Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

 Улсын яллагч А.Энхтуяа,

 Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, трактор комбайны жолооч, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, 1 дүгээр хэсэгт 012 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 110 тоот шүүгчийн захирамжаар 10 сар, 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх, ******* овогт *******ын *******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний орой 19-20 цагийн орчим 16-95 ДАР улсын дугаартайБонго жи-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн ******* сумын  нутаг дэвсгэр 4 замын уулзвараар туслах замаас нэвтрэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж, гол замаар зорчиж явсан “Sanya” маркийн мотоциклыг мөргөн, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед өөрийн “Бонго жи 2” машиндаа түлш авчихаад сумын төвд байрлах дэлгүүрээс тамхи авчихаад гараад ирэхэд миний машин дээр дүү Жавхлан ирсэн байсан. Дүүгээ суулгаад гэр рүүгээ явж байгаад 4 замын уулзвар эргэхдээ харж байгаад эргэсэн. Гэтэл машин тас хийгээд явсан. Буугаад очтол мотоциклийн хажууд 2 хүн хэвтэж байсан. Би айгаад “яасан бэ?” гэхэд нэг нь босож ирсэн, нэг нь босож ирэхгүй болохоор нь эмнэлэг дуудсан. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирогчтой уулзаж, боломжоороо тусалцаа үзүүлсэн...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.******* мэдүүлэхдээ:...Тухайн үед 19 цаг болж байсан гэж санаж байна. Тэгээд ******* сумын төвд 4 замын уулзвараар дөхөөд явж байхад гэнэт баруун талаас нэг машин гараад ирсэн. Тэгээд би цаашаа юу ч санахгүй байна. ...Би 60 км цагийн хурдтай явж байсан. ...Миний бие одоо зүгээр. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэлгэрмаа мэдүүлэхдээ: ...Намайг ажил дээр байхад 20 цагийн орчимд “******* сумын төвд зам тээврийн осол гарчихлаа” зам тээврийн ослын дуудлага гарсан. Уг газарт ирэхэд мотоцикль бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдалтай. Отгонбаатарыг үзэхэд биеийн байдал хөнгөн толгой, гар өвдөнө босоход баруун хөл чирнэ гэж байсан. Нөгөө хүүхдийг үзэхэд зүүн эгэм дунд хэсгээрээ хугарсан байдалтай байсан. Баруун талын гар нь бага зэрэг цус хурсан байсан. Б.******* гэх хүүхдийн нуруу зулгарсан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нинжбадам мэдүүлэхдээ:...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг өнгөрч байхад “Линда дэлгүүрийн урд талаар өнгөрч явж байтал 4 замын уулзвар дээр цаанаас нэг мотоцикль аягүй хурдан гарч ирээд тоос манараад явсан. Би юутай мөргөлдсөн талаар харж амжаагүй. Ойртоод очиход мотоцикль замын голд, бонго маркийн тээврийн хэрэгсэл нь замаас гараад цаана зогссон байсан. Газарт нэг хүүхэд унасан байсан биеийн байдлыг нь ерөнхийд нь хараад эмнэлэг дуудсан. Гадаа цаг агаарын байдал тогтуун нар шингэж бүрэнхий болсон байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Солонго мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 40 минутын орчимл би ажлаасаа тараад гэр рүүгээ харьж явсан. ******* сумын төв дөрвөн замын уулзвар өнгөрөөд яг гарж байтал ард түс хийх чимээ гарсан. Юу болсон юм бол гээд эргээд хартал зам дээр мотоцикль онхолдчихсон, цэнхэр өнгийн ачааны машин шарваад замаас гарч байсан. Зам дээр 2 эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Би гүйж очоод “та хоёр согтуу байгаа юм уу?” гэж асуухад осолд орсон хүүхдүүд “эрүүл байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Наранбаяр мэдүүлэхдээ: ...2022 оны 03 дугаар сарын 29-ний орой 20 цаг болж байсан санаж байна. Гадаа нар жаргачихсан, харанхуй болж байсан. Би 4 замын уулзвар дөхөөд явж байтал хажуугаар цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэл нэлээд хурдтай өнгөрсөн. Дөрвөн замын уулзвар яг өнгөрөхийн даваан дээр хажуу талаас нь нэг мотоцикл мөргөөд зам тээврийн осол гарсан. Тухайн үед нэлээд тоос агаарт дэгдсэн. Мотоцикльтой явж байсан 2 хүүхдийн нэг нь таталт өгөөд ухаангүй байсан. Хойно сууж байсан банди бонгог түшээд зогсож байсан. ...Бонго мөргөлдөхийн өмнө хурдаа хасаагүй шууд уулзвараар чигээрээ гараад явсан. Харин мотоцикл тоормозлож байгаад очоод мөргөсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр тал/,

  Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүлээгүй гэрч Б.Шижир  мэдүүлэхдээ: “...Би ах *******гийн хамт дэлгүүрээс тамхи авчихаад явж байсан. Би 19 цаг өнгөрч байсан гэж санаж байна. Ахын хамт дэлгүүрээс гараад гэр рүүгээ харих гээд 4 замын уулзвар гараад явж байтал гэнэт түсхийх чимээ гараад ******* ахын машин бүтэн эргэчих шахуу болсон. Ах тоормозоо гишгээд машинаа зогсоогоод бид 2 буусан. Тэгээд буутал мотоцикль зам дээр уначихсан энд, тэнд эд анги нь салж унасан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонбаяр мэдүүлэхдээ: “...Би найз Б.*******тайгаа 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад нэг айлаас утас аваад буцаад манайх руу явж байсан. Манайх руу явж байхад 4 замын уулзвараар гарах гэтэл хажуу талаас гэнэт нэг машин гарч ирээд машины хойд хэсэг рүү нь мөргөсөн. Мотоциклийн хойд хэсэг дээшээ босоод би цэнхэр бонго маркийн тээврийн хэрэгслийн тэвш даван газарт унасан. ******* ухаан алдсан байсан. Уулзвар дөхөж байхад машин харагдаагүй . Яг уулзвараар гарч байхад жолоо барьж байсан Б.******* мотоциклын хурдыг хасаж тоормоз гишгэсэн боловч зогсолгүй бонго маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн... гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 143 дугаартай: “...Б.*******гийн биед зүүн эгэм ясны хугарал, нуруу. баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 56-57 дугаар тал/,

  Шинжээч С.Оюундэлгэрийн 01 дугаартай: “...16-95 ДАР улсын дугаартай Бонго жи-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан Б.******* нь гол ба туслах замын уулзварт туслах замаас орж ирсэн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. ...Тухайн зам тээврийн осол нь Бонго маркийн 16-95 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.*******гийн буруутай үйлдлээс үүдсэн гэж үзнэ... гэсэн дүгнэлт, /хх-ийн 85-86 дугаар тал/    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэп, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 03-05 дугаар тал/, 3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 06-13 дугаар тал/,  

Бонго жи-2маркийн 16-95 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 14-16 дугаар тал/,

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 17-18 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 86 дугаартай шинжээчийн: “...Б.******* 21/эр гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. Б.*******гийн цусанд спиртын агууламж илрээгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 71-72 дугаар тал/,

 Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 66-67, 74-75, 80-81,87-88, 94-95 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 135-137 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 105 дугаар тал/,

Шүүгдэгч Б.*******гийн урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 110-124 дүгээр тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 404 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт, /хх-ийн 129-132 дугаар тал/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний орой 19-20 цагийн орчим 16-95 ДАР улсын дугаартай “Бонго жи-2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн ******* сумын  нутаг дэвсгэр 4 замын уулзвараар туслах замаас нэвтрэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, гол замаар зорчиж явсан “Sanya” маркийн мотоциклыг мөргөн, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба уг гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Сэлэнгэ аймгийн ******* сумын “Ачит Оргил” ХХК-н гаргасан цалингийн тодорхойлолтыг ял оногдуулахдаа харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зөв гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******д оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг  түүний цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* хохирогчид  1.000.000 /нэг сая/ төгрөг  эмчилгээний зардалд өгсөн гэснийг дурьдаад шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хохирогч Б.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй дурьдаад шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын *******г 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Хохирогч Б.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

        ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ