Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч М.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Отгонцэцэгт холбогдох 223200000093 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын 10-а тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Боржигон овогт Машбатын Отгонцэцэг/рд:МЭ86031267/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч М.Отгонцэцэг нь 2022 оны 06 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Шарын голын 45 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Отгонбаяртай маргалдан улмаар толгой хэсэгт нь сүхээр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Отгонцэцэг мэдүүлэхдээ: …Би мэдүүлэг өгөхгүй. Цагдаагийн байгууллага дээр өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв, би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232000000093 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч М.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед манай гэрт манай найз болох Энхбаатар ганцаараа ирээд бид хоёр манай гэрт 0.5 литрийн 1 шил Хараа архийг хувааж уусан юм. Тэгсэн орой 22 цагийн орчимд манай эгч Отгонцэцэг манай гэрт 0.75 литрийн 1 шил Соёрхол архи барьчихсан орж ирээд Энхбаатар бид гурав тэр архийг хамт хувааж уусан. Тэгээд би цаашаа юу болсноо сайн мэдэхгүй, санахгүй байна. Нэг мэдсэн толгой өвдөөд халуу дүүгээд эмнэлэгт ирсний дараа цагдаагаас хүн ирээд мэдүүлэг аваад байсан. Миний ухаан санаа орж гараад байсан болохоор, урд шөнө юу болсныг сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /Хх-ийн 15 дугаар хуудас/,

Хохирогч М.Отгонбаяр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ... 2022 оны 06 дугаар сарын 07-ны оройн 22 цаг өнгөрч байх үед манай найз Энхбаатар манай гэрт 0,5 литрийн 1 шил хараа архи авч ирээд тэрийг бид хоёр хувааж уусан юм. Гэтэл манайхтай нэг хашаанд хэмт амьдардаг миний төрсөн эгч Отгонцэцэг 0.75 литрийн тал шил Соёрхол архи архи барьчихсан орж ирсэн. Тэгээд би хойд талынхаа байшинд ороод гурван хүүхэдтэйгээ уулзтал манай дунд эг Бадамсүрэн намайг архи дарс уулаа гээд загнасан юм. Эг Бадамсүрэн өөрөө согтуу байсан. Мөн Бадамсүрэн эгч бид хоёрын хооронд маргаан болж түүний хүү Тамир над руу чамайг ална гээд сүх бариад дайрсан. Тэгтэл Отгонцэцэг нь тэр сүхийг булааж аваад миний толгой руу ар дагз хэсэг рүү нэг удаа цохисон.   Тэгээд би гарч зугтаагаад юм эгч Баасангийнд очсон. ...Надад одоо гомдол санал  нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Э.Бадамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...манай дүү Отгонцэцэг урд талын гэрээс гарч ирээд аниагийн дүү наад сүхээ надад өгчих гээд, сүхийг булааж аваад Отгонбаярын толгойны хойд хэсэгт 1 удаа цохисон. Тэгсэн Отгонбаяр ёооё намайг цохичхож байгаа юм уу, хэн намайг цохисон бэ гэхээр нь, Отгонцэцэг би цохисон гэж  хэлээд, уурлаад, чи муу миний эгчийг гэр орноосоо хөөдөг хэн юм бэ энэ чинь миний ч гэр орон, чиний ч гэр орон, бид нар хамт амьдарч болдоггүй юм уу гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 5- 11 дүгээр хуудас/

Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 26 дугаар хуудас/,

Компьютерт томо-графийн оношилгоо/Хх-ийн 27 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №110 дугаартай дүгнэлт:

1.М.Отгонбаярын биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй/Хх-ийн 1-20 дугаар хуудас/

Хохирогч М.Отгонбаярын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Отгонцэцэгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 54 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч М.Отгонцэцэгийг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч  М.Отгонцэцэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын 45 тоотод хохирогч М.Отгонбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч М.Отгонбаярын толгойн тус газар сүхээр цохиж толгойн орой хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай болох нь: хохирогч М.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 15, 17 дугаар хуудас/, гэрч Э.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №110 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Отгонцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч М.Отгонцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Отгонцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч М.Отгонцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч М.Отгонбаярын толгойн орой хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмт учирсныг гэмт хэргийн улмаас үүсэн хор уршигт тооцож, хохирогч М.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах, эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч М.Отгонцэцэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.Отгонцэцэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч М.Отгонцэцэгт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Отгонцэцэг нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч М.Отгонцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч М.Отгонцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч М.Отгонбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20х13см хэмжээтэй модон иштэй 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Машбатын Отгонцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонцэцэгийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонцэцэгт оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан М.Отгонцэцэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6.Шүүгдэгч М.Отгонцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч М.Отгонбаяр нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20х13см хэмжээтэй модон иштэй, сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Отгонцэцэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ