| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0117/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/109 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/109
2020 03 31 2020/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Б С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л Б Сд холбогдох эрүүгийн 1934002920050 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л Б С, 1986 оны 12 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Маньзав гудамжны 8-5 тоотод оршин суух, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүрх судасны их эмч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б Сгийн өгсөн: Миний бие мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин ярих зүйл алга байнаа гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх 77-79, 80-81/, гэрч Т.Золбоотын өгсөн мэдүүлэг /хх 84-85/, гэрч А.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх 86-87/, гэрч С.Батбаатарын өгсөн мэдүүлэг /хх 90-91/, шинжээч Ц.Түвшингийн өгсөн мэдүүлэг /хх 112-113/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 93-94/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/500 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 103-104/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 45 дугаартай дүгнэлт, хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 18/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 17/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 19-20/, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 95-98/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 118/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 132-135/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б С нь Л.Баярсайханы эзэмшлийн 5772 ДГА улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад өглөөний 06 цагийн орчим Төв аймгийн Баян сумын Оорцогийн баруун дор гэх газарт байх хатуу хучилттай асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” дахь заалтад заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Баярсайханы амь нас хохироосон болох нь:
шүүгдэгч Б Сгийн өгсөн: Би Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрх судасны их эмчээр ажилладаг. Мөн ажлынхаа хажуугаар хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 4-р сарын 17-ны өглөө 06:00 цагт өнгөрч байхад би аав Баярсайханы хамт 5772 Тоёота приус тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Сайншанд сумаас гараад аав машин барьж явж байгаад Говьсүмбэр аймаг нилээд өнгөрч явах замдаа зогсоод би машин барьсан би машин бариад хөдлөөд засмал замын зүүн гар талын эгнээнд урдаас хойш чиглэлтэй явж байтал замын нөгөө эгнээнд хойноос урагшаа чиглэн явж байсан хар өнгийн машин ирж байсан. Тэр үед манай урсгалд зам нь эвдэрсэн байхаар нь тойрч гарах гэж рулээ дарсан цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Хэр удсанаа мэдэхгүй ухаан ороод хөдлөх гэсэн нуруу өвдөөд байхаар нь ааваа гэж дуудсан чинь аавын нүүр нь цус болчихсон ухаангүй, судсыг бариад үзэхэд цохиж байгаа юм шиг байсан. Би жолооч талын хаалганы цонх хагарсан байхаар нь гараад зам руу гарч утсаар түргэн дуудаж гэрийнхэндээ хэл хүргэсэн. Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй хурдны миллээ хараагүй. Тухайн үед цаг агаар салхитай байсан үзэгдэх орчин саадгүй байсан. Тээврийн хэрэгсэл хэвийн ямар нэгэн эвдрэлгүй байсан гэх мэдүүлэг /хх 116-117/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 9:36 цагт танихгүй дугаараас залгаад байсан. Тэгсэн охин залгаад аав бид хоёр осолд орсон гэж хэлсэн. Тэгээд би Дорноговь аймгийн төвөөс шууд төрсөн дүүгийн хамт гарсан. Ослын газар ирэхэд талийгаачийг машинаас гаргаад манай хүү Сонинбаяр машиндаа оруулаад хэвтүүлсэн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Манай охин Б С барьж явсан байсан. Надад болон манай гэрийнхэнд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг” /хх 77-81/,
гэрч Т.Золбоотын өгсөн: 4 дүгээр сарын 17-ны орой 21:40 цагт Говьсүмбэр аймгаас залгаад “Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл осолдсон” гэсэн дуудлага ирлээ. Очиж шалгаад хариу хэлээрэй Баян эсвэл манай нутаг байж магадгүй гэсэн. Дуудлага өгсөн хүн нь миний урд явж байсан тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нойрмоглож байгаа юм шиг 2 тийш нь дайвалзаж байгаад замын хажуу тал руу унасан гэж хэллээ гэж дамжуулсан. Тэгээд ослын газар очиход машин барьж явсан гэх эмэгтэй нь Баян сумын эмнэлгийн машин дотор, талийгаач машины урд талын зорчигч суудал дээр нас барсан байдалтай байсан. Тэгээд би хэргийн газрын хамгаалалт авч ажилласан. Ойролцоогоор 20-30 минутын дараа очсон. Ямар ч хар өнгийн машин зөрөөгүй. Ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Намайг очиход, намайг хар өнгөтэй машин шахсан гэж хэлэхээр нь жижүүр рүү ярьж эмэгтэй жолооч машин шахаад унасан байна гэхэд дуудлага өгсөн жолооч эсрэг урсгалд ямар ч машин байхгүй нойрмоглож байгаа юм шиг 2 тийш дайвалзаад зам руу унасан гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх 84-85/,
Гэрч А.Бямбасүрэнгийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Би Улаанбаатар хотоос гадаадын жуулчдыг аваад 06:30 цагт гарсан. Тэгээд Төв аймгийн Баян сум өнгөрөөд ойролцоогоор 60 км явж байхад эсэрг урсгалд явж байсан мөнгөлөг өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл замын хагархай тойрч байгаа юм шиг рулээ дараад манай урсгалд орж ирээд миний урд явж байсан Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх шахсан. Тэгсэн 470 маркийн машин засмал замаас гараад замын хажуу талын хөвөөгөөр яваад приус 20 маркийн машиныг өнгөрөөгөөд буцаад засмал зам руу орсон. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч сандарсан юм шиг буцаж эгнээ рүүгээ огцом ороод цааш замын хөвөө хэсэг рүү гарах гэж байснаа буцаад огцом дараад жолоодлого алдаад эсрэг урсгал руу орж замын хажуу талын жалга руу орсон. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. Миний урд талд Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Өөр машин бол байгаагүй. Тэгээд би зам эвдрэлтэй байгаа юм шиг харагдаад байхаар нь урдаа байгаа машины араас ороод мөргөчихөж магадгүй гэж санаад зайтай явж байсан. Миний урд явж байсан лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд явж байсан тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг эсрэг урсгал руу орж шахаж замаас гаргасан зүйл байхгүй. Өөрийнхөө урсгалд явж байсан. Харин приус 20 маркийн тээврийн хэрэгсэл манай урсгал руу орж ирээд урсгал сөрөөд авто осол гарах дөхсөн.Тэр 470 жолооч самбаачилж замаас гарч яваагүй бол мөргөлдөх гэж байсан. ...урд явсан машиныг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Гэхдээ надаас тасрахгүй зайгаа бариад яваад байсан. Миний машинд хар хайрцаг байхгүй. Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай явж байсан. Эсрэг урсгал руугаа ороод буцаад өөрийнхөө урсгалд орохдоо жолоодлогоо алдаад машиных нь бөгс хаялаад байсан гэх мэдүүлэг /хх 86-87/,
шинжээч Ц.Түвшингийн өгсөн: Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй явна." мөн 12.3 "Монгол Улсын замын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." дахь заалтыг Б С нь зөрчсөний улмаас осол гарсан. Хэрэгт авагдсан бичгийн болон гэрчийн мэдүүлэг эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгсэл 5772 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан гэж үзэхгүй. Б С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол болсон. Осолд өөр нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар зорчигч осол болоход нөлөөлсөн байдал тогтоогдоогүй. Зорчигч саад учруулсан эсэхийг тогтоох боломжгүй гэх мэдүүлэг /хх 112-113/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.Талийгаач Л.Баярсайханы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний С5-р нугаламын хугарал, нугас тасрал, хуйханд цус хуралт, чамархайн булчинд цус хуралт, дух, хамар, нуруу, зүүн шуу, ташаа, тавхай, шагайд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Талийгаачийн цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна. Цусанд нь спиртийн агууламж илрээгүй болно. 4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь авто осол хүзүүний хугарал, нугас тасралтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ" гэх /хх 93-94/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 45 дугаартай дүгнэлт: "1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Toyota prius маркийн 5772 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Toyota prius маркийн 5772 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулдаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй гэжээ. Иймд үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв." гэх /хх 108-109/,
Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 18/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 17/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 19-20/, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 29 /, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 95-98/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б Сг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б С нь хавтаст хэрэгт 116-р хуудсанд 2020.01.23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ "Осол болох үед эсрэг урсгалаас хар өнгийн жип машин марк улсын дугаарыг нь мэдэхгүй гарч ирэхээр нь би өөдөөс ороод ирлээ гэж бодоод замынхаа баруун тал руу рулээ эргүүлсэн.", "Осол болох үед миний эцэг Баярсайхан хажуу талаас замаас гарлаа гээд миний рулийг миний жолоодож байснаас эсрэг зүгт дарснаар осол болсон." гэж мэдүүлсэн нь гэрч А.Бямбасүрэнгийн өгсөн: "...Төв аймгийн Баян сум өнгөрөөд ойролцоогоор 60 км явж байхад эсрэг урсгалд явж байсан мөнгөлөг өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл замын хагархай тойрч байгаа юм шиг рулээ дараад манай урсгалд орж ирээд миний урд явж байсан Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх шахсан. Тэгсэн 470 маркийн машин засмал замаас гараад замын хажуу талын хөвөөгөөр яваад приус 20 маркийн машиныг өнгөрөөгөөд буцаад засмал зам руу орсон. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч сандарсан юм шиг буцаж эгнээ рүүгээ огцом ороод цааш замын хөвөө хэсэг рүү гарах гэж байснаа буцаад огцом дараад жолоодлого алдаад эсрэг урсгал руу орж замын хажуу талын жалга руу орсон. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн. Миний урд талд Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Өөр машин бол байгаагүй. Тэгээд би зам эвдрэлтэй байгаа юм шиг харагдаад байхаар нь урдаа байгаа машины араас ороод мөргөчхөж магадгүй гэж санаад зайтай явж байсан. Миний урд явж байсан лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд явж байсан тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг эсрэг урсгал руу орж шахаж замаас гаргасан зүйл байхгүй. Өөрийнхөө урсгалд явж байсан. Харин приус 20 маркийн тээврийн хэрэгсэл манай урсгал руу орж ирээд урсгал сөрөөд авто осол гарах дөхсөн. Тэр 470 жолооч самбаачилж замаас гарч яваагүй бол мөргөлдөх гэж байсан." гэх мэдүүлэг /хх 86-87/,
шинжээч Ц.Түвшингийн өгсөн: "Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй явна." мөн 12.3 "Монгол Улсын замын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." дахь заалтыг Б С нь зөрчсөний улмаас осол гарсан. Хэрэгт авагдсан бичгийн болон гэрчийн мэдүүлэг эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгсэл 5772 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан гэж үзэхгүй. Б С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол болсон. Осолд өөр нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар зорчигч осол болоход нөлөөлсөн байдал тогтоогдоогүй. Зорчигч саад учруулсан эсэхийг тогтоох боломжгүй." гэх мэдүүлэг /хх 112-113/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 45 дугаартай: "1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Toyota prius маркийн 5772 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Toyota prius маркийн 5772 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулдаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй гэжээ. Иймд үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв." шинжээчийн дүгнэлт зэргээр /хх 108-109/ үгүйсгэгдсэн.
Шүүгдэгчийг гэм буруугүй түүнийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоох биелүүлэхийг бага хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б С нь ам бүл 6, эх, нөхөр, 3-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, 5 сартай жирэмсэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй /хх 118/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгч Б Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б Сд дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ." гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б Сгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь "дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай " хөнгөн гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т "Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно." гэж заасан тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дууссаны дараа тоолохыг дурдав.
Эрүүгийн 1934002920050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019.4.17-ний өдөр 966583333 дугаартай утасны яриаг хөрвүүлсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,
хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б Сгийн эзэмшлийн №586674 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Л.Баярсайханы нэр дээр бүртгэлтэй №01682399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгт буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л Б Сг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Сд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Сд оногдуулсан 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б С нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нэг жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан үеээс эхлэж тоолсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б Сгийн эзэмшлийн №586674 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Л.Баярсайханы нэр дээр бүртгэлтэй №01682399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгт буцаан олгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Сгийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн 1934002920050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ