Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц/РД: /-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: МУ Б яаманд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Завхан аймаг, Тосонцэнгэл сумын лаборатори I сургуулийн захирлаар 2011 оноос ажиллаж байгаад 2017 оны 6-р сард эрх бүхий албан тушаалтнуудын дарамт шахалт, хууран мэхлэлтээс болж ажлаа өгч, улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2017 оны 12 сарын 14-нд ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн 0932 тоот шийдвэр гарсан боловч тодорхойгүй шалтгаанаар ажилд эгүүлэн томилох тухай БСШУСЯ-ны Сайдын тушаал гарахгүй байсаар 2018 оны 02 сарын 23-ны өдөр гарч, 2018 оны 03 сарын 02-ны өдөр ажилдаа орсон бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 4 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хууль бус үндэслэлээр тус хөдөлмөрийн гэрээ цуцалсан.

Намайг ажилдаа эргээд ороход хамт олон 2, 3 хуваагдсан, талцсан байдалтай энэ нөхцөлийг дээрх хугацаанд захирлаар ажиллаж байсан Ж.Уранчимэг өөрөө зохион байгуулж, ажил хүлээлцэх үеэр үйлдвэрчний хуралтай гэж худал зар тараан хурал зохион байгуулж, хамт олны гарын үсэг цуглуулж, бичлэг хийн 22 заалт бүхий худал гүтгэлгийн чанартай бичгийг яамруу явуулсан байсан.

Удалгүй БСШУСЯ-аас “2016, 2017 оны санхүүгийн баримтаа яамруу явуул, аудит хийнэ” гээд авсан. Дараа нь 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг 2018 оны 04 сарын 09-12-ны хооронд ирж өргөдөл гомдлын дагуу шалгаад намайг 2014-2015 оны магистрын сургалтын төлбөр 1 242 000 төгрөгийг шийдвэргүйгээр авсан байна гэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр акт тогтоосон.

Гэтэл БСШУЯ-ны сайдын 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 300 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг Улсын багшийн их сургуулийн магистрантурт хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах журам”-ын дагуу сумын засаг даргатай байгуулсан гэрээгээр сургалтын төлбөрийн 50 болох дээрх мөнгийг МУБИС-ийн дансруу сургуулиас шилжүүлсэн байсан.

Харин БСШУСЯ-ны сайд 2018 оны 05 сарын 14-ны өдөр дээрх актыг үндэслэл болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан санхүүгийн ноцтой зөрчил гэж үзэн ажлаас чөлөөлөх тухай Б/036 тоот тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан байна.

Сайдын тушаалын үндэслэл болсон дээрх актыг 2018 оны 04 сарын 12-ны өдөр гаргасан. Энэ актаар сахилгын зөрчлийг илрүүлсэн гэж тооцвол сахилгын арга хэмжээ авах 01 сарын хугацаа 2018 оны 05 сарын 12-ны өдөр дууссан байна. Мөн зөрчил гарснаас хойш 8 cap гэж тооцвол тус хугацаа 2016 онд дууссан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн нөхцөл бүрдээгүй байна.

Мөн 2018 оны 05 сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тухайн гэрээ байгуулсан өдрөөс хойш гарсан зөрчлийг үндэслэн гэрээг цуцлах боломжтой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан өдөр тус гэрээ хүчин төгөлдөр болж, хууль зүйн үр дагавар нь түүнээс хойш үүсэх учиртай.

Гэтэл гэрээ байгуулахаас 2-3 жилийн өмнө гарсан гэх зөрчлийг үндэслэл болгож 2018 оны 05 сарын 11-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна.

Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү.

Сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд сайдын тушаал нь Хөдөлмөрийн хуулийг баримтлан гарсан тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр тус нэхэмжлэлийг гаргаж байна.” гэв.

 

Хариуцагч Монгол Улсын Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Цын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтад Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;” эрхтэй болохыг заасан.

Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар “Б.Цыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарч, ажлаас чөлөөлөгдсөн болно.

Тушаалын үндэслэх хэсэгт Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3 дахь хэсэг, Б яамны Б яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 04 дүгээр 12-ны өдрийн 08-02/01, 08-02/02, 08-02/03 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.

Дээрх Улсын ахлах байцаагийн 3 акт, Б яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд дотоод аудитын ажлын тайланг нотлох баримтын шаардлага /эх хувийг/ ханган хүргүүлж байна.

Боловсрол, сюёл, шинжлэх ухаан, спортын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой буюу нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх болохыг зааж өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдолыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхээр заасан байна.

Учир нь иргэн Б.Ц нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай” тушаалаар чөлөөлөгдөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаанаа шийдвэрлүүлж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0932 дугаар шийдвэрээр хэрэг маргааныг шийдвэрлүүлж байсан.

Иймд дээрх хэргийн                                                                                                                                           харьяаллыг нэг мөр болгох, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Монгол Улсын Б яаманд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 368 925/гурван сая гурван зуун жаран найман мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч Монгол Улсын Б яам нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбаганад 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбаганы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/016 дугаар тушаалын болон № А000270058 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс цуцалсан болох нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08-02/02 дугаар актыг үндэслэж цуцалсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сард Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсролын удирдлагын магистрантурын 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр гэж 1 242 000/нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг илүү олгосон зөрчил гаргасан болох нь хариуцагчийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн № 08-02/02 актаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн № 08-02/02 актад гомдол гаргаагүй талаар маргахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар ... дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн № 08-02/02 актад дурдсан зөрчил гаргаснаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сараас хойш 6/зургаа/ сарын хугацаа өнгөрсөн болох нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаалын хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн № 08-02/02 актаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.

 

Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08-02/02 дугаар актыг үндэслэж нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 368 925/гурван сая гурван зуун жаран найман мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 130 620/872456+1407766+1111639=3391861, 3391861:3=1130620/ /нэг сая нэг зуун гучин мянга зургаан зуун хорь/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 51 391/1130620:22=51391/ /тавин нэгэн мянга гурван зуун ерэн нэг/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн № А000270058 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

         

          Нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 2/хоёр/ сар, ажлын 12/арван хоёр/ хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 2 877 932/2x1130620=2261240, 12x51391=616692, 2261240+616692=2877932/ /хоёр сая найман зуун далан долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 490 993/3368925-2877932=490993/ /дөрвөн зуун ерэн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 877 932/хоёр сая найман зуун далан долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлсөн нөхөн бичилтийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

          Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Төрийн үйлчилгээний албан тушаалд ... хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:”, 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан ... зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал ... албан тушаал;”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль ... бусад актаар тогтооно.” гэж заасан.

 

          Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэрт хамаарахгүй тул хариуцагчийн хэргийн харьяалал зөрчигдсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

          2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаал нь хариуцагчийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08-02/01, 08-02/03 дугаар актыг үндэслэж гараагүй болох нь Б/036 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагчийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08-02/01, 08-02/03 дугаар актуудад дурдсан зөрчил нэхэмжлэгч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллах хугацаанд хамааралгүй болох нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08-02/01, 08-02/03 дугаар актуудаар тогтоогдож байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Б яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2 877 932/хоёр сая найман зуун далан долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цад олгон, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлсөн нөхөн бичилтийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 490 993/дөрвөн зуун ерэн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Б яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2 877 932/хоёр сая найман зуун далан долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цад олгон, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлсөн нөхөн бичилтийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 490 993/дөрвөн зуун ерэн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Б яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 60 996 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ