Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 016

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Орчуулагч А.Е,

Улсын яллагч М.Отгонжаргал, 

Хохирогч Х.Е, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,

Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ст холбогдох 1813000000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1988 оны 08 дугаар сарын 26-ны Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн. 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын nдүгээр багт оршин суух хаягтай, ам бул 6, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Санырау овгийн Амантайгийн С, регистрийн дугаар 00000.

 Шүүгдэгч А.Сийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч А.С нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байдаг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Х.Еийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

 Шүүгдэгч А.С нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байдаг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Х.Еийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Шүүгдэгч А.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өглөө 09 цагийн үед өөрийн эхнэр болох Х.Еийг зодож эрүүл мэндэд хохирол учруулсан минь үнэн. Тэр гэрийн ажилд хойрго ханддаг ба гэрийн цэвэрлэгээ муу хийдэг болохоор нь түүнд шаардлага тавьж гэр орноо зөв цэвэрлээрэй, зуухны хажууд байгаа хогийг цэвэрлээрэй гэж хэлэхэд тэр миний хэлсэн үгийг хүлээж аваагүй. Тэр үед миний ээж бас зуухны үнсийг зөв аваарай, гэрт асгарсан байна гэхэд Х.Е миний ээжтэй хэрүүл маргаан үүсгэж хэрэлдэж ээжийг хувцасны захаас барьж авахад миний бие очиж чи юу хийгээд байгаа юм вэ гэж түүнийг нүүрний тус газар гараар хэдэн удаа цохиж авсан болно. Мөн түүнийг түлхэх үед тэр орны хажууд уначихсан...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Х.Еээс уучлалт гуйсан...Миний эхнэр 3 сартай жирэмсэн болохыг би мэднэ...Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсье.” гэх мэдүүлэг / хх-ийн 32 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Хохирогч Х.Еийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өглөө 10 цагийн үед босоод гал түлэх гээд нүүрсээ зуух руу хийж байхад хажуугаар нь жаахан асгасан юм. Гэтэл хадам ээж болох Шамерия чи наадах нүүрсээ цэвэрлэж аваач, чи зөрүүдээр нүүрс асгаж байгаа гэж уурласан. Тэгэхээр та яагаад намайг загнаад байгаа юм бэ гэхэд чиний нүд юм үзэхгүй байна уу чи сохор юм уу гэж хэлсэн. Гэтэл унтлагын өрөөнөөс нөхөр болох С гарч ирээд чи ээжтэй хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж шууд толгой хэсэг рүү гараараа цохиод, ороолтоос татаж хоолой боож хажуугийн унтлагын өрөө лүү оруулж дахин толгой руу гараараа цохиод авахад хамарнаас цус гарсан юм. Тэгэхээр нь би шууд гэрээс хувцасаа  аваад гараад явсан юм. Бид гэр бүл болоод 2 жил болж байна, ямар нэгэн жаахан асуудал болох бүрийд гар хүрч зодож байсан. Өчигдөр бас хэрүүл маргаан болж гар хүрсэн байсан юм...” гэх мэдүүлэг

/хх-ийн 15 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Гэрч К.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр өглөө 0910 цагийн үед бэр Х.Е гал түлэх үед зуух, нүүрсний савыг шидэж хаяж, чанга дуу гаргаж, нүүрс үнсийг гадна талд асгаж асуудал гаргахаар нь миний бие түүнд шаардлага тавьж гал түлэхдээ цэвэрхэн байгаач гэхэд минь тэр миний үгийг хүлээж авалгүй надтай хэрүүл маргаан хийж...чамд ямар хамаатай юм вэ...гэж уурлаж өөр лүү минь дайрч заамдаж барьж авах гэхэд, оронд хэвтэж байсан хүү босож ирээд... түүнийг хэд, хэдэн удаа нүүр, толгойд нь гараар цохиж авсан.

Түүнийг түлхэх үед тэр газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

-Гэрч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 55 минутын үед манай өрхөд жирэмсний хяналтад байсан Х.Е манай өрхийн эмнэлэгт ирж үзүүлсэн ба биеийн байдлыг үзэхэд даралт нь хэвийн байсан. Мөн нүүр ам нь хөхөрсөн байсан ба би өвчний картаа аваад ЭХО-д үзүүлээрэй гэж явуулсан. Дараа нь 15 цаг 30 минутын үед Еийн ах нь болох Нурболат гэгч ирж Х.Е өвдөөд болохгүй байна гэхээр нь түүнтэй хамт түүний мотоциклоор Өлгий сумын 6 дугаар багт байдаг гэрт нь очиход тэнд Х.Е байсан. Би Х.Еийг 15 цаг 53 үед үзэхэд Х.Е нь зодуулсан байдалтай нүүрний зүүн тал хавантай зүүн гарын мөр нь хөхөрсөн байдалтай байсан. Х.Е өөрөө толгой эргэж байна, хэвлийн доогуур ууц нуруугаар өвдөж байна, бүх бие өвдөн гэх зовиур хэлсэн. Би өвчтөний биеийн байдлыг үзэж байгаад 3 сартай уураг зулбах аюултай гэх онош тавьж онош тодруулахаар 2 дугаар шатны эмнэлэг буюу төрөх тасагт хандаж үзүүл гэсэн зөвлөгөө өгсөн. Тэр үед даралтыг нь үзэхэд 140-80 болж даралт нь ихэссэн,  өөрөө стресст  орсон сэтгэл  санааны  байдал  тогтворгүй байсан.  Би Еийн ах  Нурболатад энэ хүнийг яаралтай төрөх тасагт нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээрэй гэж зөвлөгөө өгсөн. Би Х.Еээс хэн зодсон гэж асуухад нөхөр зодсон гэсэн. Юунаас болж яаж зодсон болохоо тодорхой хэлээгүй. Би нөхөр чинь эрүүл байсан уу гэхэд архи уугаагүй, эрүүл байсан. Ялимгүй зүйлийг шалтаг болгож зодсон гэсэн. Би хадам ээж, аав чинь боль гэж хэлдэггүй юм уу гэхэд тэд нөхрийн талд гарч нөхрийг өмөөрдөг гэж хэлж байсан. Мөн шүднээс нь цус гарч байна гэхээр шүдний эмчид үзүүлээрэй гэсэн. Х.Е өвчний карт гэрт үлдсэн гэхээр нь үзлэгийн талаар тал бичгийн цасанд бичиж өгсөн. Мөн даралтын эм авч уугаарай гэж эм бичиж өгсөн. Болсон асуудал энэ болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

-Гэрч Х.Нурболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний бие 16 цагийн үед гэрт ирэхэд миний охин дүү

Х.Е гэрт ирсэн байсан бөгөөд түүний нүүр ам улайж хөхөрч хавдсан бие нь өвдсөн байдалтай байсан болохоор юу болсныг асуухад нөхөр А.С зодсон болохыг хэлсэн. Х.Е жирэмсэн байсан болохоор түүний биеийн байдлыг үзүүлэхээр Өрхийн эмнэлэгт очиж өрхийн А гэгч эмчийг гэрт авч ирж үзүүлсэн. Дараан би Х.Е зодуулсан тухай цагдаагийн газарт хандаж мэдэгдсэн. Шөнө биеийн байдал муудсан болохоор түргэн дуудаж аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүргэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 -Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Энэ хэргийн учир хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч нь шүүгдэгчид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч А.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх  нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзлээ. 

Шүүгдэгч А.Сийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна. 

 Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч А.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,

36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Санырау овогт Амантайгийн Сийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг мэдсээр байж” зэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай. 
  5. Шүүгдэгч А.С нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
  6. Шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  7. Шүүгдэгч А.Сийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт газарт шилжүүлсүгэй. 
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ