Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Т.Г

Хохирогч Т.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б холбогдох эрүүгийн 1725000000178 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Т.Б 2017 оны 10 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт Т.Л зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт Б гэрт хамт пиво ууж байсан Б-тай маргахдаа “боль” гэж хориглосон Т.Л-ыг цохиж биед нь доод эрүүний ясны их бие баруун талд зөрөөгүй хугарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Хохирогч Т.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед найз Баясаа миний гар утас руу залгаад Б гэх цайны газар хүрээд ир гэсэн. Очиход Б гэх залуу ирсэн. Тэгээд бид гуравыг байж байхад хоёр танихгүй охин нэмэгдэж ирсэн. Тэгээд бид гурав дэлгүүрээс хоёр том пиво аваад Баясгалангийн гэрт очсон. Тэгээд Бгийн гэрт ойр зуурын юм яриад байж байтал нөгөө хоёр танихгүй охин яваад өгсөн. Бн Б хоёр хоорондоо маргалдаад би тэр хоёрыг салгах гэсэн чинь Б надруу уурлаад миний нүүрэн тус газарт гараараа цохисон юм. Бас хөлөөрөө өшиглөөд байсан. Би тухайн үед гайгүй байхдаа гэж бодоод яваад байсан чинь эрүү өвдөөд хавдар нь буухгүй байхаар нь эмнэлэгийн байгууллагад хандсан чинь эрүү маань хугарсан байсан. Би цагдаа дээр ирэхээсээ өмнө Б-д хэлсэн чинь үл тоогоод байсан юм. 2017 оны 11 сарын 15-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ Боос эмчилгээний үед гарсан 1,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн эрүүний хагалгааны үед агт араа шүдээ авахуулсан тул шүд хийлгэх мөнгөө Б-оос нэхэмжилнэ. Агт араа хийлгэхэд 2,400,000 төгрөг болно. Мөн нэг жилийн дараа эрүүний хагалгаанд орох 507,000 төгрөг,нийт 4,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудаст

 -Хохирогч Т.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Маргалдаад байхаар нь салгах гэсэн чинь эргэж хараад намайг цохисон. Хохирол барагдуулбал гомдолгүй. Хагалгаанд орж эрүүгээ хадуулсан. 1 жилийн дараа хадаасаа авахуулна. Энэ зардлаа гаргуулна. Мөн шүдний уг хугарсан байсан тул шүдийг авсан. Шүдээ хийлгэх шаардлагатай байгаа. Эдгээр зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.Бгийн “...Манай гэрт ороод 2 пиво уусан. Манай хоёр эмэгтэй найз ирсэн байсан юм. Эмэгтэй найзууд маань гэрээс гараад явсан уусан пивондоо согтоод Бямбаатай үл ойлголцоод маргалдсан юм. Тухайн үед Лхагважамбал бид хоёрыг салгах гэтэл Бямбаа нь Ллыг цохиж зодсон байна лээ. Тэр үед би нилээд согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн № 935 дугаартай: “...Т.Лхын биед доод эрүүний ясны их бие баруун талд зөрөөгүй хугарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Эрүүний ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/

-Хохирогч Т.Лын эмчилгээний түүх болон эмийн хуудас /хх-ийн 31-39-р хуудас/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 19-32-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна. Бн бид 2 маргалдаж байхад дундуур орохоор нь уур хүрээд цохичихсон. Хохиролд 450,000 төгрөг төлсөн. Шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө гэжээ. Шүүгдэгч Т.Б 2017 оны 10 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Т.Лыг шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Лын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул улсын яллагчийн саналыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч эмчилгээний 1,000,000 төгрөг, шүд хийлгэх зардал 2,400,000 төгрөг, 1 жилийн дараа хадаас авахуулах зардал 507,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэгт 1,000,000 төгрөг эмчилгээнд зарцуулсан тухай баримт авагдаагүй, шүд хийлгэх зардалд яагаад 2,400,000 төгрөг шаардлагатай талаар баримт хангалтгүй, эмчийн хувийн тамгатай баримт хэрэгт авагдсан бөгөөд 1 жилийн дараа хадаас авахуулах зардал ямар хэмжээнд байх талаар урьдчилан дүгнэлт хийх боломжгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо гаргуулах эрхтэйг заах нь зүйтэй.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг хагалгаанд орох үед 450,000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Т Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бямбацогтыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохиролоо гаргуулах эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ