Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00589

 

 

                                                        Н.О-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27ы өдрийн 101/ШШ2020/00411 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаар магадлалтай,

Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөө аж ахуйн бирж ХХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажлаас халах тухай шийдвэрийг миний бие 2019.10.17-ны өдөр хүлээн аваад нэхэмжлэл гаргасан. Би Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.01.02-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус компанид төлбөр тооцоо, ложистикийн хэлтсийн мэргэжилтнээр ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба гүйцэтгэх захирлын өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар стратеги, судалгаа хөгжлийн хэлтсийн мэргэжилтнээр, 2018.08.16-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан, ажилдаа алдаа дутагдал гаргалгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Харин намайг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2019.08.30-ны өдөр гүйцэтгэх захирлын А/35 дугаар тушаалын хавсралтаар компанийн орон тоог шинэчлэн баталсан гэх бөгөөд тус тушаалын дагуу Захиргаа, дотоод аудитын хэлтсийн мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр 2019.10.12-ны өдрөөр тасалбар болгон Н.О намайг үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Миний эрхэлж байсан ажил, албан тушаал болох мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан шалтгаанаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр байгууллагын бүтэц, орон тоог өөрчлөх эрхгүй. Мөн Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий журмын 9.1 бирж нь дотоод үйл ажиллагааны хяналт, хариуцагч байгууллага болон биржийн хооронд үүсэх харилцаанд тавих хяналт, биржийн арилжааны хяналт тус тус хэрэгжүүлнэ, Арилжааны журмын 5.2.2 арилжааг холбогдох журмын дагуу зохион байгуулагдаж хянах чиг үүрэг бүхий хяналт мониторингийн албаны мэргэжилтэн гэж заасан, мөн Арилжааны танхимын дотоод журмын 1.2.3 арилжаа хянагч арилжаанд оролцогчдын арилжааны явцыг хянах чиг үүрэг бүхий хяналтын албаны ажилтан байхаар тусгасан байхад орон тоо хассан нь үндэслэлгүй. Миний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь компанийн үндсэн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн, хууль тогтоомж, хэм хэмжээний актаар зохицуулагдсан харилцаа бөгөөд орон тоо хасагдсан гэж байгаа боловч миний хийж гүйцэтгэж байсан ажил үүргийг одоо өөр мэргэжилтэн гүйцэтгэсээр байгаа тул орон тоо хасагдсан гэж үзэхгүй юм.

Компанийн орон тоо шинэчлэн баталсан гэх гүйцэтгэх захирлын 2019.08.30-ны өдрийн А/35 дугаар тушаалыг надад албан ёсоор танилцуулаагүй бөгөөд ямар үндэслэлээр орон тоо хасах шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна. Түүнчлэн миний бие энэхүү байгууллагад гурван өөр хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд орон тоо хасагдах болсон гэж үзвэл өөр сул орон тоонд шилжүүлэн ажиллуулах бүрэн боломжтой байтал хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, түүнтэй холбогдуулан гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, санал боловсруулах зэргээр аудитын хяналт шалгалт хийж, улмаар иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалган шийдвэрлэж байсан, энэ хугацаанд компанийн эрх бүхий ажилчин, албан хаагчид аудит хийлгэхээс татгалзаж, ашиг сонирхлын зөрчил гаргадаг, хавчин гадуурхаж, аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлж байсан нь намайг ажлаас халах бодит шалтгаан болсон. Иймд Н.О намайг урьд эрхэлж байсан Захиргаа, дотоод аудитын хэлтсийн мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилж, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрзаяа, өмгөөлөгч Ц.Мөнхбат нар шүүхэд болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.30-ны өдрийн А/35 дугаар тушаал нь дор дурдсан шийдвэрүүдтэй уялдан гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2018.01.10-ны өдрийн Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018.02.02-ны өдрийн А-1/350 дугаар албан даалгаварт компанийн удирдлага, менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах талаар үр дүнтэй, оновчтой хэлбэрээр шинэлэг ажлыг зохион байгуулж, үр дүнд хүргэх, улирал бүр тайлагнах үүрэг өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолд төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах үүрэг өгсөн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018.08.30-ны өдрийн А-2/3440 дүгээр албан даалгавраар дээрх тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн.

Мөн Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.19-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар Хөдөө аж ахуйн бирж ХХК-д Ложистикийн төв байгуулах, блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем тус бүрийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан нийт ажилтнуудын ажлын ачааллыг жигдрүүлэх, зарим ажлын байрыг өөрчлөх талаар судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн 2019.08.30-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын А/35 дугаар тушаалын хавсралтаар Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн бүтэц, орон тоо, ажил албан тушаалын жагсаалтыг баталсан. Гүйцэтгэх захирлын А/35 дугаар тушаалыг Захиргаа, дотоод аудитын хэлтсийн захирал 2019.09.10-ны өдрийн 15:00 цагт нийт ажилчдын хурал дээр албан ёсоор танилцуулсан. Улмаар Н.О-д 2019.09.12-ны өдөр мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Н.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Н.О-ийн хөдөлмөрийн гэрээ 2019.09.10-ны өдрөөс 10.15-ны өдрийн хугацаанд хэвийн үргэлжилж байсан ба энэ хугацаанд цалин хөлс олгогдсон. Ийнхүү Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн Б/74 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэсэн заалтад нийцсэн. Иймд Н.О-ийн ээлжийн амралттай байхад нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27ы өдрийн 101/ШШ2020/00411 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 заасныг баримтлан хариуцагч Хөдөө аж ахуйн бирж ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27ы өдрийн 101/ШШ2020/00411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь ажил олгогч ажилтны орон тоо хасах шийдвэр гаргасан тухай шаардлага, бодит үндэслэлээ нотлох баримтын хамт шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээдэг. Гэтэл Хөдөө аж ахуйн бирж ХХК нь орон тоо хасах болсон үндэслэлээ нотлож чадаагүй. Тодруулбал ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тайлбарлахдаа мониторинг дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын ачаалал бага, ахлах аудитор дангаар гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байх боловч энэхүү дүгнэлтийг гаргасан судалгааг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас дээрх баримтыг хариуцагчаас албадан гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Учир нь Н.О-ийг ээлжийн амралттай байх хугацаанд дээрх дүгнэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн ямар чиг үүрэг давхардсан гэж үзсэн, мөн ажлын ачаалал бага гэдгийг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байдаг.

Хэргийн материалд авагдсан Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн дүрэм, үйл ажиллагааны дотоод журам, арилжааны журамд зааснаар арилжааны хяналтыг дотоод аудит хариуцсан мэргэжилтэн хэрэгжүүлэхээр заасан бөгөөд тус байгууллагын үндсэн чиг үүрэг нь арилжаа болох нь тогтоогдоно. Гэтэл арилжааны хяналтыг арилжааны хэлтсийн мэргэжилтнээр гүйцэтгүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий болгож холбогдох дүрэм, журмыг зөрчиж байгаа бөгөөд Н.О нь энэ талаарх хяналт шалгалтыг дүгнэлт бичсэн байдаг. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019.12.24-ний өдрийн 638 дугаартай тогтоолоор баталсан удирдамжинд зааснаар Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар нь Компанийн тухай хууль, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан компанийн бүтэц орон тоо, албан тушаалын жагсаалтыг удаа дараа өөрчилж, хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдсан, батлагдсан бүтэц орон тоогоор тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4, Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн тухай хуулийн 5.1.4, Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан түүхий эдийн тодорхойлолт олгох журам зэргийг зөрчсөн, арилжигдаагүй түүхий эд бараанд тодорхойлолт олгосон, нөхөж арилжаанд оруулсан, тус журамд хууль зөрчсөн нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг зөрчил гаргасан тул тус компанийн гүйцэтгэх захиралд нь сахилгын арга хэмжээ авхуулах шийдвэр гарсан байдлаар нотлогдох юм.

Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын орон тоог хасах бодит үндэслэлээ баримтаар тайлбарлан, нотолж чадаагүй бөгөөд тушаалын үндэслэлээ тодорхойлохдоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018.02.02-ны өдрийн А-1/350 албан даалгавар, 2018.08.30-ны өдрийн А-2/3440 албан бичиг, Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн гэж тайлбарласан боловч цаг хугацааны хувьд дээрх шийдвэрүүдийг хүлээн авснаас хойш 2018.10.18-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар компанийн бүтэц орон тоог шинэчилж байсан ба Н.О-ийн ажлын байр хэвээр байсан. Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг үндэлэлгүй гэж дүгнэсэн атлаа дээрх дүгнэлтээсээ эсрэг шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн Н.О-ийг ажлаас халсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянахаас бус тус компанийн орон тоо хассан нь үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч ...миний гүйцэтгэж байсан ажил үүргийг одоо өөр мэргэжилтэн гүйцэтгэсээр байгаа тул орон тоо хасагдсан гэж үзэхгүй” гэх боловч түүний ажил үүргийг ямар албан тушаалтан давхардуулан гүйцэтгэж байгааг баримтаар нотлоогүй гэжээ. Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх үед хариуцагчаас нэхэмжлэгч Н.О-ийн чиг үүргийн зарим хэсэг болох арилжааны хяналтыг Арилжааны хэлтсийн мэргэжилтэн гүйцэтгэж байгаа талаар маргадаггүй бөгөөд нэгэнт хариуцагч маргаагүй үйл баримтыг нэхэмжлэгч нотлох шаардлагагүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.О Хөдөө аж ахуйн бирж ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Н.О-ийг Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн дүрмийн 14.6.3-т заасныг тус тус үндэслэн 2019.10.15-ны өдрөөр тасалбар болгон мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар “...хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын орон тоог хасах бодит үндэслэлээ баримтаар тайлбарлан, нотолж чадаагүй бөгөөд шүүх зөвхөн Н.О-ийг ажлаас халсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянахаас бус тус компанийн орон тоо хассан нь үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй...” гэсэн гомдол гаргажээ.

Гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн улсын бүртгэл буюу 2013.02.15-ны өдрийн 000072839 дугаартай гэрчилгээнээс үзвэл хариуцагч нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо бий болгох, бараа түүхий эдийн арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд болон цахим сүлжээгээр зохион байгуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, 100 хувь төрийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна.

Хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2016.12.12-ны өдрийн 08 дугаартай компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг дэмжих тухай тогтоолоор компани зохион байгуулалтын хувьд 5 хэлтэстэй, орон тооны хязгаар 40, компанийн гүйцэтгэх захирлын 2018.10.18-ны өдрийн А/50 дугаар “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар 5 хэлтэстэй, Захиргаа, дотоод аудитын хэлтэст Мониторинг, дотоод аудит мэргэжилтний 1 орон тоог тус тус баталсан байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018.02.02-ны өдрийн А-1/350 дугаартай Монгол Улсын Засгийн газрын 2018.01.10-ны өдрийн Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай”, 2018.08.30-ны өдрийн А-2/3440 дүгээртэй “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” албан даалгавруудад компанийн удирдлага, менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах талаар үр дүнтэй, оновчтой хэлбэрээр шинэлэг ажлыг зохион байгуулж, үр дүнд хүргэх, улирал бүр тайлагнах, төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах үүргийг Хөдөө аж ахуйн бирж ХХК өгчээ.

 Дээрх тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2019.08.19-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д ложистикийн төв байгуулах, блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем тус бүрийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан нийт ажилтнуудын ажлын ачааллыг жигдрүүлэх, зарим ажлын байрыг өөрчлөх талаар судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байна.

 Тус ажлын хэсэг 2019.08.30-ны өдөр “Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн хэлтсүүдийн зарим албан тушаалуудыг хасч, шинээр ажлын байр бий болгох саналыг дэвшүүлж, мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хасах, уг албан тушаалтан нь “ажлын ачаалал бага, ахлах аудитор дангаар ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгой” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж, 2019.08.30-ны өдрийн А/35 дугаар тушаалаар компанийн орон тоог шинэчлэн баталж, Захиргаа, дотоод аудитын хэлтсийн мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрыг хасч, ахлах аудиторт нэхэмжлэгчийн ажлын чиг үүргийг шилжүүлэн, ложистикийн төвийн менежерийн албан тушаалыг шинээр бий болгосон байна.

 Дээрх тушаалыг үндэслэн Н.О-ийг 2019.10.12-ны өдрөөс ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгснийг нэхэмжлэгч маргаагүй байна.

 Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал 2019.10.15-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар Н.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба уг тушаал Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, улсын бүртгэлд бүртгэлтэй Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн дүрмийн 1.2, 14.6.3, 14.6.5-д зааснаар компанийн үйл ажиллагааны үндсэн зорилго, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, тус компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.7.4-т зааснаас үзэхэд хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог тогтоох нарийвчилсан зохицуулалтгүй байх ба гүйцэтгэх удирдлага нь мөн дүрмийн 14.6.5-д зааснаар компанийн бүтэц, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажилтан сонгох, томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч ээлжийн амралтын хугацаагаа биеэр эдэлж дуусгаад 2019.09.04-ний өдрөөс ажил, үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ажил олгогч ажлаас чөлөөлөх мэдэгдлийг Н.О-д 2019.09.12-ны өдөр гардуулж, 2019.10.15-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Н.О-ийн чиг үүргийн зарим хэсэг болох арилжааны хяналтыг арилжааны хэлтсийн мэргэжилтэн гүйцэтгэж байгаа талаар маргадаггүй...” гэж дурдсан боловч анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч “...Н.О-ийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэж мушгин гуйвуулж ойлгож болохгүй. ...Чиг үүрэг нь байхгүй, зарим чиг үүргийг яаж бий болгосон талаарх баримтууд хавтаст хэрэгт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд тусгасан байгаа.  ... Н.О-ийн ажлыг хэн нэгэн хийж гүйцэтгэж байгаа тохиолдол байхгүй. ...” гэж няцаан үгүйсгэн маргасан байх тул гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27ы өдрийн 101/ШШ2020/00411 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ                           

                               ШҮҮГЧИД                               Б.МӨНХТУЯА

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                                                                                                                                                                                                               Г.ЦАГААНЦООЖ