Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

2022         08            31                                   2022/ШЦТ/293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 2225000000338 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Ч.Б

Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 33-14 тоотод иргэн Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Б.Б-н “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэртээ амарч байх үед 11 цагийн үед найз Сумъяабазар, Түмэн-Эрдэнэ нар манай гэрт ирсэн. Бид гурав 2.5л гурван пиво уугаад сууж байхад Сумъяабазарын хуурай дүү Бат-Эрдэнэ фэйсбүүкээр 18 цагийн үед Сумъяабазар луу “ахаа манай гэрт хүрээд ирээч” гэсэн зурвас явуулсан. ...Бид гурвыг Бат-Эрдэнийн гэрт ороход Баттулга, Сүхбаатар нэрийг нь мэдэхгүй хоёр залуугийн хамт тавуулаа 1 шил архи, 2.5л пиво задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд бид гурав гэрт нь орж тэд нартай яриад сууж байхад Бат-Эрдэнэ Сумъяабазарын хажууд ирж хоорондоо юм ярьж байгаад гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ...Би Бат-Эрдэнийн хашааных нь гадна талд Сумъяабазар, Түмэн-Эрдэнэ хоёрыг хүлээгээд зогсож байхад Бат-Эрдэнэ нэг найзтайгаа /нэрийг нь мэдэхгүй/ гэрээсээ гарч ирээд Бат-Эрдэнэтэй хамт гарч ирсэн залуу нь над дээр ирж намайг заамдахаар нь би хойш нь түлхээд салтал Бат-Эрдэнэ миний толгой болон зүүн талын суга хэсэгт архины хагархай шилээр 2-3 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. ...би толгойныхоо ар дагз хэсэгт 6 оёо, мөн зүүн талын суга хэсэгт 6 оёо тавиулсан, ...эмчилгээний төлбөрөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

гэрч М.Т “...махлагдуу, баруун гарандаа шивээстэй Баачка гэх залуу нь шууд Бат-Эрдэнийг цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаж босоход намайг 2-3 залуу цохисон, би цохисон боловч оноогүй. ...Бат-Эрдэнийн араас нь очтол түүний толгойноос цус гарч байхаар нь шууд түүнийг авч эмнэлэг орсон. ...Бат-Эрдэнийг Баачка гэх залуу гараараа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

          гэрч Л.С “...Баачка нь гэрээс гарч явснаа буцаж орж ирээд Бат-Эрдэнийг цохиод авсан. Гэтэл Түмэн-Эрдэнэ босож ирээд уурлахад тэдгээр залуус Түмэн-Эрдэнэ рүү дайрахаар нь би салгах оролдлого хийсэн. Энэ үед Бат-Эрдэнэ гараад явчихсан, би Түмэн-Эрдэнийг аваад гэрээс гартал Бат-Эрдэнэ байхгүй байхаар нь хашаанаас хайсан. Бат-Эрдэнэ хойно явж байхаар нь араас нь очтол түүний толгойноос цус гарч байсан юм. Бат-Эрдэнийг байшин дотор байхад Баачка түүний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохихыг харсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

          гэрч Г.М “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед хуурай ах Баттулгын хамт найз Бат-Эрдэнийн гэрт Бат-Эрдэнэ, Батцэнд, Сүхбаатар, Баттулга нарын хамт нэг шил 0.75л архи, 2.5л пиво уугаад сууж байхад гаднаас Бат-Эрдэнэ гэх ахын ах нар нь гэж Сумъяабазар, Түмэн-Эрдэнэ, Б.Б гэх хүмүүс орж ирсэн. Тэгээд бид нартай хамт юм яриад уугаад сууж байхад манай найз Бат-Эрдэнэ гаднаас орж ирээд Б.Б гэх ахын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохичихсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

          гэрч Б.Б “...юм яриад уугаад сууж байхад манай найз Бат-Эрдэнэ гаднаас орж ирсэн Б.Б гэх ахын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохичихсон. Тухайн үед манай найз Ч.Байлгах гэж гудамжинд байсан архины шилийг хагалж урд хүзүү хэсгийг нь харуулж Б.Бтэй маргалдахад Б.Б нь манай найз руу унаж толгой хэсэгтээ нэг удаа цохиулчих шиг болсон, тэгэхээр нь би найзыгаа салгаад хойшлуулж Б.Б ахыг босгож цааш нь явуулах гэхэд манай найз цамцнаас нь барих гэж байгаад зүүн талын суга хэсгийг нь барьж байсан шилээрээ хальт урчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

          Ч.Б яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэртээ Мөнгөнхуяг, Баттулга, Сүхбаатар, Батцэнд нарын хамт архи уугаад сууж байхад хуурай ах Л.Сумъяабазар, Б.Б, Түмэн-Эрдэнэ нар ирсэн. Тэгээд бид нартай хамт юм яриад уугаад сууж байхад нь би Б.Б ахын толгой хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэгэхэд найзууд нь намайг салгаж Б.Б ахыг гэрээс гаргаж явуулсан, би араас нь найз Батцэндийн хамт гараад газраас хагархай шил аваад айлгах гэж байгаад санамсаргүй толгой болон хавирга хэсэгт нь зүссэн. Б.Б ахын биед учруулсан хохирлоо барагдуулж, эмчилгээний зардлыг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 590 дугаартай; “...1.Б.Бат-Эрдэнийн биед хуйх, цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Хуйхны шарх нь хатуу мохоо зүйлийн, цээжний зүүн талд үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хуйх, цээжний зүүн талд шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Уг гэмтэл нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

иргэн Ч.М “БОЭТ-д толгойгоо хагалуулсан хүн ирлээ.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

хохирогч Б.Б Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5, 6-7 дахь тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11, 13 дахь тал/,

Ч.Бэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай, Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

яллагдагч Ч.Б “...Миний бие Б.Бат-Эрдэнийн биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/,

хохирогч Б.Б “...Ч.Бат-Эрдэнэд зодуулсан гэх хэрэгт гомдолгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч болон гэрч нараас, мөн Ч.Бат-Эрдэнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Нэг: Шүүгдэгч Ч.Б-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 33-14 тоотод иргэн Б.Бат-Эрдэнийг зодож, хуйх, цээжний зүүн талд нь шарх бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Ба-н “...Бат-Эрдэнэ Сумъяабазарын хажууд ирж хоорондоо юм ярьж байгаад гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ...Бат-Эрдэнэ миний толгой болон зүүн талын суга хэсэгт архины хагархай шилээр 2-3 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан.” гэх,

гэрч М.Т-н “...махлагдуу, баруун гарандаа шивээстэй Баачка гэх залуу нь шууд Бат-Эрдэнийг цохиод авсан. ...Бат-Эрдэнийн араас нь очтол түүний толгойноос цус гарч байхаар нь шууд түүнийг авч эмнэлэг орсон.” гэх,

гэрч Л.С-н “...Баачка нь гэрээс гарч явснаа буцаж орж ирээд Бат-Эрдэнийг цохиод авсан. ...Бат-Эрдэнэ хойно явж байхаар нь араас нь очтол түүний толгойноос цус гарч байсан.” гэх,

гэрч Г.М-н “...манай найз Бат-Эрдэнэ гаднаас орж ирээд Б.Б гэх ахын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохичихсон.” гэх,

гэрч Б.Б-н “...юм яриад уугаад сууж байхад манай найз Бат-Эрдэнэ гаднаас орж ирсэн Б.Б гэх ахын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохичихсон.” гэх,

Ч.Б-н яллагдагчаар өгсөн “...би Б.Б ахын толгой хэсэгт гараараа хоёр удаа цохисон. ...толгой болон хавирга хэсэгт нь зүссэн. Б.Б ахын биед учруулсан хохирлоо барагдуулж, эмчилгээний зардлыг өгсөн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 590 дугаартай; “...Хуйх, цээжний зүүн талд шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,

иргэн Ч.М-н “БОЭТ-д толгойгоо хагалуулсан хүн ирлээ.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,  

хохирогч Б.Б-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ч.Бшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б Ч.Бат-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Ч.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

         оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.  

Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Б.Б нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй байх бөгөөд хавтаст хэргийн 59 дэх талд авагдсан хохирогч Б.Бат-Эрдэнийн “...Ч.Бат-Эрдэнэд зодуулсан гэх хэрэгт гомдолгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ