| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02468/и |
| Дугаар | 102/ШШ2018/02423 |
| Огноо | 2018-08-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2018/02423
| 2018 оны 8 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2018/02423 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 505 дугаар байр, 134 тоотод оршин суух, Монгол овогт Х.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 10 дугаар гудамж, 03 тоотод оршин суух, Боржигон овогт С.Т /РД:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 1,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, хариуцагч С.Тр, иргэдийн төлөөлөгч Э.Эрдэнэцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад хороололд байрлах караокед хоёр найз болон түүний эхнэрүүдийн хамт байсан. Манай найзууд гараад би тооцоогоо хийчихээд араас нь гарах үед үүдэнд танихгүй 4 залуутай манай 2 найз маргалдаж байсан. Би очиж салгасан. Би зодоонд оролцоогүй. Бид нар таксинд суугаад явах гэхэд нөгөө залуучууд буцаж гарч ирээд манай найз Тэмүүлэнгийн эхнэрийг хэл амаар доромжилсон. Манай найз эхнэрээ өмөөрч тэр хүмүүстэй маргалдсан. Би тэд нарыг салгаж байхад С.Т нь толгой тус газарт пивоны шилээр цохиж шилний хагархайгаар миний чихний ард зүссэн. Намайг газар унагаагаад нийлж зодсон. Миний гар утас, иргэний үнэмлэхийг авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлтийг гаргасан. Тус хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 325 тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Би уг явдлаас болж гар утас /iphone 6 маркийн/-аа бусдад алдсан. Иймээс гар утасны телбөрт 450.000 төгрөг, Томографикийн 2 удаа зураг авахуулахад гарсан зардалд 240.000 тегрөг, имра зураг авахуулахад гарсан зардалд 250.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардалд 350.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 10.000 төгрөг, эм авахад 180.000 төгрөг, бариа хийлгэхэд 350.000 төгрөг, бариа хийлгэхээр явахад машинд 60.000 төгрөгийн шатахуун хийж их хэмжээний мөнгийг зарцуулсан. Нийтдээ 1.830.000 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан байна. Үүнийг С.Т хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд С.Т-аас 1.830.000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү.
Хариуцагч С.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Х.Б-ийн нэхэмжилсэн 1,830,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч С.Т-т холбогдуулан гэм хорын хохиролд 1,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч С.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Б нэхэмжлэлтэй, С.Т-т холбогдох гэм хорын хохиролд 1,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,115 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
М.МӨНХТӨР