Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/02203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөнийг суулган, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 96 дугаар байранд байрлах ССууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 96 дугаар байрны 47 тоотод оршин суух, эмэгтэй, 59 настай, Хойт овогт Ч.Дд холбогдох,

Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа С.СӨХ-нд учруулсан хохиролд 6,669,600 /зургаан сая зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч Ч.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Д нь 2011 оны 10 дугаар сарын 01-ээс С.СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн хугацаанд хуульд заасан эрхээ хэтрүүлэн ашиглаж оршин суугчдын мөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус СӨХ-ны хяналтын зөвлөлөөс СӨХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгийн шалгалт оруулж, шалгалтын дүгнэлтээс зөрчлүүд илэрсэн.

Үүнд: 2013 оны 11 дүгээр сарын 19-нд Хүүхдийн тоглоомын талбай барих зориулалтаар СӨХ-ны данснаас 2,700,000 төгрөгийг урьдчилгаа гэж гаргаж авсан боловч тухайн ажил хийгдээгүй. Уг мөнгө нь хүүхдийн тоглоомын талбай барих ажилд зарцуулагдахаас бус өөр төрлийн үйл ажиллагаанд зарцуулагдах үндэслэлгүй байна.

Мөн 2014 оны 5 дугаар сарын 24-нд 2,000,000 төгрөгийг харилцах данснаас бэлнээр авч юунд зарцуулсан нь тодорхойгүй үрэгдсэн, тухайн мөнгөний зарцуулалтын тайлан байдаггүй. 2015 оны 10 дугаар сарын 27-нд СӨХ-ны данснаас 769,000 төгрөгийн бусдын хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлсөн байдаг ба уг мөнгийг цахилгаан хэрэглэсэн байгууллагаас авч СӨХ-ны дансанд буцаан оруулаагүй.

Энэ үүднээс тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Ч.Дгээс дээрх мөнгийг гаргуулан авах шаардлага гарж байна. Мөн хариуцагч Ч.Д нь өдий хүртэл санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй учир Хяналтын зөвлөлөөс аудитын шалгалт оруулсны хөлс болох 1,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ч.Дгээс нийт 6,669,600 төгрөгий гаргуулж, СӨХ-ны 2011 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 сарын 30-ны өдрийг хүртэлх үйл ажиллагааны болон санхүүгийн баримтуудыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд санхүүгийн зарцуулалтыг удирдах зөвлөлөөс баталж өгсөн санхүү, эд хөрөнгийн захиран зарцуулалтад гүйцэтгэх захирал үйл ажиллагааныхаа хүрээнд зарцуулах нь хуулиар зохицуулагдсан байгаа. Хүүхдийн тоглоомын талбайд зарцуулагдах 2,700,000 төгрөгийг байлгаж байгаад удирдах зөвлөлийн дараагийн шийдвэр гарахаар өөр зүйлд зарцуулагдах ёстой байсан. Гэтэл үүнийг эрх хэмжээгээ хэтрүүлэн үр ашиггүй зарцуулсан гэдэг нь илэрхийлэгдэж байгаа юм. Бусдын цахилгааны төлбөрийг СӨХ-ны данснаас авч төлөөгүй бол СӨХ-ны хуримтлал үүсэх боломжтой байсан. Гэтэл өмнө би хуримтлал үүсгэсэн юм чинь үүнээсээ өөрийн эрх хэмжээний хүрээнд зарцуулаад бусдын төлбөрөө төлчихье гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас СӨХ-нд учирсан санхүүгийн хохирол мөн юм. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын хуулиар хэрэв ажлаа хүлээлгэж өгч байгаа тохиолдолд бүх тооцоогоо хийгээд дараагийн хүндээ хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэгэхээр одоо өгөөгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн хэрэгжээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2011 оны 5 сард 96 дугаар байр ашиглалтанд орж, тус байранд оршин суугч болоод байтал тухайн үеийн оршин суугчдын хүсэлтээр С.СӨХ-г шинээр байгуулж, хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Гүйцэтгэх захирлаар сонгогдсон. Хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж, гэрчилгээ, тамгаа авч, жижүүр үйлчлэгч 1 ажилтантайгаар ажлаа эхлүүлэн, 46 өрхийн оршин суугчидтай нэг бүрчлэн уулзаж өрхийн бүртгэл хөтлөн, тэдгээрт тулгамдсан асуудлуудыг холбогдох байгууллагуудад хандан шшийдвэрлүүлж, зөвлөгөө өгч ажилласан. Харилцагч байгууллагуудад өргүй, энэ хугацаанд ус дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэн боловч хананд байршуулсан рекламны үнийг нэмж оршин суугчдын тооцоог нэмэлгүй 46 өрхөөс орох 668,200 төгрөгийг анхны тогтоосон үнээр 5 дахь жилдээ ажиллаж үйл ажиллагаа жигдэрсэн.

Жил бүр оршин суугчдын хуралд хийсэн ажлын тайлангаа тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийн дагуу ажлаа төлөвлөж, төсөв төлөвлөгөө гарган батлуулж, биелүүлэхийн төлөө ажиллаж байсан. 2015 оны 3 сард оршин суугчдын хурлаа хийж санал хүсэлтийн дагуу гаднаа тохижилтын ажил хийж, гадна хаалгаа сольж, гэрээсээ хаалгаа онгойлгодог кодтой болгосон.

Удирдах дээд байгууллагуудад ажлаа тогтмол шалгуулж, хорооны хэмжээнд 18 СӨХ-оос ажлаараа шалгарч 3 дугаар байранд бүртгэгддэг ба, 2015 онд 7 дугаар хорооны Засаг даргаас өргөмжлөл, 7, 8 дугаар хороо хариуцсан Хүрээ салбар зөвлөлөөс Хүндэт өргөмжлөл, МСӨХДЗ-өөс Хүндэт өргөмжлөл, Баянгол дүүргээс 50 жилийн ойн медалиар шагнагдсаар байтал тус байранд сүүлийн жилд нүүж ирсэн, СӨХ-ны мөнгөө төлдөггүй, одоогийн удирдах зөвлөлийн дарга, 19 тоотын Баттуул, хяналтын зөвлөлийн дарга, 20 тоотын Хургаа, гүйцэтгэх захирал, 04 тоотын Оюунгэрэл, гишүүд 03 тоотын З.Ариунтуяа, 16 тоотын Даваасүрэн нар үгсэн нийлж бүлэглэн, хуулийн байгууллагаар хянуулаагүй байж мөнгө идсэн, 40 сая байхаас 20 сая идсэн гэж оршин суугчдад зарлаж, надаар тайлбар тавиулалгүй, нэг ч үг хэлүүлэлгүй элдвээр загнаж, дайрч доромжилсон боловч би энэ хүмүүстэй хэрэлдээгүй, ажлаа өгөөд 2 жил тэвчсэн энэ хугацаанд.

Шүүхэд өгсөн аудитын дүгнэлтээс харахад харахад энэ тайланг зөвхөн СӨХ-ны Удирдах болон Хяналтын зөвлөлд зориулан бичиг баримт, тайлан материалын дүгнэлт, зөвлөмж өгөхөөр бэлтгэснээс өөр бусад зорилго агуулаагүй байна гэсэн боловч энэ дүгнэлтийг ашиглан Оюунгэрэл нь шүүхэд хандсан байгаа. Шинээр сонгогдсон удирдлагууд зөрчилтэй гарсан тухай надаас тайлбар авч, үндсэн баримтуудыг шалгаж үзээд, өр төлбөргүй болохыг ойлгохоор байтал заавал өртэй гэж үзээд байгаа нь СӨХ-ны тухай ямар ч ойлголтгүй, төлбөрөө төлдөггүй учир СӨХ-ны үйл ажиллагаанд оролцох эрхгүй нэр бүхий хүмүүс Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд шургалсан хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Дээрх нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, хэвийн ажлаа хийж байсаар байтал 04 тоотын Оюунгэрэл нь хэл ам гарган ажлыг маань өгүүлчихээд, өөрөө авахыг санаархаад бүтээгүйд байраа түрээслэж явчихаад, жилийн дараа эргэн ирж дараагийн ня-бо нарын тамга тэмдгийг булааж, дансыг хаалгаж өөрөө аудитаар шалгуулсан байж 1,200,000 төгрөгийг надаар төлүүлэхээр нэхэмжилснийг хууль бус нэхэмжлэл гэж үзэж байна. Хяналтын зөвлөлд бүх гишүүдийнхээ байхад тайлагнаж хяналтын зөвлөлдөө шалгуулж гарын үсэг зууруулж жил болгон тайлагнадаг. Тийм учраас надад шагнал өгч улируулан сонгодог байсан. Дараагийн захиралд миний санхүүгийн баримт бүгд байсан. Сүүлд аудит орсон. Би ажлаа өгөхдөө 1 900 000 төгрөгний хуримтлалтай өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.СӨХ нь хариуцагч Ч.Дг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа байгууллагад учруулсан хохиролд 6,669,600 төгрөг гаргуулах, 2011.10.01-ний өдрөөс 2015.9.30-ны өдрийг хүртэлх хугацааны тус СӨХ-ны үйл ажиллагааны болон санхүүгийн баримт бичгүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хохирол учруулсан гэх мөнгийг СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд, тус СӨХ-ны одоогийн гүйцэтгэх захирлын сайн дураараа хийлгэсэн аудитын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж, мөн гаргуулахаар шаардаж буй үйл ажиллагааны болон санхүүгийн баримтуудыг дараагийн гүйцэтгэх захиралд акт үйлдэн хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ч.Д нь С.СӨХ-нд 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба, зохигчид энэ талаар маргаагүй тул тэдний хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагчаас тус СӨХ-нд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирол гаргуулахаар шаардсан ажил олгогч С.СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.СӨХ нь хариуцагч Ч.Дг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөндлөнгийн шалгалт оруулснаар, тус СӨХ-ны 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэл, татвар, хүний нөөц, худалдан авалт, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, дотоод хяналтын систем зэрэгт Шинэ баланс аудит ХХК аудитын шалгалт явуулж дүгнэлт гаргажээ. /хх 11-32/

Нэхэмжлэгч нь уг дүгнэлтийг үндэслэн, хариуцагч Ч.Дг ... 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүүхдийн тоглоомын талбай барих зориулалтаар СӨХ-ны данснаас 2,700,000 төгрөгийг урьдчилгаа гэж гарган авсан боловч тухайн ажил хийгдээгүй бөгөөд, уг мөнгө нь хүүхдийн талбай барих ажилд зарцуулагдахаас өөр үйл ажиллагаанд зарцуулагдах үндэслэлгүй учир зориулалтын бусаар зарцуулагдсан гэж, мөн ... 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг СӨХ-ны харилцах данснаас бэлнээр авч тодорхойгүй зүйлд, мөнгөний зарцуулалтын тайлангүйгээр зарцуулсан... гэж, ... 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр СӨХ-ны данснаас 769,600 төгрөгийг бусдын хэрэглэсэн цахилгааны төлбөрт төлж, тухайн байгууллагаас мөнгийг авч СӨХ-ны дансанд буцаан оруулаагүй-г С.СӨХ-нд хохирол учруулсан гэж үзэн, Ч.Дгээс гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон дээрх Аудитын шалгалтаар С.СӨХ-ны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанууд холбогдох хууль, дүрэм, журам, зааварт нийцэж байгаа эсэх, дотоод хяналтын систем, хүний нөөцийн бодлого, худалдан авалтын процедур, хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг үнэлж, бодит байдлыг байгууллагын удирдлагад тайлагнан, зөвлөмжөөр хангах зорилгоор явуулж, хариуцагчаас шаардаж буй мөнгөн төлбөрүүдийн талаар дүгнэлт гаргасан байх боловч, хариуцагч Ч.Д гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа С.СӨХ-нд хохирол учруулсан талаар тодорхой заагаагүй байхад уг дүгнэлтийг үндэслэн Ч.Дг СӨХ-нд хохирол учруулсан гэж тайлбарлан хариуцагчаас хохирол шаардаж байгаа нь ойлгомжгүй болжээ.

Тодруулбал: Дүгнэлтийн Илрүүлсэн бодит зүйл 1-д Хүүхдийн тоглоомын талбайн урьдчилгаанд шилжүүлсэн 2,700,000 төгрөгийн тухайд: хүүхдийн тоглоом нийлүүлэгдэхгүй 6 сар болсны дараа 2014 оны 4 дүгээр сарын 30-нд 2,700,000 төгрөг буцаж шилжиж ирсэн талаар, мөн 2014 оны 5 дугаар сарын 24-нд 2,000,000 төгрөгийг бэлэн мөнгөний кассанд авч, сар бүрийн тогтмол зардалд зарцуулж 5-7 саруудыг дамжуулан гар дээр хадгалсан талаар дүгнэсэн байна. /хх 23/

Хариуцагч Ч.Д нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2,700,000 төгрөгийг Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлын урьдчилгаа төлбөрт тооцон ажил гүйцэтгэгч Монгол маамуу ХХК-ийн харилцагчийн дансанд С.СӨХ-ны данснаас шилжүүлсэн байх боловч, газрын зөвшөөрөл болон хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүйн улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болж, гүйцэтгэгч байгууллагаас дээрх мөнгийг 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр СӨХ-ны дансанд буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол маамуу ХХК-ийн тодорхойлолт, С.СӨХ-ны оршин суугчдын хурлын тэмдэглэл, Хүүхдийн тоглоомын талбай байгуулах төслийг дэмжигч оршин суугчдын санал, тоглоомын талбай байгуулах тохижилтын зураг төсөл, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын 2018 оны 86 тоот албан бичиг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул Ч.Дг тэрхүү 2,700,000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, эсхүл зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх 44, 45, 46, 136-141/

Түүнчлэн, 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр СӨХ-ны харилцах данснаас бэлнээр 2,000,000 төгрөг авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй буюу тайлагнаагүй учир байгууллагад учирсан хохирол гэж үзэн Ч.Дгээс гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн зүгээс уг зардлыг С.СӨХ-ны үйл ажиллагаанд буюу орон сууцны байшингийн үүдэнд тамбор барих, хогийн савыг томсгож салхины доор байрлуулах ажлыг хийхэд гарсан материалын зардал, цэвэрлэгээний материал, ажилчдын цалин болон бусад байдлаар зарцуулсан хэмээн тайлбарласан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлтээр: Харилцах данснаас 2014 оны 5-7 саруудад нийтдээ 2,520,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд цалинд-1,643,800, төмрөөр хогийн сав хийхэд зориулж-367,440, бичиг хэрэгт-267,200, цэвэрлэгээ ариутгалд-58,500, шуудан холбоонд-45,000, хангамжинд-38,060, нийтдээ 2,420,000 төгрөгийн зардал СӨХ-ны үйл ажиллагаанд гарчээ. Дээрх зардлуудаас 12,500 төгрөгийн зардал баримтгүй байв гэснийг дүгнэвэл СӨХ-ны данснаас бэлнээр авсан дээрх 2,000,000 төгрөгийг СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. /хх 219/

Бусдын цахилгааны төлбөрт төлсөн гэх 769,600 төгрөгийн тухайд: 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр УБЦТС ХК-иас 00012044 дугаар цахилгааны төлбөр төлөх шаардлага гарган, Сант-96 байрны хойд цайны газар цахилгаан эрчим хүчийг зөвшөөрөлгүй хэрэглэж байгаа талаар шаардлага тавьж, 10 дугаар сарын 14-ний өдөр тооцоонд ороогүй цахилгаан эрчим хүчний хэрэглээ гэх 4,968 к.вт цагийн 769,626 төгрөг төлөхийг С.СӨХ-ноос шаардаж, төлөлт хийгдсэн байна. /хх 69-71/

УБЦТС ХК-иас тавигдсан шаардлагын дагуу төлсөн 769,600 төгрөгийг бусдын хэрэглэсэн цахилгааны төлбөр учир Ч.Д хариуцна гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Тодруулбал: С.СӨХ нь зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан дамжуулан хэрэглүүлж, тэдгээр нь ашигласан цахилгааны төлбөрөө СӨХ-ны харилцах дансанд тушаадаг байсан болох нь зохигчийн тайлбар болон төлбөрийн баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон ба, тийнхүү татан төвлөрүүлсэн нийт 1,457,639 төгрөгийн орлогоос УБЦТС ХК-ийн шаардсан тооцоонд ороогүй цахилгаан эрчим хүчний хэрэглээний 769,600 төгрөг төлснөөр С.СӨХ-нд хохирол учруулаагүй гэж үзэх үндэслэлтэй. /хх 73-75/

Мөн энэ төлбөр Ч.Дг С.СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлөгдсөн байхад хариуцагчаас шаардаж буй нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нь С.СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөл нь сайн дураар өөрийн холбооны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэсний хөлс 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, уг шаардлагын үндэслэлээ нотлохоор Шинэ баланс аудит ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар гаргасан.

Дээрх шаардлагын үндэслэлээ Ч.Д нь санхүүгийн баримт гаргаж өгөөгүйн улмаас аудитын шалгалт оруулсан гэж тайлбарлах бөгөөд, хариуцагчаас мөн 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн СӨХ-ны үйл ажиллагааны болон санхүүгийн баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан байна.

2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Дгээс бичиг баримт, эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн акт үйлдэж, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал А.Ичинхорлоод үйл ажиллагааны болон санхүүгийн баримтууд, эд аж ахуй, ажлын багаж, цэвэрлэгээний материалууд, узелийн өрөөнд сантехникийн тоног төхөөрөмжүүд, цоож түлхүүрүүд зэргийг, мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 31 төрлийн баримтуудыг аудитын шалгалт хийхэд тус тус хүлээлгэн өгчээ. /хх 107-109/

Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэж хуульчилсан бөгөөд, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй аудитын тайлан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.СӨХ-нд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, мөн өөрийн санаачлагаар байгууллагын үйл ажиллагааг шалгуулах зорилгоор хийлгэсэн аудитын зардлыг хариуцагч Ч.Дгээс шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй ба, зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байх тул дээрх үндэслэлээр С.СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Дгээс 6,669,600 төгрөг гаргуулах, байгууллагын 2011 оны 10 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх үйл ажиллагааны болон санхүүгийн баримтууд гаргаж өгөхийг даалгах тухай С.СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА

 

й