| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0122/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/129 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/129
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2020/ШЦТ/129 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямдулам,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Е Б Ут холбогдох эрүүгийн 2034001490124 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Е Б У, 1974 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Өөлөнт 1 дүгээр баг 01-03 тоотод оршин суух, Улаанбаатар хот Төмөр замын 1 дүгээр анги мандалын хэсэгт техникч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...........регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Уын өгсөн: Би уураа барьж дэвчсэнгүй ийм асуудал боллоо. Миний охиныг хулмастай гэж хэлээд хоол ундыг нь булаасан байсан. Миний охин энэ асуудлаас болоод сурлага нь муудаж, шилжмээр байна гэдэг болсон. Би энэ хоёр хүүхэдтэй уулзахад бид хоёр нийгмийн ажилтанд асуудалтай байгаа хувийн арга хэмжээ авчих гэсэн. Тэгээд би хувийн арга хэмжээ авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хоёр хүүхэд урьд нь Ариунжаргал гэдэг охиныг зодоод цус нөжтэй нь холисон байсан гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нямдуламын өгсөн: Төв аймгийн Батсүмбэр сумын төвд манай эгч Туяагийн хүү насанд хүрээгүй Т.Цолмон нь Б.Ут зодуулж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Т.Цолмон нь Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт хөлний зураг 20 000 төгрөгөөр авхуулсан, өдрийн 35 000 мянган төгрөгөөр 7 хоногийн хугацаатай эмнэлэгт толгойгоо бариулж байсан, зөөлөн эдийн гэмтэл гээд өвчин намдаах эм 56 000 төгрөгөөр авч уусан. тэгээд Төв аймгийн Батсүмбэр сум болон Төв аймгийн Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн хэргийн материалтай танилцах шатахуун 80 000 төгрөг зарцуулаад эмнэлэгт үзүүлсэн. Манай эгчийн хүүг зүгээр байхад нь зодсонд гомдолтой байна. Т.Цолмон нь Төв аймгийн Батсүмбэр сум руу гэртээ харихгүй гээд айдастай байх болсон мөн сургуульдаа явахгүй, шилжинэ гээд байдаг болсон. Толгой нь байнга өвдөнө, зүүн хөлийн шилбэн дээр нь булдруу үүсчихсэн байгаа. Үзүүлэхэд цус хуралт үүссэн байна гэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. 469 000 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Энэ хохирлоо гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Т.Цолмонгийн өгсөн мэдүүлэг /хх 5-7/, насанд хүрээгүй гэрч И.Отгонжаргал /хх 8/, гэрч Н.Ганцэцэг /10/, насанд хүрээгүй гэрч С.Лхам-Эрдэнэ /хх 11/, насанд хүрээгүй гэрч У.Уянга / хх 12/, насанд хүрээгүй гэрч Б.Уянга / хх 14/ нарын өгсөн мэдүүлгүүд,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн №2015 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 17-19/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх 30/, сурагчийн хувийн хэрэг хуулбар /хх 43/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.У нь насанд хүрээгүй хохирогч Т.Цолмонг охин Уянгыг хэл амаар доромжилж, зодсон гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогчийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.У нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р багийн нутагт насанд хүрээгүй Т.Цолмонг хүүхэд хэл үгээр доромжилж, зодсон гэх шалтгаанаар зүүн талын хацар луу нь нэг удаа цохисон, зүүн хөлийн шилбэ рүү нь хэд хэдэн удаа, баруун талын шилбэ рүү нь 2 удаа өшиглөсөн, толгой руу нэг удаа өшиглөж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "биед баруун хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Уын өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр 12 цагийн үед өдрийн цайндаа ирсэн. Гаднаас бага хүү 2 дүүгээ дагуулаад гэртээ ирсэн. Тэгтэл дунд охин Уянга уйлчихсан орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон гэхэд нөгөө хоёр хүүхэд намайг гичий охин хулмастай гээд намайг цохисон гэсэн. Тэгэхээр нь би хэний хүүхэд вэ гээд асуутал Отгонжаргал, Цолмон хоёр гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүүхэдтэй уулзах гээд гарсан. Би шууд Оросоо ахтай уулзаад танай хүүхэд нэг биш нилээн хэдэн удаа манай охиныг хэл амаар доромжилж зодсон байна гэж хэлсэн. Тэгтэл Оросоо ах манай хүүхэд хичээлээсээ ирээгүй байна гэсэн. Тэгхээр нь Оросоо ахаар Цолмон гэх хүүхдийн гэрийг заалгаад гэрлүү нь явж байсан чинь Оросоо ахын хүүхэдтэй гудамжинд таараад чи Оросоо ахын хүүхэд мөн үү гэсэн чинь мөн гэсэн. Тэгэхээр нь нөгөө хүүхэд чинь хаана байна гэсэн чинь гэртээ байгаа гэсэн. Тэгээд тухайн хүүхдийг машинд суулгаад Цолмон гэх хүүхдийн гэрт очоод Отгонжаргалаар дуудуулж гаргаж ирээд тэр хоёр хүүхдийг дагуулаад гэртээ авчирсан. Тэгээд за та хоёр манай охинийг яагаад дээрлэхээд байдаг юм. Та хоёр хувийн арга хэмжээ авхуулахуу нэг бол цагдаа, нэг бол нийгмийн ажилтанд дээр очих уу гэсэн чинь, яах юм бэ та хувийн арга хэмжээ авчихаа гэхээр би тэр хоёрыг нэг нэг өшиглөсөн. Ахиад охин дээрэлхэхгүй шүү гэсэн за гээд гэр гэрт нь хүргэж өгсөн. Манай охин Уянгааг Отгонжаргал, Цолмон хоёр янхан гичий хулмастай гэж хэл амаар доромжилж улмаар манай охины биед халдаж зодсон байсан. Тэгхээр нь миний уур хүрээд охиныгоо өмөөрөөд цохисон тэр хоёрыг өөр зодож цохисон зүйл байхгүй. Би энэ хоёрыг гараараа хацар луу нь нэг нэг алагдаж, хөлөөрөө тэр хоёрын хөл рүү нь нэг өшиглөсөн гэх мэдүүлэг /хх 15-16/,
насанд хүрээгүй хохирогч Т.Цолмонгийн өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сургууль дээр их завсарлагаанаар манай ангийн охин У.Уянга өлгөөтэй байсан миний куртикийг унагаачихаар нь чи миний куртикийг унгаачихлаа аваад өлгөчих гэсэн чинь чи өөрөө аваад өлгө гэснээ гөлөг писда гэхээр нь зайлаараа гэсэн чинь намайг ирж угаалтуур луу түлхсэн. Тэгээд барьцалдаж байгаад салж би куртикээ өлгөөд Уянга гараад явсан. Тэгсэн сургуулийн захирал дуудаж байна гээд очсон. Тэгээд та хоёр наад асуудлаа хоорондоо учраа ол гээд би Уянгаас уучлалт гуйгаад салсан. Хичээл тараад гэртээ хариад байж байтал гэрийн гадна ангийн Отгонжаргал дуудахаар нь гартал Уянгаагын аав нь машинтай ирчихсэн машинд суу гэхээр нь би хувцасаа өмсөөдөхье гэтэл намайг боож байгаад машиндаа суулгаад гэр лүүгээ авчирсан. Утсаар ангийн багштай яриад би энэ хоёр хүүхдэд хувийн арга хэмжээ авна гээд шанаадсан. Отгонжаргалыг мангасдаж унагаасан. Тэгээд над дээр ирж толгой дээр дарж байгаад хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд тэгээд ээж нь чи одоо боль гээд болиулсан. Тэгээд машиндаа суулгаж авч яваад та хоёрыг ууланд очиж боож ална гэж сүрдүүлээд гэр гэрт хүргэж өгсөн. Би тэгээд эгч Отгонтунгалагт энэ талаар маргааш нь хэлсэн. Тэр үед миний толгой, хөл өвдөөд байхаар нь хэлсэн. Миний хувьд намайг зодсон учраас гомдолтой байна. Нагац эгч М.Нямдуламтай шүүх хуралд оролцоно гэх мэдүүлэг /хх 5-7/,
насанд хүрээгүй гэрч И.Отгонжаргалын өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хичээлээ тараад 14 цагийн үед Цолмон найзынхаа гэрт байж байгаад, гэр лүүгээ ганцаараа явж байсан чинь У ах машинтайгаа ирж зогсоод, чи цуг явж байсан хүүхдийнхээ гэрийг нь зааж өг гэсэн. Би гэрийг нь зааж өгөөд Цолмонг дуудаж өгсөн юм. Тэгээд Цолмон бид хоёрыг гэр лүүгээ авч яваад У ах охин Уянгатайгаа хэрэлдсэн байна гээд гэртээ оруулж зодсон. Миний зүүн талын хөлийн шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би харсан намайг болон Цолмонг хэд хэдэн удаа зодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хх 8/,
гэрч Н.Ганцэцэгийн өгсөн: Намайг 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өглөө ажил дээрээ ажлаа хийж байхад манай ангийн охин Уянга гэдсээ дараад ирсэн. Тэгхээр нь би юу болсон юм гэж асуутал намайг манай ангийн Цолмон зодсон гэж хэлсэн. Тэгхээр нь Цолмонг би дуудаж уулзсан. Тэгээд Цолмон Отгонжаргал нартай уулзсан, үйл явдлын талаар ярилцтал аль алинд нь байсан. Тэгээд хоорондоо эвлэрч гар барилцаад явсан. Тэгээд сургууль тарсан. Уянгын аав Уаас миний гар утас руу залгаад “манай охин Уянгааг энэ хүүхэд хэл амаар доромжилсон” байна, би хувийн арга хэмжээ авнаа гээд утсаа салгасан. Би буцаагаад залгаад та айлын хүүхдүүдэд гар хүрч болохгүй хуулийн хариуцлага хүлээнэ шүү дээ гээд хэлтэл тэр хамаагүй гээд утсаа салгасан. Ахиж залгасан утсаа аваагүй. Би Цолмон, Отгонжаргал хоёрыг У гэртээ аваачаад зодсон талаар 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цолмонгын ээжээс мэдсэн гэх мэдүүлэг /10/,
насанд хүрээгүй гэрч С.Лхам-Эрдэнийн өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн их завсарлагааны цагаар хүүхдүүд завсарлаад гараад явсан. Тэгтэл Уянгын гадуур хувцас Цолмонгын гадуур хувцас хоёр шалан дээр унасан байсан. Тэгтэл Уянга босоод хоёр гадуур хувцасаа өлгүүрт өлгөж байсан. Тэгтэл Цолмон ирээд Уянгааг гадуур хувцас унагалаа гээд гараараа цохиод мөн хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Уянга зөрүүлээд түлхэж байгаа харагдсан. Тэгээд би дэвтэр номоо хураагаад эргээд хартал Уянга байхгүй байсан. Тэгэхээр нь Уянгааг найзуудаасаа асуутал мэдэхгүй гэхээр гараад хартал Уянга уйлцан багштай хамт мөн сургуулийн захиралтай цуг зогсож байсан. Ангийн багш намайг Цолмон дуудаад ир гэхээр нь Анужин Цолмонг дуудна гээд явсан. Би харсан Отгонжаргал, Цолмон хоёр сургууль дээр Уянгааг байнга дээрэлхэж, хуугий гэж дуудаад Уянга хичээл дээрээ сууж байхад нь байнга араас нь толгой руу нь цохиж байгаа харагддаг юм гэх мэдүүлэг / хх 11/,
насанд хүрээгүй гэрч Б.Уянгын өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өглөө 08 цагт ирээд хичээлдээ суусан. Тэгээд 3 цаг хичээл орсоны дараагаар их завсарлагаан болж хүүхдүүд завсарлаад гарсан. Тэгтэл миний гадуур хувцас Цолмонгийн гадуур хувцас хоёр шалан дээр уначихсан байсан. Тэгэхээр нь би хоёр гадуур хувцасаа хоёуланг нь аваад өлгүүрт өлгөсөн. Тэгтэл Цолмон ирээд миний гадуур хувцасыг чи шалан дээр унагаалаа гэхээр нь, би харин шалан дээр унасан байхаар нь өлгүүрт өлгөж байна гэж хэлээд хажуугаар нь өнгөртөл миний ар нуруу руу Цолмон түлхсэн, тэгээд байж байтал Отгонжаргал намайг түлхээд би урагшаа унахдаа Цолмонг түлхсэн тэгтэл Цолмон намайг өшиглөсөн, тэгэхээр нь би сандал дээрээ сууж байтал миний толгой руу хүчтэй цохисон би уйлаад тэр хоёр нийлээд янз бүрээр доромжлоод байхаар нь багшид хэлсэн. Багш сургуулийн захиралд энэ талаар хэлсэн. Тэгээд бид хоёр эвлэрээд Цолмон гар бариад буцаад ангидаа орсон. Тэгсэн дахиад Цолмон, Отгонжаргал нар нь хүүхдүүдэд намайг хулмастай гээд яриад байхаар хичээл тараад гараад иртэл дунд ах Ганхүү сургуулийн үүдэнд хүлээж байсан. Ахдаа сургууль дээр болсон зүйлийн талаар хэлтэл ах гэрт ороод аавд хэлсэн. Аав сонсоод уурлаад хэний хүүхдүүд юм гэхээр нь Отгонжаргал, Цолмон хоёрыг дагуулж орж ирээд аав манай охиныг хэн хулмастай гэдгийн гээд асуутал, тэр хоёр дугарахгүй байсан. Тэгээд тэр хоёр уучлалт гуйгаад гэр гэрт нь хүргэж өгсөн. Намайг зүгээр хичээл дээр сууж байхад Цолмон, Отгонжаргал хоёр нийлээд намайг хулмастай, гичий минь гээд байнга доромжилдог юм. Байнга намайг элдэв зүйлээр шалтаглан зоддог. Би гомдолтой байна гэх мэдүүлэг / хх 12,14/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн №2015 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Т.Цолмонгийн биед баруун хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх 17-19/,
хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх 30/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна улсын яллагчийн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Цолмон болон түүний хууль ёсны төлөөлөгч М.Нямдулам нар ирэх очих унааны зардал, эмчилгээний төлбөрт нийт 469 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхэд унааны болон эмчилгээний зардлын 224 000 төгрөгийн баримт ирүүлсэн байх тул хангаж, үлдэх 245 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч торгуулын ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Уын хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй байхыг дурдаж, хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд нь шийтгэгдэж байгааггүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2034001490124 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е Б Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 224 000 /хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Т.Цолмон, түүний хууль ёсны төлөөлөгч М.Нямдулам нарт олгож, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч 245 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн 2034001490124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ