Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч А.Алтанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Алтанбаярт холбогдох 2232001090095 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 66 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтангэрэлийн Алтанбаяр /рд:МЗ86021556/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Алтанбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 05 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр О.Баламын бие эрх чөлөөнд халдаж зодон  эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтанбаяр мэдүүлэхдээ: …Би шүүхийн

хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232001090095 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч О.Бадамын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гэртээ гурван хүүхдийн хамт унтаж байхад манай нөхөр А.Алтанбаяр 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 05 цагийн орчим согтуу орж ирээд миний толгойн тус газар хөлөөрөө дэвсэхээр нь би босож ирээд чи ямар орой ирдэг юм бэ яасан юу болсон юм бэ гэхэд А.Алтанбаяр чи ямар их хүнтэй явалддаг юм бэ гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ би хэнтэй явалдсан юм бэ гэж асуухад чамайг хүмүүс хүнтэй явж байхыг чинь харсан байна лээ гэж хэлээд миний толгойтой үснээс зулгаагаад ор руу түлхээд миний хэвлий орчим гараараа нэг удаа цохиж А.Алтанбаяр өөрийнхөө өмдний бүсийг тайлаад миний нуруу руу хоёр удаа ороолгосон. Тэгсэн манай хүү Анхбаяр Эрхэмбаяр нар босож ирээд аавыгаа боль гэж хэлээд унтуулсан. А.Алтанбаярыг унтсан хойгуур нь би Цээпил эмээ рүү утасдаад цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн. ...А.Алтанбаяр урьд өмнө миний эрх чөлөөнд халдаж байгаагүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 23-26 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн №104 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.О.Бадамын биед зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл.

             5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 27-28 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Алтанбаярын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 51 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч А.Алтанбаярыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  А.Алтанбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 05 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Точикийн 4-4 тоотод байрлах өөрийн гэртээ 05 сартай жирэмсэн эхнэр  О.Бадамыг хардалтын улмаас зодож зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: ...Хохирогч О.Бадамын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/,шүүгдэгч А.Алтанбаярын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 40-41 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №104 дугаартай дүгнэлт/Хх-ийн 27-28 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.Алтанбаяр болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Алтанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Алтанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хохирогч О.Бадамын зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмт үүссэнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч О.Бадам нь шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгах, эмчлүүлэхэд гаргасан зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Хоёр.Шүүгдэгч А.Алтанбаярт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.Алтанбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 05 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Точикийн 4-4 тоотод байрлах өөрийн гэртээ 05 сартай жирэмсэн эхнэр  О.Бадамыг хардалтын улмаас зодож зүүн нүдний дээд доод зовхи, хэвлий баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгч А.Алтанбаярын гэмт үйлдлийн улмаас жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

           

            Иймд шүүгдэгч А.Алтанбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Алтанбаяр нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч А.Алтанбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын сонсгосон ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А.Алтанбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Алтанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Алтанбаярыг 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтанбаярт оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 06/зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтанбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Алтанбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч А.Алтанбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Бадам гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Алтанбаяр өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ