Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 103

 

2016.10.07 Дугаар 103 /Ц.Мөнхтулга/

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 180/2016/0097/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         Э.Лхагвасүрэн,
Улсын яллагч              Я.Сансар,
Иргэдийн төлөөлөгч                         Л.Үл-Олдох
Хохирогч:                 Л.Эрдэнэбаяр
Хохирогчийн өмгөөлөгч                    С.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Ж.Энхчулуун,
Шүүгдэгч                 С.Нямхүү нарыг оролцуулан

     Хэнтий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нямхүүд холбогдох эрүүгийн 201523000361 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1972 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Дүүргийн 15-598 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй Бүрээт овогт Сүхбаатарын Нямүү /РД:СР72031919/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Нямхүү нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Ар худаг” гэх газар оршин суух иргэн Л.Эрдэнэбаяраас 330 толгой бог малыг 51.100.000 /тавин нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгөнд бодож 20.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 31.100.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дансанд нь хийхээр тохиролцон худалдан аваад хариу төлбөр хийлгүй бусдын итгэлийг эвдэн залилан мэхэлж онц их хэмжээний буюу 51.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Эрдэнэбаярын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл. /хх-ийн 5-6 хуу/
Хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг Хэнтий аймгийн харъяат Сүхбаатарын Нямхүү гэдэг хүнтэй малын наймаа хийсэн юм. Энэ хүн урьд өмнө мал аваад манай сумаар явдаг байсан. Энэ хүнтэй урьд өмнө ганц нэг удаа малын наймаа хийж байсан таньдаг юм. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нямхүү надтай наймаа хийе гээд надаас 220 толгой эр хонь, 110 эр ямаа худалда авахаар тохиролцоод эр хонио нэгийг нь 170.000 төгрөгөнд, бодоод ямаагаа 125.000 төгрөгөнд бодоод нийт 51.100.000 төгрөгөнд бодож өгөхөөр болсон. 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 сая төгрөгийг дансаар явуулна, үлдсэн 31.100.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгөхөөр тохиролцож өөрөө бичиг хийж гарын үсгээ зурж өгсөн. Үүнээс хойш тохирсон хугацаа өнгөрсөн боловч мөнгөө өгөөгүй утсаар ярихаар дансанд мөнгө орж ирээгүй байна сарын сүүлээр дараа 7 хоногт орж ирнэ гэх мэтээр ярьсаар байгаад 7 сар болсон тэгээд өөрийн биеэр хотод очиж уулзсан. Мөнгө орж ирэхгүй байна 20 сая төгрөгийг чинь 2-3 хоногийн дараа өгнө гээд намайг явуулсан. Өгсөн авсан гэдэг бичгээ нотариатаар батлуулсан мөн хүү тооцохоор болсон. Тэгээд 9 сарын эхээр оюутантай болсон мөнгө төгрөгийн хэрэг болоод байна мөнгийг маань өгөхгүй бол цагдаад хандах талаараа хэлсэн асуухаар мөнгийг чинь өгнө гэж хэлсэн тэгээд цагдаад битгий өг хүнд хэлж болохгүй наймаа хийсэн мөнгөтэй болно гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш өгөлгүй байсаар утсаа хэд дахин солиод одоо болтол өгөөгүй учир цагдаад хандсан. Миний өгсөн мал сайн тарга тэвээртэй байсан өөрөө хонь ямаан дундаас шилээд аваад явсан дандаа эр хонь эр ямаа байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 ху/
... орон нутгийн ханш өндөр байгаа би анх наймаа хийсэн буюу эр хонио 170000 төгрөгөөр, эр ямаагаа 125000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23 хуу/
... Би С.Нямхүүд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 330 бог мал зараад надад мөнгийг маань өгөхгүй залилаад худал хэлээд байсан тул 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод малаа зарж мөнгө авах ёстойгоо баталгаажуулж мөнгө зээлүүлсэн гэрээг хийсэн юм. Өмнө нь ямар нэгэн гэрээ хийгээгүй зөвхөн мал авсан өгнө гэсэн бичгийг Нямхүү тэмдэглэлийн дэвтэр дээр бичээд өгч байсан. Үүнийгээ баталгаатай болгож зээлийн гэрээ хийсэн юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 176 хуу/
... би Нямхүүгээс 51 сая төгрөг л нэхэмжилж байгаа надад миний нэхэмжилж байгаа мөнгийг өгвөл боллоо. Нямхүү надтай хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын дундуур уулзаж байцаагчийн өрөөнд түүний хажууд 2016.07 сард багтаан 22 сая төгрөг эхний ээлжинд өгнө гэж байсан. Энэ нь худал одоо утас нь холбогдохгүй байгаа уулзахаараа төлнө гэж хэлээд л худал хэлээд 1 жил гаран болж байна. Ядаж мах зараад тухайн үед хэдэн төгрөг болсон тэрийг нь өгч болно доо тэгэхэд шатсан гээд нэг ч төгрөг өгөхгүй байгаад би үнэхээр их гомдолтой байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 230 хуу/
Гэрч Л.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Нямхүү ах намайг хөлслөөд мал мах ачуулна гээд 2015 оны 05 дугаар 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу явсан. Л.Эрдэнэбаяр гэдэг хүнээс С.Нямхүү ах 220 хонь 110 ямаа авсан. ... Эрдэнэбаярын гэрээс хонь ачаад аймгийн төвд ирээд цахилгаан бойнд аваачиж буулгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24 хуу/
Гэрч Г.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “... С.Нямхүү гэдэг хүнтэй уулзаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5-р багийн нутгаас би тэр айлыг хэнийх гэдгийг мэдэхгүй айлын гадаа очоод зогссон. Нямхүү миний машин дээр 50 билүү 60 толгой хонь ачуулсан. Тэгээд би тэр хонийг нь ачаад Хэнтий аймгийн төвд ирээд Сангийн аж ахуйн бойн дээр буулгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 хуу/
Гэрч Д.Саран-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өөрөө Өмнөдэлгэр сумын харъяат хүн. Эрдэнэбаяр зун намраар миний утас руу залгаад Нямхүүтэй ярих гэсэн юм гэж байсан тэгээд л би энэ хүнтэй мал махны наймаа хийсэн юм байна гэж мэдсэн. Тэгээд би нөхрөөсөө асуухад 220 хонь, 110 ямаа авсан гэж байсан тэгээд тухайн үед бодож байсан ханшнаас махны үнэ унаад шатчихсан гэж хэлсэн. Тэгээд Ганзориг гэдэг хүнд 13 сая төгрөг өгөх ёстой байсан тэр хүндээ өрөө өгчихсөн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 хуу/
Гэрч Я.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 04 дүгээр сарын 13-ны үед шиг санаж байна. Нямхүү махны наймаа хийх гэж байгаа гээд надаас 13 сая төгрөг зээлж авч байсан. Нямхүүд хүүгүй зээлж байсан. Тэгээд 2015 оны 06 сарын эхээр буцааж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36 хуу/
Гэрч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “... хонь, үхрийн мах 4500-6000 төгрөг, тэмээний мах 4000 гаруй төгрөг, адуу ямааны махны үнэ 3000-4000 төгрөгийн хооронд байсан. 2015 оны 05, 06 дугаар саруудад махны үнэ өсч байсан. Дээрх хэлсэн үнэнээс илүү үнэтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 хуу/
Гэрч С.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байх бид нарыг хөдөө мал дээрээ байхад Нямхүү гэх хүн том ачааны чиргүүлтэй машинтай ирсэн 4 хүний хамт ирсэн. ... Нямхүүгийн Эрдэнэбаяр гэх хүнээс авсан мал нь 110 эр ямаа бүдүүн 6 наснаас дээш настай, 220 хонь бүдүүн 6 настай бүгд тарган байсан туранхай мал байхгүй байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44 хуу/
Гэрч О.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 05 дугаар сарын эхээр хөдөө явж мах авч ирсэний дараа Нарантуул 2 зах дээр очиж мах зөөсөн. Тэр мах нь дан хонь ямааны мах байсан. С.Нямхүү ах хөдөөнөөс махаа авч ирэх үед махны үнэ унаад шатчихлаа гэж надад хэлж байсан. Яг хэдэн төгрөгөөр шатсан гэдгийг би мэдэхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 10-ны үеэс Нямхүү ах үхрийн гол мах авъя гээд ахдаа ажиллаад өг гээд тэр махыг нь би мах зардаг газруудаар явж авдаг байсан. ... гол мах авсан мөнгө нь 30 гаран сая байсан гэж бодохоор анх авчирсан мах нь тэр хавьцаа гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45 хуу/       
Зээлийн гэрээ. /хх-ийн 152 хуу/
Хохирогч Л.Эрдэнэбаярын аймгийн прокурорт гаргасан гомдол. /хх-ийн 169-172 хуу/
Хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 179-187 хуу/
Гэрч Ц.Түвшинцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Би үнэлгээг гаргахдаа тухайн үеийн зах зээлийн үнэ ханшийг судалж Өмнөдэлгэр суманд 2015.05.06-ны өдрийн байдлаар байсан үнэ ханшаар хонь 185.000, ямаа 145.000 төгрөг байсан байна гэдгийг судалж зах зээлийн бөөний үнээр үнийг гаргасан. Харин мөн тэр цаг хугацаанд “Хүчит шонхор” зах дээр хонь 190000, ямаа 155000 төгрөгийн бөөний үнэ ханштай байсныг судалж үнэлгээг гаргасан гэсэн мэдүүлэг./хх-ийн 216 хуу/
Гэрч М.Нарангаравын мөрдөн байцаалтад өгсөн: “... С.Нямхүү анх 2013 оны 08 дугаар сарын 01-нээс манай байгууллагатай мах нийлүүлэх гэрээ хийж 2015 оны 07 дугаар сарын 08-нд хамгийн сүүлийн махаа нийлүүлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 221 хуу/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Нямхүүгийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг “Ар худаг” гэх газар оршин суух иргэн Л.Эрдэнэбаяраас 330 толгой бог малыг 51.100.000 /тавин нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгөнд бодож 20.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 31.100.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дансанд нь хийхээр тохиролцон зээлээр худалдан аваад хариу төлбөр хийлгүй бусдын итгэлийг эвдэн залилан мэхэлж онц их хэмжээний буюу 51.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч С.Нямхүү нь хохирогч Л.Эрдэнэбаяртай байгуулсан “мал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж түүний эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хохирогч Л.Эрдэнэбаярыг хуурч мэхлэн төөрөгдүүлсэн нь Л.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Захын компаниудын мөнгө нь орж ирэхгүй удаашраад байна гэж хэлдэг. Би очно гэхээр 5 дахь өдөр өгнө гэдэг, 5 дах өдөр асуухаар 1 дэх өдөр гэж цаг хугацааг хойшлуулдаг ...” “...Сүүлдээ энэ утасаа бол 7, 8-н удаа сольдог байсан. Би хүнээс асууж сургалж байж дугаарыг нь олж ярьдаг байсан. ...” “...Би дахин холбоо тогтоох гэсэн боловч холбоо тасарсан. 06 дугаар сарын 20-ны үеэр залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Манай ах С.Нямхүүгийн эхнэртэй  нэг анги байсан дугаарыг нь олж мэдсэн. Ярихад ах нь Хөх хотод мах нийлүүлэх гэрээ хийж  явж байна. Ах нь зойрны мах бэлдсэн түүнээс хоёр зуун сая төгрөг /200000000/ ирнэ тэр мөнгөнөөс ... өгнө гэсэн...” “...холбогдохоор Сэлэнгийн Алтанбулагт хууль бус наймаа хийж байна мөнгийг нь удахгүй өгнө гэсэн...” “...Нэг хэсэг холбогдох боломжгүй байсан 2015 оны 10 дугаар сард холбогдсон тухайн үед ах нь Орос улсын хил дээр төгөлдөр хуурын наймаа хийж байна. Мөнгө бүтнэ гэж хэлдэг гэх мэдүүлгүүд,  гэрч Д.Саран-Одын “... Эрдэнэбаяр зун намраар миний утас руу залгаад С.Нямхүүтэй ярих гэсэн юм гэж байсан. Тэгээд л би энэ хүнтэй мал махны наймаа хийсэн юм байна гэж мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32хуу/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Нямхүүгийн утасны дугаараа удаа дараа сольдог, хохирогч нь гэрээний биелэлт буюу мөнгөө авах зорилгоор асуухад Хөх хотод мах нийлүүлэх гэрээ хийж  явж байна, захын компаниудын мөнгө нь орж ирэхгүй удаашраад байна, Сэлэнгийн Алтанбулагт хууль бус наймаа хийж байна мөнгийг нь удахгүй өгнө, Орос улсын хил дээр төгөлдөр хуурын наймаа хийж байна, мөнгө бүтнэ гэх мэтээр хариу өгч хохирогчийг төөрөгдүүлж итгэлийг нь эвдэж хуурч мэхэлсэн идэвхитэй үйлдлүүд байх ба өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Нямхүү нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 51.100.000 төгрөгийг өгөх боломжгүй болцмогц алдагдлаар шалтаглан түүгээр бусдын эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг дээрх байдлаар төөрөгдүүлж хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрээний эрх зүйн харилцаа байсан, эрүүгийн хэрэг биш гэж байгаа боловч шүүгдэгч нь хохирогчтой гэрээний биелэлтийн талаар өөр хоорондоо махны чанар муу байсан алдагдал хүлээсэн талаар мэдээлэл солилцож байгаагүй, махны чанар жингийн талаар харилцан гомдлын шаардлага гаргаж байгаагүй, гэрээгээ дүгнэж алдагдал, орлого, зарлагаа тооцож байгаагүй, эрсдэлд орсноо хэлэхгүй, дүгнэхгүй өөр зүйлс ярьж төөрөгдүүлсэн байгаагаар няцаагдаж байна.
Мөн шүүгдэгч С.Нямхүү нь анх хохирогчоос мал зээлээр худалдан авахдаа уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал барьцааны хөрөнгөгүй байсан нь С.Нямхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2-3 сая гаран төгрөгийн эргэлтийн хөрөнгө байсан, өдөртөө тэр хэмжээний мах нийлүүлж эргэлдүүлдэг мөнгө байсан, Хэнтий аймагт газар, гэр л байгаа өөр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. ...” гэх мэдүүлэг, гэрч С.Будхүүгийн “... С.Нямхүү ахад өөрийн гэсэн орон байр байхгүй, ... өөрийн гэсэн 5 ханатай нэг гэр л байдаг өөр хөрөнгө байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25хуу/, гэрч Ж.Сүхбаатарын “... Өөрт нь эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй, миний өгсөн 5 ханатай гэр л байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26хуу/ зэргээр тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч нь бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тухайн малаа өөрөө үзэж шилж сонгож авсан, малын жишиг үнээ хохирогчтой харилцан тохиролцсон, авсан эхний хэсэг малаа бойнд оруулаад махны өнгө тарга сайн байна гээд дараагийн хэсэг малыг очиж авсан гэж шүүгдэгч болон хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдал, орон нутгийн жишиг үнэлгээ, статистикийн мэдээ баримт, үнэлгээний компани шинжээчээр томилогдож үнэлсэн үнэлгээ зэргээс гэмт хэргийн хохирол 51.100.000 төгрөгийн хэмжээтэй байх бодит боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 51.100.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчээс хохирогчийн дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул төлөөгүй үлдэх 36.100.000 төгрөгийг шүүгдэгч С.Нямхүүгээс гаргуулж хохирогч Л.Эрдэнэбаярт олгох нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт шүүгдэгч С.Нямхүүгийн банзан хашаатай 0.07 га газар, 5 ханатай гэр битүүмжлэгдсэн байх ба эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хохирол барагдах хүртэл хэвээр үлдээж, хохирогч нь хууль зүйн туслалцаа авахын тулд өмгөөлөгчтэй харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж хийсэн хохирогч, хохирогчийн өмгөөлөгч хоорондын хэлцэл тул хохирогчийн өмгөөллийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бүрээт овогт Сүхбаатарын Нямхүүг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
     2. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямхүүг 10 /арав/ жил 01 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
     3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Нямхүүд оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Нямхүүгээс 36.100.000 /гучин зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх өмгөөллийн хөлс болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болох, энэ хэрэгт битүүмжлэгдсэн С.Нямхүүгийн банзан хашаатай 0.07 га газар, 5 ханатай гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
 6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нямхүүд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

         

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА

                                              ШҮҮГЧИД                                    Д.ГАНЗОРИГ

                                          Л.УЯНГА