Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 021

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,  нарийн бичгийн дарга Б.Жанерке, орчуулагч М.Айдынгүл, улсын яллагч Х.Өрен,  хохирогч Ш.А, хохирогчийн өмгөөлөгч Т.Бахыт, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мд холбогдох 1713001590119 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч Ж.М: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Найман бекбау овогт Жылхыайдарын М, 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:БЭ78110311.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “НОРД БЕНЗ” маркийн ачааны тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осол гаргаж урьдаас ирж байсан иргэн Г.Бий жолоодож явсан УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас иргэн Щ.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Щ.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

  • Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
  • Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тэр үед уг машины урьд суудалд ганцаараа сууж явсан ба ойролцоогоор 100 гаруй метрийн цаанаас би тэр ачааны машиныг харсан юм. Дөхөж ирээд бид тэр машины урьдаас гараад зам тавьж өгөөд замаас гарч явж байтал Норд бенз мөн адил бидний эгнээнд орж ирээд мөргөлдсөн юм. Тэр үед яг юу болсныг би мэдэхгүй тас гээд нэг дуу чимээ гарсан өөр юу болсон талаар би мэдэхгүй. Уг нь Бэ тэр ачааны машинд зам тавьж өгөөд зам чөлөөлөөд нөгөө эгнээ руу орж явсан. Гэтэл тэр машин эсрэгээрээ бидний тал руу шахаж ирээд тэгээд осол гарсан”,

 “... Ачааны тээврийн хэрэгсэлд бид зам тавьж өгөөд нөгөө талын эгнээ руу замаас гараад зөрж өнгөрөх гэтэл Норд бенз бидний урьдаас шахаж ирээд урсгал сөрөөд ирээд осол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

  • Хохирогч Г.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Аийг суулгаж аваад бид хоёр миний машинаар Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дулаан хар”-ын уурхайн доод талд явж байхад урьдаас том чиргүүлтэй том оврын авто машин ирж байсан. Тэгээд уг том оврын машин бидний урдаас машин руу хүрдээ эргүүлэн ирж, гэнэт миний машиний зүүн хажуу талаас ирж мөргөсөн”,

 “... хэсэг хугацааны дараагаар миний ухаан орж гадаа гарахад нөгөө том оврын чиргүүлтэй машины дугуйнууд нь дээшээгээ харсан уначихсан байдалтай байсан ба чиргүүл нь унаагүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

  • Зам тээврийн ослын дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
  • Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2017 оны 

11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

 - Аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны шинжээч  К.Хын 2017 оны 

11 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх-ийн 49  дүгээр хуудас/,

  • Аймгийн Авто тээврийн төвийн 26-ны өдрийн 20 дугаартай ослын дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналт үзлэгийн инженер Е.Жы 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дугаартай ослын дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 479 дугаартай дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,       - Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 480 дугаартай дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,
  • Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырышын 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 109-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Иймд шүүгдэгч Мын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

 Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 Хохирогч Ш.А нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ж.Мын өмчлөлийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1419 мкв талбайтай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй байна. 

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Н бекбау овгийн Ж Мыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Ж.Мын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Ж.Маас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын Голомт банкин дахь Прокурорын 5805007969 тоот дансанд шилжүүлсэн 2009612 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ат олгосугай.
  6. Шүүгдэгч Ж.М нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүйг дурдсугай. 
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.А нь цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Мын өмчлөлийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1419 мкв талбайтай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Мын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК