| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00485/И |
| Дугаар | 00662 |
| Огноо | 2018-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00662
| 2018 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2018/00662 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, ** тоотод оршин суух, С.Ш нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, ** тоотод оршин суух, Б.Д-д холбогдох
Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ш , хариуцагч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Ш нь Б.Д гийн ээж Г.М-тай 1987 оноос 2013 он хүртэл 16 жил хамт 1-13-15 тоотод амьдарч байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сараас хойш хамт амьдрахаа больсон юм. Б.Д нь мөн энэ байранд одоо ч гэсэн хамт амьдарч байгаа болно. Би Г.М-гаас салахдаа хамтран өмчилж байсан үл хөдлөх хөрөнгө болох Зэт багийн 1-13-15 тоотоос өөрийн нэрээ хасуулсан болно. 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Ниссан маркийн X-трайл **** ора улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг анх худалдаж авч байсан ба 2013.10.07-ны өдөр зөвхөн машиныхаа бичиг баримтыг Г.М-гийн бага охин Б.Д гийн нэр дээр шилжүүлсэн юм. Гэхдээ би дээрх тээврийн хэрэгсэлийг анх худалдаж авсан үеэс өнөөг хүртэл ашиглаж унаж хэрэглэсээр байгаа болно. Би хойд охин Б.Д гээс миний машины бичиг баримтыг минь нэр дээр шилжүүлж өгөөч гэж ээжээр нь хэлүүлэхэд за гээд өнөөдрийг хүргэсэн тул аргагүй эрхэнд шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Иймд Ниссан маркийн X-трайл **** ора улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигчээр С.Ш намайг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ш ийн Тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлд хариуцагч Б.Д гийн зүгээс доорхи тайлбарыг гаргаж байна.
Х-трайл маркийн **** ОРА улсын дугаартай автомашиныг миний төрсөн эх Г.М нь тэтгэвэрийн зээлийнхээ тодорхой хувийг төлж надад авч өгсөн тул С.Ш ийг шууд эзэмшигчээр тогтоолгох боломжгүй юм. Тиймээс иргэн Г.М гийн тайлбарт дурьдсаны дагуу машины төлбөр болох 4 362 126 /дөрвөн сая гурван зуун жаран хоёр мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг төлж барагдуулсны дараа машиныг өөрийнх нь өмчлөлд шилжүүлж өгнө.
Нэхэмжлэлд дурьсанчлан миний ээж Г.М гийн өмч хувьчлалаар авсан байрыг өөрийн байр мэтээр худал бичсэнийг нь нотлох үл хөдлөх хөрөнгийн лавлагааны баримтыг хавсаргав. Мөн энэ мэт найз Ү-н төрсөн дүү Ч-н байрыг өөрийн мэтээр залилаж нэр дээрээ шилжүүлж аваад шүүхийн зарлан өгөөд дуудаад ирээгүй учраас манайд цагдаа ирээд гав зүүлгээд аваад явж байсныг энд дурьдах нь зүйтэй.
С.Ш нь Эрдэнэтэд амьдрах газаргүй биш юм. Учир нь өөрийн хоёр хүүхэд, төрсөн хоёр дүү нь байдаг. Гэхдээ тэд нартайгаа зан харилцааны хувьд таардаггүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Б.Д д холбогдуулан **** ОРА улсын дугаартай Ниссан Х-трайл маркийн суудлын автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Ш нь **** ОРА улсын дугаартай Х-трайл маркийн суудлын автомашины тээврийн хэрэгсэлийн эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, миний төрсөн эх Г.М нь тэтгэвэрийн зээлийнхээ тодорхой хувийг төлж надад авч өгсөн, машины төлбөрийн 50 хувь болох 4 362 126 /дөрвөн сая гурван зуун жаран хоёр мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг төлж барагдуулсны дараа машиныг шилжүүлж өгөх болно гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд **** ОРА улсын дугаартай Ниссан Х-трайл маркийн суудлын автомашиныг С.Ш нь 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ авсан байх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэлийг бүртгэх маягтаар тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийг өөрчлөн Б.Д гийн нэр дээр шилжүүлсэн болох нь АЯ026347 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
**** ОРА улсын дугаартай Х-трайл маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгч С.Ш нь ашигладаг, хариуцагч нэг ч удаа ашиглаж байгаагүй талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч 4 362 126 /дөрвөн сая гурван зуун жаран хоёр мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг төлж барагдуулсны дараа машиныг шилжүүлж өгөх болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч, нэхэмжлэгчээс 4 362 126 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гаргасан тайлбараа бичгийн баримтаар нотолж чадахгүй байх тул **** ОРА улсын дугаартай Ниссан Х-трайл маркийн суудлын автомашины АЯ026347 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний эзэмшигчээр С.Ш ийг тогтоох үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилав.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар **** ОРА улсын дугаартай Ниссан Х-трайл маркийн суудлын автомашины ****** дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний эзэмшигчээр А овогт С-н Ш ийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Д гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН