доргилт, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

хохирогч Ч.Баярсайханы “зүс таних хүнд зодуулсан” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл,

хохирогч Ч.Б-с гаргаж өгсөн, эрүүл мэндийн үйлчилгээ авсны 70.000 төгрөгийн, компьютерт томограф /СТ/ тодосгогч бодисгүй толгойн зурагны үнэ 150.000 төгрөгийн, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын нүдний өвчний эмчилгээний 10.000 төгрөгийн, “Хүслэн зул” ХХК-ийн эм тарианы 502.400 төгрөгийн баримтууд,

хохирогч Ч.Б “...миний бие эмчилгээний зардал 700.000 төгрөг, утасны дэлгэцний 150.000 төгрөг, куртикны мөнгө 150.000 төгрөгийг Ц.Гэрэлт-Одоос 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр авлаа. Одоо надад санал гомдол, хохирол байхгүй.” гэсэн хүсэлт,

яллагдагч Ц.Г “...би Ч.Баярсайханы биед гэмтэл учруулсан, мөн гар утас, куртикны мөнгө 1.000.000 төгрөгийг өгч хохирлыг барагдууллаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Ц.Г холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Хоёр: Шүүгдэгч Ц.Г эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Ц.Г холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

          Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.Б эрүүл мэндийн үйлчилгээ авсны 70.000 төгрөгийн, компьютерт томограф /СТ/ тодосгогч бодисгүй толгойн зурагны үнэ 150.000 төгрөгийн, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын нүдний өвчний эмчилгээний 10.000 төгрөгийн, “Хүслэн зул” ХХК-ийн эм тарианы 502.400 төгрөгийн баримтууд гаргаж хэрэгт хавсаргуулсан байна.

          Хохирогч Ч.Б “...миний бие эмчилгээний зардал 700.000 төгрөг, утасны дэлгэцний 150.000 төгрөг, куртикны мөнгө 150.000 төгрөгийг Ц.Гэрэлт-Одоос 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр авлаа. Одоо надад санал гомдол, хохирол байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ