Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0266

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 26 өдөр               

 

         Дугаар 128/ШШ2020/0509

 

             Улаанбаатар хот

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Г овгийн Д-жийн У,

Хариуцагч: ЧдСтсхнб  

       буб Ц.Ц

Гомдлын шаардлага: “ЧдСтсхнббуб Ц.Цийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1450710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.У, хариуцагч улсын байцаагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Д.Уаас шүүхэд ирүүлсэн гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол эх орондоо иргэн бүр нь сэтгэл нь амар, бие нь амгалан, эрх чөлөөтэй, элбэг хангалуун, аз жаргалтай сайн сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд өөрийн бүхий л чадлаараа хувь нэмрээ оруулах сэтгэл зүтгэлтэй байх ёстой гэсэн итгэл үнэмшил дээр тулгуурлан, хэн нэгнээр албадуулалгүй, ямар нэг ашиг хонжоо хайлгүй өөрийн сайн дурын үндсэн дээр иргэний нийгмийн олон олон байгууллагад нэгдэн дуу хоолойгоо хүргэх, өөрийн болон бусдын сайн сайхан амьдралын төлөө хэмээн итгэж, тэмцэл хөдөлгөөнд нэгдэх, удаа дараагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд бие дааж бас парламентад суудалгүй жижиг гэх нам эвслээс нэр дэвшин оролцож байсан билээ.

Энэхүү үйлдэл маань эрх баригч намуудаас нэр дэвшигчдийг ялах, амжилтанд хүрэх, УИХ-ын гишүүн болох гэхээсээ илүү 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх, иргэдэд байгаа хамгийн үнэ цэнтэй зүйл болох сонгох, сонгогдох эрх чөлөөгөө хайрлах хамгаалах дадал, ухамсар суухад нь хувь нэмэр оруулж байгаа хэмээн итгэж найдаж ирсэн билээ.

Ялах, амжилтанд хүрэх магадлал бараг үгүй гэдгийг мэдсээр байж удаа дараагийн

УИХ-ын болон орон нутгийн сонгуульд жижиг гэгдэх улс төрийн намуудаас, мөн бие дааж нэр дэвшин оролцсон олон арван эгэл жирийн шударга, ёс зүйт иргэдийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон 3.1 “Монгол Улсад засгийн бух эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээсэн ганцхан заалтын үнэ цэнэ, түүний цаана оршин буй хариуцлагыг Монголын ард түмэн одоо л ухаарах төлөв анзаарагдаж байна хэмээн дотор дүгнэж явдаг. Энэ л өчүүхэн миний хүсэн хүлээж буй хамгийн том үр дүн.

Гэтэл бидний дотроо гэгээнээр бодож сэтгэлээ дэвтээж явсан бүхэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль", “Зөрчлийн тухай”-иар дамжин талаар болж мэдэх аюулын ирмэг дээр ирсэнд туйлын их харамсаж байна.

Галзуу солиотойгоороо дуудуулавч, эргүү тэнэг хэмээн элдэв муугаар хэлүүлэвч сэтгэл зүрхэн дотороо чинь үнэнээсээ Монгол эх орондоо хайртай, Монгол хүнээ хүндэлж хайрладаг хүмүүсийн урам зоригийг мохоох, хүсэл тэмүүллийг нь унтраах далд ашиг сонирхол бүхий “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль”-ийг 2019 оны 12 сард баталж, 2020 оны 01-р сарын 30-ны өдөр өөрчлөн найруулсан “Зөрчлийн тухай”-иар баталгаажуулан далдалж нуусан асар олон “гох дэгээ"-ний нэгэнд анзаарга муутайгаасаа болоод би баригдчихлаа.

Сонгуулийн зардлын тайлангаа өгнө гэдгийг мэдэж байсан. Бас түүнд зориулж бэлтгэж, аливаа ..алхам бүрээ тооцож. улмаар цаг хугацаанд нь холбогдох газруудад нь тайлагнасандаа сэтгэл хангалуун явтал гэнэт “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 58.4-д “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалт байсныг нь анзаараагүйгээсээ болж алдаа гаргалаа.

Гэтэл энэхүү алдаа маань Зөрчлийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасны дагуу "Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил”-д тооцогдон 20,0 сая ,/хорин сая/ төгрөгийн шийтгэл оногдох зөрчил болох юм гэдгийг яаж ч бодоод ойлгохгүй байна.

Яагаад: Сонгуулийн явцын тайланг ямар “зорилгоор юунд хэрэглэх гэж авч байгаа юм. Үүнийг өгөөгүй явдал нь хэнийг хохироосон, яагаад хэн нэгний хохироох зөрчил болох ёстой юм. Энэ тайланг хэн хэзээ юунд хэрэглэх зорилгоор авч байгаа юм бэ.

Яагаад би: Сонгуулийн явцын тайлангаа өгөөгүй улмаас Монголын ард түмний эсрэг “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил” үйлдэж гэмт хэрэг өдүүлсэнд тооцогдох болов. Харин ч би улс орноо сайн сайхан болгоно гэж сайны төлөө зорьсноос ууж идэх, урваж шарвах тухай нэг ч үйлдэл хийгээгүй мөрөөрөө яваа атал хэрэгтэн болчихов.

Яагаад би: Улс орны эдийн засагт, ард түмний өмч хөрөнгөнд хэдэн зуун тэрбумаар хохирол учруулж тэр нь шүүхээр нотлогдож шийтгэгдсэн улс төрчид цөөн хэдэн төгрөгөөр торгуулаад суллагдаж байхад сонгуулийн явцын тайлангаа өгөөгүй гэдэг зөрчлөөс болж 20.0 /хорин/ сая төгрөгөөр торгуулах ёстой болчихов.

Хэрвээ би: Монголын ард түмний “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил” өдүүлсэн нь үнэн бол зөрчлийн хуулиар торгуулах биш эрүүгийн хуулиар ял эдэлж ясаа цайлгамаар байна.

Яагаад бүх юм ийм харгис, ийм цэвдэг хүйтэн, бид бие биедээ цаг ямагт дайсагналцаж байхаар тохируулагдаад байгаа юм бэ.

Хүн хүч, сэрэмж муутай хэн нэгнийг отож байгаад зориуд хорлох гэсэн далд сэдэлтэй ийм үг өгүүлбэрүүдийг хэн бодож олоод, хэн ямар бүлэглэл түүнийг нь дэмжээд, тэр нь тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын хууль тогтоомжид сэм сэмхэнээр шургалж ороод байгааг хэлээд өгөх хэн нэгэн байна уу.

... Сонгуульд нэр дэвших явцдаа явцын тайлан өгөөгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.27 дах заалтын дагуу 20,000,000 төгрөгийн торгууль ногдуулж байна. Үүнтэй миний хувьд санал нийлэхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйл бол тэр чигтээ улс үндэстний улс төрийн эрх чөлөөний эсрэг зөрчил гаргасан бол гэдэг зүйл заалт байгаа. Улс үндэстний эрх чөлөөний эсрэг үйлдэл хийсэн бол 20,000,000 төгрөгөөр торгоод өнгөрөх зөрчил биш байх ёстой. Хүний эрх чөлөө болон Үндсэн хуульд зааснаар үндэсний аюулгүй байдлын эсрэг чиглэсэн гэмт хэргүүд дээр зүйлчлэх ёстой. 2020 оны УИХ-ын сонгуулиар 400, 500 хүн дээр энэ асуудал үүссэн гэж харагдаж байгаа. Явцын тайлан өгөөгүй гэдэг зүйл дээр 20,000,000 төгрөгөөр торгож байгаа, гэтэл эцсийн тайлан өгөөгүй хүн дээр 10,000,000 сая төгрөгийн торгууль ногдуулж байгаа нь харилцан адилгүй зүйл заалт харагдаж байсан.  Явцын тайлан өөрөө буюу зөрчил гэдэг нь ямар нэгэн байдлаар асуудал, бэрхшээл учруулсан үйл явдлаас үүдэж эцсийн тайлан өгөөгүй хүн дээр арай бага шийтгэл буюу зөрчил ногдуулж байгаа. Явцын тайлангаа өгөөгүй хүн дээр 20,000,000 сая төгрөгийн хамгийн хүнд нөхцөлөөр шийтгэгдсэн байна. Хамгийн өндөр мөнгөн торгууль тавигдсан асуудал байгаа. Харилцан адилгүй болон маш олон намуудын хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх бодлого орсон талаар эрх ашиг хөндөгдөж байгаа. Зөрчлийн тухай хуульд тайлан мэдээ, тооллого, судалгаа, бүртгэл, журам зөрчих гээд түүнтэй холбоотой заалт байхад түүний дагуу огт хэрэглээгүй. Явцын тайлан мэдээ өгөөгүй бол 50 нэгжтэй торгох ч юм уу харилцан адилгүй зүйл харагдаж байгаа. Үүн дээр яагаад бодож болохгүй вэ? гэдэг асуудал байна. Яагаад Зөрчлийн тухай хуулинд байгаа хамгийн хүнд зүйлийг хэрэглэх болов уу? гэдэг зүйл дээр хүнд тусч байна. Сонгуульд 20,000,000 сая төгрөгөөр орох хэцүү байдаг. Цөөхөн хүмүүс энэ хэмжээний мөнгөөр сонгуульд орж байгаа. Миний сонгуульд зарцуулсан мөнгө бол 4,000,000 сая гаруй төгрөг байгаа. Гэтэл торгууль, шийтгэл 20,000,000 сая төгрөг болохоор үнэхээр байж болохгүй асуудал юм. Цалинтай багш хүний хувьд бүтэн 1, 2 жилийн мөнгө өгөөд ч дийлэхгүй ажил болж байна” гэв.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монголын Улсын Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр "2020 оны Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд 25 тойрогт нэр дэвшигч Д.У нь сонгуулийн зардлын явцын тайланг хугацаанд ирүүлээгүй” Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсгийг зөрчсөн тул хариуцлага тооцуулах тухай албан бичгийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2929 тоот албан Сангийн яаманд ирүүлсэн байсан.

Дээрх албан бичиг, баримтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн эрх бүхий албан тушааптан би, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар зөрчлийн 2011001371 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т ”Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ” гэж зохицуулжээ.

Гэтэл Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд 25 дугаар тойрогт Сахигтун Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшигч Д.У нь сонгуулийн зарцуулалтын явцын тайлангаа санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020 дугаартай, мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/3436, 3/2263 дугаартай албан бичгүүд болон Монгол улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 тоот албан бичиг болон бусад баримтуудаар тогтоогдсон.

Түүнчлэн нэр дэвшигч нарын сонгуулийн тайлантай холбоотой мэдээллийг Үндэсний аудитын газраас www.audit.mn сайт дээр байршуулсан нь дээрх зөрчлийг үйлдсэнийг олон нийтэд мэдээлсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан Ц.Ц миний бие хэргийг шалгах явцдаа зөрчлийн холбогдогч Д.Утай/2 удаа утсаар, 2 удаа өөрийн утаснаас мессеж илгээсэн / холбогдож, түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг нь танилцуулж ажилласан болно.

Холбогдогч Д.У өөрийнхөө үйлдлийн талаар: Сонгуулийн зардлын тайлангаа өгнө гэдгээ мэдэж байсан. Бас түүнд зориулж бэлтгэж, аливаа алхам бүрээ тооцож, улмаар цаг хугацаанд нь холбогдох газруудад нь тайлагнасандаа сэтгэл хангалуун явтал гэнэт “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль”-ийн 58.4-д “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалт байсныг нь анзаараагүйгээс болж алдаа гарлаа” гэж нэхэмжлэлдээ дурджээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байх тул холбогдогч Д.Уыг шийтгэлээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Уын эрх бүхий албан тушаалтны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1450710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

... Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлэг улс төрийн эрх чөлөөний эсрэг гэсэн бүлэг дотор 17.1 сонгуулийн хууль зөрчих гэж байгаа. Сонгууль хууль зөрчих 27 дугаар заалтад таны явцын тайлан өгөөгүй зүйл заалт орж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 17.1.27-д Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Үндэсний аудитын газарт та хуулийн хугацаанд тайлангаа хүргүүлээгүй гэдгийг албан бичгээр манайд болон Сангийн яаманд ирүүлсэн байгаа болохоор түүнийг үндэслэж энэ заалтыг тавьж өгсөн байгаа” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

ЧдСтсхнббуб Ц.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1450710 тоот шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Уыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасан “...нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил үйлдсэн гэж үзэж 20,000,000(хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ[1].

Гомдол гаргагч Д.У нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Миний бие нь улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гаргаагүй бөгөөд төрийн байгууллагад хүргүүлэх мэдээ, тайлан хүргүүлээгүй гэж үзэх үндэслэлтэйн дээр зөрчилд ногдуулсан торгуулийн хэмжээ зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэх агуулгаар гомдол гаргасан.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн Д.У нь сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлээгүй, эцсийн тайланд “Нийслэл Аудит” ХХК-иар дүгнэлт гаргуулж хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

Энэ тохиолдолд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх тул нэхэмжлэгчийн “Зөрчлийн тухай хуульд тайлан мэдээ, тооллого, судалгаа, бүртгэл, журам зөрчих гээд түүнтэй холбоотой заалт байхад түүний дагуу огт хэрэглээгүй” гэсэн гомдол үндэслэлгүй, харин хариуцагчийн “хууль тогтоогчоос сонгуулийн зардлын явцын тайлан гаргаж өгөөгүй зөрчлийг улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчилд тооцохоор, хүний 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор нарийвчлан заасан тул шийтгэлийн хуудас нь хууль тогтоомжид нийцсэн” гэсэн тайлбарыг буруутгахааргүй байна.

Гэвч,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-т “ил тод байдлыг хангах” нь сонгуулийн зарчим байхаар, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид “сонгуулийн зардал” гэх/ гаргах”-аар тус тус заасан болон Монгол Улсын ерөнхий аудиторын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын зорилгыг “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсноос үзвэл, нэр дэвшигчээс сонгуулийн зардлын зарцуулалтыг тайлагнах нь нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилт нь зөвшөөрөгдсөн хэлбэрээр бүрдсэн эсэх, бодитой эсэх, мөн зориулалтын дагуу буюу сурталчилгааны зориулалтаар зарцуулагдсан эсэхийг хянах зорилготой байна.

Маргааны тохиолдолд Д.Уаас өөрийн сонгуулийн сурталчилгааны зардлын зарцуулалтын эцсийн тайланд “Нийслэл аудит” ХХК-иар дүгнэлт гаргуулж, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн[2] байх тул нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилт, түүний зарцуулалт хяналт тавих талаарх хууль тогтоомжийн зорилго хангагдсан гэж үзнэ.

Гэтэл хариуцагч нь хууль тогтоомжийн зохицуулалтын дээрх зорилгыг эс харгалзан “эрх бүхий этгээдэд явцын тайланг хүргүүлээгүй” гэх техникийн шинжтэй үйл баримтад ач холбогдол өгч маргаан бүхий актаар торгууль оногдуулж шийдвэрлэсэн нь захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байх” зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Уын хүргүүлсэн сонгуулийн зардлын зарцуулалтын эцсийн тайлангаас түүний сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэр болон зарцуулалт нь хууль ёсны эсэхэд эрх бүхий этгээдээс дүгнэлт хийх боломжтойн дээр эрх бүхий этгээдээс нэр дэвшигчийн зардлын зарцуулалтын эцсийн тайланг хянаж нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгааны зардлын ил тод байдал хангагдсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий 1450710 тоот шийтгэлийн хуудас нь бодит нөхцөлд тохироогүй байна.

Иймд гомдол гаргагчийн “Миний бие нь улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гаргаагүй” гэх тайлбарыг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нөгөө талаас,

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-т “...учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж заажээ.

Гомдол гаргагчаас зардлын зарцуулалтын явцын тайлан хүргүүлээгүй шалтгаанаа “хуулийн ийм зохицуулалт байсныг анзаараагүй” хэмээн тайлбарласан нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч тэрээр сонгуулийн зардлын зарцуулалтын эцсийн тайланг эрх бүхий этгээдэд хүргүүлснээрээ сурталчилгааныхаа санхүүжилтийн эс үүсвэр, болон зарцуулалтын хууль ёсны эсэхийг хянах боломжийг алдагдуулах нөхцөл үүсгээгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул түүний зөрчлийн шинжтэй үйлдлийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байжээ.

Хэдийгээр хууль тогтоогчоос, “нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” үйлдлийг Зөрчлийн тухай хуульд шийтгэл ногдуулбал зохих зөрчилд тооцон хуульчилсан хэдий ч мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчлийн шинжтэй боловч хор аюулын хэмжээг хэтрүүлээгүй тохиолдол”-д шийтгэл оногдуулахгүй байх нөхцөлийг тусгайлан зохицуулсан байх тул Д.Уын эрх зүйн байдлыг дээрдүүлж, ЧдСтсхнббуб Ц.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1450710 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Уын гомдлыг хангаж, ЧдСтсхнббуб Ц.Цийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1450710 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 69 дэх талд

[2] Хавтаст хэргийн 46-64 дэх талд