Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга Б.Жанерке, орчуулагч А.Еркегүл, улсын яллагч Х.Өрен, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н, хохирогч А.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Я.Сьезд, Х.Зулхаш,
шүүгдэгч А.Х, М.Снарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х, М.Снарт холбогдох 1713000390108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Шүүгдэгч А.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Жантекей базархул овогт Ахманы Х, 1972 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өлгий сумын 9 дүгээр багт, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:0000
- Шүүгдэгч М.С: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Молхы овогт Мын С, 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 10-20 тоотод аав, ээж, дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:0000
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Ахманы Х нь 2017 оны 8 дугаар сарын 10-аас 11-ний шилжих шөнө 22 цагийн үед 93-49 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн З.Бийн 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийг чирж явж байхад хатуу холбоос нь салж чирэгдэж яваа ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгсэл чирж яваа А.Хийн тээврийн хэрэгслийг мөргөж зогсох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу ирж явсан “Истана” маркын 66-64 ХОҮ улсын дугаар бүхий хүн тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл араас нь ирж мөргөлдөн зорчин явсан иргэн У.Тилеудийн биед хүндэвтэр хохирол, иргэн А.Т, М.Снарын биед хүнд хохирол, иргэн
Х.Рын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,
- Шүүгдэгч Мын Снь 2017 оны 8 дугаар сарын 10-аас 11-ний шилжих шөнө 22 цагийн үед “Истана” маркийн 66-64 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт Ахман овогтой Хийн 93-49 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн З.Бийн 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийг чирж явж байхад хатуу холбоос нь салж чирэгдэж яваа ЗИЛ4502 маркийн тээврийн хэрэгсэл чирж яваа А.Хийн тээврийн хэрэгслийг мөргөж зогсох үед чирэгдэж явсан 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ-4502 маркийн тээврийн хэрэгслийн араас нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлэн ирж мөргөлдсөний улмаас зорчиж явсан иргэн У.Тилеудийн биед хүндэвтэр хохирол, иргэн А.Тгийн биед хүнд хохирол, иргэн Х.Рын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч А.Х нь 2017 оны 8 дугаар сарын 10-аас 11-нд шилжэх шөнийн 22 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүйн улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч У.Тилеудийн биед хүндэвтэр хохирол, хохирогч А.Т, М.Снарын биед хүнд хохирол, хохирогч Х.Рын амь насыг хохироосон гэмт хэргийг,
- Шүүгдэгч Мын Снь 2017 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 22 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон, хурд хэтрүүлэн ирж мөргөлдсөний улмаас зорчиж явсан хохирогч У.Тилеудийн биед хүндэвтэр хохирол, хохирогч А.Тгийн биед хүнд хохирол, хохирогч Х.Рын амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 10-20 дугаар хуудас/,
- 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
- 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 25-27 дугаар хуудас/,
- 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 28-32 дугаар хуудас/,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Ховд аймгийн Жаргалант сумын төвд бидний хүнсний дэлгүүр байдаг. Тухайн дэлгүүрт манай эхнэр очиж, тооцоог хийж 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн хооронд таксинд явдаг “Истана” маркийн тээврийн хэрэгслээр гарсан тухай утсаар ярьсан. Тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад Буриадын даваанд явж байна гэж хамгийн сүүлийн удаа утсаар ярьсан. Тэгээд тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад Өлгий сумаас 10 хэдэн км-ийн зайд зам тээврийн осолд орж нас барсан байсан. Миний эхнэр нас барсан учраас миний бие эхнэрийг төлөөлөн эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байна. Тухайн үед зам тээврийн осолд орсон жолооч нар нь замын хөдөлгөөний дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарч, улмаар манай эхнэр нас барсан. Энэ хэргийн улмаас миний бие сэтгэл санааны болон эд хөрөнгийн маш их хохирол амсаж байна. ... Истанагийн жолооч М.Снь өөрийнхөө жолоодож яваа тээврийн хэрэгслээрээ зөрчиж явж байгаа зөрчигч нарын ам насыг хамгаалах бүрэн боломжтой байхад ямар учраас хамгаалж чадаагүй бэ, энэ асуудлыг мөн шалгах хэрэгтэй. Жолооч М.Снь тухайн үед тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохируулж явсан бол зам тээврийн осолд гарахаас сэргийлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ... Би эхнэр маань нас барсны улмаас сэтгэл санааны маш хохирол амссан. Түүнээс гадна талийгаачийн буяны ажилтай холбоотой хохирлууд гарсан. Гарсан зардлын талаар би мөрдөгчид баримт сэлтээ гаргаж өгсөн байгаа. Нийт гарсан хохирол 8600000 төгрөг байгаа. Миний бие маш их гомдолтой байна. Иймд 2 жолоочид эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье. Сийн прокурорын дансанд тушаасан 8600000 төгрөгийг авах болно. Шүүгдэгч нарт маш их гомдолтой байна. Сэтгэл санааны маш их хохирол учирсан байгаа тул хохиролд нэмж 30 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500000 төгрөгийг нэмж нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-41 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч У.Тилеудийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний гэр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 4 дүгээр баг “Хашаатын ам” гэх газарт оршин суудаг. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу явж байсан Истана маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн машинд 10 хүн, 2 хүүхэд байсан. Замд ирж байхад Буриадын давааны цаад талд нэг, наад талд нэг эрэгтэй хүн зам засварлаж байсан хүмүүсийн хажууд бууж үлдсэн. Тэгээд Толбо сумаас наашаа гараад ирж байхад зам нэг машин эвдэрч зогсож байсан бөгөөд жолооч залууг зогсоож чирэгч тороос асуусан. Тэндээс хөдөлж явж байхад БаянӨлгий аймгийн Өлгий суманд 10 хэдэн км-ийн зайд ирэхэд жолооч хашгирч машин хүчтэй юм мөргөсөн. Тухайн үед би хэсэг хугацаа шоконд орсон байсан. Нэг мэдэхэд дотор байсан хүмүүс машины цонхоор гарч байсан бөгөөд намайг ч гэсэн 2 залуу цонхоор авч гарсан. Машины дотор талаас гарч ирсний дараа харахад Истана маркийн тээврийн хэрэгсэл ачаа ачсан Зил маркийн машины араас нь мөргөсөн байсан. Тэгж байхад эмнэлгийн машин ирээд бид нарыг эмнэлэгт авч ирж хэвтүүлсэн. ... жолооч М.Схэдэн км-ийн хурдтай ирсэн эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ машины явалтаас үзэхэд нилээн хурдтай, ойролцоогоор 80-100 орчим км-ийн хурдтай ирж байсан байх гэж бодож байна. Бидний ирж байсан Истана маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөхөөс өмнө тээврийн хэрэгслийн урдаас ямар нэгэн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөөгүй. ... Жолооч М.Серик зам тээврийн осолд орохоос өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний баруун талын гарын атгалт яс хугарсан, баруун талын гарын 1 дүгээр хурууны гадна хэсэгт болон зүүн талын хөлний шилбэний хэсэг ялзарч мэс заслын оёдол тавьсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна. Надад гомдол, санал байхгүй. ... Надад эм тариа хийлгэхэд 180000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг надад Истанагийн жолооч М.Сбэлнээр төлж өгсөн. Миний зүгээс Истанагийн болон Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нараас нэхэмжлэх зүйл байхгүй. ... Мөн ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-46 дугаар хуудас/,
- Хохирогч А.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие Улаанбаатар хотод хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж ирэхэд 4-5 орчим сая төгрөгийн хохирол гарсан. Би тухайн үед ухаангүй байсан учраас юу юунд яг хэдэн төгрөг зарцуулсан, хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Түүнийг миний төрсөн дүү Анашханы Ө сайн мэдэж байгаа бөгөөд хохирлын талаар гэрчийн мэдүүлэг өгч, хохиролтой холбоотой баримтуудыг ч гэсэн гаргаж өгсөн байх ёстой. Мөн цаашид хохирол, гэм хортой холбоотой материалыг ч гэсэн гаргаж өгөх болно. Казакстан улсад очиж оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Казакстан улс руу явах гэж байна. Цаашид миний зүгээс энэ хэрэгт хохиролтой холбоотой нэхэмжлэлийн материалыг манай дүү А.Ө гарган өгч, нэхэмжлэх тул түүнийг энэ хэрэгт намайг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү. Надад одоогоор 4-5 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Түүнээс 3 сая гаран төгрөгийг жолооч М.Сгарган өгсөн. Харин надад учирсан хохирлын зөрүү мөнгийг буруутай этгээдүүд гаргаж өгвөл гомдол, санал байхгүй. Харин хагалгаа, эмчилгээ хийсэн эмч нар намайг 6 сар, мөн 1 жилийн дараа дахин ирж, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэ гэсэн. Би тухайн үед гарсан зардлыг буруутай этгээдүүдээс иргэний журмаар дахин нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-52 дугаар хуудас/,
- Хохирогч М.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Толбо сумаас наашаа гараад ирж байхад би түрүүлж ирж байсан “Хар сай” гэх газраас наашаа уруудаж ирж байхад замд нэг машины жолооч гар өргөж зогсоохоор нь би тухайн жолоочийн хажууд зогссон. Тухайн жолооч надаас машин чирэх тороос асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Би тухайн газар ирж зогсож байхад Арланбек надаас зөрж өнгөрөөд миний урд талд гарч, түрүүлээд явсан. Арданбек надаас түрүүлж явсны дараа би тухайн жолоочийн хажуу талд 5-аад орчим минут юм ярьж байгаад араас нь хөдөлсөн. Арланбек бид хоёрын хооронд хамгийн багаар болоход 10-аад км-ийн зайтай явж байсан. Миний бодлоор Арланбек миний мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдээс зөрж өнгөрсний дараа 5-10 минутын дараа тухайн тээврийн хэрэгсэл дээр ирж би мөргөлдсөн. Би мөргөлдөхөд миний мөргөлдсөн машины ар хэсэг болон зам дээр ямар нэгэн ослын тэмдэг байхгүй байсан. Хэрэв тийм тэмдэг байсан бол машины гэрэлд гялбаж харагдах ёстой. Арланбек зөрж өнгөрөхөд миний мөргөлдсөн 2 тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж зам дээр зогсож байсан. Арланбек зөрж өнгөрснөөс хойш багаар бодоход 5 минутын дараа миний бие ирж мөргөлдсөн гэж бодож байна. Энэ хооронд миний мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн жолооч нар ослын тэмдгийг зам дээр тавих бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэ хүмүүс яагаад ослын тэмдэг тавиагүй болохыг гайхаж байна. Хэрэв ослын тэмдгийг машины ар талд байрлуулсан, эсвэл зам дээр тавьсан бол би тухайн тэмдгийг хараад осол гарахгүй байх байсан гэж бодож байна. Би мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийг хараад машинаа зогсоох гээд тормос дарсан боловч тормос дарсан байхад очиж мөргөлдсөн. Миний бие мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийг тухайн машинуудад нилээн ойртож ирээд харсан. Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэгт байгаа анх тормос дарж эхэлсэн газарт ирээд харсан гэсэн үг. Тухайн тээврийн хэрэгслүүдийг хараад тормос дарж, мөн тээврийн хэрэгслийн хүрдийг зүүн тийш дарж, зөрж өнгөрөх гэсэн боловч тухайн тээврийн хэрэгслүүдээс бүрэн зөрж чадалгүй, мөргөчихсөн. Би тухайн үед машиныхаа тормосыг дарж зогсоох арга хэмжээ авах гэсэн боловч машины хурдны эрчээр очиж урд байгаа машиныг мөргөсөн. Миний анх тормос дарсан газраас машиныг мөргөж зогссон газар хүртэл машины тормос бүрэн барьж байсан. Тормос маань бүрэн барьж байсан нь хэргийн газарт харагдаж байгаа тормосны мөрөөр нотлогдож байна. Би мөргөлдөхөөс өмнө ямар нэгэн гар чийдэнгийн гэрлийг асааж унтраасан хүмүүс харагдаагүй. Миний мөргөлдсөн машины урд хэсэг нь бүрэн эвдэрсэн бөгөөд засварлах боломжгүй болсон. Яг тээврийн хэрэгслийн ямар эд ангиуд нь эвдэрч, ямар эд ангиуд нь бүтэн байгааг сайн мэдэхгүй байна. Миний биед хүнд гэмтэл учирсан ба Хээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 6063 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хийн машинаар миний машиныг чирж засмал замд ороод 100-аад метр явж байхад Х ахын машины ар талаас нэг юм мөргөх шиг болсон. Энэ үед Х нь зогсоод, машиныхаа гар карданыг татсан. Харин Бахитхан бид хоёр машинаас буугаад машины хойд талыг харахад чирж ирж байсан хатуу холбоосын миний машин талд нь холбосон хэсэг мултарч, миний машины баруун урд хэсэг Хийн машины тэвшний зүүн талаар нь мөргөөд зогссон байв. Би өөрийнхөө машины запас дугуйны дээр байсан палк модыг аваад, өөрийнхөө машины жолооч талын хойд дугуйны урд талд нь тавьсан. Тэгж байхад 200-300 аад метрийн зайгаас нэг машины гэрэл харагдахаар нь Бахитхан бид хоёр машины ар талд очиж, би гартаа барьж байсан гар чийдэнгийн гэрлийг асааж унтрааж дохио өгсөн. Энэ үед тухайн машин бид нарт ойртож ирээд бид нарын машиныхаа баруун талаар зөрөөд өнгөрсөн. Тухайн зөрж өнгөрсөн машин Истана маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрсний дараа Х машинаас бууж ирсэн. Бид гурав Хийн машины араас мөргөсөн миний машиныг хойшоо болгож, мултарсан хатуу холбоосыг дахин холбох гээд хоорондоо яриад зогсож байхад дахин нэг машины гэрэл харагдсан. Тэр хооронд ойролцоогоор 2-3 минут өнгөрсөн. Тэгээд бид гурав дахин машины ар талд гараад тухайн ирж байсан машинд би гартаа барьж явж байсан гар чийдэнгийн гэрлийг асааж, унтрааж дохио өгсөн. Бахитхан гадуур өмсөж явсан дээлээ тайлж дохио өгөх шиг болж байсан. Тухайн машин нилээн их хурдтай бид нар луу ойртож ирэхээр нь Х бид хоёр замын зүүн тал руу, Бахитхан баруун талын хөвөө рүү зугтаасан. Энэ үед тухайн машин Хийн чирж ирж байсан миний машины хойд талаас хүчтэй мөргөөд зогссон. Мөргөсөн машин мөн л ногоон өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэл байсан. Х бид хоёр мөргөөд зогссон Истана маркийн тээврийн хэрэгслийн хажууд гүйгээд очсон. Бид зам тээврийн осол, саатал гарсан үед тавих ёстой анхааруулах тэмдгийг тавиагүй байсан. Гэхдээ Хийн машины суудлын доор уг тэмдэг байсан” гэх
мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-75 дугаар хуудас/,
- Гэрч М.Бахитханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бид хоёр мод тавьчихаад машины хойд талд анхааруулах тэмдэг тавих гээд машины хойд талд очиход Толбо талаас Өлгий сум руу чиглэж ирж байсан дахин нэг машины гэрэл харагдсан. Энэ үед Б бид хоёр нөгөө машин руу дохио өгөх гээд Б гартаа байсан гар чийдэнгээ асааж, дохио өгсөн. Харин би гадуур өмсөж явсан дээлээ тайлж дохио өгсөн. Бид машин зогссоны дараа анхааруулах тэмдгийг тавьж амжаагүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-80 дугаар хуудас/,
- Гэрч Н.Арланбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тэр үед 80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд нэлээн холоос надад гэрэл харагдсан, тэгээд би хурдаа хасаж явсаар байгаад дөхөж ирэхэд замын голд 2 машин зогсож байсан, хажууд нь 2 хүн байсан харагдсан, тэгээд би хажуугаар нь зөрөөд өнгөрсөн юм. Түүгээр яваад би шууд аймаг орж ирээд хүмүүсээ буулгаад явж байтал хэн ч юм надад нэг залуу залгаж хойн ирж байгаа М.Сосолд оров гэж хэлсэн. Тэгээд би тэр ослын газарт яваад очсон, намайг очиход цагдаа онцгойгийн хүмүүс очсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-86 дугаар хуудас/,
- Гэрч Б.Дагиймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нэг мэдэхэд жолоочийн хашгирсан дуу сонсогдохоор нь сэрээд харахад машин хүчтэй юм мөргөсөн. Энэ үед би толгойгоороо, болон баруун, зүүн талын хөлний шилбэ хэсгээр урд талын суудлыг мөргөсөн. Тэгээд хэсэг хугацаа шоконд орж сууж байгаад харахад миний сууж байсан суудлын хажууд талын цонх онгорхой байхаар нь цонхноос үсэрч буусан. Тэгээд би айсандаа машинаас хэсэг хугацаа холдож байгаад машин буцаж ирэхэд машины хойд талын суудалд хүүхэд хэвтэж байхаар нь машины цонхоор уг хүүхдийг гаргаж авсан. Тэгж байхад түргэн тусламжийн машин ирж, Истана маркийн дотор зорчиж явсан хүмүүсийг эмнэлэгт авч ирсэн. Бидний ирж байсан машины жолооч би унтахаас өмнө нилээн хурдтай явж байсан. Харин осолд орох үед хэдэн км-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. ... ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
- Гэрч А.Перизатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би засмал замд орж ирсний дараа унтсан байсан бөгөөд машин хүчтэй юм мөргөсөн юм шиг чимээ гарч, хүмүүс орилж, уйлаад байхад нь харахад машин мөргөөд зогссон байсан. Харин тэр хүртэл унтаж байсан учраас яг хэрхэн ирээд мөргөсөн талаар мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учираагүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90 дүгээр хуудас/,
- Гэрч И.Майрагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд нэг мэдэхэд машин хүчтэй юм мөргөх шиг болсон ба шоконд ороод дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна. Ухаан ороход эмнэлэгт хэвтэж байсан. Тэр талаар яг санахгүй байна. Би замд ирж байхад унтсан байсан ба нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Осолд хэрхэн яаж орсон талаар мэдэхгүй байна. ... гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,
- Гэрч А.Хурметбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний зүүн талын мөр, баруун талын гуя хэсэг маань бага зэрэг зулгарсан. Тархи маань бага зэрэг доргилт авсан. Өөр ямар нэгэн гэмтэл аваагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Тилеубердийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын дундуур байсан өдрийг нь сайн санахгүй байна М.Сийн “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд явж байгаад зам тээврийн осолд орсон Анашханы Тгийн ээж Б.Айымхан болон ах, дүү, хамаатан садангийн хүмүүс болох нийт 8 хүнийг нэг хүнээс 15000 төгрөгөөр бодож 120000 төгрөгийн зардал авч Ховд аймаг руу авч явсан. Тэдгээр хүмүүсээс Б.Айымхан гэдэг хүнийг сайн танина. Харин бусад хүмүүс А.Тгийн ах, дүү, хамаатан садангийн хүмүүс гэж хэлж байсан. Тухайн хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Сайнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Намайг цонхноос нэг эрэгтэй хүн гаргаж авсан. Машинаас буусны дар харахад миний сууж явж байсан Истана маркийн машин урд хэсгээр хоёр ачааны машины хойд талын талын машины араас мөргөөд зогссон байсан. Тэгж байхад түргэн тусламжийн машин ирээд Истана маркийн машинд сууж байсан хүмүүсийг аваад эмнэлэгт авч ирсэн. ... зам тээврийн осолд орсноос болж миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тиймээс шүүх шинжилгээний шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-97 дугаар хуудас/,
- Хохирогч Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Манай ах А.Т зам тээврийн осолд орсны улмаас дараах хохирол учирсан. Үүнд: 1. А.Т нь зам тээврийн осолд ороод аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт хэвтэх үед 95000 төгрөгөөр компьютер томографийн зураг авахуулсан. 2. Эмнэлэгт хэвтэх үед ахын эрүүл мэндийн даатгалд 57600 төгрөг төлсөн. 3. Нэгдсэн эмнэлэгт хэвтэх үед Шамшырах эмнэлгээс 12000 төгрөгөөр, “Жалбыз” гэсэн эмийн сангаас 35000 төгрөг, 15800 төгрөгөөр тус тус эм авч хэрэглэсэн. 4. Ах тухайн үед хэвтэрт байсан учир Улаанбаатар хотод 3 хүний суудлаар 783000 төгрөгөөр онгоцны тийз, түүний сахиулаар явсан авга ах Байдолын Санайд 261000 төгрөгөөр онгоцны тийз нийт 1182400 төгрөгийг тийзийг бичүүлэн явсан. 5. Түүний араас сахиулаар ах А.Тилейхан 304000 төгрөгөөр онгоцны тийз бичүүлэн явсан. 6. Мөн Ховд аймгаас ээж Б.Айымхан автобусаар Улаанбаатар хотод очсон. Гэхдээ энэ хүний автобусны зардлыг жолооч Сийн ах нь төлөөд суулгаж явсан. 7. Улаанбаатар хотоос ах А.Т, А.Тилейхан, ээж Б.Айымхан нар 750000 төгрөгөөр онгоцны тийз бичүүлэн ирсэн. 8. Анх ах зам тээврийн осолд орох үед Ховд аймгаас ээж Б.Айымхан, ах А.Тилейхан нар Ховд аймгийн харъяат Истана маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Айтуганыг 250000 төгрөгөөр хөлсөлж Баян-Өлгий аймагт ирсэн. Мөн Баян-Өлгий аймгаас буцаж явахад Ховд аймгийн харъяат Истана маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Тилеубердийг 120000 төгрөгийн зардал өгч явсан. 9. Улаанбаатар хотод эмчлүүлэх үед “Энхжаргалан” эмийн сангаас 213300 төгрөг, мөн 207925 төгрөг, “Агар шим” ХХК-ний эмийн сангаас 2500 төгрөг, 4500 төгрөг, Монгол эм импекс ХХК-ний эмийн сангаас 6000 төгрөг, Монос ХХК-ний эмийн сангаас 6800 төгрөгийг тус тус төлж эм авсан. 10. 30000 төгрөгөөр эмнэлэгт хэвтэх үед ор хөнжлийн давуу худалдаж авсан. 11. Ах А.Т эмнэлэгт хэвтэн үед “Миний сүлжээ” дэлгүүрээс 8168 төгрөг, 5390 төгрөгийн тус тус хүнсний зүйлийг худалдаж авсан. 12.Улаанбаатар хотод очсоны дараа 120000 төгрөгөөр 2 удаа нийт 240000 төгрөгөөр толгойн компьютерийн томографи зураг авахуулсан. 13. А.Т хагалгаанд орох үед 850000 төгрөг, 400000 төгрөгөөр тус тус толгойны хугарсан хэсгийг нөхөх металл худалдаж авсан. 14. А.Т Улаанбаатар хотод эмнэлгээс гарах үед Эрүүл мэндийн даатгалд 76194 төгрөг, хагалгааны үний зөрүүд 41310 төгрөгийг тус тус төлсөн. Нийтдээ 4775487 төгрөгийн хохирол учирсан. Миний бие танд дээрх хохиролтой холбоотой материалыг гаргаж өгье. Жолооч М.Снь ах А.Т, түүний сахиул Б.Санай нар Улаанбаатар хот руу явах үед 1182400 төгрөгөөр онгоцны тийз бичүүлэн өгсөн. Ах Улаанбаатар хотод очсоны дараа бэлнээр 1300000 төгрөг, мөн 500000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. 4 ширхэг тариаг нэг ширхэгийг 15000 төгрөгөөр 60000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Мөн ээж Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах үед автобусны зардалд 66000 төгрөг төлж явуулж байсан. Нийтдээ 3108400 төгрөгийг төлж өгсөн. Үлдсэн хохирлын 864000 төгрөгийг Х, 864000 төгрөгийг Снар төлж өгсөн байгаа. Бидний зүгээс одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Харин Ах Тгийн биег цаашид эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн тул эрүүл мэндтэй нь холбоотой хохирол гарвал жич нэхэмжлэх болно.
Нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-57, 98-99 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Насанд хүрээгүй гэрч А.Сайлаубекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Мэдэхгүй байна. Би унтаж байсан. ... Үгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/,
- Шүүгдэгч М.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би өөрийн 6664 ХОҮ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд 9 том хүн, 2 бага насны хүүхэд тээвэрлэж 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу гарсан. Тэгээд оройн 23 цагийн орчим Баян-Өлгий аймгийн “Шар нуур” гэх газрын нутаг дэвсгэрт ирж байхад урьдаас өрөөсөн гэрэлтэй автомашин уу, мотоцикл байсан уу ирж байхаар нь машины гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэн уг ирж байсан тээврийн хэрэгслээс зөрж өнгөрсний дараа машины гэрлийг холын гэрэлд шилжүүлээд жоохон яваад л засмал замын ертөнцийн зүгээр зүүн зүг талд буюу Өлгий сум руу явдаг талын эгнээнд хойд талын хэсэг нь засмал замын голын цагаан шугаманд гарсан байдалтай зогсож байсан ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг хараад, тормосоо дарж тээврийн хэрэгслийн жолооны хүрдийг зүүн гар талруугаа дарсан боловч миний автомашины баруун урьд тал уг зам дээр зогсож байсан ЗИЛ 130 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талаас очиж мөргөж зогссон. Би машинаас буух гэхэд миний жолооч талын хаалга онгойлогдохгүй байсан. Миний машины гадна талд ЗИЛ 130 маркийн тээврийн хэрэгслийн хүмүүс ирсэн байхаар нь би уг хүмүүст өөрийн хаалганы шилийг хагал гэж хэлээд, уг хүмүүс хаалганы шилийг хагалсаны дараа гадаа гарсан. Тухайн үед бол толгой, тархи өвдөж шоконд орсон байсан ба машинаас буугаад гадаа хэсэг сууж байгаад харахад миний мөргөсөн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн урьд талд дахин нэг ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байх шиг харагдсан ба урьд зогсож байсан ЗИЛ 130 маркийн тээврийн хэрэгслийн хойд талд миний мөргөсөн тээврийн хэрэгслийн урьд талд уг хоёр ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн дунд хэсэгт хатуу холбоос босгож тавьсан байдалтай байсан. Тэгээд нэг их удалгүй цагдаа, эмнэлгийн ажилчид ирсэн ба миний тээврийн хэрэгслийн урьд суугаад ирж байсан эмэгтэй нас барсан байна гэж хэлсэн. Би тухайн үед хэдэн километр цагийн хурдтай ирж байснаа хараагүй, ойролцоогоор 80-100 километр орчим цагийн хурдтай ирсэн байх. Уг ЗИЛ-130 маркийн хойд талын гэрэл, дохио болон засмал зам дээр ямар нэгэн анхааруулж тавьсан тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Би засмал зам дээр зогсож байсан ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг харсан даруй машины тормосыг дарж, жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дарсан чигтээ уг тээврийн хэрэгслийн хойд талаас мөргөсөн... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Талийгаачийн ар гэрт учирсан 8600000 төгрөгийг Н гуайд өгөх гэсэн боловч аваагүй тул би сайн дураараа прокурорын төлбөрт тооцох дансанд хийсэн байгаа. Бусад хүмүүсийн хохирлыг төлж өгсөн. Миний биед хүнд гэмтэл учирсан байсан ба надад А.Хээс нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн Нт учирсан 8600000 төгрөгийг би өөрөө сайн дураар төлж өгсөн болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-83 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч А.Хийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний машины кабинд суудлын доор байсан үүнийг би огт гаргаагүй, харин машин чирээд гарахаас өмнө өөрийн болон Бийн машины кузовын хойно урьд ямар нэгэн ослын тэмдэг огт байрлуулаагүй, огт тэмдэг хадаагүй. Харин машин мөргөлдсөний дараа буюу М.Сирээд машиныг мөргөж осол гарсны дараа Б машины кабинд байсан ослын тэмдгийг авч миний машины кабинд оруулж орхисон байлаа. Үүнийг би сүүлд мэдсэн. Нэг удаагүй хурдан ирсэн санагдаж байна. Тэгш газар байсан, урвуу ч биш өгсүүр ч биш. Ослын тэмдэг миний машины кабин дотор суудлын доор байсан гэхдээ тэр үед түүнийг замд байрлуулж амжаагүй. Ачаа байсан тэр машин ирээд миний чирээд яваа машины араас мөргөсөн үед төмөр ачиж явсан төмс ногооны хамт Бийн машины зүүн талд унасан байлаа, төмс ногоо бас тэнд унасан харагдсан, яг хэдий хэмжээний ууттай төмс ногоо байсан талаар би тодорхой мэдэхгүй. Би чирээд яваа машины ар талд ослын тэмдэг зүүх ёстой гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр үед огт тэмдэг зүүгээгүй. Тгийн биед учирсан хохиролд надаас 864000 төгрөг нэхэмжилсэн ба би үүнийг төлж өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-66 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 26 дүгнэлт /1 дүгээр хх-ийн 117-
120 дугаар хуудас/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 341 дугаартай иргэн
А.Тгийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 298 дугаартай иргэн У.Тилеудийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 132 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 295 дугаартай иргэн М.Сийн биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хх-ийн 137 дугаар хуудас/,
- К.Хайратын мөрдөн байцаалтын шатанд шинжээчээр өгсөн мэдүүлэг /1
дүгээр хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
- Авто тээврийн төвийн төхникийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 08ны өдрийн 15, 16, 17 дугаартай ослын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр ххийн 174-178 дугаар хуудас/,
- Эд зүйд үнэлгээ хийсэн шинжээчийн 1005, 1025 дугаартай дүгнэлтүүд /1 дүгээр хх-ийн 186-189 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын шалтгаан тогтоосон шинжээчийн 08 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 192 дугаар хуудас/,
- Б.Мэндбаярыг мөрдөн байцаалтын шатанд шинжээчээр байцаахад өгсөн мэдүүлэг / 1 дүгээр хх-мйн 198-199 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын шалтгаан тогтоохоор дахин шинжээч томилсон прокурорын тогтоолын дагуу гаргасан мэргэжлийн шинжээч нарын хамтарсан багийн 11 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 205-208 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
- Шүүгдэгч А.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 2 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Молхы овгийн Мын Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х, М.Снарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэв. Иймд шүүгдэгч А.Х, М.Снарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг сонгон ялгамжтай оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Х, М.Снарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулав. Шүүгдэгч А.Х, М.Снарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Х, М.Снар нь цагдан хоригдож байгаагүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД диск 1 ширхэгийг хэргийн хамт хадгалав.
Яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч А.Х, М.Снар нь хохирогч А.Тд төлөх 1727087 төгрөгийн төлөх төлбөртэй гэж тусгасан бөгөөд хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүгдэгч М.Снь 864000 төгрөг, шүүгдэгч А.Х нь 864000 төгрөгийг тус тус хохирогч А.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өд төлж өгч, дээрх хохирлыг бүрэн барагдуулж дууссан нь шүүхэд гаргаж өгсөн А.Өийн гарын баримт болон тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нар хохирогч А.Тд учирсан 4775487 төгрөгийн нийт хохирлыг бүрэн төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Сийн Голомт банкин дахь Прокурорын 5805007969 тоот дансанд шилжүүлсэн 8600000 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Снь “... талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Нийн нэхэмжилсэн 8600000 төгрөгийг прокурорын дансанд тушаасан. Би уг мөнгийг өөрөө сайн дураараа хохирогчид төлсөн, миний биед хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Хээс нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500000 төгрөгийг хохиролд нэмж нэхэмжилсэн тул шүүгдэгч М.Сээс 300000 төгрөг, шүүгдэгч А.Хээс 200000 төгрөгийг тус тус гаргуулж, Х.Нт олгох нь зүйтэй байна.
Шүүхээс хохирлыг төлүүлэхэд шүүгдэгч нарын уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд сэтгэл санааны хохирол гэж 30000000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, хохирогч А.Т нь эрүүл мэндээ цаашид эмчлүүлэхэд гарах хохирол байгаа гэж үзвэл тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Иргэн З.Бийн эзэмшлийн 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ 4502 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Сболон түүний аав Мын дундын өмч Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 10-20 тоотод байрлах хувийн сууц, М.Сийн эзэмшлийн 66-64 ХОҮ улсын дугаартай ИСТАНА маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Хийн эзэмшлийн 93-49 БӨА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.
Шүүгдэгч А.Х, М.Снарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сийн иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е0797762 дугаартай иргэний гадаад паспорт, №00752762 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, шүүгдэгч А.Хийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, №0002684 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Жантекей базархул овгийн Ахманы Хийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 2 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Молхы овгийн Мын Сийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, М.Снарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хт оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, шүүгдэгч М.Ст оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тоолсугай.
- Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сийн Голомт банкин дахь Прокурорын 5805007969 тоот дансанд шилжүүлсэн 8600000 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нт олгож, шүүгдэгч нар хохирогч А.Тд учирсан 4775487 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг дурдаж, шүүгдэгч М.Сээс өмгөөллийн хөлс 300000 /гурван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч А.Хээс өмгөөллийн хөлс 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нт олгосугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 30000000 төгрөг, хохирогч А.Тгийн цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД диск бүхий бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.
- Иргэн З.Бийн эзэмшлийн 26-58 БӨА улсын дугаартай ЗИЛ 4502 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Сболон түүний аав Мын дундын өмч Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 10-20 тоотод байрлах хувийн сууц, М.Сийн эзэмшлийн 66-64 ХОҮ улсын дугаартай ИСТАНА маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Хийн эзэмшлийн 93-49 БӨА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Х, М.Снарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сийн иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е0797762 дугаартай иргэний гадаад паспорт, №00752762 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч А.Хийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, №0002684 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Х, М.Снарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК