Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 035

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга Б.Еркежан, орчуулагч А.Еркегүл, улсын яллагч Х.Өрен, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Бахыт, шүүгдэгч И.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Уд холбогдох 1813000080023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч И.У: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Хурман овогт Иманхажын У, 1957 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар баг Улаан толгойтод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.У нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын  дугаар багийн иргэн Б.Аийг бэлчээрийн маргаанаас үүдэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч И.У нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед хохирогч Б.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хохирогч Б.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тухайн бичлэг хийгээд зогсож байхад И.У ирэнгүүт хамар тус газар нэг удаа хацаранд хоёр удаа гараараа цохисон. ... И.У нь надаас уучлалт гуйсан, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний хохирлыг барагдуулж өгсөн тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
  • Гэрч У.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд би бие за дуусаад очиход А газраас босоод хувцсаа гөвж байх шиг харагдсан ба бид тэнд удалгүй яваад өгсөн байсан. Яг хэн зодсоныг мэдэхгүй. Би лав огт гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Гэрч А.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд өвөө оч Аий нүүр хэсгээс хоёр гурван удаа алгадах шиг болсон. Яг алгадсан, цохисон эсэхийг анзаараагүй. ... Өвөө л Аий нүүр хэсэг рүү алгадсан” гэх мэдүүлэг /ххийн 33-34 дүгээр хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын

22  дугаар дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

-Шүүгдэгч И.Улыпханы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017  оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед бэлчээрийн маргааны улмаас хөрш айлын залуу болох Аийг уурандаа нүүрэн тус газар нь алгадаж зодсон минь үнэн. Гэхдээ би уучлалт гуйсан ба бид хоорондоо тохирсон. Гомдол саналгүй гэдгээ хэлсэн байгаа. Тиймээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч И.Уы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч И.Уы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Аий 2 ширхэг рентген зургийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч И.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2  дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Хурман овогт Иманхажын Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Уыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.У нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Аий 2 ширхэг рентген зургийг өөрт нь буцаан олгосугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Уы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК