Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 037

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч М.Фарида нарийн бичгийн дарга М.Дауренбек шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Х-гийн Ед холбогдох 1813000650038  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 27-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх Хад, 46 гудамж, 36 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шеруши төлек овогт Хавидолдагийн Е, РД:БЮ

Шүүгдэгч Х.Еын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Е нь 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрүүл маргааны улмаас Х.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1 .Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :

Шүүгдэгч Х.Е нь 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 16 цаг 30 минутын

үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ах дам” захын нийтийн тээврийн зогсоол дээр, “согтуу хүнийг авч явахгүй” гэх маргааны улмаас Х.Мын гэдсэн тус газарт гараараа 2 цохиж, мөн нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Шүүгдэгч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 32-33 дугаар хуудас/

  • Хохирогч А.Мын мөрдөн байцаалтын шатанд Х.Ед хэрхэн зодуулсан тухай  мэдүүлэг /хх-ийн  16, 20-21 дүгээр хуудас/
  • Гэрч Х.Росолын мөрдөн байцаалтын шатанд А.Мын өгсөн мэдүүлэг үнэн зөв болохыг баталсан мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
  • Гэрч Т.Бекзалын мөрдөн байцаалтын шатанд Х.Е, А.М нар зууралдаж байсан тухай мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны  02 дугаар сарын 23-ны өдрийн №111 дугаартай дүгнэлтэнд А.Мын биед зүүн нүүрний хэсэг болон эрүүний зүүн талыг хамаарсан битүү хавдартай, зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй, эрүүний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл учирсан тухай /хх-ийн 25 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Еын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч А.М нь микро автобусны мөнгө хураагчийн “нийтийн тээвэр хийхэд согтуу хүнд үйлчилэхгүй” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, согтуу хүнийг машинд суулгана гэж маргалдан, улмаар жолооч Х.Еын нүүр лүү нь 500 төгрөг шидэж зүй бус аашилсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Шүүгдэгч нь нийтийн тээвэрийн үйлчилгээ эрхэлж байгаагаа умартан, уурлан бухимдаж тус гэмт хэргийг хувийн сэдэлтээр, санаатайгаар үйлдсэн байна.

Энэ хэргийн учир хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 80000 төгрөгийн хор уршиг учирсныг шүүгдэгч өгснөөр хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2 .Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг шүүх тус тус харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Еын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 450  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад

төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч Х.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 д у г а а р з ү й л д з а а с н ы г т у с т у с у д и р д л а г а болгон                                                                                                                                                                                     ТОГТООХ нь :

1 .Шүүгдэгч Шеруши төлек овогт Хавидолдагийн Еыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ед оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5 .Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6 .Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 .Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Еын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8 .Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ