Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 034

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга Б.Еркежан, улсын яллагч Б.Ботакөз, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, шүүгдэгч Ш.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Ш.Жт холбогдох 1813000410027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ш.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ботахара овогт Шалейн Ж, 1983 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЭ83092315.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ж тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын захын гадна талд “Тастүлек” хүнсний дэлгүүрийн үүдэнд 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед согтуугаар хэрүүл маргааны улмаас хохирогч Х.А зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Х.А зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хохирогч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед захын хавьцаа явж байгаад найзуудтайгаа архи уусан юм. Тэгээд 17 цагийн үед малын захын хойд талд байдаг “Тастүлек” нэртэй дэлгүүрээс тамхи авах гэж очсон юм. Би нилээн согтуу байсан юм. Тэгээд дэлгүүрт орох үед малын ченж хийдэг Баяр гэх залуу зогсож байсан. Бид хоёр юм ярьж байхад үл таних 2 залуу дэлгүүрт орж ирсэн. Тэдний нэг нь Ж гэх залуутай би маргалдчихсан юм. Тэгээд дэлгүүрийн гадна талд гарах үед Ш.Ж намайг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон ба тэр үед би газар унасан. Газар унах үед толгойн хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед миний хажууд зогсож байсан Баяр гэж дууддаг залуу салгаж авсан юм. Ш.Ж чухам хэдэн удаа өшиглөсөн эсэхийг мэдэхгүй. ... Ш.Ж нь согтуу явж байсан ба надтай хэрүүл үүсгээд чи цагдаад хэлэх үү гэж толгойнд гараараа цохиж, газарт унахад хэд хэдэн удаа өшиглөсөн. Ж миний эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /ххийн 13-14 дүгээр хуудас/,
  • Гэрч Х.Жангүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тастүлек” дэлгүүрт байхад гаднаас Х.А орж ирсэн бөгөөд Х.А нь согтуу байсан бөгөөд дэлгүүрээс гарах үед гадна нэг залуу Х.А барьж аваад чи цагдаад хэлэх үү ? гэж хэлээд гараар толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж газар унасан юм. Тэр үед тэр залуу хөлөөрөө өшиглөж байсныг харсан. Х.А зодсон залууг би огт танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд би

малын зах руу очиж 17 цаг хүртэл байсан. Тэр үед Х.А согтуу тэр хавиар явж байсан ба би тамхи авах гэж 17 цагийн үед малын захын хойд талын Тастүлек нэртэй дэлгүүрт очих үед миний араас Х.А орж ирсэн. Би тамхи авч байхад Х.А надад чи нэг шил архи аваад өг гэсэн. Би за би чамд нэг шил архи аваад өгье гэж зогсож байхад гаднаас бас халамцуу 2 залуу орж ирсэн. Тэгээд Х.А орж ирсэн 2 залууд та нар зайлцгаа, зайл гэж хэлсэн. Тэр үед тухайн 2 залуугийн нэг нь ах та боль, зайл гэж хэлдэг нь яаж байгаа юм вэ ? гэж хэлсэн. Тэр үед Х.А бас бус юм ярьж байсан. Би Х.Ат гаръя гэхэд гарахгүй байсан ба зууралдаад байсан. Тэр үед дунд зэргийн нуруутай бор цараатай залуу Х.Аын нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон ба тэр үед Х.А салгаж аваад цохисон залууг салгаад гадагшаа гаргасан юм. Тэр үед тухайн залуу ах би одоо яах ч үгүй гэхээр нь би буцаагаад тавьсан ба А дэлгүүрээс гарч ирээд буцаад зууралдах үед тухайн залуу Х.А нэг удаа мөр хэсэгт нь цохиход А унасан ба тэр үед 2-3 удаа толгой хэсэгт нь өшиглөж байсан.

Тэгээд би дахиж салгаж аваад цагдаад дуудлага өгсөн. Х.А бараг ухаанаа мэдэхгүй  согтуу байсан. Цагдаа ирэхээр нь би гэр рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн

16-17  дугаар хуудас/,

  • Гэрч А.Ерболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны тог 02 дугаар сарын 11-ний өдөр найз болох Ж тааралдаад автобусны жолоочтой уулзана гэж Авто тээврийн төв рүү очсон. Бидний уулзах гэж очсон жолооч байхгүй болохоор нь 15 цагийн үед малын захын урд талд байдаг “Тастүлек” нэртэй дэлгүүрт очиж 1 шил 0.5 литрийн “Сэнгүүр” нэртэй 2 ширхэг шар айраг аваад уугаад, дараа нь 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй  архи  авч уусан. Архийг дэлгүүрийн дотор талын коридорт цонхны урд зогсож уусан. Тэндээс архи шар айргийг уугаад дуусаад гараад яваад бильярдын газарт очиж буцаж гараад тамхи татаад буцаж “Тастүлек” дэлгүүрт орж нэг нэг ширхэг пиво авч уухаар дэлгүүрт орсон. Тэр үед дэлгүүрт 2 хүн байсан. Тэдний нэг нь Х.А гэгч малын ченж хийдэг хүн согтуу бараг ухаанаа мэдэхгүй байсан ба тэр хүн та нар хаанаас ирсэн хүмүүс вэ ? та нарын ирдэг дэлгүүр биш гарцгаа гэж дайраад байсан. Тэр үед Ш.Ж Х.Ат ах та уучлаарай, бид одоо гарлаа гэж хэлж байсан. Х.А хүч өгөхгүй юм яриад байсан. Тэгээд дэлгүүр дотор Ш.Ж уурлаад Х.А нэг удаа нүүрэн хэсэгт нь гараараа цохисон. Тэр үед Ш.Жыг салгаад үүд руу гаргасан. Хойноос нь Х.А гадагшаа гарч ирсэн ба хажууд нь байсан Баяр гэх хүн бас Жт боль гэж хэлсэн. Тэр үед Ш.Ж за би болилоо гэж хэлсэн. Тэгж зогсож байхад Х.А Ш.Жыг нэг удаа цээжин хэсэгт нь гараараа цохисон ба тэр үед Ш.Ж Х.А нэг удаа нүүрэн хэсэгт нь цохих үед Х.А газар унасан ба газар унах үед Ш.Ж хөлөөрөө нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөчихсөн. Тэр үед дахиж Баяр бид хоёр салгаад аваад Жыг яв гэж явуулсан ба би өөрөө тусдаа яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан №94 дугаартай дүгнэлт: Иргэн Х.Аын биед тархины доргилтын хам шинжтэй, зүүн нүдэнд хавдартай. салстад цус харвасан, эвэрлэг хавантай, дээд болон доод зовхинд хавдартай, зүүн хацарт хавдартай, зүүн талын хөмсгөнд зүсэгдсэн шархтай, баруун чамархай орчим хавдартай, баруун чихэнд хавдартай, цус хуралттай, зүүн доод эрүүний ирмэгийн дагасан цус хуралттай, хавдартай, зүүн талын мөрний үеэр хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь

эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 110 хоногт үүссэн гэмтэл болно” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

  • Хэргийн газарт 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Шүүгдэгч  Ш.Жын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие баруун талын нүдний хагалгаанд 3 жилийн өмнө орж нүдээ авахуулж, улмаар хиймэл нүд хийлгэсэн. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Баян-өлгий аймагт ирсэн. 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед байх Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Малын зах”- ын хойд талын нэрийн мэдэхгүй  дэлгүүрийн  дотор  талд   найз Однайгийн хамт  2   ширхэг  0.5  литрийн “Сэнгүүр” нэртэй шар айраг, 0.5 литрийн “Хараа” нэртэй 1 шил архийг худалдан авч хувааж уусан ба би нэлээн согтсон байсан. Дэлгүүрээс гараад буцаад дэлгүүр руу орсон үед дэлгүүрт үл таних 2 хүн байсан ба намайг орох үед чи дэлгүүрээс гар, зайл гэж учир зүггүй хэлсэн.  Би тухайн хүнийг огт танихгүй бөгөөд сүүлд нь Х.А гэж хүн гэдгийг хэрэгт шалгагдах явцад мэдсэн. Х.Ат би та яагаад зайл гэж хэлсэн вэ ? ах боль гэж хэлсэн боловч гар чи гэж хөөгөөд байснаас болоод улмаар бид дэлгүүрийн гадаа гарч зодолдож би тэр хүнийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохих үед газар унасан ба би тэр үед зүүн талын нүдний орчим хөлөөрөө өшиглөсөн. Би чухам хэдэн удаа өшиглөснөө сайн санахгүй байна. Учир нь нэлээн соггуу байсан юм. Тэгээд Х.А цагдаад дуудлага өгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба цагдаа нар авч ирээд бидний согтолтын хэмжээг тогтоож эрүүлжүүлэх байранд тэнцэхгүй гэж гаргаад явуулсан.  Би тухайн өдөр архи уусан тул Х.А гэх хүнээс уучлалт гуйж, эмчилгээ хийлгээрэй гэж 100000  төгрөг бэлнээр өгсөн. Х.А ч гэсэн намайг уучилсан гэж хэлж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ш.Жын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Жын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Ш.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8 , 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ботахара овогт Шалейн Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Жыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Жын иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК